Индэр    
2022 оны 2 сарын 28
Зураг
iKon.mn сэтгүүлч

Явган зорчигчид ЭЭЛГҮЙ УЛААНБААТАР

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Манай улсын хүн амын тал орчим хувь нь амьдарч буй нийслэл Улаанбаатар хотод жил ирэх тусам барилга байгууламжийн тоо нэмэгдэж, тэр хэрээр иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх болон алхах зам талбай хомсодсоор байна.

Ялангуяа явган хүний зам нь зарим хэсэгтээ эвдэрсэн, голд нь шон босгосон, барилгын хашаа тагласан эсвэл өөдөөс ирэх хүнтэй зөрөх боломжгүй хэт нарийхан байдгийн улмаас явган зорчигч автомашинтай шүргэлцэх шахам зөрдөг байдал хэвийн үзэгдэл мэт болоод удав.

Энэ нь нийслэл хотын иргэд бид Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ огтоос эдэлж чадахгүй байгаагийн нэг жишээ...

Уг нь дэлхий нийтэд явган хүний зам хамгийн багадаа 1.5 м өргөн байх ёстой гэсэн стандарт мөрддөг ч нийслэл хотод ийм зам цөөн төдийгүй улам ч багасаж байгаа нь харамсалтай.

Мөн манай улсад явган хүний зам тавихад мөрдөх шаардлагатай стандартууд байдаг ч зөвхөн цаасан дээр л "хэрэгжсээр" иржээ.

Тиймээс нийслэлийн удирдлагуудад ямар ч стандартгүйгээр баригдсан явган хүний зам талбайг сайжруулж, шинээр нэмэх ажил орхигдож байгааг сануулж, эсрэгээрээ иргэдийн алхах талбай улам багассаар буйг хотын төвийн гудамжны хэдхэн жишээгээр хүргэе.



Улаанбаатар хотын гол болон туслах, орон сууцны хороолол доторх авто замуудын нийт урт 1,170 орчим километр байдаг тухай нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээлэв.

Үүний 400 гаруй километрийг нь орон сууцны хороолол доторх зам эзэлдэг бөгөөд замуудын хоёр талаар заавал явган хүний зам байх шаардлагаар тооцвол нийслэл дээрх тоог 2-3 дахин урттай явган замтай гэсэн үг болж байна.

Гэхдээ уртын хэмжээ бус иргэд алхахад тохиромжтой байдлаар тавигдсан эсэх нь гол асуудал гэдгийг энд дурдах нь зүйтэй.

Жил бүр авто зам, явган хүний замын шинэчлэлт арчлалтын ажил хийгддэг. Энэ жилийн тухайд яяг аль хэсэгт засвар, арчлалт хийх нь одоогоор батлагдаагүй байгаа аж.

1. $42.38 саяын өртөгтэй ч явган замгүй гүүрэн байгууламж...

 

Явган гүүрэн байгууламж нь өнөөг хүртэл баригдаж дуусаагүй тул иргэд авто зам дээгүүр зорчсоор байна.

Тодруулбал, БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийт 42.38 сая ам.долларын өртөгтэй баригдсан Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарцын үндсэн хөдөлгөөнийг 2019 оны есдүгээр сард нээсэн.

Нийт дөрвөн эгнээтэй, 477 метр урт, төмөр бетон гүүрний дээгүүр явган хүний зорчих хэсэг анхнаасаа хийгдээгүй. Иймд тус гүүр ашиглалтад орсон цагаас эхлэн явган хүний замын асуудал хөндөгдсөөр ирсэн билээ.

Уг нь гүүрний доод хэсэгт явган хүний зам байдаг. Гэсэн ч энэ нь маш тойруу тул иргэд ихэвчлэн гүүр дээгүүр буюу автомашины хөдөлгөөнтэй зэрэгцэн алхахаас өөр арга байдаггүй аж.

Энэ талаар нийслэлийн Авто замын Хөгжлийн газар “Тус гүүрний зүүн талд нь явган гүүрэн гарц энэ хавраас эхлэн баригдах бөгөөд зураг төсөл нь батлагдсан” гэсэн тайлбар өгсөн. 

Өөрөөр хэлбэл, тус явган гүүрэн гарц баригдах хүртэл иргэд эрсдэлтэй замаар зорчихоос аргагүй гэсэн үг. Энэ бол манай хот явган зорчигчийн асуудлыг төдийлөн анхаардаггүйн нэг том жишээ юм.

2. Явган хүний замыг дугуйн замаар солив...

 

Улаанбаатар хот сүүлийн жилүүдэд дэлхийн томоохон хотуудын жишгээр дугуйн замтай болж буй.

Тухайлбал, өнгөрсөн оны тавдугаар сараас Офицеруудын ордноос Таван шар хүртэл 23.7 км дугуйн зам тавих ажил эхэлсэн.

