Индэр    
2022 оны 10 сарын 4
Зураг
iKon.mn сэтгүүлч

Г.Пүрэвдорж: Эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах боломж 2022-2023 оны өвлийн их ачааллын үед ₮168 тэрбумаар хэмжигдэнэ

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Аж ахуйн нэгж, байгууллагын цахилгааны тарифыг чөлөөлснөөр гарах үр дагаврын талаар Монголын эрчим хүчний ассоциацын ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Г.Пүрэвдоржтой ярилцлаа. 

-2019 оноос хойш эрчим хүчний салбарын үнэ тариф огт хөдлөөгүй. Үнийг барьснаас үүдэж салбарын байгууллагууд алдагдалтай ажиллаж буй талаар мэдээлэл хийсэн. Үнийг нэмэх тал дээр таны байр суурийг сонсмоор байна?

-Олон түмэнд зөв зүйтэй мэдээлэл өгөх боломж олгож байгаад талархаж байна. Таныг асуултыг сонсъё.

-Аж ахуйн нэгжийн цахилгааны тарифыг чөлөөлөхөөр болж буй талаар Сангийн сайд мэдэгдсэн. Энэ шийдвэр сөрөг үр дагавартай юу? 

-Үнийг чөлөөлөхгүй байх. Чөлөөлнө гэдэг бол их өөр ойлголт шүү. Ямар ч сөрөг үр дүн гарахгүй байх. Учир нь үйлдвэр, аж ахуйн газар байвал зохих хэмжээнээс 25%-аар доогуур тогтоосон үнэ тарифаар цахилгаан авч байгаа юм байна лээ. Тэгэхээр зохих үнэ тарифт нь хүргэхэд доод тал нь 25%-аар тарифыг нэмэх шаардлага байгаа нь хэнд ч ойлгомжтой зүйл шүү дээ. Эрчим хүчний үйлдвэрүүд маань жаахан ч гэсэн найдвартай ажиллагаагаа дээшлүүлэх эдийн засгийн боломж л гарна.

-Эрчим хүчнийхэн үйлдвэрлэсэн үнээсээ 5-59 хувиар доогуур үнээр эрчим хүчээ борлуулж байгаагаас үүдэн техникийн засвар хийх боломжгүй, хүний нөөцөө алдах, дэвшилтэт технологийг нэвтрүүлж чадахгүй байх зэрэг хүндрэлүүд эрчим хүчний салбарт гарч байна. Энэхүү хүнд нөхцөл байдлаас гарах арга зам юу байх бол?

-Миний хэрэглэж байгаа цахилгаан дулааны үнэ, тариф их байна уу, бага байна уу, станцууд маань найдвартай байна уу гэдгийг мэдэж байх нь чухал юм. Үүнийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Н.Тавинбэх нийтэд илэн далангүй ярьж ойлгуулах талаар хүчин чармайлт тавин ажилласны үр дүнд таныг ийм асуулт тавилаа гэж бодож байна. Хэн бүхний мэддэг болсон хэдэн тоон үзүүлэлтийг давтан хэлье.

Эрчим хүчний салбар нь

  • 2020 онд 78 тэрбум,
  • 2021 онд 92 тэрбумын алдагдал тус тус хүлээж,
  • 2022 онд 168 тэрбум төгрөгийн алдагдал хүлээхээр байна гэж урьдчилсан байдлаар тооцож байгаа. Үүнийг манай ард иргэд эрчим хүчний салбар яасан их алдагдалтай ажилладаг юм гэж бодож байгаа байх!

Энэ бол алдагдал мэт санхүүгийн баланс дээр гарч байгаа тоо боловч уг мөн чанартаа манай үйлдвэрлэсэн ийм их мөнгөн дүнтэй эрчим хүчийг ард иргэд, үйлдвэр аж ахуйн газар байвал зохих үнээс нь доогуур тарифаар хямд авч ашигласан тул тэдэнд тэр хэмжээний дэмжлэг тус нэмэр өгч, ашиг юм уу, хэмнэлт гарсан гэсэн хэрэг юм. Нөгөө талдаа эрчим хүчний салбарын тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, ажилчдын нийгмийн асуудал гээд олон асуудлыг шийдэх ёстой хөрөнгө мөнгө энэ хэмжээгээр дутагдана. Энэ бол сайн зүйл биш.

