Индэр    
2021 оны 11 сарын 4
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

Ангана Банержи: Эдийн засгийн сэргэлт, экспортын өсөлтийн үед шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол Монгол Улс өрийн ачааллыг даах боломжгүй болж болзошгүй

 
Эх сурвалж: ОУВС

Өнгөрсөн сард болсон Олон Улсын Валютын Сангийн 2021 оны жилийн хурал цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтэд улс орнууд ямар бодлого хэрэгжүүлэх шаардлагатай болон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг чухалчлан хэлэлцсэн юм. Дэлхийн II дайнаас хойш үзэгдээгүй томоохон хямралыг дагуулсан цар тахлын ард гарах гэж улс орнууд хамтран вакциныг хамгийн богино хугацаанд гаргасны үр дүнд эдийн засагт эерэг үзүүлэлт гарч эхэлж байгааг ОУВС онцлов. 

Дэлхийн аль нэг эдийн засгийг хүндрэл бэрхшээлээс гарахад нь бодлогын буюу техникийн болон санхүүгийн тусламж үзүүлж, хамтран ажилладаг тус байгууллага цар тахлын жилд мэдээлэл солилцох, вакцин түгээх, эмзэг орнуудын өрийг дарах, дэлхийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд олон улсын хамтын ажиллагааны түүхэнд урьд өмнө байгаагүй хэмжээнд, 650 тэрбум ам.долларын зээлийн тусгай эрхийн хуваарилалтыг баталсан болохыг хатагтай Ангана Банержи тодотгосон юм. Энэ дунд Монгол Улс багтсан.

ОУВС-ийн Монгол Улсыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч, хатагтай Ангана Банержитай ярилцлаа.



-КОВИД-19 цар тахал хоёр жил дамнан үргэлжилж байна. Энэ хоёр жилийн хугацаанд глобал эдийн засаг хэдий хэмжээнд агшиж, том зургаараа ямар сөрөг нөлөө үзүүлсэн талаар яриагаа эхлүүлье? 

- COVID-19 цар тахал 2020 онд дэлхийн эдийн засгийг хямралд хүргэсэн. Олон улс орон өргөн хүрээг хамарсан, бодлогын шуурхай хариу арга хэмжээ авсан ч дэлхийн эдийн засгийн өсөлт -3.1 хувьд хүрч агшаад байна. ийнхүү цар тахлын хүчтэй нөлөөнд өртсөн үед Ази, Номхон далайн бүс нутаг харьцангуй илүү сэргэж байгааг дурдах нь зүйтэй.

Хэдийгээр халдварын тархалт, урьдчилан сэргийлэх болон бодлогын хариу арга хэмжээ, гадаад эрэлт зэргээс шалтгаалан нөлөөлөл нь Ази, Номхон далайн улс орнуудад ялгаатай байсан ч бүс нутгийн эдийн засгийн идэвхжил -1.3 хувиар буюу дэлхийн дундажтай харьцуулахад бага агшсан нь харагдаж байна. 

2021 онд дэлхийн эдийн засаг 5.9 хувиар өсөх төлөвтэй байгаа. Энэ бол цар тахлын нөхцөлд дасан зохицож байгаа байдал, улс орнуудад үзүүлж буй бодлогын дэмжлэг, вакцинжуулалтын түвшин нэмэгдэж байгаа зэрэг нь эдийн засагт эерэг үр дүн үзүүлж буйн илрэл юм.

Халдварын шинэ давлагаа, оргил үетэй холбоотойгоор нөхцөл байдал хүнд байгаа ч Хятад, Энэтхэг тэргүүтэй орнуудын эдийн засаг 2021 онд 6.5 хувиар өсөхөөр байгаа. Энэ нь хамгийн хурдацтай хөгжиж буй бүс нутгаар Ази, Номхон далайн бүс хэвээр хадгалагдах гол хүчин зүйл болно гэж харж байна. 

Гэвч бүс нутгийн хэмжээнд өндөр технологийн экспортлогчид гадаад эрэлт хэрэгцээ, санхүүгийн таатай нөхцөлийг бүрэн ашиглаж, харин үйлчилгээ экспортлогчид болон төсвийн орон зай хязгаарлагдмал орнууд хоцрогдолтой байгаа учраас улс орнуудын хоорондын ялгаа улам гүнзгийрэх шалтгаан болж буй. Мөн бүс нутагт вакцины хүртээмжийн тэгш бус байдал нэмэгдэж байна.

