Зураг
Зураг
Индэр    
2022 оны 4 сарын 21
Зураг
iKon.mn сэтгүүлч

Д.Одхүү: Тусгаар улс юм бол хил дамнан урсдаггүй гол дээрээ усан цахилгаан станц барих эрхээ хэнээс ч айхгүйгээр эдлэх ёстой

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эгийн голын усан цахилгаан станцын төслийн захирал асан Д.Одхүүтэй эрчим хүчний салбар бие даасан байдалд хүрэх боломж, усан цахилгаан станцын төслийн талаар ярилцлаа.

- Манай улс эрчим хүчний давсан хэрэглээ, тохируулгаа импортын эрчим хүчээр хангаж байгаа. Эрчим хүчний энэ хараат байдлыг шийдвэрлэх ямар боломж байна вэ?

- Эрчим хүчний бие даасан байдал хоёр хүчин зүйлээс шалтгаалдаг. 

  • Нэгдүгээрт, дотоодын эрчим хүчний үйлдвэрлэл хангалттай хэмжээнд байх. 
  • Хоёрдугаарт, системийн тохируулгаа өөрсдөө хийдэг байх.

Манай улс цахилгааны тогтмол өндөр хэрэглээтэй, аж үйлдвэрийн томоохон цогцолборгүй учир эрчим хүчний хэрэглээний бүтцэд ахуйн хэрэглээ голчилдог. 

Хүмүүс шөнө унтахаар хэрэглээ багасаад, орой бүгд гэрлээ асааж, хоолоо хийж эхлэхэд оргил ачаалалдаа хүрдэг. Энэ үед эрчим хүчний үйлдвэрлэл хэрэгцээг хангаж чадахгүй болдог учраас импортоор цахилгаан авч хангадаг. Дараа нь амарч эхлэх үед хэрэглээ унаж, эрчим хүчний илүүдэлтэй болдог учраас экспортолдог гэсэн үг. 

Богино хугацааны дотор ингэж огцом өсөөд дараа нь унадаг эрчим хүчний хэрэглээний савлагааг манай улсын Дулааны цахилгаан станц голчилсон систем тохируулга хийж чаддаггүй. Тийм учраас оргил ачааллын үед импортын эрчим хүчийг зайлшгүй авч байж тохируулга хийж байгаа юм. 

Эрчим хүчний үйлдвэрлэл, тохируулгыг хамтад нь өөрсдөө дотооддоо хийдэг байж л салбарын бие даасан байдал бий болно. Аль нэг нь юм уу эсвэл хоёулаа байхгүй бол импортын эрчим хүчнээс хараат байдалд орно гэсэн үг. 

Монгол Улс эрчим хүчний салбарын хөгжлийн хувьд Африкийн зарим улсаас ч дор байна

- Эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд 8-10 хувиар нэмэгдсэн гэсэн тооцоолол гарсан тухай мэдээлэл байсан. Энэ хэрэглээг ямар шинэ эх үүсвэрээр хаах нь оновчтой шийдэл байх бол?

- Эрчим хүчний хэрэглээний өсөлтийг суурь горимд ажилладаг цахилгаан станцуудын хүчин чадлыг өргөтгөх, шинээр станц барих замаар хангадаг. Түүнээс гадна системийн тохируулгын станц барих нь улс орны хувьд нэн шаардлагатай асуудал болоод байна. Төрөл бүрийн эрчим хүчний эх үүсвэрүүд байж болох ч хамгийн сонгодог нь бол усан цахилгаан станц.

Усан цахилгаан станц нь зөвхөн эрчим хүч үйлдвэрлэж цахилгааны хэрэгцээ, тохируулгыг хийхээс гадна эрс тэс уур амьсгалтай, усны нөөц багатай манай орны хувьд цаг уурыг зөөллөх, цэвэр усны томоохон нөөц үүсгэх давхар ашиг тустай.

Хөгжингүй болон хөгжиж буй ихэнх улс орнууд бүгд бие даасан эрчим хүчний системтэй. Харамсалтай нь Монгол Улс эрчим хүчний салбарын хөгжлийн хувьд Африкийн зарим улсаас ч дор байна. Жишээ нь Этиоп улс гэхэд л аугаа Этиопын сэргэн мандалтын далан нэртэй африк тивийн хамгийн том усан цахилгаан станцыг саяхан ашиглалтад оруулчихлаа.

