Индэр    
ТАНИЛЦ: Нийслэлийн А бүсэд, хамгийн удаан хашаатай байсан газрууд ба ЭЗЭМШИГЧИД
Зураг
2022 оны 4 сарын 27
Зураг
iKon.mn сэтгүүлч

ТАНИЛЦ: Нийслэлийн А бүсэд, хамгийн удаан хашаатай байсан газрууд ба ЭЗЭМШИГЧИД

Урин дулаан цаг наашилж, Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын улирал эхэллээ. Энэ цаг үед хэн хүнгүй л улсаа хэрхэн хөгжин цэцэглэж байгааг ажиглахын зэрэгцээ тохижилт, тав тух, үзэмжийг нь илүү чухалчилдаг билээ.

Бид өмнөх нийтлэлээрээ нийслэлчүүд бидэнд гэрээсээ гараад нарлаад суучих тав тухтай орчин "архаг дутагдалтай" байгааг сануулан, барилгажаагүй үлдсэн атгахан газрыг ч иргэд хэрхэн ногоон байгууламж болгохын тулд тэмцэж буй талаар хүргэсэн.

Харин энэ удаа нийслэлийн өнгө үзэмжийг "гутаасан" төмөр хашлаганы цаана олон жил болж буй, хотын А бүс дэх газруудын дэлгэрэнгүй мэдээллийг түүвэрлэн бэлдлээ.



Сануулахад, ердөө ганцхан сарын өмнө Хотын даргын захирамжаар Үндэсний соёл, амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркийн 6.9 га газрыг тойрсон ​​​​хашааг буулгасан.

Энэ үеэрээ Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өөрийн биеэр очиж “Дэлхий том хотуудын ногоон байгууламж хэзээ ийм хачин сараалжин хашаатай, иргэд нь чөлөөтэй явж чадахгүй, тойрч бөглөрсөн байдаг юм. Хар л даа. Зэвэрчихсэн, өнгө нь хачин болчихсон сараалжилсан хашаануудыг бүгдийг нь буулгах хэрэгтэй. Ийм заваан хашаануудыг буулгахад төр өөрөө манлайлж оролц.

Улаанбаатар хотын иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрахыг хүсэж байна. Улаанбаатар хот өмнө нь хөрөнгө оруулалтын ажилд хөрөнгө мөнгөний гачигдалтай байсан нь одоо харьцангуй гайгүй болсон тул одоо хот төлөвлөлтөө зөв хийх хэрэгтэй” хэмээн ярьж байв.

Тэгвэл Хүүхдийн паркийн буулгасан хашаанаас ч "долоон дор" газрууд хотын төвийн бүсэд байсаар байгааг энэхүү нийтлэлээрээ сануулж, эзэмшигчдийн мэдээллийг хүргэж байна.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт "Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгоно" хэмээн заасан байдгийг энд онцолъё.

Учир нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын egazar.gov.mn цахим хаяг дахь мэдээллээс үзвэл, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл төв зам дагуу хэд хэдэн газар Худалдаа, нийтийн үйлчилгээний төв, цогцолборын зориулалттайгаар эзэмшсэн эрхийн гэрчилгээ олгогдсон ч дийлэнх нь хашаалаад хоёроос дээш жил ашиглаагүй байна.

№1. Монголын хүүхдийн ордны эсрэг талд хашсан 2,998 ам метр талбай

зураг
 
Эх сурвалж: Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Монголын Хүүхдийн ордны эсрэг талд орших 2,998 ам метр талбайг тойруулж төмөр хашаа барьсан ч бүтээн байгуулалт хийгдэлгүй гурваас дээш жил өнгөрчээ.

Моннис пропертиес ХХК-ийн эзэмшлийн Саяпресс гэх компани уг газрыг 2017 оноос эзэмшсэн бөгөөд эзэмших, ашиглах зориулалтыг 2020 онд Худалдаа, нийтийн үйлчилгээний газрын зориулалттай болгон өөрчилжээ.

Компаниудын хамаарлыг графикаас харна уу.

Дээрх хашаалсан газрыг гүнзгий ухсан бөгөөд хөрснөөс нь ус шүүрсэн байдалтай байна. Энэ хашааны хажуугаар нийслэлийн иргэд бид явганаар зорчиход ч хүндрэлтэй байгаа.

№2. ЗТХЯ-ны зүүн урд талд орших, Хятад компанийн эзэмшлийн 4,395 ам метр талбай

зураг
 
Эх сурвалж: Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Мөн л Улаанбаатар хотын Төв талбайгаас ганц километр ч хүрэхгүй орчмын зайд буюу Зам тээврийн хөгжлийн яамны зүүн хойно, Энхтайваны гүүрний баруун талд 4,395 ам метр газар төмөр хашаатай дөрвөөс дээш жил болжээ.

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд орших тус газар нь Худалдаа, нийтийн үйлчилгээний зориулалтаар Эм Ай Ти Ай Си компанийн эзэмшилд 2011 онд олгогдож, 2020 онд газрын талбайн хэмжээг өөрчилсөн тухай мэдээлэл цахим системд бүртгэгдсэн байна.

Түүнчлэн тухайн нэгж талбар газрыг Эм Ай Ти Ай Си ХХК болон Азиапасифик Ланд ХХК, Монголианпропертис ХХК зэрэг гурван компаниар дамжуулж, Asia Pacific Lnvestment Partners Limited гэх БНХАУ-ын компани эзэмшсэн байгаа юм.

Гэхдээ шүүхийн шийдвэрээр одоогоор эзэмших эрхийг "түр түдгэлзүүлсэн" гэсэн төлөвт байна.

