Индэр    
2021 оны 12 сарын 31
Зураг
Freelance journalist

Шинэ оны эрдмүүд #1

Зураг
Illustration : Anna Pan

Чи хүсдэг юмнуудаа яг яагаад хүсдэгээ шалгаж нэг үзээрэй.

Юунаас болж? Тэд бидэнд ингэж хэлдэг: том байшин, дараа нь тэрнээс ч том байшин. Жил болгон бид машинаа сайжруулах, хувцас хунар харагдах байдлаа сайжруулах, цалингаа сайжруулах ёстой. Улам л эрч хүчтэй, мотивацтай. Гэхдээ бид нэг л газраа, хэзээ ч сэтгэл ханамжгүй, яагаад гэвэл аз жаргалыг цуглуулах гээд ойлгочихсон учраас. Амжилт, магтаалыг цуглуулах. Чи хамгийн сайн нь байх үед аз жаргалтай болно. Чи яг тэнд л хүрчихвэл аз жаргалтай болно. Тэгээд чи тэнд хүрээд очиход дахиад л нэг хүрэх ёстой газар хүлээж байх болно.

Тэгэхээр яг юу чамайг хөдөлгөдөг вэ? Юуны төлөө? Хэнд харуулах гэж? Хэнд батлах гэж? Яагаад? Хэрвээ чи ямар нэг юманд бүх бие сэтгэлээ зориулах гэж байгаа бол эхлээд яагаад энэ тийм чухал вэ гэдгээ мэдэх хэрэгтэй. Тэгэхгүй бол яг одоо байгаа мөчдөө баяр баясгалан, амар амгаланг мэдэрч чадахгүй болчихвол яана. Яг юу чамд хамгийн чухал юм бэ? Энийгээ мэдэж аваад бусад бүх юмыг тоохоо боль.

Завгүй бай, би завгүй гэж өөрийгөө магтах нь нэг л өдөр биднийг устгана шүү.

Сэтгэлээ эдгээх завгүй, өөрийнхөө тусгалтай тулах цаггүй, бууж өгөх боломжгүй байвал өөрийнхөө жинхэнэ бие, үнэн сэтгэлээс тасрах эрсдэлтэй. Би тэгнэ ингэнэ гэж явсаар нэг л өдөр ядарч унаад, өөрийнхөө голыг буцаад олж чаддаггүй. Өөрийнхөө голоос тасарсан биеүүд ухаангүй үйлдлээр цаанаасаа л медиа, маркет хоёрын боол болдог. “Consumerism” (худалдаа наймаа, хэрэглэгч) төвлөрөлгүй хүмүүс ихсээсэй л гэж залбиран суугаа.

Өөрийн төрөлх зөн зовингоосоо хэр холдоно, тэр хэмжээгээрээ тоглуулна, ашиглуулна, зальдуулна. Ингээд сэтгэлийн эдгэрэл, трансформацад чинь ямар ч тус болохгүй шийдвэрүүд гаргаж, утгагүй зорилгуудыг урдаа тавина. Үүнтэй тулалдъя гэвэл бид өөрийн ухаантайгаар дотоод амьдралаа чухалчилна гэдэг шийдвэр гаргах ёстой. Амьсгалаа чагнах, биеэ сонсох, мэдрэмжээ ажиглахаас л эхэлнэ. Өөрсдийгөө хэт ажлаар дарсан гал дундаас гарч ирээд, өөрсдийгөө байгааг сана. Хурд хүчинд донтсон нийгэмд энэ бүхэн эхлээд эвгүй санагдаж магад, гэхдээ хэр удаан урагшилсан ч бай, ямар ч байсан бид гэртээ, өөр дээрээ ирнэ.

Хэн нэгэн чамайг сонгохыг хүлээхээ зогсоогоод өөрийгөө сонгосон үед сайн сайхан зүйл тохиолдож эхэлнэ. Эхлээд өөрийгөө хайрласан үед. Өөрийнхөө дүрстэй ганцаараа байж чадах үед. Өөрийнхөө үнэнээс зугтаахаа болих үед. Зөв хүмүүс гарч ирдэг. Зөв боломжууд харагдаж эхэлнэ.

Өөрийнхөө үнэлэмжийг өсгөхөөр хичээх, учир зүггүй зүтгэх гэнэт л утгагүй санагдаж, оронд нь амьдралын урсгалтай нэгдэн нийлэх болно. Авах, хүрэх ёстой гэж шүүрс алдаж байсан бүхэн чинь илүү амархан ирж байгаа мэт санагдана. Чи өөрийгөө сонгосон үед бусад бүх хүмүүс, бүх зүйлс чиний түвшинд босож ирэх хэрэгтэй болно. Чиний хүсдэг бүх сайхан зүйл яг л ирэх ёстой цагтаа ирнэ. Мэдээж чи хичээнэ, ажиллана. Гэхдээ энэ удаад зөв хүмүүстэй, зөв боломжуудтай хамт. Амьдрал дотроосоо гэрэлтэнэ. Чи ч дотроосоо гэрэлтэнэ.

 

Jamie Varon- с орчуулав