Этиопчууд тивийнхээ том улс Египетийн олон жилийн эсэргүүцэл, дарамтыг даван туулж УЦС барих санхүүжилтийг бонд гарган иргэд нь болон дэмжигч компаниуд нь худалдан авч мөнгө босгох замаар (англиар crowd funding гэж нэрлэдэг) шийдвэрлэж чадсан байна. Африкийн энэ улс бидэнд улс орондоо хэрэгтэй бүтээн байгуулалтыг яаж хийж болдог жишээг үзүүлж байна.

- Ирэх жил айлуудын цахилгааныг хязгаарладаг болох тухай яригдаж байна. Бид яагаад ийм нөхцөл байдалтай нүүр тулах болов?

Эрчим хүчний салбар улс орны хөгжлөөс ямагт түрүүлж явах учиртай. Өөрөөр хэлбэл, үйлдвэр, орон сууцны хорооллыг барьсан хойно нь биш харин барихаас нь өмнө цахилгаан дулаанаар хангахыг нь шийдчихсэн байх ёстой. Ирэх жилээс хязгаарлалт хийх тухай ярьсан нь эрчим хүчний түрүүлж хөгжих бодлого алдагдсаныг харуулж байна.

Энэ бол ЭХЯ, Засгийн газрын алдаа. Эрчим хүчний салбарт яаралтай хөрөнгө оруулалт хийж, шинэ эх үүсвэрүүдийг барьж, ядаж 10-15 хувийн нөөцтэй байж л улс орон хэвийн байж, бас хөгжинө.

- Том чадлын шинэ эх үүсвэр баригдахгүй байсаар 40-өөд жил болж байгаа тухай эрчим хүчний инженер ярьсан. Бид төслийг өөрсдөө гацаадаг уу? Эсвэл?

- Томоохон цөөхөн станцууддаа өргөтгөл хийснийг эс тооцвол шинэ эх үүсвэр баригдаагүй удаж байгаа нь үнэн. Шинээр барихаар төлөвлөж гэрээгээ хийчихсэн байсан Багануурын цахилгаан станцын ажлыг гаднын захиалгатай хөдөлгөөн нэртэй цөөн хүмүүсийн эсэргүүцэлд автаад явуулсангүй.

Эгийн гол дээр бүтээн байгуулалт хийхэд зөвшөөрөл авах нь битгий хэл мэдээлэл өгөх ч албагүй

-Монгол, ОХУ-ын хооронд байгуулсан Хилийн усны хэлэлцээрт хил даван урсдаг гол дээр ямар нэгэн усны байгууламж барих бол хоёр улс хоорондоо мэдээллээ солилцох бөгөөд аль нэг талаасаа зөвшөөрөл авах тухай заагаагүй. Гэтэл Эгийн голын усан цахилгаан станц барих төсөлд хойд хөрш хөндлөнгөөс оролцож зогсоосоор ирсэн. Үүний цаад учир шалтгааныг та юу гэж тайлбарлах вэ?

- Энэ станцын ажлыг эхлүүлэхэд Монгол Улс ямар ч улсаас асуух,зөвшөөрөл авах шаардлагагүй. Олон улсын гэрээний эрхзүйн хувьд ч тэр, нэгдэн орсон конвенцуудаар ч ч тэр харшлах зүйлгүй өөрсдөө бие даан шийдэх бүрэн эрхтэй.

Эгийн гол хил дамнан урсдаг гол биш. Тиймээс Эгийн гол дээр бүтээн байгуулалт хийх бол зөвшөөрөл авах нь битгий хэл мэдээлэл өгөх ч алба байхгүй. Бид харин ч оросуудад мэдээлэл өгөөд, тусгайлан хийлгэсэн усны нөлөөллийн тооцоогоо хүртэл өгсөн. Ингээд л болоо. Хилийн Усны хэлэлцээр (1995 онд байгуулагдсан) ийн хүрээнд оросуудын өмнө манай улс зөвшөөрөл авах ямар ч үүрэг хүлээгээгүй. Тэгэхээр бид хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээ л барих ёстой.

