Индэр    
2021 оны 11 сарын 11
Зураг
iKon.mn сэтгүүлч

$120 тэрбум ам.долларын дэлхийн зах зээлд экспорт хийж буй МОНГОЛ КОМПАНИ

Зураг

Дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг шилдэг технологи ашиглан үйлдвэрлэж, экспортод гаргаж буй Монгол компани болох "Ашид-Од" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Пүрэвдоржтой ярилцлаа.

2015 онд үүсгэн байгуулагдсан тус компани сүүлийн таван жил малын сүүгээр гэрийн тэжээвэр амьтны зажлуур бүтээгдэхүүн үйлдвэрлэж, АНУ-ын Himalayan corporation (Гималайн корпорац) компанитай хамтран дэлхийн зах зээлд нийлүүлжээ.

Харин одоо өөрсдийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнээ “DOGECHEW” брэнд болгон олон улсад гаргахад бэлэн болоод байна.

- “Ашид-Од” компани одоогоор хэдэн улсад өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ түгээж байна вэ? Одоо шинээр гаргахаар зорьж буй брэндийнхээ талаар мэдээлэл өгнө үү?

- Манай компани 2016 оноос хойш АНУ-д байрлах 536 салбар бүхий “Prairie Dog” гэрийн тэжээвэр амьтны хоол, хэрэгслийн сүлжээ дэлгүүрийн салбар компани болох Гималайн корпорацад гэрийн тэжээвэр амьтанд зориулсан нохойн хоолны зажлуур бүтээгдэхүүнийг дэлхийн стандартад нийцүүлэн үйлдвэрлэн нийлүүлж байна.

Тус бүтээгдэхүүнийг “Гималайн корпорац” АНУ-д Walmart, Petco Animal Supplies, PetSmart, Prairie Dog зэрэг нийт 20,000 гаруй сүлжээ дэлгүүрээр худалдан борлуулагдаж, мөн дэлхийн 21 оронд түгээгдэж байна.

- Гэрийн тэжээвэр амьтны зажлуур бүтээгдэхүүн олон төрөл байдаг. Та бүхний үйлдвэрлэдэг нохойн зажлуур бүтээгдэхүүний орц, найрлагын талаар сонирхуулахгүй юу?

- Зажлуур бүтээгдэхүүн нь энгийнээр хэлбэл яс орлох бүтээгдэхүүн юм. Тодруулбал, нохой заавал хатуу зүйл идэж байж шүд нь эрүүл байдаг. Шүд нь эрүүл бус нохой богино насалдаг. Тиймээс яс эсвэл ясыг орлох зажлуур бүтээгдэхүүнийг нохойд заавал өгөх шаардлагатай болдог юм.

Дэлхий дахинд 120 сая хэрэглэгчтэй энэ зах зээлд 20 орчим төрлийн зажлуур бүтээгдэхүүн худалдаалагдаж, нийт зургаан тэрбум ам.долларын багтаамжтай байна.

Манай компанийн тухайд зөвхөн цэвэр сүүний уургаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Үүнийг өндөр градуст боловсруулсан нэг төрлийн бяслаг гэж ойлгож болно.

Хэрэглэгчид урьд нь арьсаар хийсэн зажлуур эсвэл булууны яс, шөрмөсийг нохойнууддаа их өгдөг байсан. Харин 2004 оноос органик гаралтай бясалган зажлуур бүтээгдэхүүн гарч, АНУ-д хамгийн эрэлттэйд тооцогдож байна.

Учир нь 2010 оны үед тэжээвэр нохой арьсаар хийсэн зажлуураас болж бөглөрч амиа алдах тохиолдол олон бүртгэгдэж байсан судалгаа бий. Энэ мэт хүндрэлтэй асуудлаас зайлсхийж, уураг, аминдэмтэй бясалган зажлуур бүтээгдэхүүнийг илүүд үзэх болсон юм.

- Ийм бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэх санаа анх хэрхэн төрсөн бэ?

-  Би үүнээс өмнө АНУ-аас Монгол руу дуран, телескоп зэргийг импортолж байв. Тэр үед эх орноосоо бусад улс руу экспортолдог ямар нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх юмсан гэж боддог байв.

Ингээд 2015 онд би АНУ-д зорчиж байхдаа  нохойнууд тэнд монгол ааруул шиг зүйл идэж байхыг хараад сонирхолтой санаа анх төрсөн. Үүнийг хэрхэн хийдгийг, зах зээл нь хэр өргөн хүрээг хамардаг талаар судалснаар эх орондоо ийм бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах шийдвэрийг гаргасан юм.

Анх Архангай аймагт 2016 онд үйлдвэр байгуулсан боловч технологийн асуудлаас улбаалан санаанд хүртлээ, стандартад нийцэх бүтээгдэхүүн хараахан үйлдвэрлэж чадаагүй.

