Индэр    
2021 оны 12 сарын 7
Зураг
Эдийн засагч, шинжээч

ЁО ЁО ТОГЛООМ – ЦУВРАЛ 1

Зураг

Та бид нийгэмд үйлчилж буй системийн нэг л эргүүлэг. Энэ систем яаж ажиллахаас хамаарч хэсэг нь баян болж, хэсэг нь ядуу болж, хэсэг нь хоёр идэхгүй хоосон хонохгүйг хичээж амьдардаг. Гэхдээ танд үйлчилж буй системийн дүрмийг ойлгохгүй амьдарна гэвэл та нүдээ боогоод машин барьж байгаатай адил.

Өдөр тутмын шийдвэр гаргалт, ажил мэргэжил, амьдралдаа өөрөө л шийдвэр гаргаад байгаа мэт боловч таны шийдвэр гаргалтад систем хэрхэн нөлөөлж буйг бодох хэрэгтэй. Бидэнд уг систем нь боломж олгоод байна уу? Эсвэл боломжийг нь хулгайлж байна уу? гэдгийг бодох хэрэгтэй Би энэ талаар л та бүхэнтэй хуваалцах гэсэн юм.

ОНОЛЫН ХОЁР ТУЙЛ

Ер нь хүн төрөлхтний түүхэнд тэгш байдлыг бий болгодог систем гэж байгаагүй. Жишээ нь, Хаант засаглал, шашинчлалын дарангуйллын үед бол тэгш байдал гэх ч ойлголт байгаагүй. Харин энэ бүхнийг шүүмжилж системийн сиймхийгээр гийсэн үзэл баримтлалын өнөөгийн тусгал бол Либерализм. Энэ үзэл баримтлал хувь хүний эрх чөлөө, хувийн өмчтэй байхыг уриагаа болгоно. Дотроо соёл, эдийн засаг, улс төр хэмээн өргөн хүрээнд хуваагдах тул зөвхөн эдийн засаг талаас нь л авч үзье.

Либерализм эдийн засагт буумагцаа төрийн оролцоог хүчтэй шүүмжилдэг. Зах зээл өөр өөрийгөө зохицуулаад явчих чадвартай(хүнийг ариун цэврээ сахихад хүртэл төр оролцох нь утгагүй гэж егөөддөг) гэсэн Адам Смитийн үндэслэсэн Сонгодог онолоор илэрдэг. Үнэхээр л 1800-д оноос 1930 оны их хямрал хүртэл эдийн засгийн үзэл баримтлал хэмээх эзэнт гүрэнд СОНГОДОГ-ууд ноёлж байв. Хүний амьдралаар бол 3 үе өнгөрөхөөр энэ хугацаанд өвөө, аав, хүү гуравт энэ үзэл баримтлал шингэхүйц байсан хэрэг. 

Яг энэ үзэл баримтлалын эсрэг туйлд нь Марксизм зогсоно. Өнөөдөр та ажил олгогчтойгоо цалингаа тохирч чадаж байна уу? Цалин чинь суурь хэрэгцээгээ хангахад үнэхээр хүрэлцэж чадаж байна уу? Хямрал бүрээр ажилгүй болж хяргуулж байна уу? Тийм ээ, чөлөөт зах зээлийг дээдэлдэг капиталист систем ийм л харгис, тогтворгүй. Капиталын эздэд хөдөлмөрөө мөлжүүлж, нийгмийн дийлэнх баялгийг эздэд төвлөрүүлж, эдийн засагт тэгш бус байдлыг бий болгодог систем гэж К. Маркс үзсэн. Тиймээс ч төрийн хатуу зохицуулалт хэрэгтэй хэмээн үздэг. 

ОНОЛЫН ШАЛГАРАЛ

Түүхэн явцад Либерализм, Марксизм хоёр шалгалтаа өгсөн. Онолын хувьд ч, практикийн хувьд ч дэлхийн ихэнх улс орнуудад Либерализм ялалт байгуулж, өөрийгөө дархалсан. 1990 онд коммунист нийгэм нуран унаснаар Марксизм практикийн хувьд балран одсон юм. 

