Индэр    
2022 оны 3 сарын 11
Зураг
iKon.mn сэтгүүлч

Н.Баатарбилэг: Тэрбум мод тарих 7,000 гаруй ойн мэргэжилтнийг богино хугацаанд бэлтгэх шаардлагатай

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүн бүрийг модыг хайрладаг, ургуулахыг хичээдэг, ургаж байгааг нь дэмждэг байгальдаа элэгсэг болгох нь Тэрбум мод үндэсний хөдөлгөөний нэн тэргүүний ач холбогдол гэдгийг МУИС-ийн профессор, Ой судлалын ухааны доктор Н.Баатарбилэг онцлов.  

Тус хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлын явц тэр дундаа хүний нөөц, тулгамдаж буй асуудлын талаар түүнтэй ярилцлаа. 

- Ойн салбарт 30 гаруй жил ажилласан судлаачийн зүгээс харахад мод тарина гэдэг хэр хүнд ажил вэ?

- Мод тарих амархан ажил харин ургуулна гэдэг амар ажил биш. Тэрбум модыг хүн бүр тарина гэж ярьж байгаа нь бэлэн болсон тарьцыг нүхэнд аваачиж суулгах тухай яриа юм. Ийм ажилд иргэн бүр оролцож, мод тарьж болно. Иргэн бүрийн оролцоо чухал. Гэхдээ ямар мод тарих вэ, тарьсан моддыг хэн арчлах, хэн ургуулах вэ гэдэг нь асуудал болоод байна.

Бидэнд  яах аргагүй Ойн мэргэжлийн боловсон хүчин хэрэгтэй байна. Компани, аймгууд 20, 30, 100 сая хүртэлх хэмжээтэй мод тарихаа амлаж байна. Гэвч  тарьц нь хаана байна вэ? Тухайн тарьцыг мэргэжлийн хүн, байгууллага бэлдэх ёстой. Бэлдсэний дараа хэн авах вэ гэдгийг төрөөс тодорхой болгож өгөх нь зүйтэй. 

Уул уурхайн компаниуд ойн мэргэжлийн бус байгууллагууд мод үржүүлгийн газар хүлэмж байгуулаад мод тарих ажлыг утгаар нь хийж чадахгүй. Нэг хүлэмж дотор 2, 3 хүн мод тарьчхаад ойжуулах гэж байна гэж ойлговол алдаа болно. Хэдэн саяар нь тоологдох мод тарьдаг мэргэжлийн байгууллага шаардлагатай. 

100 сая тарьц бэлдэх боломж алга

-Манай улсад нийт хэчнээн мод үржүүлгийн газар байдаг вэ? 

-Монгол Улсад төр, хувийн хэвшлийн нийлсэн 200 гаруй жижиг мод үржүүлгийн газар байна. Нэг мод үржүүлгийн газарт инженер, техникч гээд 2-3 мэргэжилтэн, 10 гаруй мэргэжлийн ажилчин байна гэж үзвэл 2,500 мэргэжилтэн одоогийн байдлаар бий. Эдгээр ойчид нийлээд жилдээ 9-10 сая тарьц бэлдэж байгаа.

Тэрбум мод тарих зорилтоо биелүүлэхэд жилд 100 сая мод тарих хэрэгтэй. Ийм хэмжээний тарьц бэлдэх боломж өнөөдөр алга. Үнийг бэлдэхэд 7,000 гаруй ой судлаач, ойн инженер, ойн техникч, ойн мэргэжлийн ажилчин хэрэгтэй байна. 

- Мод тарих 7,000 гаруй мэргэжилтэн бэлтгэх шаардлагатай гэлээ. Эдгээр мэргэжилтнийг хэрхэн бэлдвэл зохистой гэж та харж байгаа вэ? 

- Элсэлтийн ерөнхий шалгалт болохоос өмнө энэ ажлыг Байгаль орчин аялал жуулчлал, Боловсрол, шинжлэх ухааны яам нэгдсэн зохион байгуулалтад оруулж шийдвэр гаргах шаардлагатай. ЕБС төгсөж шалгалтад бэлдэж байгаа хүүхдүүдэд ойн мэргэжил эзэмшье гэвэл яаж бэлдэх, түргэвчилсэн байдлаар яаж сурах боломж байна, төрийн дэмжлэг юу байх вэ зэргийг тодорхой болгож шийдвэрлэх нь зөв. 

