Индэр    
2022 оны 1 сарын 1
Зураг
Freelance journalist

Шинэ оны эрдмүүд #2

Зураг
Illustration: genselisepici

Чиний бүх л амьдрал сэтгэл эдгэрлийн цуврал байх болно. Угаасаа амьдрал ийм. Амьдарна, давхаргуудаа хуулна, улам гүн рүү орох шаардлага гарна, тэгээд чи жилийн өмнөхөөс, сарын, долоо хоногийн, бүр нэг минутын өмнөхөөсөө ч илүү үнэн бодит болсон тэр хэсэг рүү гээ живэн орно. Ерөнхийдөө ангижрах гэж хэлж болно. Яг одоо тохиолдож буй амьдралыг эдлэн туулаад, чамайг хойш татаж буй бүхнээс ангижрах.

Нийгмээс тулгаж өгсөн нөхцөлөөс ангижрах. Өөртөө босгосон хана хэрмээ нураах. Эдгэрэл шулуун дардан биш. Нэг л өдөр төгс байдлаар ирэхгүй. Энэ бол өөрийгөө бий болгох. Нууцыг тайлах. Орооцолдсон тэр ээдрээг бага багаар тайлах.

Өөрийгөө олж мэдэж таниад өөрөөрөө байна гэдэг даалгаврыг “дуусгах” гэж бүү яар. Бүхий л амьдралынхаа турш өөрийгөө судална.

Өөрөө өөрийгөө бий болгох, сэтгэлийн давхаргаа хуулах, буцаад бухимдах, дахиад хуулах-ийм л замаар амьдралыг туулахаар чи зохион бүтээгдсэн. Бүгдээрээ хоорондоо хамааралтай. Амьдралын нэг хэсэг. Заримдаа чамд завсарлага хэрэгтэй байж болно, гэхдээ өөрийнхөө илүү үнэн хувилбар болох энэ үйл хэргээсээ хэзээ ч ухарч болохгүй.

Чи илүү “сайн” болох гэсний хэрэггүй. Зүгээр л илүү үнэн. Илүү чи. Илүү өөрийгөө илэрхийлэх. Илүү чөлөөтэй.

Сайхан амьдарч байна уу, муухай амьдарч байн уу, юугаар хэмжих вэ? Амьдралын чинь үнэ цэнэ энэ хэмжээсээр тодорхойлогдоно. Мэдээжийн, нийгмийн үзэмжээр хэмжихийг хүсэх нь аргагүй л дээ. Хэдийг олов, алдав. Биеийн хэлбэр галбир чинь ямар байна. Хэмжээ. Тоо. Метр.

Энэ бүхэн заавал чухал биш байх албагүй ч, өөр олон сонирхолтой хэмжих аргууд бий. Хэр их хайр өгч, авч, зөвшөөрч чадаж байна. Өөрийнхөө сэтгэлзүйд хэр их анхаарал тавьж, эдгээж, тэнхрүүлж байна, өөрийнхөөрөө амьдарч чадаж байна уу? Өмнөх байснаасаа арай дээр болж уу? Чиний дотор буй олон хүмүүсийн хэдийг нь гаргаж ирээд, хүлээн зөвшөөрөөд, байгаагаар нь байлгаж байна. Өөртөө болон өрөөлд яаж сайн сайхан хандаж байна. Бусдыг боддог, өрөвддөг сэтгэл чинь ямаршуухан байна. Зүрх чинь яаж байна. Итгэл найдвар чинь байна уу?

Амьдралыг тоогоор хэмжих хэтэрхий жижигхэн бас хязгаарлагдмал. Чиний болоод амьдралын ээдрээг тоо ганцаараа илэрхийлж чадахгүй. Чи яаж хайрладаг вэ? Хэцүү үед яаж даван туулдаг вэ? Хэн ч хараагүй байхад чи хэн бэ? Чи ганцаараа өөртэйгөө байж чадах уу? Энэ ертөнцийн бүхий л зөрчлүүдтэй яаж тохиролцох аргаа олоод хажуугаар нь жоохон ч гэсэн кайфтай, баяртай байж чадаж байна уу? Чи хэр зэрэг “амьд” байна аа ер нь?

Дотносол гэдэг зөвхөн бие мах бодийн юм уу романтик түвшинд болдог зүйл биш гэдгийг ойлгож ухаарах болно. Хэн нэгэн чам руу анх удаа харахдаа л нэвт харж чадах үед гэнэт чи түүнд хамаг дотоод сэтгэлээ уудалж байх болно.

Хэн нэгэнд чи цуглуулгаа үзүүлэх үед тэр чамайг бага зэрэг илүү ойлгож авч байгааг мэдрэх болно.Ганцаардсан үедээ чиний сэтгэцийн эрүүл мэндэд муугаар нөлөөлөх тэр нэг хүн рүү залгаж, мөрдөж мөшгөж байхаас илүүтэйгээр мөхөөлдөс идэнгээ тэр нэг киног 30 дахь удаагаа үзнэ.Чи тасалгааныхаа цэцэг, гэрийн тэжээмэл амьтан, тагтан дээр ирдэг тагтааны төлөө амьдарч эхэлнэ.

Гэрийн хоол амттай санагдах болж, өдөрт хаяа завсарлага авч өөрийнхөө амьсгалж буйг чагнах, цэвэрхэн хувцсаа харах, гал тогоогоо янзлах нь урам зоригийн подкаст сонссоноос дээр гэдгийг мэддэг болсон байна. Ямар ч зүрх шархлуулам шүлгээс олохгүй гоо үзэсгэлэнг хамгийн энгийн зүйлээс л олдог гэдгийг хорвоо чамд харуулах болно.

Нэг л өдөр чи хэрэггүй стресстэхээ больчихсон, зуршлаараа биш зорилгынхоо дагуу амьдардаг болсон байна. Халаасаа хоослон, цаашаа үүрээд явахад хүнд байгаа ачаануудаа тавьж явуулна.

Хэн нэгэн чамд новшийн тал зүрхээ санал болгоход чи зүгээр л инээгээд татгалзах болно. Яагаад гэвэл хайрыг олно гэдэг нь өөрийгөө олно гэдэгтэй утга нэг . Чи яг хэн гэдгээ олж таньсан үед чи хайрыг олно, яагаад гэвэл хайр бол чи.

Ертөнц чамайг аврахыг хүлээлгүйгээр өөрөө өөрийгөө аварч эхэлнэ.

 

Jamie Varon & Rae Pathak-с орчуулав