Индэр    
2022 оны 9 сарын 2
Зураг
iKon.mn сэтгүүлч

Ү.Байгалмаа: Европчууд олноороо монгол эмнэлгийг зорьдог нь уламжлалт анагаах ухааны үр дүнг үзсэнтэй холбоотой

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын уламжлалт анагаах ухааныг гаднын улсад түгээн дэлгэрүүлж яваа Анагаах ухааны доктор (Ph.D), Хүний их эмч, "Хутай билиг" эмнэлгийн үүсгэн байгуулагч Ү.Байгалмаа эх орондоо түр хугацаагаар иржээ.

Хүний эрүүл мэндийг хамгаалах үйлсэд 34 жил зүтгэсэн тэрбээр 1991 оноос хойш Польш, Монголын хооронд ирэн, очин ажиллаж байгаа аж. Ингэхдээ тус улсад Монголын уламжлалт анагаах ухааны эмнэлэг байгуулж, гайхамшгийг нь олон улсад сурталчилж яваа нэгэн юм.

Түүнийг Монголд байх хугацаанд нь амжиж уулзан уламжлалт анагаах ухаантай холбогдсон түүх, цаашдын зорилгынх нь талаар ярилцлаа.

- Таныг орчин үеийн болон Монголын уламжлалт анагаах ухааныг хослуулан авч яваа цөөн эмч нарын нэг гэж сонссон. Юун түрүүнд бидэнд эмч болсон түүхээсээ товчхон хуваалцахгүй юу. Багын хүсэл, мөрөөдлөө дагаж эмч болсон уу?

- Баярлалаа. Багын мөрөөдлийн тухайд, тавдугаар ангид буюу 13 настай байхаасаа л өөрийн хүсэлтээр эмнэлэгт ажиллаж байв. Тухайн үед эмч болно гэсэн хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн зуныхаа амралтаар гэрийнхээ ойролцоо байрлах Зайсангийн хүүхдийн эмнэлгээс "Намайг ямар ч хамаагүй ажилд аваач" гэж гуйхад насанд хүрээгүй гэх шалтгаанаар буцааж байв.

Гэсэн хэдий ч дараа нь хэд, хэдэн удаа тус эмнэлэг дээр очиж, эмнэлгийн нарийн бичгийн даргаас нь "Би танай эмнэлгийн зөвхөн конторыг л цэвэрлэе" гэж шалсаар байгаад зөвшөөрүүлж билээ. Энэ нь миний эмч болох хүсэл мөрөөдлийг улам хурцалж өгсөн байх. Ингэж л анх эрүүл мэндийн салбарт хөл тавьж байсан юм.

Улмаар 1988 онд Улаанбаатар хотод Анагаах ухааны дээд сургуулийг, 2005 онд Польш улсын Варшав хотын анагаах ухааны их сургуулийн эмчилгээний ангийг тус тус төгссөн.

Харин уламжлалт анагаах ухаанд 1984 оноос эхлэн суралцсан. Одоогоор эрүүл мэндийн салбарт орчин үеийн болон уламжлалт анагаах ухааныг хослуулан Хүний их эмчээр 34 дэх жилдээ ажиллаж байна.

- Орчин үеийн анагаах ухаанд суралцаж байсан Та яагаад уламжлалт анагаах ухааныг сонирхох болсон бэ?

- Дээр дурдсанчлан 1984 онд буюу Анагаах ухааны дээд сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан байхдаа орчин үеийн анагаах ухааны эмчилгээний норм, дүрмүүд гаднын улс, орных гэдгийг багшаасаа асууж, мэдсэн.

Ингээд тэдгээрийг нэвтрэхээс өмнө манай ард түмэн өвчин эмгэгийг ямар аргаар, хэрхэн анагааж байсан тухай сониуч бодол төрсөн нь Монголын уламжлалт анагаах ухаанд суралцах хүсэлд хөтөлсөн юм.

Гэхдээ анх их сургуулиа төгссөний дараа уламжлалт анагаах ухааныг арай хоцрогдсон юм байна гэж дотроо буруу бодож явсан байна лээ.

