Индэр    
2022 оны 4 сарын 11
Зураг
iKon.mn сэтгүүлч

Р.Ганжуур: Эрчим хүчний салбарыг сэргээх мөнгө байхгүй гэж албан тушаалтнууд ярьж байгаа учир харанхуй сууж, даарах л үлдлээ

Зураг

Монголын эрчим хүчний инженерүүдийн холбооны тэргүүн Р.Ганжууртай эрчим хүчний салбарын тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа.

-Ирэх өвлөөс эрчим хүч, дулааны хэрэглээгээ хааж чадахгүй, оройн цагаар айлуудын цахилгааныг тасалдаг болно. Яагаад гэвэл жил тутам өсөж байгаа хэрэглээг шинэ эх үүсвэрээр хаах ёстой ч энэ ажлыг хийхгүй байгаа талаар Хөгжлийн Банкны ерөнхий хяналтын сонсголын үеэр хөндөгдсөн. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд 8-10 хувиар нэмэгдэж байна. Нэмэгдэж байгаа хэрэглээг шинэ эх үүсвэр барьж хаана.

Тухайлбал Тавдугаар цахилгаан станцыг барина гэж 2012 оноос хойш ярьсан ч тухайн үеийн Засгийн газар станц барих газрын асуудлыг нь шийдэхгүй байсаар 7 жил болсон. Ингээд 2019 онд уг станцыг барихаар шалгарсан Өмнөд Солонгос, Франц, Японы консорциум цаашид станцыг барих боломжгүй болоод аргагүйн эрхэнд нутаг буцсан юм. Үүнээс шалтгаалж өнөөгийн нөхцөл байдал үүслээ гэж харж байна.

-Тэгвэл эрчим хүчний салбарыг сэргээхийн тулд ойрын хугацаанд хамгийн түрүүнд юу хийх хэрэгтэй вэ?

- Нэгдүгээрт, Улаанбаатарын Гуравдугаар цахилгаан станцын дунд даралтын станцыг буулгаад оронд нь 325 МВт-ын цахилгаан станц барих ажлыг түргэвчлэх шаардлагатай. Уг ажлын техник эдийн засгийн үндэслэл нь хийгдэж байгаа гэсэн мэдээлэл байна.

Хоёрдугаарт, Тавантолгойн 450 МВт-ын цахилгаан станцын ажил байгаа юм. Тендерийн үйл ажиллагаа явагдаж байгаа.

Гуравдугаарт, Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын ажлыг даруй эхлүүлэх ёстой. Хуулийн зохицуулалт хийж байж энэ ажил эхлэх болоод байгаа тухай Ерөнхий сайд мэдээлэл өгсөн. Өөрөөр хэлбэл, 270 айлд нийт 19.5 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгох болоод байна.

Эрчим хүчний чадлын дутагдалд орж байгаа тохиолдолд нөгөө талаас ард түмэн хэмнэлт хийх хэрэгтэй. ОХУ-аас 100 МВт-ын импортын эрчим хүч нэмж авч болно. Гэвч энэ нь төлбөртэй шүү дээ. Эрчим хүчний салбарт шинэ эх үүсвэр барих тухайд төрөөс дэмжлэг үзүүлэх шаардлагатай.

Томоохон компаниудтай хамтарч эрчим хүчний асуудлаа шийдэж болно

-Тавдугаар цахилгаан станцыг бариагүйгээс бид ямар боломжийг алдсан бэ?

-Тус станц нь дулаан, цахилгаан хослуулан үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Тавдугаар цахилгаан станцыг барьсан бол нэн түрүүнд нийслэлийн иргэд дулаанаар гачигдахгүй байх байлаа.

Уг станцыг барихад 1.3 тэрбум ам.доллар хэрэгтэй гэсэн тооцоо байдаг. Тавдугаар цахилгаан станцыг барьчихсан байсан бол өнөөдрийн эрчим хүчний энэ хүндрэлтэй байдалд орохгүй байх байлаа. Үүнд л энэ станцын ач холбогдол оршиж байлаа. Харамсалтай нь тухайн үеийн Эрчим хүчний сайд нар үнэхээр хариуцлагагүй хандсан.

