Индэр    
2022 оны 5 сарын 6
Зураг
iKon.mn сэтгүүлч

Б.Лхагважав: НӨАТ-ын систем ашиглаад мөхөөлдөс, талх зардаг хүний хөлсийг хянаж чаддаг боллоо. Одоо уул уурхайн салбарт эргэлдэж буй мөнгийг хянамаар байна

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын тогтолцооны талаар Бизнесийн удирдлагын доктор, эрх зүйч Б.Лхагважавтай ярилцлаа.

- НӨАТ-ын буцаан олголт гэдэг бүх улсад хэрэгждэг систем. Сүүлийн үед ч бид энэ сэдвээр их ярьж байна. Таны хувьд хувийг нэмэгдүүлэх байр суурьтай байгаа шүү дээ, яагаад? 

- Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын системээр аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, даатгалууд, ААНОАТ, АМНАТ-ыг төгөлдөршүүлэх бүрэн боломжтой. Малчдаасаа татвар авахгүй 30 жил явж ирсэн нь одоо малчнаа нийгмийн харилцаанаас холдуулж, тэднийг хорлож байгаа аюултай бодлого юм. 

НӨАТ-ын эцсийн хэрэглэгч нь иргэн, аж ахуйн нэгж болон төр өөрөө байдаг. Иргэнд НӨАТ-аас буцаан олгосон л бол төрд өгч болно. Энэ том системийн өөрчлөлтийн үр дүнг олж хараагүй учраас дутуу ашиглаж, "дараагийн симфонио тоглохгүй" байгаа байх. НӨАТ-аас иргэдэд одоо 20 хувийг буцаан олгож байгаа. Үүнийг 70-80 хувьд хүргэх боломжтой. Хэрэв НӨАТ-аа буцаан авч чадвал авлига арилна

- Илүү тодруулаад нэмж тайлбарлахгүй юу? 

- 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс Нэмэгдсэн өртгийн албан татварын шинэ систем хэрэгжиж эхэлсэн. Энэ нь хувийн болон төрийн хамтарсан ажил байсан юм. Тухайн үед 1,600 кассын машин байсан бол өнөөдөр 220,000 кассын машин ажиллаж байна. Хувийн компаниуд 400-500 тэрбум төгрөгийн буюу их хэмжээний хөрөнгө оруулалтыг энэ системд оруулсан байдаг. Гэтэл төрөөс 4 тэрбум төгрөг л гарч байсан.

Хамтын хүчээр уг нь дундаа ийм том дата баазын систем бий болгочхоод үүнийгээ төр олж харж чадахгүй байгаа нь харамсалтай. НӨАТ-аас анх 47 их наяд төгрөг тэмдэглэсэн бол одоо 97 их наяд төгрөг болсон нь гайхалтай зүйл. Эрдэс баялгаас орлого нь орж ирээд байгаа болохоор Сангийн яам хөдлөх сонирхолт байдаггүй.

НӨАТ-ын системийн үр дүнд татварын баазыг өсгөж, нөгөө талдаа авч чаддаггүй байсан татвараа НӨАТ-ын механизмаар дамжуулаад авч эхэлсэн байдаг. 

- Иргэдэд олгогдож байгаа 2 хувь 7-8 болгож өсгөвөл далд эдийн засаг багасна гэж бодож байна уу?

- Тийм ээ, багасна. НӨАТ-ын системийг хөгжүүлэхгүй байгаа шалтгаан нь нөгөө л далд эдийн засаг, хар бизнес эргэлддэг учраас тэр. Өөрөөр хэлбэл, хар бизнест эргэлддэг мөнгө, улс төрчдийн унацыг ил гаргахгүй гэсэндээ НӨАТ-ын системийг хөгжүүлэхгүй байна.

- НӨАТ-ын сугалааг болиулсан хэр зөв шийдэл гэж та харж байна вэ? 

- Сугалаа нь хөшүүрэг ба иргэдэд сэдэл өгөх зорилготой байсан. Үүнийг зогсоосон нь буруу бөгөөд сул тал олонтоо гарна.Тухайлбал, НӨАТ төлдөггүй АНН байгууллагууд чинь сугалааны баримт өгдөг. Тэгвэл энэ бүх юм зогсож дахиад бүртгэлгүй зах зээл рүү орно гэсэн үг. Дахин бүртгэлгүй зах зээл бий болох нь.

-НӨАТ-ын буцаан олголт гэдэг бүх улсад хэрэгждэг систем. Гэтэл үүнийг зогсоох талаар ярихын оронд нэмэгдүүлэх нь зүйтэй биз дээ?

-Тийм ээ, тэр ч бүү хэл энэ цар тахлын үед иргэдэд олгож байгаа НӨАТ-ын буцаан олголтыг 60-70 хувь болгож нэмэгдүүлэх ёстой. Зарим салбар руу 100 хувь ч буцааж болно.

Татварын өөрчлөлтүүд цаанаа нийгмийн өөрчлөлтийг дагуулж явдаг. Эцсийн эцэст иргэн 20 хувийн буцаалт, төр татвараа давуулсан дүнгээр авч, харин аж ахуйн нэгж бүх бүртгэлээ секунд тутам хянаж чаддаг болсон.

- Татварын систем ямар үүрэгтэй вэ?

- Энгийнээр хэлбэл, татвар бол нийгмийн сайн сайхны төлөө өгч байгаа хандив юм. Мөн НӨАТ бол хэрэглээний татварын нэг төрөл.

Үндсэн хуульд байгаа хийх ёстой ажлыг гүйцэтгэх санхүүгийн механизмыг татварын систем хийдэг. Манай Үндсэн хууль иргэн, аж ахуй эрхлэх эрх чөлөө, хөрөнгөө чөлөөтэй зарцуулах эрх чөлөөг хамгаалахын төлөө 1992 оны татварын систем ажиллаж эхлэх ёстой байсан. Гэтэл өмнө нь явсан 70 жилийн социалист систем буюу иргэнээ өмчгүй байлгах, аж ахуй эрхэлдэггүй байлгах системийг 15-20 жил үргэлжлүүлээд явчихсан.

1998 оны нэгдүгээр сарын 1-нээс 2016 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл НӨАТ-ын систем, татварын систем байсан. Үүнийг нь иргэд ойлгодоггүй, төр засаг нь ч ойлгуулахгүй явсаар ирсэн дээ.

Улсын санг тасралтгүй мөнгөн урсгалаар хангаж байдаг томоохон систем бол НӨАТ. Тэгэхээр энэ мөнгөн урсгалаа яаж ашиглах вэ гэдгийг тухайн Засгийн газрын ур ухаан шийднэ. Өнөөдөр бид иргэдийнхээ тусламжтайгаар хяналтын системээ бий болгосон гайхалтай үр дүн. Гэтэл үүний шатлалыг нь цааш хөгжүүлж чадаагүй асуудал их. 

Нэмж хэлэхэд, цалингаас бүх даатгал, Хувь хүний орлогын албан татвар төлчхөөд гараад дэлгүүрт орохдоо НӨАТ гэж татвар төлж эхэлж байна. Нэг зүйлийг бодъё. Уул уурхайн 20 их наядын жилийн эргэлтээс мөнгийг нь хянаж чадахгүй байгаа. Эрээнд очиж 40 их наяд болж байна. Тэр луйврыг төрийн тусламжтайгаар хийж байна.

Татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг технологи ашиглаад аль болох саадгүй өгчих юм бол татвараар дамжуулаад орлогоо өсгөх бололцоо төрд байдаг. Бид мөхөөлдөс, талх зарж байгаа хүний хөлсийг хянаж чаддаг болсон. НӨАТ-ын системийг ашигт малтмал ашигласны төлбөрт ашиглаж уул уурхайн салбарт эргэлдэж байгаа мөнгийг хянах ёстой. НӨАТ-ын системийг ашиглаж дараагийн татварын системийг хөгжүүлэх нь бидний гол үүрэг.

- Ярилцсанд баярлалаа.