Тухайлбал, багш маань уушги бүдүүн гэдэстэй холбоотой гэж ярихад нь итгэхгүй, бүр ингэж хэлээд байхдаа яах вэ дээ гэж бодож явсан. Гэтэл тэр бүхэн үнэн болохыг практик дээр нүдээрээ харсан.

Монгол анагаах ухаан бол гайхамшиг. Намайг энэ ухаанд анх сургасан багш минь 98 насалсан, төрөлхийн гэгээнтэн, анагаах ухааны мэдлэг өндөртэй маарамба хүн байсан юм. Тийм хүнээс суралцаж, сонсож авсан бүх зүйлдээ одоо маш их баярладаг.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Та яагаад Польш улсад уламжлалт эмнэлэг нээх болсон талаараа ярихгүй юу?

- Энд их сургуулиа төгсөөд удаагүй байхдаа би томилолтоор Польш улсыг зорьсон. Тухайн үед монгол болон гадаад хүмүүсийн биеийн онцлог нь уур амьсгал, хоол хүнсний ялгаатай байдлаас шалтгаалж харилцан адилгүй байдаг гэж бодож байв.

Өөрөөр хэлбэл, манай уламжлалт анагаах ухаанд дурдсанаас дахиад өөр биеийн онцлогтой хүмүүс байдаг болов уу гэж төсөөлж явсан ч очсон хойноо ямар ч ялгаагүй гэдгийг нь ойлгосон.

Тухайлбал, уламжлалт анагаах ухаанд хүн бүр эхээс төрөхдөө бие махбодын хувьд халуун, хүйтэн, хий гэсэн гурван үндсэн чанартай байх бөгөөд тэдгээр нь өөр өөрийн гэсэн онцлогтой гэж заасан байдаг. Тэгвэл Европчууд манай анагаах ухаанаар жонш суудалтай буюу хүйтэн /бадгана/ чанарын хүмүүс байв.

Энэ мэтээр тэнд хүмүүсийг үзэх тусам Монголын уламжлалт анагаах ухааны онол үнэхээр батлагдаж байсан юм.

- Жишээ ярихгүй юу?

- Польшид очоод эмчилсэн анхны өвчтөн маань бөөрний чулуу, ходоодны шархтай хүмүүс байсан. Тэнд тухайн үед ходоодны шархыг мэс заслын аргаар эмчилдэг байлаа. Энэ дагуу эхний хүн маань бүр ходоодны төлөвлөгөөт хагалгаанд орох товтой байсан ч багшаасаа сурч мэдсэнийхээ дагуу бөөрний чулуу, ходоодны шархыг эдгээх танг өгч, уламжлалт эмчилгээгээ эхлүүлсэн.

Гэтэл санаанд оромгүй үр дүн гарсан нь төлөвлөгөөт хагалгааныхаа өмнөхөн өвчтөн маань дахин шинжилгээ өгтөл ходоодны шарх нь аньж байна гэсэн хариу ирсэн. Ингээд анх удаа гаднын иргэнийг Монголын анагаах ухаанаар эмчилсэн бөгөөд түүнээс хойш энэ тухай сонссон адилхан оноштой, хагалгаанд орохдоо тулчихсан олон хүн зорин ирэх болсон. 

Дээрх явдлаас Польш улсын эрүүл мэндийн салбар манайхаас илүү хөгжсөн учраас Монголынхоо уламжлалт анагаах ухааны эмчилгээний үр дүнг тус улсын орчин үеийн анагаах ухааны шинжилгээ, үзлэгээр баталж болох юм байна гэдгийг ойлгосон тул эмнэлгээ нээж, үр дүнг баталсаар өдий хүрлээ.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Нууц биш бол танай эмнэлгээр өдөрт хэчнээн хүн үйлчлүүлдэг вэ?

- Манай эмнэлгээр өдөрт хэдэн хүн үйлчлүүлдгийг нарийн хэлэх боломжгүй ч монгол эмнэлэг гээд зорин ирэх хүмүүсийн дараалал өдөр бүр тасардаггүй.

