Индэр    
2022 оны 2 сарын 25
Зураг
Эдийн засагч, шинжээч

МОСКВАД ХАНИАХАД МОНГОЛД НАЙТААХ УУ?  

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дайны хажуугаар дажин гэдэг. Дажин нь бараг цар тахал болж хувирлаа.

“Орос Украин руу дайрлаа” гэсэн мэдэгдэл гармагц газрын тос болон алтны үнэ 2-5 хувиар өсөж, хувьцааны индекс 2-28 хувь уналаа. Яг дайн хийж буй орны мөнгөн тэмдэгт 7 хувь унаж, дотоодын хувьцааны индекс нь 20 гаруй хувь буурчээ. Энэ бол улс орнуудад бэлтгэлтэй бай гэх том дохио. Дайны иймэрхүү нөхцөл байдал нь цар тахлын үед тамирдсан, туйлдсан улс орнуудад хүчтэй цохилт болно. Бид ч гэсэн энэ эрсдэлээс зайлсхийж чадахгүй.

Манай улс бол импортлогч орон. Худалдааны 30 орчим хувийг ОХУ-тай хийдэг. Энэ дайны нөхцөл байдал магадгүй 3 хоног эсвэл 30 хоног үргэлжлэхийг үгүйсгэхгүй. Цар тахлын дараагийн хувилбар гэдэг шиг Орос, Украины асуудал дээр тодорхой бус байдал асар өндөр байна. Гэвч бид ямар ч нөхцөл байдалд эрсдэлээ тодорхойлж, түүнд бэлэн байх хэрэгтэй. Тэгвэл бидэнд ямар эрсдэлүүд тулгарахаар байна вэ?

Шатахууны хомсдол үүсэх, дотоодын шатахууны үнэ өсөх эрсдэлтэй

Дайн гарах сургаар газрын тосны үнэ огцом өсөв. Шатахууны хувьд, манай улс ОХУ-аас шууд хамааралтай. Дотоодын 30-40 хоногийн нөөцтэй. Зарим шатахуун түгээх станцад 95 тасарсан сураг байна. Дайн хийж буй улс дотоодын нөөцөө хадгалах нь ойлгомжтой. Тиймээс манай улсад шатахууны хомсдол үүсэх, улмаар үнэ өсөх эрсдэлтэй байна. Стратегийн чухал ач холбогдолтой бүтээгдэхүүн учраас Хятадаас татах боломжийг эрт судалж байх нь зүйтэй. 

Зураг 1. Газрын тосны үнэ, Брент ойл

 

Инфляц гаарч, төгрөгийн ханш сулрах эрсдэлтэй

ОХУ нь манай импортын 33 хувийг эзэлдэг. Тус улсаас бараа, бүтээгдэхүүн импортлох хэмжээ буурснаар өргөн хэрэглээний бараа хомсдох, улмаар дотоодын үнийн өсөлт гаарах эрсдэлтэй. Ер нь Монгол гэлтгүй Европ тэр аяараа л сандралдаж байна. Учир нь Орос, Украин нь дэлхийн үр тариа, улаан буудайн хэрэгцээний 1/3-г хангадаг. 
Шатахуун авахад доллар хэрэгтэй. Гэтэл авах өртөг нь нэмэгдэхээр улам л их доллар шаардагдана. Энэ нь богино хугацаанд төгрөг ам.долларын эсрэг огцом сулрах эрсдэлийг бий болгож байна.  

 

 

 

 

 

Цахилгаан, эрчим хүчний хомсдолд орох магадлалтай

Манай улс эрчим хүчний хувьд ч ОХУ-аас хамааралтай. Дотооддоо усан цахилгаан станц барих асуудал сөхөгдөх бүрд хаагддаг нь учиртай(Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц). Яг л иймэрхүү хүнд нөхцөл байдал үүсэхэд эрчим хүчний бие даасан байдал ямар чухал болох нь харагдаж байна. Эрчим хүчтэй байна гэдэг нь эртний хүмүүст гал гаргадагтай ижил ойлголт. Гал байхгүй бол амьдрал байхгүй.

Банкны гадаад төлбөр тооцооны асуудал үүсэх эрсдэлтэй

Саарал жагсаалтад орсны хар гайгаар Монгол улстай Европын банкууд харьцахаа больсон. Тиймээс банкууд дээрх төлбөр тооцоо Оросын банкуудаар дамжин хийгддэг. Гэтэл Европ руу дамжих гүүр болсон Оросын банкуудыг нь Европ, Америк хориг тавиад эхэлсэн. Тиймээс арилжааны банкуудын хувьд, гадаад төлбөр тооцоог Хятадын банкаар дамжуулж хийх шаардлага үүсэж байна. Энэ нь шалгалт ихтэй, цаг авдаг төдийгүй шимтгэл нь ч гэсэн нэмэгдэнэ гэсэн үг.

Худалдаа, үйлдвэрлэлийн түүхий эд саатах, тээвэр ложистикийн асуудал үүснэ

Ковидоос болж бараа татан авах хугацаа 2 сараар уртсаж, өртөг нь 3-30 дахин нэмэгдсэн. Тэгэхээр энэ нөхцөл байдал улам л хүндрэх нөхцөл бүрдчихлээ. Учир нь Европоос авдаг ихэнх түүхий эд нь Оросоор дамждаг. Тиймээс ААН-үүд түүхий эдийн дутагдалд орох, тээврийн зардал үүсэх эрсдэлтэй байна.