Индэр    
2022 оны 4 сарын 19
Зураг
iKon.mn сэтгүүлч

Торгуульд "ТОЛГОЙ" АЛГА

Зураг
Тээврийн цагдаа /Гэрэл зургийг mpa.mn

Авто замын хөдөлгөөнд оролцохдоо дүрэм зөрчсөн бол жолооч нар Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулдаг. 

Ямар тохиолдолд хэдэн нэгжээр торгох, торгуулиа хэрхэн төлөх талаар нь нэгд нэгэнгүй тодорхой байдаг. Гэвч жолооч нарыг торгуулиа төлөхдөө хойрго ханддаг, тээврийн хэрэгслээ зарах үедээ л барагдуулдаг гэх зэргийг холбогдох албаныхан хэлсээр буй. Ерөнхийдөө торгуулийн төлөлтийг эрчимжүүлэх нь "шүдний өвчин". Тэгвэл одоогоор хэдэн жолоочийн хэр хэмжээний торгууль төлөгдөөгүй байгаа талаар тодруулахыг хичээсэн юм.

Гайхмаар нь энэ талаар мэдэх газар олдсонгүй. 

Эн тэргүүнд Тээврийн Цагдаагийн Албанаас тодруулахад "Манайх замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах, дүрэм журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах чиг үүрэгтэй. Торгуулийн талаар мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас асуух нь зөв" гэлээ. 

Үүнээс хойш хэд хэдэн газраас асууж ижил хариулт авч байсан тул дараах байдлаар багцалъя.

Хууль Зүй, Дотоод Хэргийн Яам: Тээврийн цагдаа болон нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тодруулна уу. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дээр холбогдох дүрэм журмууд нь батлагдан гардаг.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал: Манайхаас дүрэм журмыг батлан гаргадаг ч хэрэгжилтэд нь холбогдох байгууллагууд хяналт тавих үүрэгтэй. Энэ асуудлыг Засаг даргын Тамгын газрын харьяа хэрэгжүүлэгч агентлагууд болон Тээврийн Цагдаагаас лавлана уу.

Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч: Авто замын хөгжлийн газраас асуугаад үзээрэй. Уг нь торгуультай холбоотой асуудлыг Тээврийн цагдаагаас л асуух ёстой.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газар: Манайх замын арчлалт, зам барих ажлуудад хяналт тавьж ажилладаг, торгуультай ямар нэг холбоогүй.

Ийнхүү таван байгууллагаас асуухад манайх мэдэхгүй, хариуцдаггүй гэх ижил хариулт авсаар байсан тул нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс

  • Төлөгдөөгүй торгуулийн хэмжээ
  • хэдэн жолооч торгуулиа төлөөгүй байгаа вэ зэрэг талаар лавлахад энэ талаарх мэдээлэл манайд байхгүй гэлээ.

Дээр дурдсан байгууллагууд Тээврийн цагдаагийн албанаас лавлахыг зөвлөсөөр байгаа тул дахин холбогдоход "Манайх дээр дүн хэмжээний талаар мэдээлэл байхгүй. Сангийн яамны Төрийн сангаас тодруулах ёстой" гэсэн юм.

Харин Төрийн сантай холбогдоход торгууль оноосон тухайн орон нутаг бүр өөр өөр дансанд торгуулиа авдаг. Тэнд зөвхөн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний торгууль бус бусад Зөрчлийн торгууль ч бий. Тиймээс нэгдсэн дүн манайд байхгүй" гэлээ. 

Мөн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч нартай холбогдоход тээврийн цагдаа торгодог, яагаад манайхаас асууж байгаа билээ гэж гайхах нь олон байв. 

50 хувийг нь өршөөгөөд байхад ч торгуулиа төлдөггүй жолооч нар замын хөдөлгөөнд оролцсоор

Ингээд эрэл мухардаж, торгуулийн нэгдсэн мэдээллийг авч чадсангүй. Тэгэхээр торгуулийн талаар мэдээлэл олон байгууллагын дунд хариуцах эзэнгүй үлдсэн болж таарч байна. Өмнө нь Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас тодорхой мэдээлэл өгдөг байв. Гэвч энэ газар татан буугдсан юм.