Эрчим хүчний салбарыг сэргээхэд 22 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд 15 их наяд төгрөг хэрэгтэй. Энэ мөнгө байхгүй гэж албан тушаалтнууд ярьж байгаа. Тэгвэл харанхуй сууж, даарах л үлдлээ. Энэ салбарт нүүрлэсэн зовлон УИХ-аас үүдэлтэй бөгөөд УИХ-ын Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороо, Сангийн яамнаас хамааралтай болоод байна.

Эрчим хүчийг ирэх жил таслах талаар ярьж байна. Заавал ийм байдал руу оруулах хэрэг байна уу. Төрд мөнгө байхгүй байгаа юм бол төр-хувийн хэвшлийн түншлэлийг ашиглаж болно шүү дээ. Шулуухан хэлэхэд, томоохон компаниудтай хамтарч эрчим хүчний асуудлаа шийдэж болно.

- Цахилгаан дулааны эрчим хүчний үнийг дор хаяж 28 хувиар нэмэх шаардлагатай гэсэн судалгаа гарсан талаар салбарын сайд мэдээлсэн. Хэрвээ ийм арга хэмжээ авахгүй бол салбар хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүрэх эрсдэл бий юу?

-1 кВт.цаг цахилгааныг 224 төгрөгөөр үйлдвэрлээд 175 төгрөгөөр зарж байгаа. Өөрөөр хэлбэл 1 кВт.цаг  цахилгаанаас 49 төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Нэг айл сард дунджаар 200 кВт.цаг цахилгаан хэрэглэдэг гэж үзвэл дунджаар 9,800 төгрөг нэмэгдэх юм. Цаад утгаараа эрчим хүчний үнийг нэмж байгаа биш алдагдлыг арилгаж буй явдал гэж ойлгох хэрэгтэй. Цахилгааны үнэ нэмэхэд хүндрэлтэй байна гэж ярьж болохгүй. Харин ч бодит байдлаа ойлгох цаг болсон.

Монгол Улс 1989 онд тухайн үедээ хамгийн их буюу жилд 3.1 тэрбум орчим кВт.цаг  цахилгаан үйлдвэрлэж байсан. 1990 онд цахилгаан үйлдвэрлэл доош унаж, 1989 оны түвшинд 14 жилийн дараа буюу 2002 онд хүрсэн юм. Тэгэхээр одоо бид эрчим хүчний салбараа унагаах юм бол тэр 14 жил шиг олон жилийн хүнд замыг туулна. Миний хувьд 1990 онд Гуравдугаар цахилгаан станцын ерөнхий инженерээр ажиллаж байсан тул ямар хэцүү үеийг туулсныг биеэрээ мэдэрсэн хүн учраас ингэж хэлж байгаа юм.

-Эрчим хүчний үнийг зах зээлийн зарчимд шилжүүлэхдээ иргэдэд дарамт учруулахгүйгээр хэрэгжүүлэхийг аудитын байгууллага зөвлөөд буй. Үнэ нэмэх тухайд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Үүнтэй санал нийлж байна. Огцом биш, бага багаар нэмэх нь зөв. 10, 10 хувиар ч юм уу өмнөх жилээс эхлэн эрчим хүчний үнээ нэмэх нь зөв байсан. Сонгуулийн жилийг бодож, эрчим хүчний асуудлыг шийдэхгүй байна.

- XXI зуунд цахилгаангүй айл өрх улсынхаа нийслэлд аж төрж суугаа нь эмгэнэлтэй дүр зураг. Энэ асуудлыг олон жил ярьж байгаа ч шийдэлд хүрч чадахгүй байна? Энэ талаар таны бодол?

- Нийслэлд жилд 10-15 мянган өрх орон нутгаас шилжиж ирж байна. Тухайн хүмүүсийг цахилгаангүй амьдруулаад байж болохгүй. Харамсалтай нь том чадлын шинэ эх үүсвэр баригдахгүй байсаар 40-өөд жил боллоо. Ийм учраас асуудлыг шийдэж чадахгүй байсаар байна.

- Сэргээгдэх эрчим хүчнээс гадна өөр төрөл хэрэгтэй юу? СЭХ нийт эрчим хүчний хэдэн хувийг эзэлж байна вэ?