Бидний санал гэвэл байгаль шинжлэл хүрээлэн буй орчны чиглэлээр суралцсан дунд мэргэжилтэй иргэд, МСҮТ төгссөн хүүхдүүдийг хөнгөвчилсөн хэлбэрээр элсүүлж богиносгосон хөтөлбөрөөр сургах боломж байна.

Их дээд сургуулиуд жилд ойн мэргэжлээр 15-20 хүн бэлдэж байна

- Хэчнээн сургуульд ойн мэргэжилтэн бэлдэж байгаа вэ? Жилд хэчнээн төгсөгч ойн салбарын мэргэжил эзэмшдэг юм бол? 

-МУИС, ХААИС, ШУТИС дээр ойн мэргэжилтэн бэлдэж байгаа. Их дээд сургуулиуд нийлээд жилд ойн мэргэжлээр 15-20 хүн бэлдэж байна. Энэ хангалттай тоо биш. Сургууль тус бүрдээ энэ чиглэлийн өөр өөрсдийн үзэмжээр янз бүрийн аргаар мэргэжилтэн бэлтгэнэ гэвэл мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх систем алдагдана.

Харин тухайн гурван сургууль хамтарч байгаад дөрвөн жил сурдаг ангийн оюутнуудын хажуугаар Тэрбум мод тарихад зориулсан тусгай программаар хичээллэх ангийг нээгээд хөтөлбөрийг боловсруулан заах хэрэгтэй. Ингэвэл ойрын хугацаанд 400-500 хүнийг дээд боловсролтой ойн мэргэжилтэн болгон бэлдэх боломж бий. Энэ ажлыг БШУЯ яаралтай зохион байгуулах шаардлагатай.

Харин МСҮТ жилд энэ чиглэлээр 100 гаруй ажилчин бэлдэж байгаа. Ойрын 2-3 жилд 2,000-3,000 ойн мэргэжлийн ажилчин бэлтгэх шаардлагатай. Одоогоос эхлээд мэргэжилтэн бэлтгэж дөрвөн жил сургаад, туршлагажуулна гэхээр Тэрбум мод тарихаар төлөвлөсөн хугацааны тэн хагаст хүрнэ.

Иймд энэ процессыг яаравчилж, богино хугацаагаар сургах, дээд боловсролтой хүмүүсийг дахин сургах, их, дээд сургуулиудад ойн мэргэжлээр түргэвчилсэн байдлаар төгсгөх, МСҮТ-д сурч байгаа оюутнуудыг мөн хоёр жил биш 1-1.5 жил сургаад төгсөх шаардлага бий. Ингэж байж мэргэжлийн боловсон хүчнээр хангагдана.

Мөн ойн мэргэжлээр суралцагчдад Ерөнхийлөгчийн, Сайдын тэтгэлэг, сургалтын төлбөрийн хөнгөлөлт, сургалтын зээлийг олгох, аймаг орон нутаг, компани, хувийн хэвшлийн захиалгаар суралцуулах гэх мэт дэмжлэгүүдийг үзүүлэх нь нэн чухал хөшүүрэг болно. 

-Тус хөдөлгөөний ашиг тусыг та юу гэж харж байна вэ?

-Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтөөс хамгаалах гэхээсээ илүүтэй энэхүү хөдөлгөөний үр дүн нь хүний амьдралын чанарыг дээшлүүлэх ач холбогдолтой. Модоо хүнийг, амьдралыг тойруулж тарих хэрэгтэй. Ногоон орчныг хүнд зориулж бүтээх нь илүү их эерэг үр дүнтэй. Элсэн цөлд сууснаас ногоон модны сүүдэр дор суух нь илүү ашиг тустай гэдгийг хүн бүр мэднэ.

Мод тарьснаар Монголчууд ногоон орчинд амьдрах орчин бүрдэнэ. Өнөөдөр маргаашийн дотор шороон шуурга, элсний нүүдлийг зогсооно гэж ойлгож болохгүй. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн хувьд 5-10 жилийн дараа буюу урт хугацаандаа үр дүнгээ өгнө. Гэхдээ бид олон жилийн дараа ач холбогдлоо өгөх юм чинь дараа жил таръя гэж хойшлуулах учиргүй. Бид нарт өнөөдөр л үнэ цэнтэй. 