Нөгөө талаар Орхон гол, Сэлэнгэ мөрнийхөө усны 10 хүртэлх хувийг говь руугаа татах ч бидний эрх. Олон улсын урсан гарч буй голын усаа ашиглах тийм жишиг байна. Гэтэл бид усныхаа зарим хувийг хэрэглэх тухай биш зөвхөн усаар турбин эргүүлдэг усан цахилгаан станц барих гэхээр эсэргүүцэж буй нь хэтэрхий дээрэлхүү л хандлага гаргаж байгаа хэрэг. 

- Тэгвэл бид яах ёстой вэ?

- Бид тусгаар улс л юм бол өөрийн нутгийн хил дамнан урсдаггүй гол дээрээ усан цахилгаан станц барих эрхээ хэнээс ч айхгүйгээр өөрсдөө эдэлж чадах ёстой. Тэгээд усан цахилгаан станцынхаа хиймэл нуурыг олон улсын жишгийн дагуу ашиглах. Энэ бол НҮБ-ын гишүүн Монгол Улсын бүрэн эрхийн асуудал. Хэн ч,ямар ч хөрш биднийг энэ асуудал дээр дарамтлах учиргүй.

Усан цахилгаан станц гэдэг стратегийн том зорилт дээрээ бид үндэстнийхээ хувьд нэгдмэл ойлголцолд хүрч, хамтран ажиллах ёстой. Энд намчирхал, улс төржилт байх учиргүй.

Хөрш орнууд том нь жижгээ дарамталдаг байж болохгүй

Эгийн голын усан цахилгаан станцын ажлыг гаднын нөлөөтэйгөөр зогсоосон. Харин дотооддоо гаднынханд хөлслөгдсөн цөөн хүмүүсийг эс тооцвол харьцангуй сөргөлдөөн байхгүй байсан. Харамсалтай нь Эгийн усан цахилгаан станцыг барих ажлыг эхлүүлэхийн төлөө хүчин зүтгэл маш бага байсаар өдий хүрлээ. Найдаад л хүлээгээд л байна. Хөрш орнууд тэгш, найрсаг харилцаатай байх ёстой болохоос биш том нь жижгээ дарамталдаг байж болохгүй.

- ОХУ-ын зүгээс биологийн олон янз байдлын судалгаа хийлгэх шаардлага тавьсан. Энэ ажил 2022 оны долдугаар сард дуусна гэдгийг салбарын сайд хэлж буй. Тэгэхээр энэ дүгнэлт гарсны дараа Эгийн гол дээр усан цахилгаан станц байгуулж болох эсэх асуудал шийдэгдэнэ гэж ойлгож болох уу?

- Оросуудын энэ саналыг манай улс зөвшөөрөх шаардлагагүй байсан. Яагаад гэвэл бид төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хуулийн дагуу олон улсын банк санхүүгийн байгууллагаас тавьдаг шаардлага стандартад нийцсэн байдлаар хийчихсэн байсан.

Дэлхийн том санхүүгийн байгууллагын нэг болох Хятадын ЭКСИМ Банк хүлээж авсан байсан. Бас бид оросуудад зориулж илүү мөнгө төлж газар хөдлөлтийн нарийвчилсан судалгааг хүртэл Европын нэр хүндтэй Geoter компаниар, УЦС-ыг барьж байх үед болон барьсны дараа Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын усны түвшинд нөлөөлөх судалгааг усны барилга байгууламжийн инженерчлэлээр дэлхийд гуравт эрэмбэлэгддэг Францын компанийн судлаачдаар хийлгэж тайланг нь оросуудад албан ёсоор хүлээлгэн өгсөн.

Ангар мөрөн дээр хамгийн сүүлд баригдсан буюу 4 дэх нь болох Богучанскийн УЦС-ын зөвлөх байсан,оросууд өөрсдөө хүлээн зөвшөөрдөг энэ компани /Трактебель /манай ТЭЗҮ-г хийсэн юм шүү дээ. Гэтэл оросууд энэ тайлангийн талаар юу ч хэлэхгүй мөртлөө Байгал нуурт хортой нөлөөтэй гэдэг үлгэр ярьж байгаа.