Монгол Улс цар тахлын сөрөг нөлөөллийг бууруулах бодлого хэрэгжүүлсэн ч тусламж хэрэгтэй хүмүүстээ уг дэмжлэгүүд чиглээгүй ба хэтэрсэн

-Өнгөрсөн хугацаанд онцгой нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улс халамжийн бодлогыг түлхүү барьсан ч бизнесийн салбарын хамгийн гол зүйл болох хямд эх үүсвэрийн дэмжлэг оройтсон гэж салбарынхан үзэж байгаа. Цар тахлын үед хэрэгжүүлсэн манай улсын бодлогыг Та хэрхэн дүгнэж байгаа вэ? 

-2020-2021 онд Монгол Улс эрүүл мэндийн салбарын зардлаас гадна “Хүүхдийн мөнгө” хөтөлбөрийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх, Монголбанк төсвийн шинжтэй үйл ажиллагаа явуулж, санхүүгийн түр чөлөөлөх зэрэг арга хэмжээ авсан нь КОВИД-19-ийн сөрөг нөлөөллийг бууруулахад ихээхэн дэмжлэг болсон.

Хэдийгээр цар тахлын сөрөг нөлөөллийг бууруулах бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байсан ч тусламж нэн шаардлагатай хүмүүстээ уг дэмжлэгүүд чиглээгүй ба хэтэрсэн. Нэг ёсондоо байгаа төдийлөн оноогүй.
Ижил төстэй эдийн засагтай орнуудын зардалтай харьцуулахад Монгол Улсын дэмжлэгийн хэмжээ хамаагүй өндөр байсан. Үр дүнд нь төсвийн алдагдал ихээр нэмэгдэж, улсын өр 2021 онд ДНБ-ий 81.6 хувьд хүрэх төлөвтэй байна. 

Түүнчлэн Цар тахлын эсрэг хуулиар хүлээсэн төсвийн шинжтэй үйл ажиллагаа нь Монголбанкны хараат бус байдал, үр нөлөөг бууруулж, инфляц, санхүүгийн тогтвортой байдлын эрсдэлийг хянахад саад учруулж буй. Санхүүгийн хөнгөлөлт үзүүлэх ерөнхий арга хэмжээ нь мөн зарим банкны хөрөнгийн алдагдлыг нэмэгдүүлэхэд хүргэж болзошгүй юм.

Тиймээс эдийн засаг сэргэж байгаа энэ үед цар тахлын үед үзүүлсэн хэт их дэмжлэг, тусламжийг хэрэгтэй байгаа хүмүүст чиглүүлсэн илүү зорилтот дэмжлэгээр сольж, эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах хэрэгтэй.

Үүний тулд энэхүү дэмжлэгийг төсвөөр дамжуулан олгох ёстой бөгөөд ингэснээр Цар тахлын эсрэг хуулийн зорилтот бус, хэт их дэмжлэг 2021 оны эцсээр дуусгавар болох боломжтой.

-ОУВС-ийн 2021 оны жилийн уулзалт уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг чухалчлан хэлэлцсэн. Монгол Улс мөн төсөв, мөнгөний бодлогодоо харьцангуй анхаарч тусгасан. Хэрэв та мэдээлэлтэй байгаа бол 2022 оны Монгол Улсын төсөв, мөнгөний бодлогын талаар ямар байр суурьтай байна вэ?

-Цаг уурын чиг хандлага, агаарын дундаж температурын өсөлт, уур амьсгалын эрс тэс үзэгдэлтэй холбоотой тодорхойгүй байдал нь Монгол Улсын нийгэм, эдийн засагт зардлыг нэмэгдүүлж, өсөлтийг удаашруулахад хүргэж болзошгүй. 

Тухайлбал, байгалийн эдгээр хүчин зүйл цөлжилт, хөрсний доройтлыг эрчимжүүлснээр мал аж ахуйн салбарт хохирол учруулж, сөргөөр нөлөөлөх уршигтай. Тиймээс Засгийн газар 2050 он хүртэлх хөгжлийн бодлогодоо тогтвортой, ногоон өсөлтийг онцолж байгаа нь сайшаалтай. Тэдгээр зорилтод хүрэхийн тулд Засгийн газраас тодорхой төлөвлөгөө гаргана гэсэн хүлээлттэй байгаа.

Ногоон өсөлтөд тулгуурлан урт хугацааны зорилтод хүрэхийн тулд Засгийн газар төсвийн тогтвортой бодлого барьж, олон нийтийн хөрөнгө оруулалтын тогтолцоог бэхжүүлэх шаардлагатай. Ингэснээр ногоон хөгжилд шилжихэд төсвөөс дэмжлэг үзүүлэх орон зай бий болно. Түүнчлэн уг зорилтод хүрэхэд хувийн хэвшил томоохон үүрэг оролцоотойгоор Засгийн газартай хамтран ажиллах хэрэгтэй. Энэ нь эргээд санхүүгийн салбарыг хүчирхэгжүүлж, аж ахуйн нэгжийн өсөлтийг дэмжиж, засаглалыг сайжруулах нөхцөлийг бүрдүүлнэ.

