Зураг
Зураг
Индэр    
2022 оны 9 сарын 7
Зураг
iKon.mn сэтгүүлч

Ц.Бат-Энх: Ирэх жил Улаанбаатарт болох Зүүн Азийн залуучуудын наадмаар 30,000 хүн нэг дор цугларч, шинээр 1,200 ажлын байр бий болно

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Зүүн Азийн залуучуудын наадам ирэх онд Улаанбаатар хотод болно.

Дасгалжуулагч, тамирчид гээд нийт 4,500 хүн нийслэлд ирэхээр тооцоолж буй уг наадмыг зохион байгуулахаар өнгөрсөн онд Нийслэлийн Засаг даргаар ахлуулан шинээр бий болсон хороо дэргэдээ Улаанбаатар-2023 Зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах хороо ХК-ийг давхар байгуулжээ.

Нийслэлийн өмчид бүртгэлтэй гэх тус компани чухам ямар чиг үүрэгтэй байгуулагдсан талаар болон жил ч хүрэхгүй хугацааны дараа болох гэж байгаа дээрх олон улсын тэмцээний бэлтгэл хэр хангагдаж буй тухай албаны хүмүүсээс тодрууллаа.

Бид эхлээд Нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүүтэй холбогдсон ч цаг зав нь амжихгүй гэх шалтгаанаар мэдээлэл өгөхөөс татгалзаж, улмаар Улаанбаатар-2023 Зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах хороо ХК-тай холбож өгсөн гэдгийг дурдах нь зүйтэй.

Ингээд Улаанбаатар-2023 Зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах хороо ХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ц.Бат-Энхээс тодруулснаа хүргэе.



- 2023 онд болох Зүүн Азийн залуучуудын наадмын бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байна вэ. Тус наадмын талаар товч мэдээлэл өгөхгүй юу?

- Засгийн газраас 2013 оноос Монголд ийм наадам зохион байгуулах тухай санал, санаачилга гарсан бөгөөд тухайн үеийн Олимпын хороо олон улсын наадмыг эх орондоо зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдсөн байдаг.

Тухайн үедээ ялагдсан ч 2017 онд дахин өрсөлдөж, 2023 онд Зүүн Азийн залуучуудын наадмыг Монгол Улсад зохион байгуулах эрх авсан нь энэ. Уг нь тэр үед Тайвань эхний эрхийг нь авсан ч тодорхой шалтгааны улмаас цуцагдсан тул манай улс хийхээр болсон.

Энэ наадам залуучуудын гэх тодотголтой Зүүн Азийн анхны наадам гэж хэлж болно. Өмнө нь 1993 оноос Зүүн Азийн бүс нутагт спортын тэмцээн олон болсон ч дандаа насанд хүрэгчдийн дунд зохиогдож байсан юм билээ. Тийм ч учраас Зүүн Азийн Олимпын зөвлөлийн дүрмээр Улаанбаатар хот, Үндэсний Олимпын хороо, Зүүн Азийн Олимпын зөвлөлийн хамтарсан гэрээний дагуу маш өндөр стандартыг мөрдөж, зохион байгуулах ёстой тэмцээн юм.

Өмнө нь Монголд аль нэг спортын дагнасан төрөл бүхий уралдаан, тив, дэлхийн аваргын тэмцээн болж байсан бол ирэх онд анх удаа, 12 спортын төрлийн тэмцээн нэгэн зэрэг зохион байгуулагдахаар болоод байна. Үүнийгээ дагаад нэлээд өндөр хариуцлага наадам зохион байгуулагчдаас шаардагдана.

Учир нь найман үндэсний олимпын хороо харьяалагдах бүс нутгийн залуучуудын дунд болох энэ тэмцээн зохиогчийн болон маркетингийн эрх нь Зүүн Азийн олимпын зөвлөлд хадгалагддаг тул зохион байгуулалтад олимпынхтой дүйцэхүйц стандарт мөрдөгдөнө.

- Наадмын бэлтгэл 2017 оноос эхэлсэн юм байна, тийм үү?

- 2017 онд Засгийн газрын тогтоол гарч, тухайн үед спортын салбар хариуцсан байгууллагууд дундаас тус наадмыг зохион байгуулах хороо байгуулсан ч ажил нь олигтой яваагүй байсан. Иймд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Засгийн газар өмнөх тогтоолдоо нэмэлт өөрчлөлт оруулах замаар зохион байгуулалтын хороог шинэчлэн байгуулсан.

