Индэр    
Эртний барилгуудаа хадгалж үлдсэн "Пукет" өнөө цагт олон мянган жуулчны сонирхлыг татаж байна
Зураг
2022 оны 4 сарын 5
Зураг
iKon.mn сэтгүүлч

Эртний барилгуудаа хадгалж үлдсэн "Пукет" өнөө цагт олон мянган жуулчны сонирхлыг татаж байна

- Андаман тэнгисийн сувд "Пукет" арлаар аялсан нь (1) - 

Цар тахлын улмаас дэлхий дахинд хоёр жилийн турш "тэг" зогссон аялал жуулчлалын салбар энэ жилээс эргэн сэргэж буй.

Монголчуудын хувьд, удаан хугацааны хөл хорионы дараа шууд нислэгээр аялах боломж нээгдсэн цоо шинэ газрын нэг бол Тайландын Пукет арал юм.

Тодруулбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 22-нд Монгол Улс анх удаа Тайландын арал руу нислэг үйлдсэн бөгөөд Улаанбаатар-Пукет чиглэлийн тус аяллын захиалгат шууд нислэгийг МИАТ ТӨХК , "Хаан Трэвел", “Airmarket holiday”, “New Juulchin Tours”, “Juulchin” компани хамтран эхлүүлжээ.

Энэ нь манай улсын иргэдэд халуун орны үзэсгэлэнт газруудаар аялах нэгэн таатай нөхцөлийг бүрдүүлсэн тул дөрөвхөн сарын хугацаанд нийт 4,000 гаруй монгол хүн зөвхөн Пукет арал руу шууд нислэгээр зочилсон байна.

Бид гуравдугаар сарын сүүлийн долоо хоногт Тайланд улсын Аялал жуулчлалын газрын урилгаар "Хаан Трэвел" болон бусад дөрвөн компанийн төлөөлөлтэй хамт ажил хэргийн аялал хийж, Пукет арлын үзэсгэлэнт байгальтай танилцлаа.

Та бүхэнд Андаман тэнгисийн сувд гэгддэг Пукет арлаар зочилсон тэмдэглэлийг хүргэе.



- Аян замын тэмдэглэл -

....Тайландын эх газрын баруун эрэгт, Андаманы тэнгист орших Пукет нь тус улсын хамгийн том арал.

Нийслэл хот Бангкокоос өмнө зүгт 862 километрийн зайд байрлах энэ арал нь байгалийн өвөрмөц тогтоц, далайн эргийн тансаг зочид буудлууд, амттай хоол зэргээрээ олны анхаарлыг ихээхэн татдаг аялал жуучлалын томоохон бүс юм.

Гэхдээ энэ бүс нутагт тавдугаар сараас аравдугаар сарын дунд үе хүртэл борооны улирал таардаг тул аялагчид арваннэгдүгээр сараас дөрөвдүгээр сарын хооронд аяллаа төлөвлөх хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл, монголчууд ид хүйтний улиралд Тайланд улс руу аялах нь илүү тохиромжтой гэсэн үг.

Харин миний хувьд, нийт найман цаг үргэлжлэх урт нислэг, агаарын хүчтэй урсгал бага зэрэг бие чилээсэн ч Пукетэд буусны дараах аяллын тухай бодол сэтгэл догдлуулсан хүлээлтээр дүүрэн байсныг хэлэх нь зүйтэй.

Унтаад сэрэх төдийд л -22 орчим хэмийн хүйтнээс +34 хэмийн халуун руу аялна гэдэг гайхалтай байсан нь мэдээж шүү дээ.

Долоо хоногийн хөтөлбөртэй ажил хэргийн аяллынхаа эхний дөрвөн өдөр бид Пукет аралтай танилцсан бол сүүлийн гурван өдөр тус арлаас холгүйхэн орших Панг Нга аймгийн Као Лак /Khao Lak/ гэх газарт хүрсэн.

Пукет арал нь эх газраасаа 600 метрийн урттай гүүрээр холбогддог. Гүүрний эсрэг талд Панг Нга аймаг оршдог бөгөөд Као Лак нь тус аймгийн хамгийн хойд хэсэгт байдаг билээ.

Аяллын турш төрсөн сэтгэгдлээс дурдахгүй өнгөрч боломгүй хамгийн чухал зүйл бол Тайланд хүмүүсийн эелдэг, найрсаг зан гэдгийг онцлох нь зүйтэй.

Ингээд Пукет арлаар аялсан тэмдэглэлээсээ есөн газрыг онцолж байна.

1. Тайланд улсын хамгийн том аквариум далайн 25,000 гаруй амьтантай
зураг
 

Пукетэд байдаг хамгийн том худалдааны төв бол "Central Festival Phuket" цогцолбор бөгөөд арлын яг төв хэсэгт нь оршдог.

Тус цогцолборт гоо сайхан, бэлэг дурсгалын дэлгүүр, тансаг зэрэглэлийн брэндүүд зэрэг нийт 400 гаруй худалдааны цэг байрладгаас гадна төрөл бүрийн зоогийн газар, ресторан болон интерактив 3D музей зэрэг цагаа зугаатай өнгөрөөхөд тохиромжтой зүйлс олон бий.

Тухайлбал, тус газар Тайланд улсын хамгийн том аквариум байдаг бөгөөд жижигхэн алиалагч загаснаас эхлээд далайн од, оцон шувуу, яст мэлхий, далайн медуз, махчин акул гээд нийт далайн 25,000 гаруй амьтныг нэг дороос харах боломжтой.