Француудын усны нөлөөллийн тооцооллоор Эгийн голын УЦС-аас Байгал нуурт нөлөөлөх нөлөөлөл 0.023 хувь гэж дүгнэсэн. Энэ бол маш бага буюу үл мэдэг гэдэг түвшин.

Байгал нуурын загасанд хортой нөлөөтэй гэж ярьдаг. Хамгийн их хол нүүдэллэдэг тул загасанд датчик суулгаад гурван жил сансраас ажиглахад нэг чиглэлд биш хамгийн ихдээ л 200 км зам туулсан байсан. Өөрөөр хэлбэл Байгаль нуурын загас хэзээ ч Эгийн гол руу өгсөж орж ирдэггүй гэсэн үг. Тэгээд ч Эгийн гол дээр баригдах УЦС-аас Байгал нуур хүртэлх 600 гаруй км голын ус, түүний орчны биологийн олон янз байдлыг бүрэн судалж дүгнэлт гаргахад маш олон судлаачдын хэдэн арван жил хэдэн зуун тэрбумаар нь мөнгө зарж хийдэг судалгаа шүү дээ.

Оросуудын энэ шаардлагыг зөвшөөрнө гэдэг бол үндсэндээ станцыг барихгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөнтэй адил гэсэн үг. Долдугаар сард дуусна гэсэн ерөнхий юмыг оросууд хүлээн зөвшөөрөхгүй нь ойлгомжтой. Зүгээр л цаг нөхцөөх заль нь тэр. Усны нөлөөллийн талаар нэмж мэдээлэл өгөхөд,

Байгаль нуурыг хиймэл усан сангаа болгож ашигладаг Эрхүүгийн УЦС тус нуурт хамаагүй илүү хортой. Уг цахилгаан станц үйл ажиллагааны үеэр нуурын усны түвшнийг 2-3 метрээр хэлбэлздэг. Түүнийг нь ОХУ-ын Засгийн газраас албан ёсоор зөвшөөрсөн байдаг. Гэтэл Эгийн гол бүхлээрээ Байгал нуурын усны түвшинд 8см ээр нөлөөлнө. Монголын талыг юу ч хийсэн оросууд дараагийн шалтгаанаа хэлсээр л байх болно. Манай эрх баригчид тэдний арагт орж татвар төлөгчдийн мөнгийг дэмий зүйлд зарцуулж, толины цаанаас маруужин долоож байгааг хараад харамсаж хариуцлагагүй байдлыг нь шүүмжилж байна

- Таны хувьд Эгийн голын усан цахилгаан станцын төсөл дээр олон жил ажилласан тул ажил хэргийн шугамаар танаас зөвлөгөө авдаг уу?

- Миний ажиллаж байсан Төслийн баг 3 жил орчмын хугацаанд УЦС-ын болон түүний дэд бүтцийн барилгын ажлыг эхлүүлэхэд шаардлагатай ТЭЗҮ, зураг төслийг бүрэн хийж дуусгасан. Бас археологийн авран хамгаалах ажил, усны болон загасны судалгаа, нүүлгэн шилжүүлэлт, агаарын зураглал, зам гүүрний ажил гээд маш их зүйлийг амжуулсан. Гүүрний ажлыг эхлүүлж байгаад зогсоолгосон. Хэдийгээр би 2016онд халагдсан ч гэсэн дараагийн хүн нь станц барих ажлыг явуулах болов уу гэсэн горьдлого тээж элдэв юм ярилгүй өдий хүрлээ.

Гэтэл Эгийн голын усан цахилгаан станцын ажлыг зогсоосноос хойш зургаан жилийн хугацаанд амлалт өгснөөс биш бодитой ажил хийгдсэнгүй. Ажил урагшлахгүй байгаа шалтгааныг оросуудын амаар л ярьж байна. Хэрвээ яаж ярихаа яаж барихаа мэдэхгүй байгаа бол асуугаад зөвлөөд яваач гээд сүүлийн таван жил гуйж байна. Ганц ч удаа хэн ч ярьсангүй. 

Зүгээр л ойлголт муутай хүмүүс хааяа телевизээр элдэв юм ярьж байгаа харагдах юм. Аль нэг нам төр барьж байгаагаас үл шалтгаалан бид Монголчууд энэ тал дээр хамтран ажиллах ёстой. Оросуудын амыг хараад суувал Монгол Улс хэзээ ч юу ч хийж чадахгүй. Эрчим хүчний хараат байдал хэвээр үлдэнэ. Бас Цэвэр усны нөөцтэй ч болж чадахгүй л байна.

Байгалийн хийн хоолой манай улсаар дамжин өнгөрвөл бид асар их эрсдэлд орно

- Эцэст нь, ОХУ-аас БНХАУ-д нийлүүлэх байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах асуудал сүүлийн үед идэвхтэй яригдаж байна. Таны хувьд үүнийг хэр боломжтой гэж харж байна вэ? Бид ямар сорилттой нүүр тулах бол? Та татгалзахгүй бол энэ талаар бодлоо хуваалцаач?

- Хөрш орнууд эдийн засгийн талаар хамтарч ажиллахыг зарчмын хувьд дэмждэг. Энэ утгаараа байгалийн хийн хоолойн төслийг хэрэгтэй гэж харж байсан үе бий. Гэхдээ одоо бол миний үзэл бодол 100 хувь өөрчлөгдсөн. Хоёр янзын нөхцөл үүссэн гэж бодно. 

Нэгдүгээрт, улс төрийн нөхцөл байдал. Украинд ОХУ-аас дайн эхлүүлэхэд европ руу байгалийн хий дамжуулдаг хоолойтой холбоотой асуудал тодорхой хэмжээнд нөлөөлсөн гэж боддог. Тиймээс байгалийн хийн хоолой дайрч өнгөрч байгаа улс орныг өөрийн хяналтад байлгах, засаг төрд нь шууд нөлөөлдөг болох, хэрэв хяналтаа алдвал цэрэглэн эзлэх гэж оролддог байдлыг бид Украинаас харж байна.

Иймд ямар ч тохиолдолд энэ хоолойг нутгаараа дамжуулах, бариулж болохгүй гэдэг анхааруулгыг бид авч байна.

Ард түмнээ боддог ардчилсан Засгийн газар байгаад бие даасан бодлого явуулах гэж оролдвол фашистууд гэж нэрлээд биологийн лаборатори байна гэж гүтгээд, нацистуудаас чөлөөлж байгаа нэрээр цэрэг оруулж ирэх магадлал өндөр гэсэн үг.

Хоёрдугаарт, байгаль орчны асуудал. 20 дугаар зууны дундуур Монголын нутгаар тавигдсан босоо Төмөр зам нүүдэллэж амьдардаг хээрийн амьтдад олон жил хортой нөлөөлөл үзүүлснийг бид ярьдаггүй. Зээрийн нүүдэл тасарч, тоо толгой нь цөөрч байгалийн тэнцвэр нь алдагдсаныг бид мэднэ. Хүн малын хувьд хүндрэлтэй ч гэсэн харьцангуй бас хоёр тийшээ нэвтэрч болоод байсан.

Одоо яригдаж байгаа байгалийн хий хоолой баригдвал 200 метр дотор гэр бариулахгүй, хамгаалалтаа өөрсдөө хариуцна гэсэн юм ярьж байна. Тэгэхээр Монгол Улсын нутаг дэвсгэрийн тэг дундуур монгол хүн гэрээ барьж болохгүй, чөлөөтэй нэвтэрч болохгүй том зурвас газар үүснэ гэсэн үг.

Мал, хээрийн амьтан бэлчих нүүдэллэх замыг бүрэн хаана. Ийм зүйлийг мөнгөний төлөө хийх нь Монголд хэрэгтэй юм уу? Нээгдсэн орд, үйлдвэрүүдээ үр ашигтай, зөв ажиллуулж, төрд байгаа хулгайч нараа зайлуулж хулгай хийлгэхийг нь болиулж чадвал бид улсаа асар их эрсдэлд оруулахгүйгээр хөгжүүлэх боломжтой.