Индэр    
2022 оны 6 сарын 7
Зураг
iKon.mn сэтгүүлч

Амралтын өдрөөр цуглаж, ургадаггүй суулгац газарт үлдээхийн оронд хортонд нэрвэгдсэн тэрбум модоо хамгаалъя!

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

НҮБ-ын индрээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсад 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарина хэмээн мэдэгдсэнээс хойш даруй есөн сарын хугацаа өнгөрчээ. 

Энэхүү мэдэгдлээс хойш төрийн тэргүүнээс эхлээд улс төрийн намууд, банк санхүүгийн байгууллага, сургууль, цэцэрлэг гээд мод тарих ажилд дайчлагдаагүй төрийн болон хувийн аж ахуйн нэгжүүд ховор. 

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд тарьж буй моднуудад арчилгаа хийгдэхгүй байгаагийн зэрэгцээ хий дэмий хөрөнгө мөнгө үрсэн ажил болж буй талаар олон нийтийн дунд шүүмжлэл өрнөөд байна. 

Тухайлбал, Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэнд суулгасан мод ургаагүй, арчилгаа усалгаагүй орхигдсон талаарх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гадаад харилцааны яам, гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдууд, шашны байгууллагын төлөөллүүд болон бусад байгууллагынхан уг хүрээлэнд өмнөх оны намар моносын 130 болон улиас, нарс, шар, цагаан боролзгоно, голт бор модны суулгацыг тарьсан билээ. 

Тухайн модны ургалтын талаар Налайх дүүргийн Цэцэрлэгжүүлэлтийн албаны ерөнхий инженер М.Отгонсүрэнгээс тодруулахад "2021 онд Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэнд 12 байршилд 8,246 тарьц суулгасан. Харин энэ жил хоёр байршилд 518 ширхэг тарьц суулгаад байна.

Бид усалгаа арчилгааг хийж байгаа. Моднууд стандартын хэмжээнд ургаж байна. Мод цэцэглэх нь болоогүй. Долоо хоногт хоёр удаа усалгаа хийдэг" гэлээ. 

Уг цэцэрлэгт хүрээлэнгийн зарим хэсгийн мод нь ургаж, цэцэглэж байгаа бол харин заримынх нь огт ургаагүй хатсан байгааг доорх зургаас харж болно.

Мэргэжлийн хүмүүсийн оролцоогүйгээр мод тарих нь хөрөнгө мөнгө, цаг хугацаа үрнэ

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг тэмцэж, мод тарих нь зөв ч арчлах нь юунаас ч илүү чухал. Арчилгаа усалгааг байнга хийж, тогтмол анхаарал хандуулахгүй, мэргэжлийн хүмүүсийн оролцоогүйгээр мод тарих нь хөрөнгө мөнгө, цаг хугацаа дэмий үрсэн ажил болох вий гэсэн болгоомжлол бий. 

Модны суулгац хөрсөндөө дасан зохицож, ургах хүртэл арчилгаа үргэлжлэх ёстой аж. Тухайлбал, хамгийн багадаа нэг жил модоо арчлах ёстойг мэргэжлийн хүмүүс хэлдэг.

Түүнчлэн зарим модны үндэс амархан ялзардаг онцлогтой учраас мод тус бүрийн усалгаа ямар давтамжтай байх нь мөн ялгаатай талаар судлаач Ж.Бат-Эрдэнэ ярьж байв. 

Услахаас гадна тогоон дахь хог шороо, хогийн ургамлыг тогтмол цэвэрлэж байхгүй бол үндэсний хүзүү(модны амьсгалдаг хэсэг)-г бөглөөд, үржил шимийг нь булаацалддаг байна. Мөн шинэ суулгасан модны нахиаг өвлийн улиралд тоос, тортгоос хамгаалах хэрэгтэй.

Тиймээс модныхоо эргэн тойрныг тогтмол цэвэрлэх, усалгааг төрөлд нь тохируулах гээд мод тарихаас илүү тарьсан модоо арчлах нь зайлшгүй мэргэжлийн хүмүүсийн хийх ажил бөгөөд хөдөлмөр зүтгэл их шаарддаг байна.