Жишээ хэлэхэд, нэг удаа хүргэн маань манай эмнэлгийн гадна зогсоолд үзүүлэхээр ирсэн хүмүүсийн нийт 32 машин байгаа талаар хэлсэн. Гэхдээ тэр өдөр миний хувьд хэт их ачаалалтай биш, энгийн л ажлын өдрүүдийн нэг байсан юм.

Ямартай ч эрүүл мэндийн салбарт тасралтгүй 34 жил ажиллахдаа давхардсан тоогоор 500,000 орчим хүний судсыг барьж, үзлэг хийсэн байна.

Ер нь Польш улсад 1990-ээд оноос хойш монгол эмч нар очиж ажиллан, уламжлалт анагаах ухааныг Европт түгээн дэлгэрүүлж, сурталчилж байгаагаар бахархдаг. Бид бүгд үзсэн хүний тоог гаргавал нэлээд өндөр болох байх.

- Та Польш дахь эмнэлгээсээ гадна урилгаар өөр газруудаар очдог гэж дуулсан. Тэндхийн иргэд монгол эмнэлгийг ингэж их сонирхох болсон шалтгаан нь үр дүнтэй холбоотой байх тийм үү?

- Мэдээж бодит үр дүн бол барууны иргэд ийм олноор монгол эмнэлгийг сонирхож байгаагийн ганц шалтгаан нь юм.

Би "Доктор Байгаль" нэрээр хүмүүсийн хүсэлтээр очиж үзлэг хийх тохиолдол олон бий. Өөр хотоос, өөр улсаас манайд ирж эмчлүүлсэн хүмүүс эрүүл болоод буцсаны дараа тухайн газруудад нь оршин суудаг хүмүүсээс ирж үзлэг хийх тухай хүсэлт ирдэг юм. Түүнийг нь аль болох боломжоороо хүлээж авдаг.

Ер нь Европын эрүүл мэндийн шинжлэх ухааны салбар Монголынхоос 10 гаруй жилээр түрүүлж яваа ч тэр хэрээр зарим эм нь чанар болон тодорхой хугацааны дараа гарах нөлөөллөөсөө шалтгаалж зах зээлээс шахагдаж байна. Зарим хүн өвчнийхөө уг үндсийг ололгүй тухайн өвчиндөө тааруулж эм уусаар улам дордсон байх нь ч бий.

Харин уламжлалт анагаах ухаан бол бие, эрхтнийг эрүүлжүүлж, цаашид гарах аливаа өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх эмчилгээ хийдгээрээ онцлогтой.

Тиймээс би Монголын уламжлалт анагаах ухааныг орчин цагийн анагаах ухаанаас 50 жилээр түрүүлж явдаг гэж ойлгодог.

- Танай эмнэлэгт үзүүлдэг хүмүүсийн дийлэнх нь аль улсын иргэд байдаг вэ?

- Ихэнх нь Европчууд. Тэр дундаа үзүүлж буй хүмүүсийн 80 хувь нь залуучууд байдаг. Анх уламжлалт эмнэлэг гэхээр ихэнхдээ настай хүмүүс л ирдэг байсан бол одоо залуучууд түлхүү үйлчлүүлдэг болсон. Ялангуяа Австри, Герман, Франц улсад ажилладаг Польш залуус амралтаараа эх орондоо очихдоо Монголын уламжлалт арга ухаанаар эмчилгээ хийлгэх нь цөөнгүй. Энэ нь Монгол уламжлалтын эмч нар дэлхийд танигдаж байна гэсэн үг.

Харамсалтай нь монголчууд өөрсдөө ийм гайхалтай анагаах ухаандаа итгэдэггүй. Надаар судсаа бариулж, үзүүлсэн монголчуудын зарим нь бүр "Та тэр өвчнийг маань хэлсэнгүй" гэцгээдэг. Үнэндээ би эмч болохоос үзмэрч биш шүү дээ. /инээв/

Энэ мэтээр уламжлалтын эмч нарыг үзлэг хийхэд "Өвчнийг минь тааж чадах нь уу" гэсэн аясаар ханддаг монгол хүн олон. Гэхдээ 30 жилийн өмнө намайг Польшид очиход тэд яг л ийм хандлага гаргаж, Монголын уламжлалт анагаах ухаанд итгэхгүй байсан. Харин одоо үр дүнг нь үзээд зорин ирдэг бүх хүн 100 хувь итгэдэг болсон байна.