Мод тарихаа хойшлуулбал өнөөдөр гаргах мөнгөнөөс 3-5 түүнээс олон дахин илүү хөрөнгө, хүч ирээдүйд зарцуулах шаардлагад хүрнэ. Хойч үедээ оруулах хөрөнгө оруулалт гэж ойлгож болно. 

Тэрбум мод тарих хоёр арга бий

- Модыг тэрбумаар нь тарих хөдөлгөөнийг хэрхэн хэрэгжүүлбэл зохистой вэ?

- Тэрбум мод тарих хоёр арга байна. 

Нэгдүгээрт, Түймэрт шатаж, хортонд нэрвэгдсэн ойн талбайг нэн яаралтай хээр болохоос нь өмнө ойжуулж нөхөн сэргээх хэрэгтэй. Ийм талбай маш их бий. Ийм талбай он удаан жил модгүй байхаар хээр болно. Ой дотроосоо хээр болж цөлжинө. Мод ургах орчин нь алдагдаагүй нөхцөлийг ашиглаж нэн яаралтай мод тарих ажлаа эхлүүлэх шаардлагатай. 

Хоёрдугаарт, Элсний нүүлтийн хурдыг тооцоолж таван жилийн дараа энд ирнэ гэдгийг тогтоож зурвасуудаа элснээс хамгаалах ойн хэсэгтээ хийх хэрэгтэй. Нүүж байгаа элсний хил зааг дээр мод тарьчихвал тэр дороо элсэнд дарагдана. Тэгэхээр хээр цөлийн бүсэд мод тарихдаа үүнийг сайн анхаарах хэрэгтэй. 

Тухайн бүс нутагт ургадаг модлог бутлаг ургамлыг сонгож тариалахыг эрхэмлэх ёстой. Мод тарих ажлыг ой зүйч, ойн инженер хийдэг гэдгийг анхаарах хэрэгтэй. Мэдээж бусад мэргэжлийн хүмүүс оролцоно. Гэхдээ мод тарих ажлыг гардаж ажиллах хүмүүс нь ойчид юм. Энэ хүмүүс оролцохгүй бол мод тарих ажил сайн үр дүнд хүрэхгүй. 

- Сэлэнгэ аймаг Тэрбум мод үндэсний хөдөлгөөний тарьц, суулгац нийлүүлэгч болохоо зарласан. Энэ нь сайн жишиг ч дутагдалтай тал бий юу? Ямар нэг байдлаар дэмжлэг хэрэгтэй юу?

- Тухайн аймгуудад урьд нь мод тарьж ургуулж байсан туршлагатай жижиг мод үржүүлгийн газрууд олон ч жилдээ 100 сая мод тарих боломжгүй. Учир нь хүний нөөц дутагдалтай жижиг хэмжээний хувийн аж ахуй эрхлэгчид юм. Тэднийг хоёр аргаар дэмжиж болно.

Нэгдүгээрт, мод үржүүлгийн 200 гаруй аж ахуйн нэгжүүдийг 10-100 сая  мод тарихаар амласан компаниудтай хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллуулах зохион байгуулалтыг ойн асуудал эрхэлсэн төрийн байгууллага хийх хэрэгтэй. Жишээлбэл, Тавантолгой ХХК Сэлэнгэ аймгийн 4, Булган аймгийн хоёр аж ахуйтай гэрээ байгуулж, жилд тарьц нийлүүлэх хэмжээг нь тохируулах хэрэгтэй. Тэгвэл хувийн аж ахуй эрсдэлгүй болно. 

Хоёрдугаарт, жижиг мод үржүүлгийн газарт техник тоног төхөөрөмжийн туслалцааг төрөөс үзүүлж чадавхжуулах хэрэгтэй. Одоо бол улирлын ажилтан гэж хүн аваад хүрз гараараа ажлаа хийж зэрлэгээ зулгаалгадаг. Мод үржүүлгийн газрууд хүчин чадлаа гурав дахин нэмлээ гэхэд нийлээд жилд 30-40 сая тарьц бэлдэнэ.