Ингэхдээ өндөр ач холбогдол өгөх үүднээс Улаанбаатар-2023 наадмыг зохион байгуулах 27 гишүүнтэй хорооны даргаар Хотын захирагч Д.Сумъяабазарыг томилсон юм.

- Наадмыг зохион байгуулах хороо ХК тэгвэл Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан гэсэн үг үү. Олон улсын тэмцээн явуулахад шинээр компани байгуулах шаардлагатай юу?

- Улаанбаатар-2023 Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулах хороо Засгийн газрын тогтоолоор байгуулагдаагүй. Тодруулбал, хотын дарга хүлээсэн үүргийнхээ дагуу зохион байгуулалтад ямар хувилбар тохирохыг тооцоолсны үндсэн дээр наадмыг зохион байгуулах нийслэлийн өмчит хувьцаат компанийг байгуулсан юм.

Манай компани НИТХ-ын өмч бөгөөд зөвхөн энэ наадмыг зохион байгуулах чиг үүрэгтэйгээр ажиллана. Наадам дууссаны дараа олон улсад тайлангаа тавьж, хамгаалсныхаа дараа татан буугдана.

Манай улсын хууль дүрмийн дагуу төрийн өмчит компани байж л төсвийн хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байдаг. Харин хувь компани, ТББ-д энэ эрхийг өгөхөд шалгаруулалтаас эхлээд олон асуудал байдаг юм билээ.

Мөн дээр дурдсан гурван байгууллагын гэрээний дагуу наадмын маркетинг, бүх зохиогчийн эрх нь бүгд Зүүн Азийн олимпын зөвлөлд хадгалагддаг учраас энэ наадмын нэрээр ямар нэг хөрөнгө босгож, захиран зарцуулсан тохиолдолд тус хөрөнгийн тодорхой хувь нь Зүүн Азийн олимпын хорооны мэдэлд шилжих зохицуулалт бий.

Тухайлбал, Олимпын наадамд таван цагаргаас өөр ямар нэг баннер байрлуулдаггүй ч оролцож буй тамирчдын ус, ундааг зөвхөн нэг л компани хариуцах байдлаар ард нь томоохон маркетинг явж байдаг. Энэ тэмцээнд үүнтэй адил стандарт мөрдөгдөнө гэж ойлгох ёстой. Иймд бидний зүгээс олон зохицуулалт, гэрээ, эрх зүйн харилцаа шаардаж байгаа.

Тиймээс бид өмнөх практик, дүрэм журмуудыг судалсны үндсэн дээр өөрийн улсын хууль, дүрэмд нийцүүлэн нийслэлийн харьяанд ийм компанийг байгуулсан.

Мөн энэ компани төслийн нэгж маягийн зохион байгуулалттай. Нэг ёсондоо энэ бол наадмыг зохион байгуулах төсөл. Гэхдээ төслийн нэгж болгон нэрийг нь өөрчилж болохгүй. Учир манай хуулиар төслийн нэгж нь зөвхөн гаднын хөрөнгө оруулалттай байх шаардлагатай юм билээ. Тиймээс ХК гэж байгуулсан гэсэн үг.

- Гол нь наадмыг зохион байгуулах хороо гэж байхад дахиад компани байгуулсан учрыг лавлаад байгаа юм.

- Зохион байгуулах хороонд дандаа шийдвэр гаргах түвшний буюу Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга зэрэг хүмүүс багтсан. Тэд зөвхөн энэ ажилд анхаарч, өдөр бүр энд ажиллаад байх боломж, бололцоо байхгүй.

Хоёрдугаарт, тэд спорт гэдэг зүйлээс хөндий. Бодлогын хувьд л тэмцээний хөрөнгө мөнгө, төсвийг шийдвэрлэнэ. Түүнээс биш нэг их бичиг цаастай зууралдах ажил хийх боломжгүй буюу анхаарал хандуулах өөр олон асуудал бий.

Олон улсын жишгээр ч ийм тэмцээний зохион байгуулах хорооны удирдлага дор гүйцэтгэх хороо гэж тус байгууллага байдаг. Тэрхүү хороо нь барилгаар бол яг шаврыг нь зуурч, тоосго өрдөг хэсэг нь гэсэн үг. Манайх тийм ажлыг нь гүйцэтгэх зорилгоор л байгуулагдсан компани.

- Наадмыг зохион байгуулах хугацаа тодорхой болсон болов уу?

- Уг нь наймдугаар сарын 12-19-ний өдрүүдэд зохион байгуулахаар тохирсон байсан. Гэвч өнгөрсөн зургаадугаар сард Зүүн Азийн Олимпын зөвлөлөөс хугацаагаа бага зэрэг хойшлуулах хүсэлт тавьсан. Бид хэдхэн хоногоор л хойшлуулах боломжтой. Түүнээс илүү хойшлуулбал олон улсын бусад тэмцээнтэй давхцаж болзошгүй.

