Индэр    
2022 оны 4 сарын 1
Зураг
iKon.mn сэтгүүлч

Г.Түмэн: Дорнод, Умард Монгол, Өвөр Байгалын Амар мөрний нутгийн шинэ чулуун зэвсгийн хүн ам монголчуудын өвөг байсан

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол хүн судлалын чиглэлээр хийгдэж буй сүүлийн үеийн судалгаа, угсаа гарвалын талаар МУИС-ийн антропологи, археологийн тэнхимийн багш Г.Түмэнтэй ярилцлаа. 

- Цус ойртолт, монгол хүний удмын сангийн талаар УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр монгол хүн судлалын салбар бараг байхгүй болж, ганц хоёрхон хүн ажиллаж байна гэх асуудал хөндөгдсөн. Энэ чиглэлээр олон жил ажилласан судлаачийн хувьд та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

- Манай улсад хүн судлалын анхны мэргэжилтнүүд 1970-аад оны үеэс ЗХУ-ын Ломоносовын нэрэмжит Москвагийн Их Сургууль төгсөж ирсэн. Энэ үеэс эртний хүн судлал, хүний генетик, Монголын хүн амын морфофизиологи, монгол хүүхдийн бие бялдрын өсөлт хөгжил зэрэг хүн судлалын хэд хэдэн чиглэлээр судалгааны ажил хийж эхэлсэн. 1995 онд  МУИС-ийн Нийгмийн Ухааны Сургуулийн бүрэлдэхүүнд хүн судлал, археологийн тэнхим анх байгуулагдсан цагаас хойших 30-аад жилд биологийн болон нийгэм соёлын хүн судлал, археологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж ирсэн юм. 

1980-аад оны сүүлчээс зарим судлаачид манай орны хүн амд цус ойртолт өндөр байна, монгол хүний удмын санг хамгаалах гэсэн асуудлаар Төрийн дээд байгууллага УИХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон хэвлэл мэдээллээр ярих болсон.

Уг  асуудлыг ярьж буй судлаачдаас цус ойртолтын судалгааг ямар арга зүй, аргаар хийсэн, ямар бүс нутагт хэдэн удаагийн давтамжтай, ямар хугацаанд, хэчнээн хүн уг судалгаанд хамрагдсан, магадлалын ямар төвшинд судалгааны үр дүн бодит гарсан эсэх, монгол хүний удмын сан гэсэн ойлголт чухам юу гэсэн агуулгатай вэ, монгол хүний удмын санг хамгаалах гэдгийг ямар утгаар ойлгох вэ? гээд л олон асуулт асуумаар байдаг. Анагаах Ухаан, Эрүүл Мэндийн Их Сургууль, Монгол Улсын Их Сургууль манай орны хүн амд молекул генетикийн чиглэлээр судалгаа хийж байгаа.

Археологийн соёлын бүсчлэлээр манай орон Зүүн Ази, Евразийн тал нутгийн зүүн бүсэд ордог

- Өмнө нь хүн амыг тараан суурьшуулж, цус ойртолтоос сэргийлэх, хөдөлмөр хуваарилалт, төр захиргааны байгууллагын ажилтнуудыг хүртэл зөв хуваарилж ажиллуулах, шинэ хотууд байгуулахдаа өөр, өөр аймгаас иргэдийг цуглуулах зэргээр бодлого хэрэгжүүлж байсан гэдэг. Харин одоогийн нөхцөл байдалд яах ёстой вэ?

- Манай оронд 1940-өөд оноос үйлдвэржүүлэх, 1950-иад оноос хот байгуулалт, барилгажуулалт, 1970-аад оноос үйлдвэржсэн шинээр хот байгуулах, уул уурхайг түшиглэсэн хот байгуулах зэрэг улсаа хөгжүүлэх гэсэн тухайн үеийн төр, засгийн бодлого хэрэгжүүлэх үйл явцтай уялдан ажиллах хүчний бодлого давхар явагдаж хүн амын шилжих хөдөлгөөн эрчимтэй явагдсан. Энэхүү төр засгийн бодлогыг зөвхөн хүн амыг тараан суурьшуулах, цус ойртолтоос сэргийлэх гэсэн бодлого байсан гэж үзэх нь утгагүй зүйл гэж бодож байна.