Улмаар дэлхийн 10 гаруй томоохон энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компанитай холбогдож, хамтран ажиллах санал явуулсан.

Тухайн үед санал тавьсан бүх компани бидэнд нааштай хариу өгсөн ч хамгийн том, амжилттай үйл ажиллагаа явуулж буй Гималайн корпорацтай хамтран ажиллах гэрээ байгуулсан юм.

Ингээд Гималайн корпорац бидэнд тоног төхөөрөмж, технологийн талаар зөвлөмж өгч, хийж буй бүтээгдэхүүнээ илүү чанартай болгох боломж олгосон. Үүний хүчинд өнөөдөр өөрсдийн брэндийг гаргах боломжтой болоод байна.

- Бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг хэрхэн цуглуулдаг вэ. Мөн өдөрт хэр хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай ажиллаж байна вэ?

- Одоогоор Хэнтий аймгийн Батширээт сум, Булган аймгийн Тэшиг сумын малчид, фермерүүдээс малын сүүг нь худалдан авч, боловсруулж байна.

Манай Улаанбаатар хот дахь үйлдвэр одоогийн байдлаар жилд 30 тонн бүтээгдэхүүн хатааж, боловсруулах хүчин чадалтай.

- Нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хэдэн литр сүү шаардлагатай вэ?

Өндөр температурт шахаж, хатаадаг учраас 100 грамм зажлуур бүтээгдэхүүн хийхэд 3.3 литр сүү хэрэглэдэг. Тэгэхээр нэг килограмм бүтээгдэхүүн хийхэд 33 литр сүү ордог гэсэн үг.

 

- Жилд хэдий хэр бүтээгдэхүүн борлуулдаг вэ?

- Гималайн корпорацад биднээс багадаа 500 тонн бүтээгдэхүүнийг худалдаж авах гэрээ хийсний дагуу нэг килограммыг нь 13 ам.доллароор таван жилийн хугацаанд нийлүүлж байна. Өнгөрсөн жил тус компанид 20 тонн бүтээгдэхүүн нийлүүлсэн.

Харин өөрсдийн брэндийг бий болгосноор нэг килограммыг нь 100 доллароор зах зээлд борлуулах боломжтой юм.

Бид энэ ажлынхаа хүрээнд алслагдсан аймгуудын малчдаас түүхий эд болох сүүг илүү өндөр үнээр авч, илүү их бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байна.

Тодруулбал, ийм зажлуур бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд нэг килограмм нь 100 долларын үнээр худалдаалагддаг. Хэрэв бид  одоо үйлдвэрлэж байгаа 30 тонн бүтээгдэхүүнээ бүгдийг нь өөрсдийн брэндийн нэр дээр гаргавал дэлхийн зах зээлд гурван сая ам.долларын борлуулалт хийх боломжтой юм.

Хэнтий аймгийн Батширээт сумаас гэхэд манайх жилдээ нийт 500-600 тонн сүү цуглуулдаг. Монгол орны эрс тэс уур амьсгалын онцлогоос хамаарч зуны улиралд сүүний гарц 3-4 дахин нэмэгддэг. Үүнийг боловсруулж эх орондоо экспортын шинэ эх үүсвэр бий болгох боломж бий.

Зарим хүн монголчууд дотоодынхоо сүүний хэрэглээг хангаж чаддаггүй гэж боддог. Гэвч үнэндээ манай улсын ихэнх сүүний үйлдвэр зөвхөн Улаанбаатар хотод байрладаг. Тийм ч учраас нийслэлийн ойролцоо байрлалтай цөөхөн аймгаас сүүгээ авдаг.

Гэтэл бусад алслагдмал аймгууд болох Хөвсгөл, Ховд, Хэнтий, Дорнод зэрэг аймагт сүүг түүхий эд болгон авах эрэлт бага байдаггүйг онцолмоор байна.

Бидний хийсэн судалгаагаар, цаашид энэ үйлдвэрлэлийг Монгол улсын 75 суманд байгуулах боломжтой. Ингэснээр үйлдвэрлэлийнхээ хэмжээг нэмэгдүүлж жилд 500 тонн зажлуур бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхийн зах зээлээс 50 сая ам.долларын орлого олох боломжтой.

- Шинэ бүтээгдэхүүнээ ямар сувгаар борлуулахаар төлөвлөж байгаа вэ?

- Бид юуны түрүүнд цахим худалдааны Амазон дэлгүүрээр бүтээгдэхүүнээ худалдаална. Дараа нь Walmart , PetSmart, Prairie Dog зэрэг томоохон сүлжээ дэлгүүрүүдээр худалдаанд гаргахаар төлөвлөж, тухайн дэлгүүрүүдэд бүтээгдэхүүнээ нийлүүлэх гэрээ, хэлцлийн ажил хийгдэж байна.