Тиймээс ч "Central Festival Phuket" нь тухайн бүс нутгийн хамгийн алдартайд тооцогддог төдийгүй жуулчилж ирсэн хүн бүрийн заавал үзэх ёстой газрын нэг болжээ.

Далайн амьтадтай танилцсан нь...

 

2. Интерактив 3D музей ба бодит мэт төсөөллийн ертөнцөөр...

Миний хувьд, интерактив 3D музейд зургаа даруулах, бичлэг хийх зэрэг нь илүү хөгжилтэй, адал явдалтай санагдсан. 

"AR Trick Eye Museum Phuket" нэртэй энэхүү музей нь Пукетийн хамгийн анхны интерактив 3D музей аж. Энд ирсэн хүмүүс орчин тойрноо бодит мэт төсөөлөхийн тулд орохоосоо өмнө гар утсандаа зориулалтын аппликэйшн суулгах хэрэгтэй болно. Яагаад суулгах ёстойн учрыг өгүүлэх нь илүүц биз ээ...

 

3. 150 гаруй жилийн түүхт Өвөрмөц хэв маягтай барилгууд зөвхөн "Хуучин Пукет"-д бий...
зураг
 

Аяллын эхний өдөр бид Хуучин Пукет хотоор зочлов. Өнгө, өнгөөр хүрээлэгдсэн энэ газрын барилгууд 150 гаруй жилийн түүхтэй төдийгүй "Sino-Portuguese" буюу Хятад, Португали архитектурын холимог хэв маягийг шингээжээ.

Түүхээс нь товчхон сөхвөл, ойролцоогоор 200 орчим жилийн өмнө Пукетэд аялал жуулчлалын салбар хөгжөөгүй байх үед энэ газар таиландчуудын цагаан тугалга олборлолт, үйлдвэрлэлийн гол цэг байсан төдийгүй далайн боомт дагасан худалдааны бүс байв.

Ялангуяа Португали болон Хятад худалдаачдын наймааны төв цэг болж байсан нь ийнхүү өвөрмөц хэв маягийг шингээсэн барилгууд бий болох үндэс нь болсон гэдэг.

Тайланд улс Хуучин Пукет хотынхоо эрт үеийн барилгуудыг нураалгүй, тухайн хэв маягаар нь авч үлдээсэн нь өнөө цагт олон мянган жуулчны сонирхлыг хамгийн ихээр татдаг газрын нэг болжээ.

Зуу, зуун жилийн түүхт энэхүү барилгуудыг жуулчид нүдээр харахын тулд Хуучин Пукетийн гудамжаар заавал зочилдог аж. Биднийг очиход энд музей, Тайланд үндэсний ресторан, бэлэг дурсгалын болон бэлэн хувцасны дэлгүүр ажиллаж байв.

 

4. Тансаг ресторан, Хүүхэд харах үйлчилгээтэй усан парк
зураг
 

Дулаан орныг зорьсон аялагчдын заавал очиж үзэх ёстой газрын нэг бол яах аргагүй усан парк.

Бидний очсон "Blue tree" усан парк Пукетэд хамгийн сүүлд шинээр баригдсан гэдгээрээ онцлогтой бөгөөд 2019 онд үйл ажиллагаагаа нээж байжээ. Нийт 17,000 ам.метр талбайтай энэ газар дотроо дэлгүүр, ресторан, хүүхдийн тоглоомын хэсэгтэй бөгөөд томчууд болон хүүхдүүдэд зориулсан гулсуур, завин аялал зэрэг бүх сонирхолтой тоглоомуудыг нэг дор багтаасан байна.

Хамгийн гол нь тус газарт бага насны хүүхэд харах үйлчилгээг давхар үзүүлдэг учраас аялагчид санаа амар зугаацах боломж нь бүрддэг гэдгийг сонссон учраас аян замын тэмдэглэлдээ онцоллоо.

"Blue tree" усан парк 10:00-18:00 цагийн хооронд ажилладаг тул Монголоос ирсэн дийлэнх аялагчид энд бүтэн өдрийг өнгөрүүлдэг гэнэ.

Харамсалтай нь бидний аялалд усан паркт тоглох хөтөлбөр байгаагүй. Гэхдээ хөл хөдөлгөөн нь намжсаных нь дараа тус газрын "Tree House" нэртэй тансаг ресторанд оройн зоог барих боломж олдсон билээ.

зураг
 
5. Тайланд улс Эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлж байна...
зураг
 

Пукетийн хамгийн том эрүүл мэндийн төв нь Бангкок эмнэлэг юм. Пукет аралд гурван салбартай тус эмнэлэг нь товчхондоо олон улсын аялагчдад бүх төрлийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг төв нь.

Тэр ч утгаараа тусламж, үйлчилгээ авсан хүмүүсийнх нь 70 орчим хувь нь жуулчид хэмээн зочлох үеэр мэдээлж байв.

Ер нь Тайланд улсад гаднын иргэд амарч, зугаалахаар ирэхийн зэрэгцээ гоо сайхны мэс засал болон сэргээн засах бүх төрлийн эмчилгээ үйлчилгээг аваад буцдаг аж. Ийм нөхцөл боломжийг бүрдүүлж чадсан нь тус улсын аялал жуулчлалын бас нэг давуу тал гэж харж болохоор байв.

Сүүлийн жилүүдэд Тайланд эрүүл мэндийн салбараа олон улсад сурталчилж, үүнийгээ гаднын иргэд Тайландыг зорих нэг шалтгаан болгон энэ салбараа хөгжүүлж байгаа нь яах аргагүй онцлох нэг шалтгаан байлаа.

Үргэлжлэл бий...