Гэтэл манай улсад модыг арчилж ургуулах ёстой ойн мэргэжилтэн дутагдалтай байгаа юм. Мод тарих ажлыг ой зүйч, ойн инженер хийдэг гэдгийг анхаарах хэрэгтэй. Мэдээж бусад мэргэжлийн хүмүүс оролцоно. Гэхдээ мод тарих ажлыг гардаж ажиллах хүмүүс нь ойчид юм. Энэ хүмүүс оролцохгүй бол мод тарих ажил сайн үр дүнд хүрэхгүйг ойн салбарын мэргэжилтэн онцолсон. 

Тэрбум мод тарих зорилтоо биелүүлэхийн тулд 100 сая мод тарих боломж алга

Гэвч өмнөх жилээс хойш амралтын өдөр цуглаж бэлэн суулгацыг нүхэнд тариад хувин ус хийдэг байдал түгээмэл болоод буй. Үүнийгээ бид мод тарьсан гэж андуурч ойлгож болохгүй. Суулгац тариад арчилгаа гэж хэчнээн ярилаа ч түүнийг хийх хүний нөөц дутагдалтай.  

Тэрбум мод тарих зорилтоо биелүүлэхэд жилд 100 сая мод тарих хэрэгтэй. Ийм хэмжээний тарьц бэлдэх боломж өнөөдөр алга. Үүнийг бэлдэхэд 7,000 гаруй ой судлаач, ойн инженер, ойн техникч, ойн мэргэжлийн ажилчин хэрэгтэй талаарх тооцооллыг МУИС-ийн профессор, Ой судлалын ухааны доктор Н.Баатарбилэг онцолж байв. 

Нэг хүлэмж дотор 2, 3 хүн мод тарьчхаад ойжуулах гэж байна гэж ойлговол алдаа болно. Хэдэн саяар нь тоологдох мод тарьдаг мэргэжлийн байгууллага шаардлагатайг ч хэлж байлаа. 

Ойрын 2-3 жилд 2,000-3,000 ойн мэргэжлийн ажилчин бэлтгэх шаардлагатай. Одоогоос эхлээд мэргэжилтэн бэлтгэж дөрвөн жил сургаад, туршлагажуулна гэхээр Тэрбум мод тарихаар төлөвлөсөн хугацааны тэн хагаст хүрнэ. Хамгийн хурднаар бэлдлээ гэхэд 1-1.5 жил шаардана. 

Ой модоо сүйдэхээс нь өмнө хамгаалахад анхаарлаа хандуулах хэрэгтэй

Тэгэхээр бид мод тарих ажлыг хүний нөөцийн судалгаагүйгээр эхлүүлсэн гэсэн үг. Нэгэнт мод тарьж ургуулах боловсон хүчин дутагдалтай, жилд 100 сая байтугай 10 сая л тарьц бэлдэх боломжтой тул хөрөнгө мөнгө, цаг хугацаагаа дэмий үрж байхаар одоо байгаа ой модоо сүйдэхээс нь өмнө хамгаалахад анхаарлаа хандуулах хэрэгтэй. 

Мод үржүүлж, ургуулдаг мэргэжлийн салбарыг бий болгож, тэр нь цаашаа тасралтгүй ажиллаж явдаг. Түүнээс, тааралдсан суулгацаа худалдан авч, өөр ажилтай хүмүүсийг үе үе дайчилж, субботникоор мод суулгах нь бодит ажил, шийдэл хэзээ ч болохгүйг шүүмжлэх иргэд олон бий. 

Түүнчлэн үрслүүлж, ойжуулахын оронд уулын ургаа модыг үндсээр нь сугалж, зөөж байгаа дүр зураг сүүлийн үед олон нийтийн сүлжээнд тархах болсон. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Баянголын амны модыг тайрч, сүйдэлсэн талаарх бичлэг олон нийтийн дургүйцлийг төрүүлээд буй. 