Тухайлбал, хэрэглэгчдийг эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах боломжийг мөнгөөр илэрхийлье гэвэл 2022-2023 оны өвлийн их ачааллын үед болон цаашид доод тал нь 168 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээнд боломж муудаж, эрсдэл бий болж байна. Ингэж манай хэрэглэгчид ойлговол сайн байна. Үнэн л нь энэ юм.

Үнэ тарифыг доогуур барьсан нь цар тахлын үед энэ хэрэг болсон байх. Одоо цаашид энэ байдлаар явбал эрчим хүчний салбар санхүү эдийн засгийн хувьд оршин тогтох боломжгүй болно. Тэгээд найдвартай ажиллагаа техникийн хувьд улам бүр алдагдана.

Та энэхүү хүнд нөхцөл байдлаас гарах арга зам юу байх бол гэлээ. Одоо хариулъя. Эрчим хүчний үнэ тарифыг Эрчим хүчний тухай хуулийн ёсоор үйл ажиллагааны бодит өртөг, зардалд тулгуурлах, үнийг инфляцтай уялдуулан тооцох, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн орлого нь түүний санхүүгийн чадавх хэвийн байлгахуйц хэмжээнд байх, үйл ажиллагаа явуулахад шаардагдах зардал болон оруулсан хөрөнгийн өгөөжийг тооцсон ашгийн зохих түвшнийг хангасан байх гээд эрчим хүчний үнэ тарифыг тогтоох суурь зарчим байна л даа. Хуулийг мөрдөхгүй байгаагаас та бид хоёрын ярьсан сайнгүй байдал бий болоод байгаа юм.

Тарифыг доогуур тогтоовол зөрүүг олгох ёстой

Хэрвээ үнэ тарифыг байвал зохих хэмжээнээс доогуур тогтоохыг УИХ, Засгийн газар хүсвэл манай эрчим хүчний үйлдвэрүүдэд үнэ тарифын зөрүүг олгох ёстой гэж хэлэх байна.

Ер нь эрчим хүчээ хэмнэвэл үйлдвэр аж ахуйн газрын эрчим хүчинд зарцуулах зардал буурна. Эрчим хүч хэмнэх маш олон арга бий. Үүнийг энд тооцоод яах вэ.

-Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орсноор цахилгааны үнэ нэмэгдэхгүй байх боломжтой талаар Н.Тавинбэх салбарын сайдаар ажиллаж байхдаа дурдсан. Төсөл нэг үеэ бодвол хөдөлж эхлээд байна. Эрчим хүчний үнэд нөлөөлөх боломжтой юу?

-Эрдэнэбүрэнгийн УЦС нь Баруун бүсэд импортоор авдаг цахилгааныг багасгах юм уу авахгүй болсноор үнэ буурахад дэм тус болох нь мэдээж хэрэг.

Энэ бол эхний ээлжид Баруун бүсийн тухайд л ийм нөхцөл бүрдэнэ. Нөөгөөтэйгөөр Улаанбаатар-Улиастайг холбосон систем үүсгэгч цахилгааны шугамыг барьсан тохиолдолд Төвийн бүсэд жаахан эрчим хүч өгөх байх.

-Цахилгаан тасрах аюул энэ жил нүүрлэж болзошгүй гэсэн айдас бий. Өвлийг давахад салбар хэрхэн бэлдэх ёстой вэ? Бэлтгэлээ сайн базааж байгаа гэж харж байна уу?

-Чадах чинээгээрээ ажиллаж байгаа. Өвлийн бэлтгэл хангахад түрүүн би хэлсэн шүү дээ! Доод тал нь эрчим хүчний үнэ тарифыг байвал зохих хэмжээнээс 28%-аар доогуур тогтоож нэмүүлэхгүй байгаагаас үүссэн тэр их олон тэрбум төгрөгийн хөрөнгө дутагдаж, мөн л тэр хэмжээний мөнгөөр хэмжигдэх засвар шинэчлэлийн болон бусад ажлыг хийх боломж гарахгүй байна.

Гэхдээ манай салбарын мэргэжлийн инженер техникийн ажилтнууд ямар ч гэсэн өвлийг хэвийн давах боломжийг яаж ийгээд олгоно гэж найдаж байна. Тийм чадвар бий.