ОНОЛЫН СОЛИОРОЛ

Харамсалтай нь СОНГОДОГ-уудын хувьд хар дарсан өдрүүд эхлэх нь тэр. 1929 онд Дэлхийн эдийн засаг хүнээр бол хүчтэй өвдөв. Тус өвдөлтийг СОНГОДОГ-ууд оношлох гэж, эмчлэх гэж хичээсэн ч амжилт олоогүй төдийгүй өвчний шалтгааныг нь олж мэдэж чадсангүй. Тэрхэн хугацаанд СОНГОДОГ-уудын үзэл баримтлал сууриараа ганхаж нурсан юм. Улмаар тэдний бүлээн нурам дээр төрийн оролцоог дэмжсэн, зах зээлийн тогтворгүй байдлыг шүүмжилсэн КЕЙНС-н онол гарч ирэв. Хямралыг тайлбарлаж, эмчилж чадсан Кейнсийн онолын мандан бадрал тийм ч удаан үргэлжлээгүй юм.

Хоёр туйлын үзэл баримтлалын тэг дундуур, давуу сул талуудыг нь өөртөө шингээсэн Нео-Либерализм гарч ирсэн нь Либерализм, Марксизм чигтэй эдийн засагчдад онолын солиорол мэт санагдсан биз ээ. Хэдий тийм ч 1980-д оноос өнөөдрийг хүртэл дэлхийн ихэнх улс оронд дагаж мөрдөж буй нь Нео-Либерализм юм. Төрөөс эдийн засгийн зохицуулалт хийхийг зөвшөөрдөг, гэхдээ төр өрсөлдөөнийг хааж боохыг нь эсэргүүцдэг гэдгээрээ онцлог. 

НЕОЛИБЕРАЛИЗМЫН АСУУДЛУУД

Өнөөгийн системд тэгвэл ямар асуудлууд тулгарч байна вэ? Неолиберал эдийн засагт буусан систем нь төгс байсангүй. Тиймдээ ч олон асуудлыг өөртөө дагуулсан. 
Бодлогын тогтворгүй байдал ихээр үүсэв. Улс орнууд даяарших биш дангааршиж, амь амиа бодох бодлого барьж эхэлсэн 2010 оноос хойш улс орнуудад бодлогын тодорхой бус байдал давамгайлсан. Дэлхийн 200 орчим улсаас тал нь улс төр, бодлогын тогтворгүй байдалд байна. Бид зэвсэг барьж бие биетэйгээ байлдаагүй ч дэлхийн 3-р дайн нь өөрөө эдийн засагт өрнөж байна. Ковидоос өмнөх худалдааны дайнаас бид харах боломжтой.

 

Баялгийн тэгш бус хуваарилалт даамжирсан.

Өнөөдөр дэлхийн хүн амын 1 хувь нь дэлхийн баялгийн хагасыг эзэмшиж байгаа бол дэлхийн хүн амын тал хувь нь баялгийн 1.4 хувийг эзэмшдэг. Энэ бол баялгийн хуваарилалт хэрхэн явагдаж буйг харуулна.Гэтэл энэ үзэгдэл дээрдэж байна уу? дордож байна уу? гэдгийг топ баян хүмүүсийн хөрөнгөөс харах боломжтой. 2009 онд дэлхийн 380 тэрбумтаны хөрөнгө дэлхийн хүн амын 50 хувьтай тэнцдэг байсан бол 2018 онд 26 тэрбумтантай тэнцэх болжээ.

 
 

Ихэнх хурдтай хөгжсөн, өссөн улс орнуудын өсөлт удааширч эхэлсэн. Хөгжиж буй орнууд өрийн хавханд ихээр өртөж байна.