Тухайлбал, энэ онд болох байсан Ханжоугийн наадам ирэх жилийн есдүгээр сард болж, нэг жилээр хойшилсон. Энэ мэт томоохон тэмцээнүүдтэй давхцуулж болохгүй.

Хойшлуулах хүсэлт тавьсан шалтгаан нь манай наадмын тов гарсны дараа дэлхийн спортын холбоодын байгууллага болох ANOC-ийн хурал зарлагдсан юм билээ. Үүнийг бид харгалзаж үзэн ирэх жилийн наймдугаар сарын 16-23-ны өдрүүдэд зохион байгуулахаар хойшлуулж болохыг дуулгасан. Хариу ирээгүй тул эцэслэн шийдээгүй байгаа.

Мөн наадамтай холбоотойгоор есдүгээр сарын 10-нд Зүүн Азийн олимпын хорооны спортын болон эмнэлгийн комиссын дөрвөн мэргэжилтэн манай улсад ирж ажиллана.

Уг нь энэ төрлийн наадмыг бусад улс 4-7 жилийн хугацаанд бэлдэж байж зохион байгуулдаг бөгөөд үүнтэй холбоотой томоохон бүтээн байгуулалт хийдэг юм.

- Наадмын бэлтгэл ажилд хэчнээн төгрөг төсөвлөсөн бэ. Мөн улсын төсөвт хэдэн төгрөг төвлөрүүлнэ гэж урьдчилан тооцоолж байгаа вэ?

- Энэ оны төсвийг өнгөрсөн онд хэлэлцэж дуусах үеэр буюу арваннэгдүгээр сарын сүүлээр Засгийн газрын шийдвэр гаргаж, зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулсан. Улмаар 2022 оны дөрөвдүгээр сард манай компани байгуулагдсан. Тэгэхээр наадамд зориулсан тусгайлсан том төсөв энд онд байгаагүй. Сүүлд зургаадугаар сард төсвийн тодотголоор тодорхой хэмжээний хөрөнгө батлуулсан.

Харин ирэх жил яг наадмыг Улаанбаатарт зохион байгуулахад хэчнээн төгрөг шаардагдахыг одоо тооцоолж байна. Тухайлбал, спортын холбоодоос хэрэглэгдэх зүйлийнх нь судалгааг авч, ямар цар хүрээтэй ажиллахаас нь хамаарч төсвөө тооцоолон ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, наадам зохион байгуулахад хэчнээн төгрөг төсөвлөгдөх нь тодорхой болоогүй байгаа.

Хэдийгээр эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа ч манай улс энэ наадмыг зохион байгуулах эрхийг бүр таван жилийн өмнө авчихсан учраас ухрах зам байхгүй, хийх ёстой. Ингэхдээ яг олон улсын шаардлагыг хангасан түвшинд хийх ёстой.

Тиймээс зөвхөн улсын төсөв гэхгүйгээр маркетингийн түвшинд хөрөнгө мөнгө босгох ажлыг эрэлхийлж байна. Гэхдээ зүгээр л нэг байгууллагын логог тэмцээний ивээн тэтгэгч гэж тавьчхаад хэдэн төгрөг авахгүй. Цэвэр бизнесийн байгууллагын хувьд өргөн боломжуудыг бий болгоно.

Спорт өөрөө маш том бизнес учраас улс орнууд спортын наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлддөг.

Ирэх жил манай улс олон улсын тамирчдыг оролцуулсан спортын 12 төрлийн тэмцээнийг найм хоног нэгэн зэрэг зохион байгуулна. Энэ үйл ажиллагааны эргэн тойронд нийт 30,000 гаруй хүн цугларна гэж тооцоолж байгаа.Тэр хэмжээгээр эргэн тойронд нь цэвэр ус, нийтийн хоолны борлуулалтын үйл ажиллагаа шаардагдана.

Спортын тэмцээн уралдаанд улс зөвхөн зарлага гаргах ёсгүй. Төсвөөс мөнгө гарсны дараа яагаад зөвхөн зардлын тайлан гарах ёстой гэж. Энэ чиглэлд бид ажиллана.

Иймд бизнесийн байгууллагуудад Улаанбаатар-2023 наадмын эргэн тойронд ямар боломжууд байгааг танилцуулж, хамтарч ажиллахыг урьж байгаа.

