Индэр    
2022 оны 1 сарын 20

Хэлмэгдсэн гэдгээ тайлбарлахыг оролдоход хэн ч сонсож, ойлгож чадахгүй бол та яах байсан бэ?

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Менингит өвчний улмаас сонсох чадвараа бүрэн алдсан иргэн Г.Батболдын нийтлэлийг хүргэж байна. Тэрбээр энэхүү нийтлэлдээ цагдаа, хууль эрх зүйн байгууллагууд хэлгүй хүмүүст зориулсан албан ёсны орчуулагч байдаггүйгээс үл ойлголцол, ялгаварлан гадуурхалтад өртөж буй асуудлыг хөнджээ.



Монголын цагдаа, хууль эрх зүйн байгууллагынхан хэзээ хэлгүй дүлий хүмүүстэйгээ хүн шиг харьцдаг болох вэ?

Тиймээ, Монголын нийгэмд амьдарч байгаа хэлгүй дүлий хүн бүхэн, тэдний гэр бүлийнхэн энэ бухимдалтай асуудлын шийдлийг  хүсэж байгаа гэдэгт би итгэж байна.

Намайг Гоодийзын Батболд гэдэг. Би Монголын сонсголгүй 12 мянга орчим иргэдийн төлөөлөл жирийн нэгэн залуу. Гурван настай байхдаа би менингит өвчнөөр өвдөж, сонсголоо бүрэн алдсан юм.

Менингит өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой байсан ч тухайн үед вакцин олдоогүй тул би энэ өвчнөөр маш хүнд өвдсөн юм. Ингээд бусад сонсголгүй хүүхдүүдийн адилаар Монголд байдаг цорын ганц сургууль болох 29 дүгээр тусгай сургуульд орж байсан. Гэхдээ энэ сургуульд хэлгүй дүлий хүүхдүүдэд хичээл заах чадвартай багш нар байхгүйгээс хүүхдүүд сайн уншиж, бичиж суралгүй сургуулиа төгсдөг байсан. Одоо ч байдал олигтой дээрдээгүй гэж сонссон. Тиймээс энэ сургуулийг төгссөн хэлгүй дүлий хүүхдүүд цаашдаа өндөр боловсрол эзэмших эсвэл гайгүй ажилд орох ямар ч боломж олддоггүй.

Харин 2009 онд Америк оронд ирснээр миний сэтгэлгээ болоод хөгжлийн бэрхшээлтэй гэх бодол эрс өөрчлөгдсөн юм. Сонсголгүй хүмүүст зориулсан Гладиат хэмээх их сургуульд суралцан Америк дохионы хэл (ASL)-ийг амжилттай сурч эзэмшсэн.

Сонсголгүй ч гэсэн сурч боловсрох боломжтойг мэдэрсэн. Энд ирж юм үзэж нүд тайлахын хэрээр Америкийн нийгэм дэх сонсголгүй хүмүүсийн эзлэх байр суурь, тэдний эрх чөлөө, сурч боловсрох орчин, ажиллаж хөдөлмөрлөх нөхцөл гээд олон зүйлийг эрүүл энгийн хүмүүстэй ижил түвшинд авч үзэж байгааг хараад Монголд хэлгүй дүлий хүмүүст хэзээ ийм сайхан орчин бүрэлдэх юм бол гэж өөрийн эрхгүй толгойд орж ирдэг болсон.

Монголд над шиг хэлгүй дүлий хүн амьдрахад маш их дарамт шахалт ирэхээс гадна, хэл нэвтрэлцэхгүй шалтгаанаар байнгын ялгаварлан гадуурхалтад өртдөг. Хамгийн наад захын асуудалд нь цагдаа, хууль эрх зүйн байгууллагууд хэлгүй хүмүүст зориулсан албан ёсны орчуулагч байдаггүйгээс бид нар үл ойлголцол, ялгаварлан гадуурхалтад өртдөг юм.  

 
Г. Батболд - Урд эгнээний баруун талаас хоёрдахь нь, АНУ, Вашингтон хот, 2009

Өөрт тохиолдсон нэг жишээг дурдъя.

