Индэр    
2022 оны 11 сарын 2
Зураг
iKon.mn сэтгүүлч

"Гэртээ харих эрх байхгүй, харьж чадахгүй гэх бодол хамгийн хэцүү байсан"...

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

- 2022 оны нэгдүгээр сарын 7-ны нийтлэлийг дахин нийтлэв -

Цар тахлын үед харь улсад гацсан монголчууд эх орондоо ирэхийн тулд туулж өнгөрүүлсэн бодит түүхийг өгүүлэх “Эх орондоо л очихсон” баримтат киноны нээлт энэ оны нэгдүгээр сард болсон билээ. Олон улсын кино наадамд өрсөлдөх тул олон нийтэд үзүүлэх цаг хараахан болоогүйг тухайн үед найруулагчид нь хэлж байв. 

Тэгвэл нээлтээс хойш 10 сарын дараа "Эх орондоо л очихсон" баримтат киног монголчууддаа толилуулахаар болжээ. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 5-нд 13:00 цагт, 6-нд 13:00 цагт, 7-нд 20:00 цагт Тэнгис кино театрт үзэгчдэд хүргэнэ.



"Гэртээ харих эрх байхгүй, харьж чадахгүй гэх бодол хамгийн хэцүү байсан" гэж хэлэх эмэгтэйн үг сэтгэлд их хөндүүр сонсогдлоо. 

Хүн ямар ч шалтгаанаар харийг зорьсон байлаа гээд эргээд эх орондоо ирэх эрхээ хязгаарлуулах учиргүй. Гэвч КОВИД-19 цар тахал олон хүний зорчих эрх, хайртай хүмүүстэйгээ уулзах, хамт байх эрхийг ч хаасан билээ. Цааш тархаахгүйн тулд хэрэгжүүлсэн шийдвэрүүд иргэдийн эрхийг хэрхэн зөрчиж, яаж нөлөөлж байсныг өгүүлэх "Эх орондоо л очихсон" баримтат кино өчигдөр нээлтээ хийсэн юм.

Коронавирусийн шинэ төрлийн халдвар БНХАУ-ын Ухань хотод бүртгэгдсэн он цаг нь 2019 оны төгсгөл үе.

Тухайн үед үл мэдэгдэх уг вирусээр хүмүүс олноороо өвчилж эхэлсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татаж, БНХАУ Ухань хотод хатуу хөл хорио тогтоосон. Энэ л үед тус хотод суралцаж байсан 31 иргэнээ Монгол Улс МИАТ ТӨХК-ийн онгоцоор татаж авсан нь анхны тусгай үүргийн нислэг байв. Монгол хүн бүрийн сэтгэлийг хөндсөн, огшоосон тухайн үйл явдлаас хойш коронавируст халдвар дэлхийн улс орнуудад ээлж дараалан бүртгэгдсэнээр хилийн чанадад ажиллаж, суралцаж, эмчлүүлж байсан монголчуудад хүнд цохилт болсон юм. Тэд ч мөн эх орондоо ирэхийг хүсэж, тусгай үүргийн онгоцоо илгээхийг харуулдсаар байв.

Дотооддоо байгаа монголчуудын хувьд гаднаас ирэх элэг нэгтнүүд нь үхлийн аюултай халдвар мэт харагдаж, ад шоо үзэж байсан бол шийдвэр гаргагчид өөрсдөө айдаст автан, гэнэтийн шийдвэрүүдийг ээлж дараалан гаргасан юм. 

Харин тэдгээр шийдвэрүүд, нийгмийн хандлага хилийн чанадаас эх орондоо, гэртээ харих гэсэн монголчуудад ямар аймшигтай шийтгэл байсныг хожим нийтээрээ ойлгосон биз ээ. Тэдний туулж өнгөрүүлсэн үнэн бодит түүх, нислэгээ хүлээх хугацаанд гэр бүл, өөрсдийнх нь эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд ямар хохирол бий болж, ямар үйл явдлууд өрнөсөн талаар Зөвийг шүгэлдэгчид ТББ-ын санаачилгаар бүтээсэн "Эх орондоо л очихсон" баримтат кинонд өгүүлжээ.

Тус баримтат киноны зохиолчоор ажилласан Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Золжаргал "Баримтат кино бол амьдралын урсгал дунд болж өнгөрч буй зарим үйл явдлыг бодож, тунгаах боломж олгодог. Хүн бол эх орныхоо үнэт эрдэнэ байх ёстой. Хүн эх орноороо бахархдаг, эх орон нь иргэнээрээ бахархдаг байх ёстой. Үүнийг харуулахыг зорьж киногоо хийсэн. Зарим хүн гадаадад гацсан иргэдээ авчирсан л биз дээ гээд нэг их тоодоггүй. Харин хүн бүр өөр өөрийн зовлон туулж ирж байгаа" хэмээн нээлтийн үеэр хэлэв. 

Гацсан иргэдийн үзэж туулсан, сэтгэлээрээ мэдэрсэн зүйлс нь эх орондоо, гэртээ байсан бидний хувьд төсөөлж ч чадахааргүй явдлууд байлаа. 

"Гуравхан цаг нисээд очих эх орон маань дэндүү хол санагдсан" хэмээн БНСУ-д гацсан эмэгтэй хэлсэн юм. Түүний энэ үг гадаадад гацсан олон мянган иргэний сэтгэлд оршсон хөндүүрийг илтгэх мэт. 

АНУ-ын магистрын хөтөлбөрт суралцаж байсан бүсгүй эх орондоо ирэхийг тулд дэлхийг бараг тойрсон гэлтэй. Нислэгүүд цуцлагдаж, агаарын хил хязгаарлагдаж эхэлсэн үед эх орноо зорьж, Алтанбулаг боомтоор монгол иргэдийг нэвтрүүлж байгаа тухай мэдээлэл авмагцаа ОХУ-ыг зорьжээ. Гэвч ОХУ гадаад иргэдийг хүлээн авахаа зогсоосноор хил нэвтэрч чадалгүй, Лондонд очжээ. Лондоноос Тайвань, Тайваниас Солонгост очоод гацсан зэргээр тун хол зам туулсан тухайгаа баримтат кинонд хуваалцсан юм. 

Мөн энд холбогдох албан тушаалтнууд хүний нэр хүндэд халдсан тохиолдол ч гарчээ. Жишээлбэл, Оросын холбооны улсад уламжлалтын эмчээр ажиллаж байсан эмэгтэйг КОВИД-19-ийн халдвар тээж ирсэн мэтээр ЭМЯ тогтмол хурлынхаа үеэр ил тод зарлажээ. Ингэхдээ иргэний нэр, эрхэлдэг ажлыг ил тодоор зарласнаар тухайн хүнд ихээхэн доромжлол иржээ. Өвчтөний нэр төр, аюулгүй байдлыг харгалзаж мэдээлэх учиртай байтал улс орон даяар зарласан нь хүний эрхэд ноцтой хандсан асуудал юм.

Энэ мэтээр гадаадад гацсан иргэдийн эрх хэрхэн зөрчигдөж байсныг өгүүлэх "Эх орондоо л очихсон" баримтат кино төрлөө. Үзэгчдийн хүртээл болгох цаг хараахан болоогүй, дөрвөн хэл дээрх хадмал орчуулгатайгаар олон улсын кино наадмуудад оролцох тухай бүтээгчид нь хэлсэн юм.

https://fb.watch/anjhRMyJK3/