Спорт бол бизнес гэдгийг харуулж байж цаашид спорт өөрөө хөгжих шинэ, зөв механизм руу нь шилжинэ. Энэ бол бидний зорьж байгаа нэг бодлого. Энэ тэмцээний туйлын зорилго зөвхөн манай тамирчид амжилт гаргах тухай биш. Харин нийгэм, эдийн засагт тодорхой үр өгөөж гаргах нь хамгийн чухал.

Эдийн засагт үзүүлэх нөлөөтэй холбоотой жишээ ярихад, тэмцээн оролцохоор найман үндэсний олимпын хорооны тамирчид ирэхээс Улаанбаатар руу шууд нислэгтэй гаднын компани нь Korean air, China air хоёр. Тэгэхээр үлдсэн нь Монголын авиа компанийг сонгож үйлчлүүлнэ.

Зургаан олимпын хорооны тамирчныг хамгийн багаар бодоход 1,200 хүн Монголын авиа компанийг сонгоно гэсэн үг. Тэднийг дагаж ирсэн хүмүүс гээд хамгийн багадаа 2,500 хүн Улаанбаатар хотын аль нэг зочид буудалд тэмцээнийг өдрүүдэд байрлана. Тэд албан бус цагаар бэлэг дурсгал, үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлнэ гээд энэ наадам нь шууд бусаар улсын эдийн засагт эергээр нөлөөлнө. Энэ бол хэдхэн хүн хоорондоо уралдаж, өрсөлдөх асуудал биш. Азийн хэмжээний том наадам гэдгийг ойлгох ёстой.

- Танай компани хэдэн ажилтай вэ. Ихэвчлэн спортын салбарын хүмүүс үү?

- Манай баг зохион байгуулалтын гүйцэтгэх хорооны чиг үүргээр богино хугацаанд ажиллана. Бид бэлтгэл ажлыг 65 сарын хугацаанд хангах байсныг 50 сарын хоцрогдолтой хүлээгээд авчихсан. Тиймээс энэ баг мэргэжлийн байх ёстой бөгөөд дунд нь суралцах тухай ойлголт байхгүй. Зөвхөн мэдлэг туршлагаа хуваалцаж, хэрэгжүүлэх л цаг бий гэсэн үг.

Иймд тив, дэлхийн аваргын тэмцээнүүдийн зохион байгуулалтад оролцож байсан эсвэл олон улсын тэмцээнийг шүүж байсан туршлагатай хүмүүсээр багаа бүрдүүлж байгаа.

Ер нь спортын салбарт тодорхой хэмжээнд ажиллаж байсан буюу спортын холбоодын нарийн бичгийн дарга эсвэл Ази болон дэлхийн холбоодын техникийн хороонд ажиллаж байсан туршлагатай хүмүүс бий. Дүрмээрээ бид энэ жил 30 хүний орон тоотой ажиллаж байна.

Харин ирэх жил яг наадмын оргил үед цэвэр манай компанийн удирдлага дор 1,200 хүн ажиллах шаардлага үүснэ. Энэ нь мэдээж тухайн ажлын байрны хэрэгцээнээс шалтгаалж тодорхой хугацааны дараа томилогдоно.

12 спортын тэмцээн 10 гаруй заал талбайд зэрэг зохион байгуулагдах учраас яг тухайн ажилд томилогдсон хүн бүр үүргээ сайн мэддэг байхаар бэлдэх ёстой.

Манайхны нэг алдаа нь аливаа тэмцээн зохион байгуулахын урд өдөр хэдэн хүн энд, тэндээс аваад ажиллуулчихдаг. Ингэхээр хариуцлагын тогтолцоо, мэдлэг, дадлага, ур чадварын асуудлууд үүсдэг. Энэ мэт алдаа гаргалгүй зохион байгуулахын тулд манай компани ажиллаж байна.

Мөн наадмын үеэр ажиллах ажилтан заавал гадаад хэлтэй байх албагүй. Хэл шаардахгүй ажлын байр ч олон гарна. Түүнчлэн сайн дурын ажилтнуудад зөвхөн залуус гэх шаардлага тавихгүй, юманд хариуцлагатай ханддаг ахмадууд ч ажиллах боломжтой гэж бодож байгаа.

- Зохион байгуулах хороонд аялал жуулчлалын компанийн төлөөлөл байгаа юу? Олон хүмүүсийн урсгал бий болоход аялал жуулчлалын компани чухал үүрэг гүйцэтгэх байх.

- Одоогоор гадагшаа хандаагүй байна.

- Наадамд зориулан барьж буй цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажлын явц хэдэн хувьтай байна вэ?