Энэ бүтээгдэхүүнийг нийлүүлэхээр хэлэлцэж байгаа Walmart сүлжээ дэлгүүр гэхэд 4,400 орчим салбартай. Хамгийн багадаа жилд 100 тонн бүтээгдэхүүн нийлүүлбэл тус дэлгүүрт өөрсдийн брэнд бүтээгдэхүүнээ борлуулахыг зөвшөөрдөг.

Мөн АНУ-ын нохойн хоол борлуулдаг томоохон онлайн дэлгүүрт жилд 20 тонн бүтээгдэхүүн нийлүүлж, жилийн эцэст төлбөрөө авна гэсэн нөхцөлтэйгөөр бүтээгдэхүүн нийлүүлэх санал авсан.

Ирэх арванхоёрдугаар сараас эхлэн www.amazon.com сайтаар борлуулалт хийхээр төлөвлөж байна.

Манай бүтээгдэхүүн монголын эдийн засаг, нийгмийн хүчин зүйлээс огт шалтгаалахгүйгээр гадаад хэрэглэгчдэд хэдийн танигдсан учраас борлуулалтад ямар нэг асуудал үүсэхгүй.

Жижиг дунд үйлдвэрлэл дөнгөж хөгжүүлж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд тэр бүр бүтээгдэхүүнээ шууд экспортод гаргаж чаддаггүй. Харин бидний үйлдвэрлэдэг энэ бүтээгдэхүүний эрэлт нь дэлхийн зах зээлд өндөр байгаа учраас экспортод шууд гаргах боломжтой.

Ингээд бид эх орныхоо эдийн засгийг дэмжих үүднээс хөдөө орон нутгийн сүүний цехүүдтэй хамтран ажиллахаар төлөвлөж байна.

 

- Орон нутгийн аж ахуйн нэгжүүдтэй хэрхэн хамтран ажиллах талаар сонирхвол?

- Манайх байгуулагдсан цагаасаа хойш дөрвөн жилийн хугацаанд тэжээвэр амьтны зажлуур бүтээгдэхүүнийг бэлтгэх технологийг Монголд нутагшуулах ажлыг хийж гүйцэтгэсэн.

Энэ бүтээгдэхүүнийг хийх үйлдвэрлэлийн технологийн аргачлалыг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зааж, зөвлөдөг.

Өөрөөр хэлбэл, манай компани өөрийн үндсэн хоёр үйлдвэрээс гадна аймгуудад байрлаж буй 4-5 сүүний үйлдвэрт ямар тоног төхөөрөмж ашиглан хэрхэн хийх зөвлөгөө өгч хамтран ажилладаг.

Тус бүтээгдэхүүнийг БНСУ, Балба зэрэг улсаас АНУ руу их хэмжээгээр импортолдог.  Тухайн үйлдвэрлэгч орон ганц газар төвлөрсөн үйлдвэрлэл явуулдаггүй бөгөөд хөдөө тосгондоо ч жижиг үйлдвэрлэл явуулж, төвдөө хураан цааш экспортод гаргах системээр ажилладаг.

Бид энэ системийг нэвтрүүлэхээр хөдөө орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй хамтран ажиллаж байна.

- Одоогоор танай компани хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна вэ. Бүтээгдэхүүнээ өөрийн брэнд нэрээр гаргаж эхлэхээр ажлын байр шинээр бий болох нь ээ?

Жилд 500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд багадаа 3,000 малчнаас сүүг нь худалдаж авна гэж тооцоолж буй. Тиймээс ойрын таван жилийн хугацаанд 40 цехийн  ажилчид, 3000 малчин орлоготой болно.

- Яг одоогоор манай компанид үндсэн 13 ажилтан бий. Зуны улиралд ачаалалтай үед 30-40 ажилчин нэмж ажиллуулдаг.

Бид таван жилийн дараа дэлхийн зах зээлд жилд 500 тонн бүтээгдэхүүн экспортолж, хөдөө орон нутагт байрлах 40 гаруй сүүний цехтэй хамтран ажилладаг компани болохыг зорьж байна.

Монгол Улсын аль ч суманд сүүний жижиг цех байгуулаад ямар ч малын сүүгээр энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, нийлүүлэх технологийг бий болгох төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Жилд 500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд багадаа 3,000 малчнаас сүүг нь худалдаж авна гэж тооцоолж байгаа. Тиймээс ойрын таван жилийн хугацаанд 40 цехийн ажилчид, 3,000 малчин тогтмол орлоготой болно.