Засгийн газар томоохон Дулааны цахилгаан станц заавал барих ёстой

-Энэ салбарт олон ажил ажилласан инженер хүний хувьд эрчим хүчний үр ашиг, хүртээмжийг хэрхэн сайжруулах нь зүйтэй гэж үздэг вэ?

-Эрчим хүчний хүртээмж өөрийн эх үүсвэрийн чадлын дутагдлыг эс тооцвол үндсэндээ зохих хэмжээнд байгаа. Улаанбаатар хотын хувьд төвлөрсөн дулааны сүлжээний суурилсан хүчин чадал 2,018 Гкал, одоо залгасан нь 3,400 Гкал буюу 40%-аар хэтэрсэн, мөн 600 Гкал-ыг нэмж авахаар дулаан хэрэглэгчид захиалсан байна гэсэн тоо байна.

Эндээс харвал дулааны чадал шууд дутагдаж байна. Үүнийг импортоор нөхөх боломжгүй. Манай улсын Засгийн газар нэг томоохон Дулааны цахилгаан станцыг заавал барих ёстой. Болж өгвөл Улаанбаатар хотод.

-Нэг хүнд оногдох цахилгаан эрчим хүчээр дэлхийд тэргүүлдэг Норвеги, Люксембург Канад зэрэг улсын эрчим хүчний эх үүсвэрийг усан цахилгаан станц голлодог байна. Манай улсад энэ чиглэлийн төслөө илүү урагшлуулах боломж нөөц бий юу?

-Усан цахилгаан станц бол эрчим хүчний найдвартай ажиллагааны нэгэн суурь нь болдог юм. Улс орнууд УЦС-ыг тогтвортой хөгжлийн баталгаа хэмээн үзэж  хөгжүүлж ирсэн. Энэ нь монгол ухаанаар бол нэг сумаар хоёр туулай буудна гэдэг ухагдахуунтай тохирч байгаа бөгөөд энэ юу вэ гэвэл эрчим хүч, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ тухайн бүс нутгийн ус, хүнсний хангамжийг хамтад нь шийддэг. Үүний тод жишээ нь жилийн дөрвөн улиралд ажилладаг Дөргөн, Тайширын УЦС-ыг ажиллагаа юм. 

Тайширын УЦС-ын Гэгээн нуураас Говь-Алтай аймгийн төвийг Хангай нурууны уулсаас ундарсан цэвэр усаар хангаж байна.

Тухайлбал, янз бүрийн эсэргүүцэл гарч байгаа Эрдэнэбүрэнгийн УЦС-ын үр ашгийг тэргүүн ээлжид орон нутгийн сумдын иргэд хүртэх нь мэдээж. Экологи талаасаа авч үзвэл, УЦС нь 1,140 сая м3 эзлэхүүнтэй цэвэр гүн цэнхэр нууртай байна. Энэ бол хүний гараар бүтсэн шинэ нуур. Монгол Улсын Засгийн газрын 302 дугаар тогтоолоор усны экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоожээ.

Хар нуур, Ховд голын сав газрын гадаргын ус нь нэг шоо метр нь 1,747 төгрөг. Тэгвэл Эрдэнэбүрэний УЦС-ын нуурт 2,000 их наяд төгрөгийн үнэтэй цэвэр устай нуур үүсэх нь. Ховд голын урсцыг тохируулах, Алтайн нурууны их оргилуудын мөнх цас, мөстлөгийн хайлж байгаа цэвэр усыг цэврээр хуримтлуулан нөөцлөн хадгалах сайхан боломж юм.

Тэгээд цэвэр эрчим хүч үйлдвэрлэнэ, үүнийг Баруун бүсийн бүх хүн ам, үйлдвэр аж ахуйн газар хэрэглэх болно. Айлын бэлчээр усанд орохоос асар олон дахин үр ашигтай УЦС, Хөвсгөл нуур аятай гүн цэнхэр нуураа нутгийн иргэд удахгүй нийтээрээ хүлээн зөвшөөрч Гэгээн нуур шиг хамгийн гоё сайхан нэр хайрлах байхаа. Үүнийг батлах гэх шаардлагагүй биз ээ.