-Нийт эрчим хүчний суурилагдсан хүчин чадлын 20 орчим хувь, нийт үйлдвэрлэлийн 16 орчим хувийг гаргаж байгаа. Сэргээгдэх эрчим хүч өнөөдрийн үүсээд байгаа асуудлыг шийдэхгүй. Алсдаа нэмэгдэх хэрэглээнд тустай. Өнөөдрийн хуримтлагдаад байгаа огцом өсөлтийг нүүрсний цахилгаан станц шийднэ. Өөр арга байхгүй.

60 жил болсон станцуудыг буулгах ёстой

- Цахилгаан станцуудыг хэдэн жил болоод шинээр барих талаар стандарт байдаг уу?

- Цахилгаан станцыг анх барихдаа 40 жилээр насыг нь тооцдог. Үүний дараа дахин техникийн үзлэг шалгалт, судалгаа хийж ажиллах хугацааг нь хэдэн жилээр сунгахаа шийддэг.

Хоёрдугаар цахилгаан станц 61, Гуравдугаар цахилгаан станц 55, Дарханы цахилгаан станц 57 жил болж байгаа гээд 60 жил рүү гурван станц орсон байна. 60 жил болсон станцуудыг буулгах ёстой. Дөрөвдүгээр цахилгаан станцын хувьд баригдсанаас хойш 40 жил болж байгаа.

- Гаднаас импортоор авч буй эрчим хүчээ багасгах бодлого баримталж байгаа юу? Цаашид эрчим хүчний хараат байдлыг яах ёстой гэж та харж байна вэ?

- Үнэтэй авч байгаа эрчим хүчээ багасгах шаардлагатай. Харамсалтай нь ийм ажил хийж чадахгүй байна. Үүний тулд Эгийн голын усан цахилгаан станцыг барих ёстой байсан. Уг станцыг 1996 онд Малайз улсын тусламжтайгаар зээлээр барина гэж шийдсэн. Гэтэл Засгийн газраас Чехүүдээр бариулах шийдвэр гаргаж, хууртсан юм.

ОХУ-аас Эгийн голын усан цахилгаан станцыг барихад хориг тавиад байгаа. 1996 онд барьсан бол ийм асуудал үүсэхгүй байсан гэж боддог. Улстөрчдийн унхиагүй, алсыг харж чаддаггүй зан өнөөдрийн нөхцөл байдлыг авчирлаа гэж дүгнэж байна.

Импортын эрчим хүчээ багасгахын тулд 315 МВт-ын Эгийн гол, 450 МВт-ын Тавантолгойн цахилгаан станцыг барих хэрэгтэй. 325 МВт-ын Гуравдугаар цахилгаан станцын өргөтгөлийг даруй хийх учиртай.

Түүнчлэн Оюутолгой ХХК БНХАУ-аас цахилгаан авч, жилдээ 120-130 сая ам.долларыг тус улс руу өгч байна. Тавантолгойн цахилгаан станцыг ашиглалтад оруулаагүй 10 жил болсон байна.

Хэрвээ энэ станц ашиглалтад орсон байсан бол 1.3 тэрбум ам.долларыг бид авч үлдэх боломжтой байсан. Энэ мөнгөөр тавдугаар цахилгаан станцаа барьж болох байлаа. Эрчим хүчний салбараа уналтаас хамгаалах боломж их байна

-2020 оны өвлийн оргил ачаалал суурилагдсан хүчин чадлын 94.1 хувьд хүрсэн гэсэн тооцоолол бий. Хэрэглэгчдийг аюулгүй, найдвартай эрчим хүчээр хангахын тулд эрсдэлийн үеийн төлөвлөгөө боловсруулж байгаа юу?

- Эрчим хүчний хязгаарлалтын талаарх төлөвлөгөөг Япон, Филиппинээс эхлээд дэлхийн олон оронд хийж байсан байдаг. Манай улс ч үүний адил эрчим хүч дутагдсан үед хязгаарлалт хийх төлөвлөгөөтэй байх ёстой. Мөн аваарын дохиололд ингэж ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байх нь зүйтэй.