Компаниудын хамаарлыг графикаас харах боломжтой.

№3. Багшийн хөгжлийн ордны баруун талын 3,201 ам метр талбай

зураг
 
Эх сурвалж: Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Арслантай гүүрнээс баруун тийш МУБИС хүртэлх төв зам дагуу худалдаа үйлчилгээний төвүүд олон бий. Харин энэ дунд нэлээд хуучны гэмээр барилгын балгасыг тойруулан төмөр хашаа бариад таваас дээш жил болж байна.

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг, Багшийн хөгжлийн ордны яг баруун талд залгаа орших 3,201 ам метр уг талбайг Худалдаа, нийтийн үйлчилгээний газрын зориулалтаар Бигги-Индустрис ХХК эзэмшдэг бөгөөд хамгийн сүүлд 2019 онд ашиглаж буй газрын талбайн хэмжээг өөрчилсөн гэж бүртгэгджээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын нээлттэй мэдээллээс тус нэгж талбарын жинхэнэ эзэмшигчийг хайж үзвэл, Бигги-Индустрис ХХК, Бигскай Капитал ХХК гэх хоёр компанийн ард Mongolia Borbodos Corp Америк компани байгаа юм. Өөрөөр хэлбэл, тус газар АНУ-ын компанийн эзэмшлийнх байна.

Компаниудын хамаарлыг графикаас харна уу.

№4. Чингис Хаан зочид буудлаас урагш Хятад иргэний эзэмшлийн 3 га газар

зураг
 
Эх сурвалж: Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Бөхийн өргөөнөөс хойш Чингис Хаан зочид буудал хүртэлх авто зам дагуу мөн л төмрөөр хашсан газар олон бий.

Тэдний нэг нь Номдот ХХК-ийн эзэмшлийн 29,780 ам метр буюу гурван га газар юм.

Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 1330100113 дугаартай нэгж талбарыг тус компани Худалдаа, нийтийн үйлчилгээний төвийн зориулалтаар эзэмшиж, хашаалаад мөн л удаж байна.

Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын нээлттэй мэдээллээс уг газрын эцсийн эзэмшигчийг хайж үзвэл, Гуо Жиаши /Guo Jiaxi/ нэртэй Хятад иргэн байгаа юм.

Тухайн иргэн уг газрыг Холдтоп инвестмент ХХК, Номдот ХХК гэх хоёр компаниар дамнуулан эзэмшиж байна.

№5. Улаанбаатар их дэлгүүрийн чанх урдах 2,655 ам метр талбай

зураг
 
Эх сурвалж: Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг буюу иргэдийн сайн мэдэхээр Улаанбаатар их дэлгүүр чанх урд 2,655 ам метр талбайг тойруулан төмөр хашаа бариад 3-4 жил болжээ.

Худалдаа, нийтийн үйлчилгээний төвийн зориулалтаар олгогдсон уг газрын эзэмших эрхийг 2020 онд бусдад шилжүүлэхээр гэрээг түр "цуцалсан" төлөвтэй байна.

Гэсэн ч одоо хэн, ямар зориулалтаар ашиглах нь тодорхойгүй, төмөр хашаатай хэвээр байгаа юм.

зураг
 
Эх сурвалж: Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

№6. Зүүн дөрвөн замд "орхигдсон" барилгыг хашаалсан 8,913 ам метр талбай

зураг
 
Эх сурвалж: Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Зүүн дөрвөн замын уулзвараас баруун урд зүгт "балгас" болсон барилга байдгийг нийслэлчүүд бүгд мэднэ. Тухайн барилгыг тойруулан хашаалаад мөн нэлээд хугацаа өнгөрч байгаа билээ.

Баянзүрх дүүргийн 15 дугаар хороонд харьяалагдах тухайн барилгыг оруулаад 8,913 ам метр талбайг хашаалсан газар Пром-Импорт ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй байна.

Худалдаа, нийтийн үйлчилгээний төвийн зориулалттай уг газрын гэрээг 2022 оны гуравдугаар сард эхлүүлсэн бөгөөд одоогоор "Барьцаалсан" төлөвт байгаа тухай мэдээлэл egazar.gov.mn нээлттэй мэдээллийн санд байгаа юм.

Пром-Импорт ХХК-ийн хувьд, Х.Золжаргал нэртэй, нэг иргэний эзэмшилд байдаг аж.

Энэ бол нийслэл хотын төвийн бүсэд хашаатай удсан цөөн хэдэн газрын жишээ.

Утаа, замын түгжрэл, тоос шороо, хөрсний бохирдлоос эхлээд бухимдмаар асуудлаар дүүрэн Улаанбаатар хотын иргэд бидэнд тухлаад суух талбай, алхах ч газар хомс байсаар байхад Хотын төвийн газруудыг хүртэл хэн нэг этгээд "эзэмших" нэрээр төмрөөр хашаалчхаад сууж байх эрхийг ямар хуулиар олгодог вэ?!

Ийнхүү өнөөдөр Улаанбаатар хотын төвд тоо томшгүй худалдаа, үйлчилгээний газар, орц, гарцгүй орон сууцны хороолол сүндэрлэсээр, явган явах боломж хумигдсаар байх уу?

Дахин сануулахад, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өмнө нь хотын төвд өндөр барилга бариулахгүй байх бодлого барина хэмээсэн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй тохиолдолд газрыг нийтийн эдэлбэрт шилжүүлэх үүргийг холбогдох албаныханд өгч байв.

Хотын даргын өгсөн үүрэг даалгаврууд хэрхэн биеллээ олохыг нийслэлийн иргэд чих тавин хүлээсээр байна.