Индэр    
2021 оны 11 сарын 22
Зураг
Freelance journalist

Насанд хүрэх АМАРГҮЙ

Зураг

Бидний амьдарч буй эргэн тойронд эмоцыг анхааралтай авч үзэж хайхардаггүй учраас нас нь явсан ч хүүхдийн сэтгэхүйтэй хэвээрээ хүмүүс байх нь элбэг.

Бид сэтгэл хөдлөлийн шуурган дунд ниссээр байдаг нь сэтгэл хөдлөлөө удирдаж сураагүйтэй холбоотой. Сэтгэл хөдлөлөө удирдаж сураагүй хүн реакц буюу шууд бодохгүйгээр хийдэг хариу үйлдэл ихтэй байна. Ерөнхийдөө, бид өөрсдийгөө удирдах биш эмоц (сэтгэл хөдлөл) бидний үйлдлийг удирдаж байна гэсэн үг.

Энэ нь үргэлж өөрийгөө буруутгах, зовоох тойрог руу хөтөлж оруулдаг. Би яагаад ийм, тийм үйлдэл хийчхэв дээ гээд бид өөрийгөө дотроосоо хэмлэж эхэлдэг шүү дээ.

Насанд хүрээгүй хүн юмыг хар цагаанаар боддог. Насанд хүрээгүй хүмүүсийн сэтгэл хөдлөл яг хүүхэд шиг байдаг. 

Өөрөөр хэлбэл, би бүхний өмнүүр гэсэн сэтгэлгээ давамгайлна. Бусад хүмүүс түүнтэй бодол санаагаа хуваалцах, итгэл үнэмшлээ нээх, өөрөөр бодсоноо хэлэх боломжгүй. Насанд хүрээгүй хүнтэй найдвартай харилцаа үүсгэх амаргүй. Учир нь тэд ямар ч үед яаж ч мэдэхээр эвгүй, өөрийнхөө бодолд бүрэн автсан тул өөрөөр юмыг харах чадваргүй.

Насанд хүрэхийн тулд ажиллагаа ихтэй. Дасгал сургууль хэрэгтэй. Аливаа асуудалд шинэ хэв маягаар хандаж хариу үйлдэл үзүүлэхийн тулд байнгын анхааралтай ухаан сэргэг байх хэрэгтэй. Хэрвээ бид хандлагаа өөрчилж чадвал, бие болон оюун ухаан маш тодорхой мессэжийг биднээс хүлээн авна.

Тухайлбал,

  • Би хэрхэн яаж хүлээн авч хариу үйлдэл хийхээ өөрөө сонгож чадна.
  • Би өөр нэгэн талын өнцгийг хэрүүл хийж үгүйсгэлгүйгээр хүлээж авч чадна.
  • Би эргэн тойрныхоо хүмүүсийн сэтгэл хөдлөлийг удирдан захирахыг хичээхгүй. Ийм байдлаар хүн өөртөө тодорхой мессэжүүдийг өгснөөр бодлогогүй хурдан хариу үйлдэл хийхгүй гэдэгтээ өөртөө итгэлтэй болдог.

Насанд хүрсэн хүмүүс ямар байдаг вэ?

1. Өөрийгөө болон бусдыг уучилж өршөөх, нинжин сэтгэлтэй байх ухаантай. Шүүмжилж гоочлохыг урьтал болголгүй сайн талыг эхэнд харах чадвартай.

2. Хариу үйлдэл үзүүлэхээсээ өмнө түр завсарлага авч чаддаг. Стресстэй хүнд нөхцөлд шууд сэтгэл хөдлөлдөө удирдуулан хандах бус, ухаан сэргэг анхааралтай төлөв байдлаас хариу үйлдэл үзүүлэх чадвартай.

3. Хүн хоорондын харилцаандаа бусдын зовлон шаналлыг зөвшөөрдөг орон зайтай. Бусдын бодит байдлыг үгүйсгэж, үл тоолгүйгээр зовлон шаналлыг нь ойлгодог. Харилцааны асуудлыг нээлттэй, үнэн шударга, өөрийнхөө эмзэг байдлыг харуулахаас айлгүйгээр, нуулгүйгээр ярилцаж хэлэлцэх чадвартай.

4. Хэрүүл маргааны үед орилж хашхирч хэн нэгнийг доромжлохгүйгээр шийдвэрлэж чаддаг. Зөрчилдөөний үед өөрийгөө унтрааж нурж унаад чимээгүй болон зугтдаггүй. Насанд хүрэгчид хоорондоо маш тодорхой сайхан харилцаж чаддаг. Хэрэгтэй үедээ завсарлага авч чаддаг.

5. Бусдын хил хязгаарыг хүндэлдэг, давж орж ирдэггүй. Өөрсдийн маш тодорхой хил хязгаартай, хэн тэр хүнтэй яаж харьцаж болох болохгүйн зааг ойлгомжтой. Тэр ч утгаараа хүний орон зай хил хязгаарыг хүндэлдэг, тийшээ ордоггүй.

6. Байнгын асуулт асууна. Бусад хүний үйлдлийн талаар шууд өөрөө таамаглан дүгнэлт хийлгүйгээр ил тод ярилцаж асууна. Насанд хүрсэн хүн бусад хүний бодол, мэдрэмжийг тааж мэдэж чадахгүй гэдгээ мэддэг.

7. Өөрийн үйлдэлдээ өөрөө л хариуцлагатай гэдгээ мэддэг. Бусдад буруу тохдоггүй. Хариуцлага бол хувь хүний эрх чөлөө гэдгийг ойлгодог байна.
 

Эх сурвалж:  The Holistic Psychologist