Индэр    
Өвөрмөц арлуудыг үзэж, далайн гүнд шумбах боломж олгодог ПУКЕТИЙН АЯЛАЛ
Зураг
2022 оны 4 сарын 6
Зураг
iKon.mn сэтгүүлч

Өвөрмөц арлуудыг үзэж, далайн гүнд шумбах боломж олгодог ПУКЕТИЙН АЯЛАЛ

- Андаман тэнгисийн сувд "Пукет" арлаар аялсан тэмдэглэл (2) - 

Тайланд улсын Аялал жуулчлалын газрын урилгаар гуравдугаар сарын сүүлийн долоо хоногт бид "Хаан Травел"-ийн хамт Тайланд улсын хамгийн том арал болох Пукетээр аялсан билээ.

Дээрх аяллын тэмдэглэлээсээ есөн газрыг онцолж байна.

(Өмнөх нийтлэлд өгүүлсэн ОНЦЛОХ 5 газрын талаар ЭНДЭЭС унших боломжтой)

6. Үйлчлүүлэгчээ татах өвөрмөц аргатай "Chalоng bay" жижиг, дунд үйлдвэрлэл...
зураг
 

Аяллыг маань сонирхолтой болгосон хөтөлбөрийн нэг бол "Chalong bay" рамны үйлдвэр байв. Бид тус рамны үйлдвэртэй танилцах явцдаа гурван төрлийн коктейль хийж сурсан юм.

Рам гэх дарсыг чихрийн нишингэ болон түүний дайвар бүтээгдэхүүний исгэсэн шүүсээр нэрж хийдэг аж. Цайвар рамыг удаан дардаггүй бөгөөд амт, үнэр багатай учир ихэвчлэн өөр зүйлүүдтэй хольж, коктейль хийхэд ашигладаг байна.

Тэгвэл 2012 онд байгуулагдсан "Chalong bay" үйлдвэрийн рам нь 100 хувь байгалийн гаралтай буюу зөвхөн чихрийн нишингээр нэрдэг онцлогтой. 

Мөн тус үйлдвэр ирсэн зочин бүрдээ рамаар хэрхэн коктейль хийх аргыг заадаг тул Пукетэд ирсэн зочин бүрийн орж үзэх ёстой газрын нэг юм.

Коктейлийн гол орц болох рамыг хэрхэн үйлдвэрлэдгийг мэдэхийн зэрэгцээ мэргэжлийн багшаар заалгаж, өөрийн гараар коктейль хийнэ гэдэг сонирхолтой биш гэж үү?

 

7. Байгалийн үзэсгэлэнгээрээ дэлхийд алдартай Симиланы арлууд
зураг
 

Пукетэд ирсэн жуулчид 100 хувийн саналтайгаар үзэсгэлэнт арлуудын аяллыг хамгийн супер нь гэх биз ээ...

Учир нь арлын аялал нь амьсгалах баг зүүж, далайн ёроолд амьдрал хэрхэн өрнөж буйг тольдох боломжийг олгодог.

Далай ёроол дахь бодит амьдралтай танилцах боломж хүн бүрд элбэг тохиохгүй тул яах аргагүй арлын аяллууд нь энд ирсэн жуулчдын хамгийн ихээр сонирхдог, зугаатай, адал явдалтай зүйлүүдийн нэг юм.

Бидний хувьд, аяллынхаа тав дахь өдөр Као Лакийн эргээс цаг орчим усан онгоцоор явж, Симиланы арлуудаар аялав..

Нийт есөн арлаас бүрддэг Симиланы арлууд нь байгалийн үзэсгэлэн, өвөрмөц тогтцоороо дэлхийд эхний аравт эрэмбэлэгддэг бөгөөд Тайландын хамгийн цэнгэг устай хэсэгт тооцогддог аж.

Тайландад Симиланы арлуудаас гадна Жеймс Бонд арал, Хонг арал, Ко Панье, Пи Пи зэрэг алдартай, өвөрмөц арлууд байдаг бөгөөд жуулчид аль арал руу аялахаа өөрсдөө сонгох боломжтой байдаг юм билээ.

Симиланы арлын далайн ёроолд.... (Бичлэгийг Б.Сэтгэлтүвшин)

8. Тайланд массаж
зураг
 

Тайландыг зорьж ирсэн хүмүүсийн заавал хийлгэдэг зүйл нь Тайландын уламжлалт массаж байдаг.