- Манай улсын хүн ам антропологи талаасаа хэр сонирхолтой үндэстэн бэ. Энэ тухай та дэлгэрэнгүй ярихгүй юу?

- Археологийн соёлын бүсчлэлээр манай орон Зүүн Ази, Евразийн тал нутгийн зүүн бүсэд ордог. Манай орны түүхэн бүх үеийн археологи-соёлын олон төрлийн дурсгал нь Зүүн Ази болон Евразийн  хил зэргэлдээх, тухайлбал манай орны баруун бүсийн хүрэл, төмрийн эхэн үеийн афанасьев, чемурчек, сагил-чандман, мөнххайрхан, хиргисүүр, буган хөшөө зэрэг археологийн дурсгалууд Өмнөд Сибирь, Алтай, Тува, Казахстан, Шинжаанд харин Төв ба Дорнод Монголын хүрлийн үеийн дөрвөлжин булш, улаан зуух хэлбэрийн дурсгал нь Ар, Өвөр Байгал, Амар мөрний эх, Өвөр Монголын нутагт байдаг.

Энэ нь Евразийн тал нутагт шинэ чулуун зэвсгийн сүүлч үеэс анчин түүвэрлэгч нүүдэлчид, улмаар  хүрэл, төмрийн эхэн үеийн мал аж ахуй эрхэлдэг нүүдэлчдийн Дорноос Өрнө руу, Өрнөөс Дорно руу чиглэсэн нүүдэл, шилжилт хөдөлгөөн эрчимтэй байсныг харуулж буй. 

Манай орны түүхэн тухайн үеийн археологийн дээр дурдсан дурсгалуудын малтлага судалгаагаар илэрсэн хүний ясны олдворыг хүн судлалын олон чиглэлээр, тухайлбал, антропологийн дүр төрхийг тодорхойлох гавлын хэмжилзүйн судалгаа, генетик бүтцийг судлах молекул антропологийн судалгааны үр дүнг бүс нутаг, тивийн хүрээнд харьцуулан судалснаар  уг соёлыг бүтээгчдийн нүүдэл суудал, соёлын харилцан холбоо, угсаа гарвал, гарал үүсэл зэрэг түүхэн олон талт асуудлыг магадлалын нарийвчилсан түвшинд шийдвэрлэх эх сурвалжийн нэг болдог.

Энэ үүднээс тус бүс нутгийн эртний болон орчин үеийн хүн амыг хүн судлалын олон чиглэлээр судалдаг олон улсын эрдэмтдийн анхаарлыг зүй ёсоор татдаг. Энэ утгаараа 1990-ээд оноос манай оронд олон орны эрдэмтдийн хамтарсан археологи, антропологийн судалгаа хийж, судалгааны үр дүнгээр олон арван ном, мэргэжлийн нэр хүнд бүхий сэтгүүлүүдэд эрдэм шинжилгээний өгүүллүүд хэвлэгдсэн. 

- Бид ихэвчлэн хаанаас ирж суурьшсан хүмүүсийн үр удам байх магадлалтай вэ?

- Монголын түүх соёлын дурсгалын малтлага судалгаагаар илэрсэн эртний хүний ясны олдворын хамгийн эртний үед холбогдох олдвор нь одоогоор Нийтийн Тооллын Өмнөх 6,000 гаруй жил буюу шинэ чулуун зэвсгийн үеийнх юм. Шинэ чулуун зэвсэг, хүрэл, төмрийн эхэн үе, Хүннү, Дундад зууны түрүү үе, дундад зуун буюу Монголын эзэнт гүрний үе, орчин үеийн монголчууд угсаа гарвалын нягт холбоотой болох нь манай орны эртний болон орчин үеийн хүн амын  антропологи, молекул антропологийн судалгааны үр дүн харуулдаг.

