Зураг
Зураг
Индэр    
2022 оны 3 сарын 7
Зураг
Эдийн засагч, шинжээч

Гишүүдийн чинь цалин ₮5 саяас бага. Гэтэл хөрөнгө нь ₮5 тэрбум. Хөрөнгөөс татвар ав

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бөөн юм болж тэтгэвэр нэмлээ. Тэтгэврийн сангийн алдагдал огцом өсөв. Гэтэл энэ алдагдлаа нөхөхийн тулд 5 саяас дээш төгрөгийн орлоготой хүмүүсээс өндөр татвар авах юм гэнэ. 

5 тэрбумын хөрөнгөтэй гишүүдийн чинь цалин 5 сая төгрөг хүрэхгүй. Харин 5 сая төгрөгийн цалинтай ажилтанд үсрээд зээлтэй байр, машинаас хэтрэх хөрөнгөгүй байлгүй. Хэдэн уул уурхайн ажилчид руугаа дайрах нь ээ. Яагаад ийм юм бэ? Хэн ийм юм зөвлөөд байдаг юм бэ? 

Тэр өмч хувьчлалаар бөөн хулгай болсон гэнэ билээ. Тэр хүмүүс чинь хөрөнгөтэй хэрнээ цалингийн орлогогүй. Монголд орлогоос биш хөрөнгөөс татвар авах ёстой. Би баталъя. 

БАТАЛГАА 1: МОНГОЛ ОРЛОГЫН ТЭГШ БУС БАЙДАЛ БАГАТАЙ ГЭВЧ ХӨРӨНГИЙН ТЭГШ БУС БАЙДАЛ ИХТЭЙ

Орлогын тэгш бус байдал хэр байгаа эсэхийг ерөнхийдөө Жини коэффицентээр хэмждэг бөгөөд энэ нь 0-1 хооронд утга авдаг. Тус коэффициент 1 рүү дөхөх тусмаа орлогын тэгш бус байдал нэмэгдэж байна гэж үздэг. Гэвч 1997 оноос хойш Монгол Улсын хувьд энэхүү үзүүлэлт ойролцоогоор 0.3-с хэтэрсэнгүй, хөдөлсөн ч үгүй. 

Үнэндээ энэ тоог бид үгүйсгэж чадахгүй. Зөвхөн орлогын түвшнээр нь тооцсон учраас тус үзүүлэлт өөрчлөлтгүй харагдаж байгаа юм. Төрийн албанд ажилладаг зарим хүн цалингаараа авч дийлэхээргүй хөрөнгөтэй байдаг шүү дээ. Энэ нь хөрөнгийн тэгш бус байдал манайд их байгааг харуулж байгаа юм.

Судалгаагаар орлогын тэгш бус байдалд хүмүүсийн хандлага буюу дургүйцэл нь харьцангуй бага байдаг бол боловсрол, эрүүл мэндийн тэгш бус байдалд маш эмзэг буюу дургүйцэл нь их байдаг байна. Аргагүй шүү дээ, тантай ав адилхан цалин авч байгаа хэр нь эдэлж хэрэглэж байгаа зүйл, амьдарч байгаа байр, хүүхдийнх нь явж байгаа сургууль, өөрсдийнх нь үйлчлүүлж байгаа газар зэргийг харахад хэнд ч шударга бус санагдах болно. 

БАТАЛГАА 2: Нэг сая төгрөгийн цалинтай гишүүдийнхээ хэрэглээг харъя

Тэгш бус байдлыг илэрхийлж болох өөр нэг үзүүлэлт бол хэрэглээ юм. Монголд чинээлэг бүлэг болох хүн амын 20 хувь нь нийт хэрэглээний 40 хувийг бий болгож байгаа бол ядуу хүн амын 40 хувь нь хэрэглээний 21 хувийг л бий болгодог.

Яг дээрх харьцаагаар бол өнөөх чинээлэг 20 хувь чинь хэрэглээний импортын 40, 50 орчим хувийг бий болгож байна. Дээр нь өвөл болохоор нүүдлийн шувуу шиг халуун орныг зорьдог тансаглал нь валютын гарах урсгалыг нэмэгдүүлдэг буюу урсгал данс байнгын л алдагдалтай байдаг (Аялал жуулчлалаар гарч буй мөнгө урсгал дансны 10-20 хувийг эзэлдэг).

Харин өсөж буй валютын ханшид хэн илүү мэдрэг байх вэ? ядуу болон дундаж давхарга. Энэ бол хэн нэгэн чинээлэг, баян хүнийг үзэн яд гэсэн үг огтхон ч биш. Хөрөнгийн тэгш бус байдлаас бий болсон хор уршиг ядуу болон дундаж давхаргад ийм л хүчтэй нөлөөлдөг болохыг харуулж байна.

БАТАЛГАА 3: Цалин 5 сая хүрэхгүй ч 5 тэрбум төгрөгийн хадгаламжтай

5 сая төгрөг төгрөгийн цалинтай хүн идэж ууж, эдэлж хэрэглэхгүй мөнгөө хадгалсан гэж бодъё. 1 тэрбум хадгаламжтай болоход 20 жил зарцуулна. Гэтэл манайд цалин нь сая гаруй зарим нөхөд тэрбум байтугай хадгаламжтай. Манайд хадгаламжийн төвлөрөл өндөр байдаг. Ерөнхийдөө нийт хадгаламж эзэмшигчдийн нэг хувь нь нийт хадгаламжийн дүнгийн 60 орчим хувийг бий болгодог.

ДҮГНЭЛТ: Татварын шаталсан систем бус эд хөрөнгийн татвартай болох нь чухал байна. Монголчуудын хувьд дундаж давхарга бий болох гэж ядаж яваа энэ үед татварын шаталсан систем эртэднэ гэж хэлж болно. Тиймээс ч орлогын татварын шаталсан системээс илүү эд хөрөнгийн татвар нь тэгш бус байдлыг бууруулах гол арга болно.