Манай уламжлалт анагаах ухаанаар бие болон сэтгэлээрээ эрүүлжсэн хүнийг л эрүүл хүн гэж үздэг.

- Уламжлалт анагаах ухааны онцлог юу вэ?

- Монгол анагаах ухаан бол өөрөө гайхамшиг. Энгийн эмнэлгээс эдгэх боломжгүй гэсэн хариу авсан хүний өвчнийг хүртэл эдгээх увдистай гэдгийг би нүдээрээ харж яваа.

Хамгийн гоё зүйл нь манай уламжлалт анагаах ухаанаар бие болон сэтгэлээрээ эрүүлжсэн хүнийг л эрүүл хүн гэж үздэг. Өөрөөр хэлбэл, ходоод нь өвдсөн хүн эм, тан хэрэглээд зөвхөн ходоод нь өвдөхөө болихоороо эрүүл хүн болчихлоо гэсэн үг биш. Ходоод нь өвдөхөө больсон ч царай нь унжуу дорой, ядрамтгай байвал тэр хүн бүрэн эдгэрээгүй байгаа хэрэг. Тиймдээ ч бид царай зүс нь гялалзаж, сэтгэл санаа нь сэргэж, бие нь өвчингүй болсон үед л үйлчлүүлэгчдэдээ "Та эдгэрсэн" хэмээн хэлдэг.

Нэгэнт Монголын уламжлалт эмнэлэгт найдаад ирсэн хүмүүсийг бид гайхтал нь эмчилж, эдгэрүүлэх ёстой.

Монгол анагаах ухааны эмчилгээ болон түүнд хэрэглэдэг эм, тан угаас хүний биеийн таван цул, зургаан сав эрхтнийг тэгшитгэж өгдөг.  Жишээ нь, ходоод дэлүүний сав эрхтэн тул өвдлөө гэхэд дэлүүг тайвшруулах, зүрх өвдвөл дайсан эрхтэн гэж нэрлэдэг элгийг аргадах зэргээр эмчилдэг онцлогтой.

- Уламжлалт анагаах ухааны түүхээс сонирхуулж болох уу?

- Манж Чин улс монголчуудыг 200 гаруй жилийн хугацаанд эрхшээлдээ байлгахдаа уламжлалт анагаах ухааныг нь мартуулах бодлого барьж байсан. Тэр үед арай бусдаас сийрэг бодолтой, ухаан мэргэн хүмүүсийг үе удмаар нь устгадаг байсан нь гэдгийг бид бүгд мэднэ.

Гэсэн монголчууд тэрхүү ухаанаа ашиглаж шарын шашин дэлгэрэх үед нь анагаах ухааныхаа онолыг шингээж чадсан. Ингээд цаг хугацааны явцад хүний бие махбод бол төрөлхийн онцлог гэдгийг сэхээтнүүд ард түмэндээ аман хэлбэрээр ойлгуулж ирсэн.

Дараа нь Ардын хувьсгал гарсны дараа шарын шашныг дарах үеэр ч уламжлалт анагаах ухааныг үгүй хийх гэж үзсэн. Надад үүнийг заасан багш минь хүртэл тухайн үед нууцаар хүн эмчилж байгаад ногоон малгайтнуудад баригдаж, 30 жил хоригдсон юм билээ.

Ингээд бодохоор үндсэндээ Манжийн дарлалын 200 гаруй жил, социализмын үеийн 100 орчим жил уламжлалт анагаах ухаан дарагдаж байв. Тийм ч учраас зарим хүн Монгол анагаах ухааны үндсэн онолыг шашны онолтой андуурдаг.

Нөгөө талаар орчин үеийн анагаах ухаан, уламжлалт анагаах ухаан нь үг, хэллэгийн зөрүүгээс болж өөр хоорондоо хөндийрч байна. Уг нь  уламжлалт анагаах ухаан нь орчин үеийнхээс хэд дахин илүү.

- Европ хүмүүс хүйтэн шинж чанартай хэмээн түрүүн хэлсэн. Тэгвэл монголчуудын биеийн онцлогийн талаар ярихгүй юу?

- Арьсыг хүний дотоод эрхтний толь гэж үздэг. Харин монгол хүмүүсийн арьс гөлгөр бас чанга байдаг онцлогтой бөгөөд энэ нь гормоны тэнцвэр нь зөв байна гэсэн үг.

Оюун ухааны хувьд ч монголчууд бусдаас өөр. Дотор эрхтнүүд нь ч төлжих чадвар сайтай. Германы нэгэн эрдэмтэн хүртэл монгол хүний тархи цагаан арьстныхаас 80 граммаар, хар арьстныхаас 120 граммаар илүү гэдгийг судалж тогтоосон байдаг. Уураг тархи хүртэл ийм байна гэдэг нь оюуны чадамж нь тэр хэмжээнд өндөр гэсэн үг.

Л.Түдэв гуай ч ирэх зуунд хэрэв байгалийн ямар нэг гамшиг болохгүй бол монголчууд оюун ухаанаар тэргүүлнэ хэмээн бичсэн байдаг.

Шалтгаан нь мэдээж нутаг орны онцлогтой холбоотой. Зуны улиралд Монголд 30 гаруй градусын халуун болсон ч цаанаа л сэнс тавьчихсан юм шиг сэвэлзсэн салхи үлээдэг. Тодруулбал, бид салхины зөв урсгалын ачаар Сибирийн шинэсийн хүчил төрөгчийн хангамжтай агаараар амьсгалдаг. Хүчил төрөгчийн хангамж сайн байхын хэрээр хүний оюун ухаан сэргэг байдаг юм.

Мөн яг манайх шиг дөрвөн улиралтай газар орон цөөн. Эдгээр зүйлтэй холбоотойгоор монголчуудын бие махбод, дасан зохицох чадвар нь харьцангуй сайн.

- Судалгаагаар зүрх судас, хоол боловсруулах эрхтэн системийн эмгэг манай улсын хүн амын нас баралт, өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд тооцогдож байна. Тухайн өвчнөөс сэргийлэхийн тулд монголчууд юунд анхаарах хэрэгтэй вэ?

- Хүмүүсийн бие махбодын онцлогоос шалтгаалж ходоод, гэдэс хоол хүнс хүлээн авах чадвар нь өөр, өөр байдаг. Үүнийг л тохируулах шаардлагатай.

Өөрөөр хэлбэл, хүн биеэ эрүүл байлгахын

  • 60 хувь нь идээ ундаа,
  • 20 хувь явдал буюу амьдралын хэвшил,
  • 10 хувь нь улс, нийгмийн хүчин зүйл,
  • 10 хувь нь эмч, эрүүл мэндийн байгууллагаас шалтгаална. Ингээд харвал хүний эрүүл байх үндэс нь өөрөөс нь 80 хувь хамаарч байгаа. Гэтэл манайхан үүнийг огтхон ч анхааралгүй эрүүл байх үндсийнхээ 80-90 хувийг эмнэлэгт даатгаж байгаа нь харам харамсалтай. Гэтэл үнэндээ орчин үеийн анагаах ухаан өвдсөн хойно нь л эмчилдэг.

Нарийн мэргэжлийн шинжилгээгээр элэг нь зүгээр боловч цөсний чулуутай болсон гэж гарвал орчин үеийн анагаах ухааны онолоор цөсний чулууг хайлуулах, түүнийг мэс заслын аргаар авах ч эмчилгээ хийнэ. Түүнээс элэг давхар муудсан учраас цөсөнд чулуу үүссэн гэдгийг чухлаар авч үздэггүй.