Зайлшгүй тэмцэл хийх шаардлагатай буюу 297.9 мянга га ойн талбай хортон шавжид өртсөн талаарх судалгааг Ойн судалгаа хөгжлийн төвөөс гаргажээ. Нэг га ойд төрлөөсөө хамаараад 2,500-3,500 мод байдаг гэж үзвэл хамгийн багадаа 742 сая 500 мянган мод, хамгийн ихдээ 1 тэрбум 39 сая 500 мянган мод зөвхөн ойн хөнөөлт шавжид идүүлж устах аюултай байгаа аж. 

Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас "1.1 тэрбум мод хортон шавжид нэрвэгдээд байна. Тэмцэл хийвэл хортон шавжаас сэргийлж чадна. Түүнээс биш хатаж хуурайшаад дахиж ургахааргүй болсон гэсэн үг биш. 

Ойг хамгаалах арга хэмжээ авахын тулд эхлээд судалгааны ажил хийдэг. Яамнаас 297 мянган га талбайд бүдэд нь тэмцэл хийх шийдвэр гаргасан. Улсын төсөв хүрэлцэхгүй бол орон нутгийн төсөв, дээр нь нэмээд нийгмийн хариуцлагын хүрээнд уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдтэй холбогдож байна" гэдгийг хэлэв. 

Манай улсын ойд 730 гаруй зүйлийн шавж байгаагаас 10 орчим нь ой модонд гол хөнөөл учруулдаг аж.

Ой модонд хамгийн ихээр хор хөнөөл учруулж буй шавж

  • Өрөөсгөл хүрэн эрвээхэй 95.2 мянга,
  • Якобсоны төөлүүр 81.6 мянга,
  • Шилмүүс хуйлагч эрвээхэй 101.1 мянга га талбайг устгаж байгаа аж. 

Хөвсгөл аймагт 51 мянган га, Завхан, Архангай, Увс аймагт 8 мянган га, Өвөрхангай аймагт зургаан мянга га талбай доройтолд орж, хортон шавжид идэгдсэн байна.  

Манай орон 18.5 сая га ойтой. Гэхдээ 70 гаруй хувь буюу дийлэнх нь нас гүйцсэн, хөгширсөн ой. Өөрөөр хэлбэл, хамгаалалт илүү их шаардсан ойтой орон гэдгийг ой судлаачид хэлж байна. 

Шинээр мод тарихаас илүүтэй ойн нөхөн сэргэх чадварыг дэмжих нь чухал байна

Тиймээс шинээр мод тарихаас илүүтэй ойн нөхөн сэргэх чадварыг дэмжих нь цаг хугацаа хэмнэхээс гадна хүч хөрөнгийн хувьд хэмнэлттэй арга байж болох юм. 

Газрын нэгдмэл сангийн мэдээллээр Ойн сан бүхий газар 14255.9 мянган га байна. Үүнээс ойгоор бүрхэгдсэн газар 12,109 мянган га буюу 84.9 хувийг, ой модыг нь огтолсон газар 133 мянган га буюу 0.9 хувийг, мод үржүүлгийн газар 62.3 мянган га буюу 0.5 хувийг, ой тэлэн ургах нөөц газар 719.2 мянган га буюу 5 хувийг, ойн сангийн бусад газар 1232.9 мянган га буюу 8.6 хувийг тус тус эзэлж байна. 
зураг
 
Ойн сан

Салбарын яамнаас 2024 он гэхэд ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 8.6 хувь, цаашлаад 2030 он гэхэд 9 хувьд хүргэх зорилтуудыг тавьжээ. 

Энэхүү зорилттой уялдуулан шинээр мод тарихаас илүүтэй ойн сан бүхий газраа өргөтгөж, хортон шавжид өртсөн ой модоо хамгаалах нь нэн тэргүүний хийх ажил болоод байна. 

Шинжлэх ухааны үндэслэлгүй, зохион байгуулалтгүй мод таривал тэрбум нүх үлдэх аюул байгааг ойн салбарын мэргэжилтнүүд сануулсаар буй.