Индэр    
2022 оны 1 сарын 8
Зураг
Freelance journalist

Кадр тасрах

Зураг
onestopenglish.com

Олон жил би өөрийнхөө тасралтын талаар толгойгоо гашилгаж байсан, гэхдээ үйл явц нь их ойлгомжтой юм билээ. Цусан дахь алкохолны хэмжээ тодорхой цэгт хүрэхэд, тархины “hippocampus” гэдэг хэсэг ажиллахаа больж зогсдог.

Маш сонин содон үг байгаа биз, хиппокампус, үлгэрийн баатрын нэр шиг. Урт хугацааны санах ойг хариуцдаг тархины хэсгийг хиппокампус гэдэг. Чи хангалттай уусны дараагаар энэ хэсэг ажиллахаа больж унтардаг.

Чиний богино хугацааны ой санамж бол ажилласаар байна. Гэхдээ энэ ой санамж ердөө хоёр минутаас доош хугацааны настай. Тасарсан хүмүүс хэсэг хугацаанд ярианд оролцож ойлгож чаддаг нь ийм учиртай, бас байсхийгээд л яриагаа давтаад байдаг нь ч ийм учиртай. Энийг миний нэг найз “согтуугийн тойрог дотор гацах” гэж нэрлэдэг. Дөнгөж сая хэлснээ дахин давтан давтан ярих нь удахгүй тасрах гэж буйн дохио. Мэдээж өөр шинж тэмдгүүд бий.

Миний найз залуу надад нэг удаа ингэж хэлж байсан, “чиний нүд чинь үхсэн юм шиг, зомбины нүд шиг болчих юм аа” “Чи яг л энд байхгүй байгаа мэт” Тасарсан хүний нүд нь гүйсэн, хоосон харцтай байдаг, тархи нь залгуураасаа салсан мэт. Ер нь бол бараг л тэгсэн гэсэн үг шүү дээ.    

Зарим хүмүүс миний кадр тасарчихсан байгааг илрүүлж чаддаг болсон ч ихэнх нь хэлж чаддаггүй. Кадр тасрах өөрөө ийм л зальтай. Хүн хүнд өөр өөр, орой болгон өөр өөр байдаг. Нэг согтуу нь гэрэл толгой дээрээ тавьчихсан явж байхад, нөгөөх нь чимээгүй гөлийгөөд сууж байдаг. Хүмүүс чиний тархи унтарсан байгааг шууд мэддэг тийм ойлгомжтой шинж тэмдгүүд байхгүй.

Кадр тасарсан хүмүүс гайхмаар зүгээр юм шиг үйлдлүүд хийгээд яваад байдаг. Яг энэ хэсэгт тасрах (passout), кадр тасрах (blackout) хоёрын ялгаа гарч ирнэ. Маш их уусны дараагаар ухаанаа алдах бол тасрах. Харин кадр тасарсан үед хүмүүс чимээгүй, хөдөлгөөнгүй болдоггүй. Чи бааранд яриад, инээгээд, дээр үеийн инээдтэй явдлуудаа ярьж хүмүүст таалагдсаар ч байж болно. Караокены тайзан дээр алж байж ч болно. Нэрийг нь мэдэхгүй залууг илж таалан зогсож байж ч болно. Маргааш нь чиний тархинд энэ үйл явдлуудын талаар ямар ч ул мөр үлдээгүй, яг л хэзээ ч болоогүй мэт байх болно. Кадр тасрах үед ой санамж алга болдог, буцаж ухаж гаргаж ирэх боломжгүй.

Энгийн логик: Анхнаасаа хадгалагдаагүй мэдээллийг хаанаас ухаж гаргаж ирэх вэ дээ.  

Янз бүрийн кадр тасралтууд байдаг. Зарим нь арай дээр, кадр орж гарах, тархинд гар чийдэнгээр гэрэл анивчуулж байгаа мэт. Чи уух юм захиалж байгаагаа санах ч тийшээ яаж алхаж очсоноо санахгүй байж болно. Чи тэр залуутай үнсэлцэж байгаагаа санаж байгаа ч хэн нь эхэлж хэнийгээ өдсөнийг санахгүй.

Зарим үед бүрэн кадр тасрана, ой санамж бүхэлдээ байхгүй. Тог тасраад хэдэн цагаар ирэхгүй.

Кадр тасрах талаар бид энгийн ойлголтуудыг мэддэг ч гэсэн, нарийн ширийн ээдрээ, нюансуудыг одоо хүртэл ойлгоогүй байна. Хүний оюун ухаанаас илүү том, мэдэгддэггүй юм байдаг гэж үү? Зөнөх өвчинд эцэг эхээ алдсан хэнээс ч асуу, тархины гэмтлээр зовж яваа эхнэр/нөхрөө асарч байгаа хэнээс ч асуу.

Бид юуг санадаг, яаж, яагаад: Энэ асуултын хариуг урьд нь их уудаг байсан нэг охин биш, цагаан халаад өмсөөд лабораторид ажилладаг хүмүүс илүү сайн тайлбарлаж чадна.

Aaron White бол тэр цагаан халаадтай, кадр тасралтын талаарх хамгийн мэргэжлийн хүмүүсийн нэг. Aaron “National Institute on Alchohol Abuse and Alcholism” төвийн судлаач бөгөөд миний олон асуултад хариулсан. Ямар төрлийн алкохол уух нь миний кадр тасралтад нөлөөлдөг гэж би байнга боддог байсан. Жишээлбэл, бор өнгөтэй алкохол уухаар тасардаг гэж боддог байлаа. Aaron-ны хэлснээр бол, цагаан архи, виски хоёр яг л адил кадр таслаж чадна. Ямар төрлийн согтууруулах ундаа хэрэглэж байгаа нь сонин биш, цусан дахь алкохолны хэмжээ болоод хэр хурдан тэр хэмжээнд очиж байгаа хоёр л чухал.

Aaron хэлэхдээ, кадр тасрах талаар хүмүүс ямар хайнга ханддагт бараг дасаж байгаа гэнэ, яагаад гэвэл бидний уух соёл алкохолын аюулын талаар ярьдаггүй. “Хэрвээ дэлгүүрт бидний тархины нэг хэсгийн ажиллагааг унтрааж зогсоодог нэг мансууруулах бодис зарж байна гэвэл бид лав худалдаж авахгүй дээ.” гэж White хэлэв. Анагаах ухаанаар тайлбарлавал, кадр тасрах гэдэг бол эхэн үеийн Alzheimer өвчинтэй адил гэжээ.

Кадр тасрах тухай олон юм мэдэх тусам, урьд нь би энэ талаар яагаад юу ч мэддэггүй байснаа гайхсаар. Кадр тасрах талаар том нийтлэл хэзээ ч уншиж байгаагүй, зурагтаар энэ талаар сайн ярилцсан нэвтрүүлэг үзэж байгаагүй…

“BLACKOUT” by Sarah Hepola- номын хэсгээс орчуулав