Индэр    
2021 оны 11 сарын 18
Зураг
Freelance journalist

Хүүхдээ тоохгүй байх нь үл үзэгдэгч сэтгэцийн гэмтэл

Зураг
imageric.com

Эцэг эх асран хамгаалагчид өөрсдөө юу болж байгааг мэддэггүй.  

Хүүхэд сэтгэл хөдлөлтэйгөө хэрхэн харьцахыг харах, ажиглах, хариу үйлдэл үзүүлэх, туслах нөөц бололцоо эцэг, эхэд байхгүй үед хүүхэд орхигддог.

Хүүхдийн сэтгэл хөдлөлийг хайхралгүй орхих нь ихэвчлэн ухаангүйгээр цаанаасаа хийгддэг үзэгдэл юм. Эцэг эхчүүдэд өөрсдийнхөө эмоцийн асуудалтай хэрхэн ажиллах талаар ямар ч багаж өгдөггүй нийгэмд амьдарч байгаа болохоор юун хүүхдийнхээ эмоцийн асуудалд анхаарахтай манатай байдаг. 

Хүүхдийн эмоцийг хайхралгүй орхигдуулах гэдэг нь:

  • Стресстэй эсвэл ямар нэгэн том асуудал болсны дараа хүүхэдтэйгээ ярилцахгүй, дэмжихгүй байх (зугтаах, үгүйсгэх )
  • Байнга хүүхдийн мэдрэмжийг баталгаажуулж өгөхгүй байх (сүртэйшдээ, одоо март, эр хүн шиг бай л даа, гуниглах юм юу ч болоогүй байна, тийм юм ерөөсөө болоогүй гэх мэт)
  • Тэр хүүхэд яг байгаагаараа хэн бэ гэдгийг мэдэж ойлгохгүй байх, хүүхэдтэйгээ холбогдож чадахгүй байх
  • Хүүхдийг хүнд мэдээллээр бөмбөгдөх (аав чинь дандаа л өөр хүүхнүүдтэй байдагшдээ, танай ээж чинь галзуушдээ гэх мэт)
  • Хүүхэд амжилт гаргах юм уу, үр бүтээлтэй юм хийж байгаа үед л хүүхдээ анхаарах тоох
  • Хүүхдийг бага наснаас нь өөрийнхөө найз шиг юм уу том хүн шиг байлгах (хүүхэд насыг нь хулгайлах)

Бидний ихэнх нь одоо хүртэл дотроо энэ гэмтлийг тээсээр яваа гэдгээ мэддэггүй. Дараах шинжүүд илэрч байвал чи ингэж өссөн байна. 

  • Чи яг юу мэдэрч байгаагаа мэдэхэд, өөрийн мэдрэмжээ илэрхийлэхэд чамд хүндрэлтэй байдаг
  • Групп хүмүүст амархан нөлөөлөгддөг
  • Чи тууштай нэг хүнтэйгээ байж чаддаггүй, аль эсвэл хүнд итгэдэггүй
  • Чи өөрийн дотоод гүндээ өөрийгөө эвдэрхий гэж боддог, бусад хүмүүс энийг чинь мэдчих вий гэхээс айж явдаг
  • Өөрийгөө шийтгэдэг, өөрийгөө хорлодог
  • Ертөнцийг хүйтэн хөндий харанхуй аймшигтай газар гэж боддог
  • Чи өөрийгөө маш бага хэмжээнд үнэлдэг, өөрийн мэдрэмжээ дарж унтуулдаг

Ийм орчинд өссөн хүүхдүүд миний мэдрэмж хэнд ч хамаагүй, миний ямар нэг юм л буруу байна, бид өөрсдийнхөө эмоцийг нуух ёстой юм байна, яагаад гэвэл хүмүүс биднийг дэмжихгүй. Хүмүүстэй чин үнэнээсээ, сэтгэлийн нандин холбоонд орохоос айдаг, хэн нэг хүн ирж биднийг бүтэн болгоосой, авраасай гэсэн маш том хэрэгцээтэй байдаг.

Нас биед хүрснийхээ дараа ийм хүүхдүүд эцэг, эхдээ хүлээн зөвшөөрөгдөх, нэг бол өөрөөсөө өөр хүн болон жүжиглэж нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд яахаас ч буцахгүй өлсгөлөн нэгэн болдог.

Тэд дотроо хоосон, амьдрал утгагүй юм даа гэсэн мэдрэмжтэй байдаг. Хүчтэй ичих мэдрэмжтэй, тэрийгээ яахаа мэдэхгүй нэг бол өөр рүүгээ чиглүүлнэ, аль эсвэл бусад хүмүүс рүү гаргана.

Ийм хүмүүс харилцаанд хэн нэгэнтэй гүн холбогдол хүсэх боловч, яаж тэгэхээ мэддэггүй, айх юм уу аль эсвэл дарамтад орсон мэт санагдана.

Ийм хүмүүс хосын харилцаанд ямар үйлдлүүд гаргадаг вэ?

  • Нөгөө хүн чинь юу гэж бодож, юу мэдэрч байгаа бол гэж байнга бодно (орхигдож хаягдчих вий гэсэн байнгын айдастай байх нь нөгөө хүнийхээ үйлдлийг байнга хянах ёстой мэт мэдрэмжтэй болгоно)
  • Нэг харилцаанаас нөгөө харилцаа руу догдлолдоо автан шилжсээр байдаг. (Харилцааны эхэн үед нэг нэгээ бишрэх, харилцан хайр дурлалтай, нэг нэгнийхээ зөвхөн сайн сайхныг хардаг, харин харилцааг бүтээн босгоход байнгын ажиллагаа хэрэгтэй, өөрийнхөө хамгийн эмзэг хэсгээ үзүүлж холбогдох шаардлага гарна. Энийг чадахгүй байгаа учраас дараагийн харилцаа руу шилждэг)
  • Ер нь өөрийгөө сайн ажиглавал дандаа яах гэж байгаа нь мэдэгдэхгүй, тууштай биш хүмүүстэй уулзсаар байдаг (Ийм ойлгомжгүй мессэж өгдөг хүмүүс рүү өөрийн эрхгүй татагддаг. Бид танил юм руу гаа л тэмүүлдэг, хэдий хортой ч гэсэн)
  • Сексээр холбогдон жоохон ч гэсэн ойртож, дотносолтын мэдрэмж авдаг. Яагаад гэвэл сэтгэлээр холбогдож чадахгүй байгаа учраас

Яаж эмчлэгдэх вэ?

  • Эцэг, эх чинь чамтай холбогддог, эсвэл холбогддоггүй байсан нь тэд өөрсдөө ямар эцэг, эхтэй байсантай холбоотой гэдгийг ойлгох
  • Өөрийнхөө хэрэгцээг ойлгож, хангаж сурах (надад чимээгүй тайван байдал хэрэгтэй, би амрах хэрэгтэй, би юм идэх хэрэгтэй, би хөгжилтэй бүтээлч байх хэрэгцээтэй)
  • Өөрийн итгэлт хүнтэйгээ өөрийнхөө мэдрэмжийг хуваалцах
  • Мэдрэмжүүддээ хариу үйлдэл үзүүлэхийн оронд нэрлэж сурах, (би ууртай мэдрэмжтэй байна, би гунигтай мэдрэмжтэй байна)
  • Бүх төрлийн мэдрэмжийг өөрийгөө буруутгахгүйгээр мэдрэхийг өөртөө хүлээн зөвшөөрөх (уур хилэн, эгдүүцэл, гуниг)

The Holistic Psychologist-оос орчуулав.

x