Цус ойртолт аюулын хэмжээнд хүрсэн гэдэгтэй огт санал нийлдэггүй

- Зарим судлаач цус ойртолт өвөг эцэг, эмэг эхийн түвшин рүү дөхөж байна гэж ярьж байгаа бол харин зарим нь үүнийг үгүйсгэж, аюулын хэмжээнд хүрсэн гэдгийг батлах баталгаа алга хэмээн тайлбарлаж буй. Энэ тал дээр таны байр суурийг сонсмоор байна?

- Цус ойртолт аюулын хэмжээнд хүрсэн гэдэгтэй огт санал нийлдэггүй. Чухам аюулын хэмжээ гэдэг нь ямар хэмжүүртэй, ямар утгатай, ямар үндэслэлтэй, ямар баталгаатай юм бэ. Маш ойлгомжгүй зүйл.   

- Олон улсад антропологийн чиглэлээр хэвлэгдсэн судалгааны үр дүнг хуваалцахгүй юу? 

- МУИС-ийн антропологи-археологийн тэнхимийн антропологич эрдэмтэд манай орны түүхэн янз бүрийн үед холбогдох эртний хүний олдворт гадаадын эрдэмтэдтэй хамтарсан судалгааны хүрээнд гүйцэтгэсэн ахисан төвшний буюу молекул антропологийн судалгааны үр дүнг мэргэжлийн олон улсын нэр хүндтэй, өндөр зэрэглэлийн Nature, Cell, Archaeological Science, Plos One, Frontier in Genetics зэрэг сэтгүүлүүдэд хэвлүүлсэн.

Nature сэтгүүлд Монголын эртний хүн амын хүнс бүтцийн судалгаагаар хүрэл, төмрийн эхэн үе буюу НТӨ 3,000 жилийн тэртээх хүмүүс сүүн бүтээгдэхүүн хоол хүнсэндээ хэрэглэж байсан талаар, Archaeological Science сэтгүүлд Монголын эзэнт гүрний үеийн жирийн иргэдийн хүнсэнд мах амьтны гаралтай хүнс зонхилж байсан бол язгууртнууд амьтны болон ургамлын гаралтай хүнс хослуулан хэрэглэдэг байсан талаар нийтлэл гарсан. 

Мөн Nature сэтгүүлд Дорнод, Умард Монгол, Өвөр Байгалын Амар мөрний эхэн нутгийн шинэ чулуун зэвсгийн хүн ам өнөөгийн Монгол, Түнгүс хэлтэн хүн амын өвөг байсан зэрэг үр дүнг хэвлүүлсэн нь цөөнгүй орны мэргэжлийн эрдэмтэд, судлаачдын  анхаарлыг татаж байгаа юм.

- Угийн бичиг хөтлөх нь удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалахад чухал нөлөөтэй ч иргэдийн дийлэнх нь хөтөлдөггүй байна. Угийн бичгийг хөтлөх асуудлыг хэрэгжүүлэхэд ямар асуудал тулгамдаад байна вэ. Хэрхэн засаж залруулах вэ?

- Угийн бичиг хөтлөх тухай асуудал 1980-аад оны сүүлчээс яригдаж угийн бичиг хөтлөх олон янзын хувилбарууд бүхий товхимлууд гарсан. Гэвч эдүгээ хүртэл бараг хэрэгжихгүй байгаа нь олон шалтгаантай байх гэж бодож байна.

- Цаашид хүний генетик оношилгооны эрх зүйн орчныг бүрдүүлж, гений банк, генетик оношилгооны лаборатори байгуулах нь зүйтэй гэж зарим судлаачид үзэж буй. Энэ нь цус ойртолтын эсрэг авах хэр оновчтой шийдэл гэж та үзэж байна вэ?

- Генетик оношилгооны лаборатори байгуулах нь маш зүйтэй асуудал юм. Учир нь олон орны эрдэмтэд, генетикчид хүний удамшлын болон удамшлын бус өвчнийг гений төвшинд судалж өвчний учир шалтгааныг илрүүлэн эмчлэх арга боловсруулах чиглэлээр олон жил судалгаа хийж байгаа. Энэ нь хүн амын эрүүл мэндийн асуудалтай холбоотой.

Манай орны хүн амын эрүүл мэндийн асуудал төр, засгийн анхаарлын төвд байх ёстой мэдээжийн зүйлийн нэг.