Үлдэж байгаа 60-70 сая модыг хаанаас авах гэдэг асуудал үүснэ. БОАЖЯ-ны ойн газар аймаг, суманд байгаа ойн ангиудаа түшиглээд жилд 10 сая хүртэлх мод тарих хүчин чадалтай бүсийн мод үржүүлгийн газруудыг байгуулах шаардлагатай. Улсаас хөрөнгө гаргаад ийм ажил хийх нь зөв. Улс хувийн хэвшилтэй өрсөлдөөд байх юм уу гэж хүмүүс ярьж байгаа. 30-40 сая модыг хувийн хэвшлээр бэлдүүлэх тухай буюу хувийн хэвшлийг дэмжих хэлбэрийг түрүүн ярьсан. Үлдсэн хэсгийг төр өөрөө бэлдэхээс өөр аргагүй.

Мод тарих гэсэн биш хортонтой тэмцэх зардал гарч мэднэ

Гаднаас үр, тарьц авна гэж ярьж байна. Ингэж болохгүй. Тарьц суулгацыг дагаад ургамлын хөрс үндэс модлог дотор нь байдаг хүний нүдэнд харагдахгүй нян бактери шавж дагаж орж ирэх аюултай. Ургамлын өвчин байгалийн ойг сүйтгээд мод тарих гэсэн биш хортонтой тэмцэх зардал гарч мэднэ. Өөрийн орны унаган мод, бутыг тариалж, ургуулах нь хамгийн оновчтой сонголт болно.

-1,000 сургагч багш бэлтгэх тухай яригдсан. Энэ ажил хэр эрчимтэй явагдаж байна вэ? Ойн мэргэжилтнийг оролцуулахгүй тусдаа бэлдэнэ гэсэн үг үү?

- Сургагч багш бэлтгэх хөтөлбөр боловсруулан сургалт эхлэх бэлтгэл ажлыг хангаж байна. Тэд ойн мэргэжлийн хүмүүс биш юм. Харин орон нутагт Тэрбум мод хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд туслан дэмжих үүрэгтэй ажиллах зорилгоор бэлтгэгдэж байгаа хүмүүс юм. Байгалийн шинжлэл, хүрээлэн буй орчин, агрономи гэх мэт ойд ойр дөт мэргэжлийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, тухайн орон нутагтаа ажиллаж байгаа хүнийг мод тарих хөдөлгөөнд хүмүүст туслах зорилгоор бэлтгэж байгаа мэргэжилтэн гэсэн үг. 

Харин 7,000 мэргэжилтэн бол модны үрийг түүж бэлтгэхээс эхлээд ой болон ургах хүртэлх бүх ажлыг хариуцах хэмжээний үүрэг хүлээх ойн салбарын мэргэжилтэй боловсон хүчин юм. 

-Тэрбум мод хөдөлгөөнд оролцох иргэн, аж ахуйн нэгж хэрхэн ашиг хүртэх боломжтой вэ? 

- Ашиг хүртэх хамгийн ойрын боломж нь жимс, ногооны аж ахуйг хөгжүүлэх явдал юм. Ойн зурвас, төгөл моддыг дагаад  үр тариа ургацын ногоо тариалах замаар ажиллах хэрэгтэй. Мод тариад дараа жил нь ургац нэмэгдэхгүй. 7-10 жилийн дараа үр дүнгээ өгнө. Түүнээс өмнө ургац нэмэгдэж сайжрах боломжгүй гэдгийг агрономичид ойлгох хэрэгтэй. Хурдан ургалттай жижиг модон эдлэлээс эхлээд унь, тооно гэх мэт ахуйн хэрэгцээт зүйл үйлдвэрлэх боломжтой модны төрөл зүйлийг сонгож тариалах боломж ч бий.

Өнөө маргаашийн ашиг харах биш алс хэтийн ач холбогдол үр хойчоо ногоон орчинд амьдрах, таатай нөхцөлд ажиллах ирээдүйг энэ үеийн бид бий болгох эрхэм үйлс гэж л хүн бүр ойлгож хичээвэл бид энэ хөдөлгөөнийг амжилтад хүргэх болно.