Харамсалтай нь тус дугуйн замыг тавих нэрээр хотын төвийн гудамжинд байрлах явган хүний замыг сүйтгэсэн юм.

Тодруулбал, Багшийн дээд орчмын явган хүний замыг тэр чигт нь дугуйн зам болгосон эсвэл явган хүний замын өргөнөөс шууд хасаж, дугуйн замыг хучсан байдаг.

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дээрх дугуйн замын ажилд УБЗАА-аас хяналт тавьсан бөгөөд "Нийт 5,000 метр урт хучилт хийлгэн, ажлын явцад үүссэн хог хаягдлыг цэвэрлэх үүргийг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т өгсөн" тухайгаа Улаанбаатар хотын менежер асан Т.Гантөмөр 2021 оны наймдугаар сард мэдээлж байв.

Харин Хотын стандарт, хяналт газрын орлогч дарга О.ОджаргалТаван шараас Офицеруудын ордон хүртэлх дугуйн зам бол стандарт шаардлага бүрэн хангасан зам. Хэвтээ тэмдэг, тэмдэглэгээнээс эхлээд стандартын дагуу хийгдсэн” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Тэрбээр дугуйн замын тухайд “Дугуйн зам нь нэг урсгалтай бол дор хаяж 1.5 метр өргөн, эсрэг урсгалтай бол гурван метр өргөн байх ёстой. Мөн дугуйн зогсоол, амрах талбайг бэлдсэн байх ёстой. Хүн багадаа 3-4 км зорчих тул хөл цуцах, ядрах нь бий. Ийм үед амрах, утсаар ярих, амны цангааг гаргаж ус уух зэрэг байдлаар түр амсхийх, бусдын хөдөлгөөнд саад болохооргүй  зориулалттай зогсоолыг бий болгох учиртай” гэжээ.

Харин явган хүний замын талаар “Явган хүний зам бол хамгийн аюулгүй орчин байх ёстой. Явганаар зорчиж байгаад гэмтэж бэртэх тохиолдол гаргахгүйн тулд аюулгүйн шаардлага нэн түрүүнд тавигдана. Нөгөөтээгүүр тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан хэсэг заавал байх учиртай” хэмээн ярьсан байна.

Гэвч дээрх жишээнээс Улаанбаатар хотын төвийн авто замууд анхнаасаа дугуйн замыг хамтад нь төлөвлөөгүйн улмаас явган хүний замын хажууг шууд дугуйн зам болгосныг харж болно. Энэ нь явган хүн, дугуйтай хүн аль, аль нь хоорондоо харилцан зорчиход хүндрэлтэй болгож байна.

Дугуйтай иргэд битгий хэл дугуйгүй явган зорчигч алхах газар ч багассаар байгаа энэ алдааг залруулах талаар ажил огт хийгдэхгүй байсаар байгаа юм.

3. Автомашины зогсоолыг илүү чухалчилсан нь…

 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Оргил худалдааны төвийн өмнөх 584 ам метр талбайг бүхэлд нь автомашины зогсоол болгосон явдал хэсэгтээ иргэдийн шүүмжлэл дагуулж байгаад мартагдав.

Тодруулбал, тус худалдааны төвийн өмнөх машины зогсоолыг барихдаа төв замд нь тулгаж, явган хүнд ямар ч орон зай үлдээлгүй шийдсэнээр явган болон дугуйтай, хүүхдийн тэрэгтэй хүн зорчихдоо машин замаар эсвэл худалдааны төвийн зогсоолоор явах хэрэгтэй болсон юм.

Уг нь тухайн газрыг өнгөрсөн наймдугаар сард Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хуралдаанаар чөлөөлөх шийдвэр гарсан ч өнөөг хүртэл чөлөөлөөгүй буюу шүүхийн маргаантай газрын асуудлын нэг болж үлдэв.

4. Зам дээр эгнэсэн гэрлийн шонгууд...

 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хоёр хүнч зөрөх боломжгүй нарийхан явган хүний замын яг голоор гэрлийн шон эгнэсэн байдлыг нийслэл хотын аль ч гудамжинд харж болно.

Зарим тохиолдолд гэрлийн утас нь ил гарчихсан, таггүй гэрлийн шонг явган зорчигчид шүргэх шахам өнгөрдөг бөгөөд энэ байдал одоо ч хэвээр байгаа.

Ийм замаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд битгий хэл энгийн иргэд ч зорчиход асар хүндрэлтэй төдийгүй цас, бороо зэрэг байгалийн аливаа үзэгдэлд гэрлийн шонд цахилгааны асуудал гарах, бага насны хүүхдүүд санамсаргүйгээр цахилгааны утсанд хүрэх эрсдэл ч бий.