Өнөөдөр Монголоос экспортод гарч, дэлхийн 30,000 гаруй дэлгүүрүүдээр худалдаалагддаг, худалдаалагдах боломжтой бүтээгдэхүүн үүнээс өөр байхгүй. Тиймээс энэ бол Монгол Улсын экспортын шинэ гарц юм.

Манай улс АНУ-аас нийт импортын бүтээгдэхүүнийхээ дөрвөн хувийг авдаг бол АНУ руу гаргаж буй экспортын хэмжээ энэ тоонд дөхөж ч очихгүй байна.

2021 оны статистик мэдээллээр, манай улсын 100 гаруй ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид нийт 3 сая ам.долларын бараа АНУ руу экспортолсон байна. 

Гэтэл манай компани дангаараа 200,000 гаруй ам.долларын зажлуур бүтээгдэхүүн экспортод гаргасан байгаа. Энэ тоо нь хил гаалийн саатал, тээвэр, ложистикийн хүндрэлтэй үеийн дүр зураг юм. Бид энэ бэрхшээлээс үүдэн бэлэн болсон бүтээгдэхүүнүүдээ тээвэрлэх боломжгүй байсаар байна.

- Хил гаалийн сааталтай холбоотойгоор экспортлох тоо хэмжээ хэр буурсан талаар мэдээлэл өгнө үү?

- Манай үйлдвэрлэл жил ирэх тусам тогтмол өсөж байна. Гэхдээ цар тахлын улмаас дэлхий дахинд үүссэн хил гааль, тээврийн саатлын улмаас манай зарим бүтээгдэхүүн зорьсон газраа хүрээгүй байгаа.

Цар тахал дотоодод тархсан үеэс зарим бизнесийн үйл ажиллагаа удаан хугацаанд зогссон. Үүний улмаас манай компанийн үйл ажиллагаа 2020 оны арваннэгдүгээр сараас 2021 оны дөрөвдүгээр сар хүртэл доголдсон тул энэ нөхцөл үүссэн.

- Бүтээгдэхүүнээ онлайнаар худалдаалахдаа криптовалют ашиглана гэж сонслоо. Энэ талаараа мэдээлэл өгөхгүй юу?

- Бид шинэ брэндийн бүтээгдэхүүнээ худалдаалахад зориулж криптовалют буюу койн гаргасан. Тус койн нь брэндийнхээ “DOGECHEW” нэрээр зах зээлд гарсан байна. 

Тус койн нь дэлхийн 30 гаруй улсын хэрэглэгчид манай бүтээгдэхүүнийг бидний бий болгож байгаа CHEWME онлайн системээр шууд худалдаж авах боломжтой болно.

Бид койны төслөө өнгөрсөн зургаадугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 17-ныг дуустал захиалга авч байна. Хоёр дахь арилжааг монголын хамгийн том крипто бирж дээр 25нд гаргахаар зорьж байна.

АНУ-д нийт сүүний уургаар хийсэн зажлуур бүтээгдэхүүний олон брэнд бий. Гэхдээ тэдгээр брэнд фермийн үнээний сүүгээр үйлдвэрлэдэг учраас манай бүтээгдэхүүний чанарыг огтоос гүйцдэггүй.

Тиймээс бид блокчэйнд суурилсан бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох систем хийж байгаа ба сав, баглаа дээрх QR кодоор гадаад хэрэглэгч гарал үүслийн мэдээллийг авах боломжтой болно. Гарал үүслийг нь баталгаажуулж харсан хүмүүс манай койныг урамшуулал болгон авах юм.

- Та бүхний цаашдын алсын зорилго юу вэ?

- Манай улс хоёр том гүрний дунд оршдог учир экспортлох бараа бүтээгдэхүүний төрлүүд, үйлдвэрлэлийн гарц, хэр хэмжээ, тээвэрлэлтийн гарц, боломжууд хөрш орнуудын бодлогоос хамаардаг. Тиймээс бид хөрш орнуудаас хамааралгүйгээр үйлдвэрлэл, экспортыг хөгжүүлэх гарцыг эрэлхийлэх нь чухал юм.

Тухайлбал, манай компани энэ бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гар дээр очиход бэлэн болгож үйлдвэрлэж байгаа учраас заавал хөрш орноор дамжуулах бус Өмнөд Солонгос, Япон зэрэг улсуудаар дамжуулж тээвэрлэн дэлхийд гаргах боломж байна.

Манай компани гэхэд ердөө ганцхан төрлийн бүтээгдэхүүн экспортод гаргаж байна. Гэтэл Монголоос амьтанд зориулсан органик 40 өөр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн экспортлох боломж бий. Тэжээвэр амьтны хүнс, хоол, хувцас хэрэгсэл зэрэгтэй холбоотой зах зээл 120 тэрбум ам.доллароор хэмжигдэнэ.

- Ярилцсанд баярлалаа.