Тайландын уламжлалт Тай массаж нь булчинг сулруулж, ядаргаа тайлахад чиглэсэн олон массажнаас техникийн хувьд эрс ялгаатай бөгөөд бие махбодыг эдгээх энерги дээр төвлөрдөг гэдэг.

Бид аяллын өдрүүдэд буусан буудлаасаа холгүйхэн байрлах "Chivitr Wellness retreat & inspection" гэх газраар зочилсон юм. Энэ газрын нэр нь Тайланд хэлээр "амьдрал" гэсэн утгатай бөгөөд Тайландын уламжлалт анагаах ухааныг бариа засалтай хослуулан үйлчилгээ үзүүлдгээрээ онцлогтой байв.

Мөн үйлчилгээ авсан хүн бүрд цаг гарган өөрсдийн бүтээгдэхүүн болон арьс арчилгаа, эмчилгээ, бариа заслынхаа талаар нээлттэй мэдээлэл хийж, зөвлөгөө өгдгөөрөө бусад газраас давуу талтай.

 

Гэхдээ Пукетийн гудамж, талбайд Тайландын уламжлалт массажны газар элбэг байдаг төдийгүй хүсвэл амарч буй зочид буудал дотроо ч массаж, спа үйлчилгээ авах боломжтой юм билээ.

9. Жуулчдын бүхий л хэрэгцээг хангасан зочид буудлууд...
зураг
 

Ажил хэргийн аяллынхаа төгсгөлд Тайланд болон Монголын аялал жуулчлалын компаниудын уулзалт хийснийг дурдах нь зүйтэй.

Тодруулбал, аяллын дөрөв дэх өдөр биднийг Монгол Улсаас Тайланд улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд А.Төмөр, Тайландын Аялал жуулчлалын газрын холбогдох албан тушаалтнууд болон тус улсын 18 аяллын компани хүлээн авч, албан ёсны уулзалт зохион байгуулсан юм.

Мөн бид аяллын өдрүүдээрээ Пукет болон Панг Нга аймгийн хамгийн алдартай есөн зочид буудалтай танилцсан билээ.

Үүнээс надад анзаарагдсан зүйл нь тансаг зэрэглэлийн Виллагаас эхлээд 3, 4, 5 одтой зочид буудлууд бүгд амрахаар ирсэн хүмүүсийн хэрэгцээг цөм бүрдүүлсэн буюу дотроо хэд хэдэн томоохон усан бассейн, хүүхдийн тоглоомын газар, массажны үйлчилгээ давхар үзүүлж байсан төдийгүй далайн эргээс шингэхийг харах боломжтой байдлаар тохижуулсан байв.

Мөн зочид буудлуудын ихэнх нь хурал, хуримын ёслол зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахад тохиромжтой танхимыг давхар шийдсэн нь хачирхалтай. Учир нь орчин үеийн хосууд хуримын ёслолоо халуун оронд амарч, аялангаа даруухан тэмдэглэхийг илүүд үзэх болсон тухай хэд, хэдэн компанийн менежер дурдаж байлаа.

Магадгүй тэд зочдынхоо чөлөөт цагийг зугаатай өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж, тав тухтай байдлаар шийдсэн нь жуулчдыг олноор татдаг нэг шалтгаан байж болох юм. Үүнээс манай улсын ААН-үүд ч санаа авч, аялал жуулчлалын бүс нутагтаа хэрэгжүүлж болохоор байв.

Гол нь гаднын аль нэг улсад хамгийн тав тухтай зочид буудлуудыг зөвхөн аяллын компаниуд санал болгодог гэдгийг онцолъё.

Ташрамд дурдахад, Пукетэд зааны сургалтын төв, сармагчинтай арал, амьтны хүрээлэн зэрэг олон сонирхолтой газар байдаг бөгөөд бид ажил хэргийн аяллынхаа хөтөлбөрийн дагуу дээрх газруудаар дайраагүй тул онцлох мэдээлэлд маань багтсангүй.

Харин аяллын турш бидэнтэй байсан "Хаан Трэвел"-ийн аялалд бусад сонирхолтой хөтөлбөрүүд багтсан байсныг энд дурдъя.

Гэхдээ тус компани Тайландын борооны улирал дуусах хүртэл Пукетийн аяллаа түр зогсоогоод буй бөгөөд одоогоор Туркийн Анталяа, Вьетнамын үзэсгэлэнт На транг хот болон АНЭУ-ын Дубай хотын аяллыг тус тус үргэлжлүүлж байгаа аж.

Магадгүй бидний дараагийн аяллын тэмдэглэл дээрх хотуудаас хүрэх биз ээ.