Энэ нь замын гэрэлтүүлэг болон явган хүний зам тавих ажлын харилцан уялдаагүй төлөвлөлтийн алдаа, тогтсон стандарт мөрддөггүйн нэг тод жишээ болж байна.

Түүнээс гадна, явган зам руу түрэн барьсан барилгын хашаа, үйлчилгээний байгууллагын шат, ТҮЦ, автомашинуудаас гээд иргэд явганаар алхахад саад болдог маш олон зүйл манай хотод байгааг дараах зургуудаас харж болно.

Үе үеийн хотын дарга нар иргэддээ ямар харгис хандаж, явган хүн явах зам талбайг сайжруулах асуудалд хэрхэн хойрго хандаж ирсний үр дүн нь энэ. 

Цаашид нийслэл хот хүний замыг хэрхэн сайжруулж, тогтсон стандартыг бий болгох талаар Нийслэлийн ЗДТГ-аас тодруулахад "Нийслэлийн Засаг даргын захирамжаар хотын стандартыг боловсруулж, батлуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж буй.

Өнгөрсөн долоо хоногийн Даваа гарагт болсон Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар уг асуудлыг дэмжсэн бөгөөд үүнийг НИТХ эцэслэн батална.

Нийслэлийн одоогийн удирдлагын зүгээс стандартыг зөвхөн цаасан дээр нь үлдээхгүй бөгөөд маш өндөр ач холбогдолтойгоор хэрэгжүүлэн ажиллах ёстой гэсэн байр суурьтай байгаа" хэмээн Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар тайлбарлав.

Мөн тэрбээр "Улаанбаатар хотод хуримтлагдсаар ирсэн буюу иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулсан энэ байдал нь стандарт мөрдөж ирээгүйтэй холбоотой. Иймд шинээр батлагдах стандартад маш өндөр ач холбогдол өгч, ажиллах ёстой гэсэн шаардлага тавьж буй.

Тус стандартад явган хүний замыг ямар хэлбэр хэмжээтэй байх, ямар материалаар хийх зэргийг нарийн тусгасан. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй байх шаардлагуудыг стандартын шинэ төлөвлөлтөд нийцүүлсэн.

Ийнхүү стандартыг нь тодорхой зааж өгснөөр хэзээ, хэн, хэр хэмжээний төсвөөр, ямар компани гүйцэтгэхээс үл хамааран яг тухайн стандартаараа замууд хийгдэнэ гэсэн үг. Өмнөх стандартад явган хүний замын хэлбэр хэмжээг тодорхой зааж өгсөн байснаас биш ямар өндөртэй байх, ямар материалаар хийх зэргийг нарийн тусгаагүй байсан юм.

Харин шинэ стандартад нийцэхгүй буюу өмнө нь тавигдсан явган замуудыг нэг дор бүгдийг нь өөрчлөх боломжгүй бөгөөд энэ нь эдийн засгийн болон цаг хугацааны хувьд том ажил тул үе шаттайгаар цэгцэлнэ. Тухайлбал, нэг явган хүний зам эвдэрч гэмтсэн бол түүнийг шинэ стандартад нийцүүлэн хэлбэр хэмжээ, хийцийг нь шинэчлэх юм. Хэрэв НИТХ-аар Хотын стандартын төсөл батлагдвал явган хүний зам орчин нөхцөлөөсөө хамаарч хамгийн багадаа 1.5 метр өргөнтэй байх стандартыг мөрдөнө" гэсэн тайлбар өглөө.

Сануулахад, Улаанбаатар хотын авто зам, явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламжийн төлөвлөлт олон улсын томоохон хотуудын хөгжил, бүтээн байгуулалтаас ихээхэн хоцорч байгаа тухай Монгол, БНХАУ, Канад, Америкийн гудамж зам, замын дагуух ногоон байгууламжийн стандартыг харьцуулсан судалгаанд онцолсон байдаг.

Урин дулаан удахгүй хаяанд цаг ирж, нийслэл агаарын бохирдол багасна. Урт хугацаанд үргэлжилсэн цар тахлын үеийн хязгаарлалтуудыг ч цуцлагдав.

Дөн өвлийн турш нийтийн тээврээ дааран хүлээж, утаа, замын түгжрэлд дарлуулсаар удсан нийслэлчүүд бидэнд ядаж их хотынхоо гудамжаар явганаар алхах нөхцөлийг бүрэн бүрдүүлсэн зам хэрэгтэй.

Хэдийгээр нийслэлийн хөгжилд авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээ, бууруулах бүтээн байгуулалт чухал ч иргэдийнхээ явган алхах зам талбайг сайжруулах, тохижуулах, нэмэгдүүлэх зэрэг нь огтхон ч орхигдуулж болохгүй зүйл гэдгийг сануулж байна.

 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав