Индэр    
2022 оны 4 сарын 29
Зураг
Эдийн засагч, шинжээч

ЖОРЛОНТОЙ ТӨСӨВ

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Амьд явахад их юм үзнэ дээ. Төсөвтэй холбоотой л гэхэд тоочиж барамгүй байна. Бид юу үзэв?

  • Хамгийн ичмээр нь айлын жорлонд зориулж мөнгө төсөвлөхийг харав. Амандаа хийх хоолыг нь төсвөөс бэлдэж өгсөн. Одоо цадаад гарах ялгадас нь хаана тусахыг бас төсвийн мөнгөөр зохицуулж өгөх үү. Төсөвт мөнгөгүй, данс нь улайсан, эдийн засаг нь сүйрсэн ийм үед жорлонтой төсөв харах их хувьтай байжээ бид... Хэн нэгний жорлонг гоё болгох гэж ажил дээрээ суугаагүй л юмсан.
  • Амьгүй атлаа мөнгөнд дуртай бурхад, хөшөө, суваргыг олонтоо үзэв. Жил бүрийн төсөвт л алтан шаргал өнгөтэй, тарган цатгалан бурхан хаа нэг уулын орой дээр сүндэрлэх, хэрлэнгийн хөдөө аралд андууд гараа барилцан зогсох, хаа нэгтээ дайснаас банхар нохой дүүргээ хамгаалах төсөв батлагддаг.
  • 3,000 хүнтэй сумд 3,000 хүүхдийн цэцэрлэг ч барьж байна гэж хошигнохыг үзэв. Сум нь 3,000 хүнтэй. Гэхдээ 3,000 хүүхдийн цэцэрлэгтэй. Хотод байдаггүй том цэцэрлэг бариулж чадсан СУМ даа. Суманд маань сүүлийн 10 жилд хийгдсэн хамгийн том бүтээн байгуулалт гэвэл энэ. Цэцэрлэг нь сумандаа бараг мега төсөл болчихсон юм уу даа.
  • Таван хүүхэдтэй бол ажиллах шаардлагагүй амьдардаг болов. Өмнө нь таван хүүхэд төрүүлсэн бол хэрхэн, яаж энэ олон хүүхдийг өсгөх вэ гэж ажил, амьдралаа зохицуулах гээд хүмүүс цаггүй тэмцдэг байв. Харин өнөөдөр таван хүүхэдтэй айлд ажиллах хэрэг үгүй. Хүүхдийн мөнгө, алдарт эхийн одонгийн мөнгөнөөс эхлээд сарын орлого нь бараг 2 сая хүрээд явчихна. Нэг ч хуруу хөдөлгөхгүйгээр хүүхдүүдээ ингэж тэжээнэ гэдэг бол төсвийн гайхамшиг. Төсвийн 40 хувь нь халамж руу явдаг. Төр нь ажил хийх хүслийг нь мохоосоор дуусгадаг холын бодлоготой.

Та нар бол доромжилж чадаж байна шүү. Төр бол зөвхөн нийгмийн барааг л бүтээж, түүнд тохирсон хууль дүрэм, бодлого явуулах этгээд болохоос биш хэн нэгний өгзөг арчдаг газар биш шүү.