- Сүүлд хотын дэд хорооны хурал дээр яг хариуцаж байгаа удирдлагын хэлснээр спорт заал 70 хувьтай байгаа.  Гэхдээ тухайн барилгад энэ наадмын нэг л спортын төрлийн тэмцээн зохион байгуулагдана. Түүнээс биш үүнийг яг наадамд зориулсан гэж онцлохгүй.

Энэ бол наадмын бэлтгэлийг хангахад нэг ч гэсэн барилга байгууламж барьсан байх ёстой гэсэн үүднээс хийж байгаа ажил.  Тэмцээн дууссаны дараа ч тус барилгыг спортын тэмцээн уралдаан зохион байгуулахад ашиглах байх.

- Ер нь тэмцээнтэй холбоотой урсгал зардалд хэчнээн төгрөг зарцуулагдахаар байна вэ?

- Нэг спортын тэмцээний эргэн тойронд хэр их хэмжээний зардал гарах нь вэ гэдгийг одоогоор тооцоолж байгаа. Зохион байгуулах хороо болон компани арай эрт байгуулагдсан бол өдийд тодорхой болчихсон, хоёр, гурван жилийн төсөв дамнуулан зарим асуудлаа шийдчихсэн байх байсан.

Өнөөдөр манайд стандартын шаардлага хангасан заал, байгууламж нь ч бэлэн биш байна. Тамирчин хувцас солих өрөөтэй спортын заал хуучин барилгуудад бүр байдаггүй. Гэтэл тэмцээн зохион байгуулахаар сонгох байгууламж бүр ядаж допингийн хяналтын өрөөтэй байх шаардлагатай.

Энэ тэмцээнийг олон улсын дүрмээр хийх учраас наадамд оролцогчдын 20 хувь нь допингийн хяналт авах ёстой. Өөрөөр хэлбэл, бид дор хаяж 300 хүнээс допингийн шинжилгээ авч явуулах ёстой болж байгаа. Энэ бол маш том ажил.

Өмнө нь манайх ийм олон хүнээс допингийн сорьц авч байгаагүй. Гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу энэ мэт зүйлийг манай улс хангах ёстой. Энэ мэтээр тооцоолж урсгал зардлын хэмжээг гаргана.

- Тус наадамтай холбоотой санхүүгийн зарцуулалтыг Шилэн дансны аль хэсгээс харах боломжтой вэ?

- Бид саяхан л санхүүгийн асуудал шийдэгдэж, төрийн худалдан авах ажиллагаа буюу тендерт бүртгүүлээд байна. Гол нь нийслэлийн өмчит компани учраас орлого зарлага зарцуулалт нь хуулийн дагуу ил тод байх нь мэдээж.

Одоогоор бид тоног төхөөрөмж зэргийг худалдан авалтын тооцоолол, захиалга руу арай ороогүй байна. Мөн ирэх жилийн төсөвт хэдэн төгрөг тавигдахыг мэдэхгүй учраас энэ тухай ярих боломжгүй.

Бидний хийх ажилтай манай тендерийн хуультай зөрчилдөж байгаа нэг асуудал бий.

Чөлөөт бөх, жүдо хоёрын тухайд л гэхэд зөвхөн нэг брэндийн дэвжээ дээр л дээд зэрэглэлийн тэмцээнүүд явна гэсэн дүрэм гаргачихсан байдаг. Хамгийн топ дэмжээ дээр тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн авна гээд тусгачихсан гэсэн үг. Үүнийг бид эс хүссэн ч олон улсын тэмцээн дүрмээрээ явах ёстой. Дүрмийнх нь дагуу яг тэрийг нь худалдаад авчихвал, дараа нь аудитын шалгалтаар арай хямд нь байсаар байтал заавал үнэтэйг нь авлаа гэх асуудал гарах эрсдэл байгаа. Энэ асуудлаар бид Сангийн яаманд хандаж зөвлөгөө аваад байна.

Ер нь олон улсын томоохон холбоо нь хүлээн зөвшөөрсөн олимп, дэлхийн зэрэглэлийн спортын хэрэглэлийг Монголд нийлүүлдэг албан ёсны түнш цөөхөн.

Олон улсын тэмцээнүүдийн шаардлага гэдэг нь ийм. Япон улс Токио-2020 олимпын наадмыг хийхдээ бүр олон улсын холбооны хэрэглэл, материалыг зохион байгуулах хороо шууд худалдан авалт хийхийг шинээр хуульчилж өгсөн байдаг.

- Ярилцсанд баярлалаа.