Өнөөдөр дэлхий бүтээсэн баялгаасаа хэд дахин өндөр өрийг бий болгосон. Энэ өр хэрхэн бий болов? Дэлхийн хөгжлийн хөдөлгүүр дэлхийн 2-р дайны дараах 30 жил хурдтай өсөж байв. Гэвч 1980-аад оны үед энэ өсөлт саарсан. Шалтгаан нь юу байв? Эдийн засгийн хамгийн том хэрэглэгч болох өрхүүдийн хэрэглээ буурсан. Яагаад? Учир нь тэр их өсөлтөөс тэд хүртэж хангалттай чадсангүй. Цалин нь хүссэнээр өссөнгүй. Тиймээс дараагийн эрэлтийг нэмэгдүүлэх гол арга нь зээл байв. Өрхүүд моргейж, машин, хэрэглээ гээд бүх төрлийн зээл авах боломжтой болсон. Улмаар эдийн засаг зээлийн систем рүү ингэж шилжсэн юм. Одоо Засгийн газар нь ч, өрх нь ч, хувийн сектор нь ч бүгд зээлтэй. Өрийн дарамтад байна. Сүүлийн 10 жилд л гэхэд дэлхийн өр 4 дахин нэмэгджээ.

 

Уур амьсгалын өөрчлөлт хүчтэй явагдсан.

Аж үйлдвэрийн хувьсгал, өсөлтийн араас хэт хөөцөлдсөн нь дээр дурдсан нийгмийн асуудлуудаас гадна байгаль орчинд ихээхэн сөргөөр нөлөөлж байна. Дэлхийн уур амьсгал өөрчлөгдөж, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж, түүнээс улбаатай амьтдын амьдрах бүс нутаг өөрчлөгдөж, вирус тахлын тодорхой шалтгаануудыг үүсгэсээр байна. 

ДҮГНЭЛТ

Тэгэхээр бидэнд үйлчилж буй энэ систем баялгийн тэгш бус хуваарилалт, өрийн дарамт, бодлогын тогтворгүй байдал үүсгэж, уур амьсгалын өөрчлөлтийг хурдасгалаа. Дэлхий нийтээр хямралаас гарах гэж зах зээлд их хэмжээгээр мөнгө цутгадаг уламжлалт бодлого нөлөөлөхөө байж байна. Хөрөнгө оруулалтын чиг хандлагууд өөрчлөгдөж байна. Онолын хувьд, эдийн засаг унахад хөрөнгийн зах ч унадаг. Гэтэл өнөөдөр эдийн засаг уналттай хэрэглэгчийн хүлээлт муу байхад хөрөнгийн захын үзүүлэлт, үл хөдлөхийн үнэ, түүхий эдийн үнэ бүх цаг үеийн хамгийн өндөр түвшиндээ хүрээд байна. Өөрөөр хэлбэл, санхүүгийн систем өмнөх шигээ ажиллахаа больж байна. Улмаар хямралаас сэргэлт, өсөлтөөс уналтын хооронд явсаар бид ямар хөгжлийн түвшинд хүрэх гээд буйгаа ч ойлгохоо байв. 

Эдийн засаг гэж зүгээр нэг хий хоосон зүйл байдаггүй. Үүний цаана хүмүүс байдаг. Тэгэхээр энэхүү өсөлт гэх зүйл хүмүүсийн амьжиргааг дээшлүүлэх, ажилтай байлгах, аз жаргалтай байлгахад чиглэж байвал бид сая хүртээмжтэй өсөлт гэж ярих ёстой. Гэтэл бидний тоглож буй системд энэ хүртээмжтэй өсөлт уриа, лоозон мэт болжээ. Гэлээ гээд энэ системийг орлож чадах систем гарч ирэхгүй л байна.
Эцэст нь энэхүү систем бидэнд олгогдсон сонголт уу? хувь заяаны тулгалт уу? гэдгийг та тунгааж нэг үзээрэй

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...