2008 оны тавдугаар сард санагдаж байна. Найзтайгаа уулзан сайхан ярилцаж суугаад орой 22:00 цагийн үед гэртээ харихаар автобусны буудал руу алхаж явтал хоёр цагдаа тосож ирээд юм асуув. Мэдээж би дохионы хэлээрээ сонсголгүй гэдгээ хэлсэн боловч хоорондоо хэсэг ярьж байснаа намайг шууд гавлаад машиндаа суулгав.

Магадгүй намайг юм ярихгүй, ойлгохгүй болохоор  согтуу гэж дүгнэсэн байх. Цагдаагийн газар ирээд бусад хүмүүсийн адилаар биед маань нэгжлэг хийхээр болов. Бүх хувцсаа тайлахыг шаардав. Дургүйцэх хандлага гаргамагц маань намайг зодон хүчээр хувцсыг минь тайлав. Тэр үед цагдаа нар намайг зодож байхдаа хамар болон зүүн хавиргыг маань юм. Тэр үед намайг хэлгүй гэдгийг мэдсээр байж дохионы хэлмэрч авч өгөөгүй.

Би согтуу биш, ямар ч гэмт хэрэг үйлдээгүй байхад хэлгүй дүлийг минь далимдуулж эрүүлжүүлэхэд суулгасан. Маргааш нь манай гэрийнхэн торгууль төлж байж намайг авч байсан. Би сэтгэл зүй, эрүүл мэндээр хохироод л үлдсэн. Энэ бол хэлгүй хүмүүсийн эрхийг хүндэтгэдэг барууны аль ч оронд хүлээн зөвшөөрөгдөхгүй асуудал юм.  

Болсон явдлын дараа би шүүхээр явж гомдлоо барагдуулахыг хүссэн ч шүүх цагдаагийн байгууллагуудад дохионы хэлмэрч байхгүйгээс цааш нь хөөцөлдөх боломжгүй байсан.   

Энэ явдлаас үүдсэн хамрын гэмтэл маань хожим нь амьсгалын дутагдал үүсгэж тархи толгой өвддөг болсон. Харин сүүлд нь азаар Вашингтон ДС мужид байдаг Georgetown-ийн эмнэлэгт хамрын ясны хагалгаанд орж эмчлүүлсэн. Тухайн үед эмчилж байсан эмч маань зүүн талын хавирга чинь хугараад өөрөө бороолж эдгэсэн байна гэдгийг хэлсэн юм. Монголд үүн шиг харамсалтай явдал зөвхөн надад биш Монголд амьдарч байгаа олон хэлгүй хүмүүст тохиолддог гэдгийг  хожмоо олж мэдээд их харамссан.

Монголд эмнэлэг, шүүх, цагдаа гээд ер нь хаана ч хэлгүй хүмүүст зориулсан хэлмэрч байдаггүй. Мөн бидний эрхийг хамгаалсан хуулийн үйлчилгээ алга. Сонсголгүй иргэдэд зориулсан улсын хэмжээнд ганцхан байдаг 29 дүгээр сургууль дохионы хэл, бичиг заах арга зүй хоцрогдсон тул төгсөгчид нь 10 жилийн боловсрол хангалттай эзэмшиж чаддаггүй. Ихэнх нь уншиж, бичиж чаддаггүй учраас өөрсдийгөө хамгаалж хууль шүүхэд хандах боломж байдаггүй. Надад ч бас ийм хүндрэл бэрхшээл тулгардаг байсан.

Би энэхүү нийтлэлээрээ сонсголгүй иргэдийн боловсрол болоод ядаж цагдаа, шүүхийн газрууд дохионы хэлмэрчтэй болох талаар онцгой анхаарах ёстойг шаардаж байна.

Хэлгүй дүлий хүмүүстэйгээ хэзээ хүн шиг харьцдаг болох вэ? Хэлгүй хүмүүстэй хүн ёсоор харьцаж байгаасай. Цагдаа, шүүх, хуулийн байгууллагууд хажуудаа хэлгүй хүмүүст зориулсан хэлмэрч, цаашлаад тэдний эрхийг хамгаалах хуульч ажиллуулаасай гэсэндээ энэхүү нийтлэлийг бичиж байна. Та бидний чимээгүй ертөнцийг нэг төсөөлөөд үз дээ. Таны буруу биш байхад хэлмэгдсэн гэдгээ тайлбарлахыг оролдоход хэн ч сонсож, хэн ч ойлгож чадахгүй бол та яах байсан бэ?  

 

             Г. Батболд АНУ, Вашингтон хот 2022 он