Харин уламжлалт анагаах ухаан биеийг бодгалиар бүхэлд нь авч үздэг бөгөөд халуун бодгальтай хүүхэд ирээдүйд цус нь өтгөрөх, улмаар харвах, цөс нь чулуужих эрсдэлтэй гэж үзэн хярам, цагаан будааны шүүс өгөх байдлаар идээ ундаагаар аргадаж эмчилдэг.

Ер нь монголчууд өвдөж байгаа нь анагаах ухааны ёс заншлаа алдсантай холбоотой байх. Үүнийг цэгцлэх гэдэг том асуудал бидний өмнө байна.

- Таны цаашдын төлөвлөгөөг сонсмоор байна?

- Би Монголын уламжлалт анагаах ухааныг сануулан дэлгэрүүлэх юм сан гэж бодож явдаг. Ялангуяа хүний эрүүл байхын 80 хувь өөрөөс нь шалтгаална гэдгийг хүүхдүүдэд сайн хэлж, ойлгуулах хэрэгтэй.

Орчин үеийн анагаахын шинжлэх ухаан хэдий гайхамшигтай ч одоо хэтэрхий оргилдоо хүрчхээд байна. Аливаа зүйл хэт оргилдоо хүрэхээрээ унах эрсдэл дагуулдаг.

Хамгийн сүүлд бүр гахайн зүрхийг хүнд шилжүүлэн суулгахад амжилттай болсон тухай мэдээлж байгаа. Дахиад хэчнээн хүн гахайн зүрхтэй болтлоо биеэ муутгах вэ гэдэг нь өөрөө асуудал. Тийм болохгүйн тулд хүмүүс одоо уламжлалт анагаах ухаанд итгэж эхэлж байна.

Европын орнуудын залуус эрхтэн солиулах нь эмчилгээ биш, химийн аргаар гаргаж авсан эм бол эм биш гэдгийг ойлгодог болчхоод Монголын уламжлалт эмнэлэгт ирцгээж байгаа нь энэ.

Ямартай би амьдралынхаа үлдсэн хугацааг Монголдоо зориулна гэж боддог. Хэдийгээр би ид ажил хөдөлмөрийн насаа хүний нутагт өнгөрөөсөндөө харамсдаг ч уламжлалт анагаах ухааныхаа гайхамшгийг өдий хүртэл баталж чадсандаа маш их баярладаг. 

Одоогоор 30 гаруй жилийн ажлын туршлага, судалгаан дээр үндэслэн Монгол эмчийн тэмдэглэл, Эрүүл энх урт наслахын нууц, Монголын уламжлалт анагаах ухааны түүх гэсэн гурван номыг гаргаад байгаа. Цаашид Монголдоо байгаагүй цаг хугацаагаа нөхөж, уламжлалт анагаах ухаанаа дэлгэрүүлэхийг л зорьж байна.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Монголоос явахаасаа өмнө Та энд үзлэг хийх үү. Уламжлалт анагаах ухаанаар эмчилгээ хийлгэх хүмүүс яаж холбогдох боломжтой бол?

- Польш руу явахаасаа өмнө монголчуудаа боломжоороо л үзэж байгаа. Гэхдээ тэнд очсон ч Монгол уламжлалт анагаах ухааныхаа гайхамшгийн талаар өөрийн "Байгалмаа эмч" цахим хуудсаар мэдээлэл хүргэдэг.

Төгсгөлд нь хэлэхэд, өвдөөд ирсэн хүнийг эдгээж, гэр бүлийнхнийг нь баярлаж байгааг харахад л эмч байхын утга учир оршдог. Нэг ч гэсэн хүний эрүүл мэндийг хамгаалж, аз жаргал бэлэглэж чадлаа гэж бодох шиг сайхан зүйл энэ хорвоод байхгүй байх.

Тиймээс би эмч мэргэжлийг эзэмшсэндээ тэр дундаа Монгол анагаах ухаантай учирсандаа үргэлж талархдаг. Хүнийг бүтнээр нь эмчилдэг Монгол уламжлалт анагаах ухаан гэх гайхамшигтай соёлын өвийг тээж яваадаа баярладаг гэдгээ энэ ташрамд хэлье.

- Ярилцсанд баярлалаа.