Тухайлбал, 2021 оны дөрөвдүгээр сарын 14-нд Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас өгсөн мэдээлэлд "Автомашин эзэмшигчийн нэр шилжүүлэхэд торгуулиа төлсөн байх хуулийн зохицуулалттай. 10 жил нэг машинаа унаад торгуулиа төлөхгүй явж байгаа тохиолдол бий.

Улсын хэмжээнд 4.5 сая ширхэг торгууль огт төлөгдөөгүй байна. Үүнээс 63 мянган жолооч 10-аас дээш удаагийн торгуультай байгаа бөгөөд хамгийн их торгууль хуримтлуулсан хүнийх найман сая төгрөгтэй тэнцэж байна. Мөн нийт жолооч нарын 44 хувь нь улсын үзлэг оношилгоонд хамрагдахгүй замын хөдөлгөөнд оролцдог" гэж байв.

Харин Өршөөлийн тухай хуульд "Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрийн дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлнө" гэж заасны дагуу жолооч нарын 22.6 хувь нь хамрагдаж, торгуулийнхаа 50 хувийг төлжээ. 

Гэтэл 77.4 хувь нь буюу 2,290,049 хүн нийтдээ 27 тэрбум 105 сая 695 мянган төгрөгийн торгох шийтгэлийг биелүүлээгүй байна хэмээн Улсын Ерөнхий прокурорын газраас мэдээлж байжээ.

Энэ бол 2021 оны есдүгээр сарын 23-нд нийтэд зарласан мэдээлэл юм. Үүнээс хойш бараг долоон сарын хугацаанд дүн хэмжээ хэрхэн өөрчлөгдсөнийг асуух гэтэл мэдэх газар үгүй болж, нэг нэг рүүгээ чихсээр. 

Иргэдийн сайн мэдэхээр торгуулийн мэдээллийг харуулдаг smartcar.mn сайтын мэргэжилтэн ч манайх төв серверээс татаж харуулдаг учир Тээврийн цагдаагаас л асуухыг дахин хэлсэн юм. 

Тэгэхээр иргэдийг торгодог цагдаа нь мэддэггүй, шалгаж хардаг сайтынхан ч мэддэггүй, бүр Сангийн яамны Төрийн сан нь ч мэддэггүй болж таарлаа. Уг нь Тээврийн цагдаагийн алба хаагч зөрчлийг илрүүлж, торгосон бол бүх мэдээлэл нь нэгдсэн санд төвлөрдөг байх учиртай. Бэлэн бус торгуулийг иргэд 15 хоногийн дотор төлөх ёстой бөгөөд хугацаа хэтэрсэн бол Зөрчлийн тухай хуулиар торгууль дээр нь 20 мянган төгрөг нэмж торгууль ногдуулах эрх зүйн зохицуулалттай юм байна.

Гэвч торгуулиа хугацаанд нь төлөх нь бүү хэл 50 хувиа өршөөлгөөд ч төлдөггүй "хатуу чихтэй" жолооч нар замын хөдөлгөөнд оролцож байна. Нийтээрээ дагаж мөрдөж, эмх замбараатай, хэм хэмжээтэй байхын тулд хууль, дүрмийг баталдаг.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм, журмууд бол зөвхөн жолооч танаар зогсохгүй, зорчигч, явганаар зам хөндлөн гарч буй гээд хэн бүхний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахын тулд л байдаг. 

Дүрмээ баримталж явбал торгуулахгүй, торгуулсан бол хугацаанд төлөх нь жолоочийн үүрэг. Гэтэл дүрэмгүй жолооч нар хэд л бол хэдэн удаа торгуулж, төлсөн эсэхийг нь төрийн байгууллага хянахгүй байгаа учраас л төвлөрөх ёстой мөнгө нь Төрийн сандаа ордоггүй, хий хоосон тоо хэвээр байна. Товчхондоо, торгуульд "толгой" алга.