Энэ бүх асуудлаар бид эрх баригчидтай цаашид хамтран ажиллах болно.

-Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтайг Та мэдэж байгаа байх. Ялангуяа, аль нэг хөрштэй хилээ хаахад маш том эрсдэл үүсэж байгааг бид харж байна. Тэгэхээр Монгол Улс чухам аль салбараа түшиглэж, өнөөгийн нөхцөлд хөгжлийн ямар чиг баримжаатай байх нь оновчтой гэж харж байна вэ?

-Үнэхээр уул уурхай бол Монгол Улсын эдийн засгийн голлох салбар. Экспортын 90, төсвийн орлогын 20 хувийг энэ салбар дангаараа бүрдүүлдэг.

Мөн уул уурхайн бүтээгдэхүүнийхээ дийлэнх хувийг Хятад улс руу экспортолдог тул Монгол Улсын эдийн засаг Хятадын хилээс ихээхэн хамааралтай байна. Тийм ч учраас сүүлд хил хаагдсан нь Монгол Улсын төлбөрийн тэнцэл, төсвийн орлого, инфляц, валютын нөөц зэрэгт ихээхэн нөлөөлсөн. 

Эдийн засаг дахь эрдэс баялгийн экспортын хэт хамаарлыг бууруулахын тулд үйлдвэрлэл, экспортоо төрөлжүүлэх нь зүйтэй. Тухайлбал, газар зүйн байршил, хэв шинжээрээ Монгол Улсад ялгарах гол давуу тал бий болгодог мал аж ахуйн үйлдвэрлэл, аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүчний салбараа хөгжүүлж, нэмүү өртөг бий болгохыг гол зорилт болгох хэрэгтэй. Экспортын бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх нь цаг хугацааны явцад худалдааны түншлэлийг төрөлжүүлдгээрээ ач холбогдолтой юм.

Хил хаагдах эрсдэлийг бууруулах тухайд хилийн боомт дахь эрүүл мэнд, аюулгүй байдлыг сайжруулахаас гадна ачааны автомашины оронд экспортыг төмөр замаар тээвэрлэдэг болох нь нэн тэргүүний чухал асуудал. Оны эцэс гэхэд бүрэн ашиглалтад орох хоёр терминал нөхцөл байдлыг сайжруулахад туслах болов уу.

Зорилтот бус нийгмийн халамжийн хэмжээг хавтгайруулахгүйн тулд Ирээдүйн өв сангийн тухай хууль тогтоомжийн өөрчлөлтөөс зайлсхийж, сангийн бүрэн бүтэн байдлыг хадгалах ёстой

-Монгол Улс төдийгүй бусад улс орнуудын хувьд өрийн асуудал тулгамдаж буй. Монгол Улсын хувьд 2020-2024 онд улсын өр 4.6 тэрбум ам.долларт хүрэхээр байгаа нь санаа зовоосон асуудал болж байна. Хэдийгээр өндөр хүүтэй бондуудыг цар тахлын үеэр дахин санхүүжүүлж, өртгийг бууруулсан ч ирээдүйд төлөгдөх өр өндөр хэвээр байгаа. Уул уурхайн салбар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодлогын нөлөөгөөр цаашид саарвал манай улс өрийн менежментээ хэрхэн хийх тал дээр Та ямар зөвлөгөө өгөх вэ?

-Монгол Улсын гадаад өрийн дунд хугацааны динамикийг харвал сорилт тулгарах төлөвтэй байна.

Эдийн засгийн сэргэлт, экспортын өсөлтийн үед өрийн талаар шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол урт хугацаандаа улс өрийн ачааллыг даах боломжгүй болж болзошгүй. Учир нь тэтгэврийн насны хүн ам өсөхөөр байгаатай холбоотой Тэтгэврийн даатгалд өгөх татаас улам нэмэгдэх ба энэ нь "Алсын хараа 2050" бодлогыг хэрэгжүүлэхэд шаардагдах чухал зардалд орон зай бага үлдээж мэдэхээр байгаа юм.

Дорвитой шинэчлэл хийхгүй бол энэ хүчин зүйлийн улмаас 2026 он гэхэд улсын өр ДНБ-ий 68 хувьд хүрэх өндөр магадлалтай байна. Тиймээс өрийн дарамтад орохгүйн тулд төсвийн реформыг 2022 оноос хийх шаардлагатай. 

-Төсвийн реформыг эхлүүлж байгаагаа манай Засгийн газар мэдээлж буй. Таны хувьд яг ямар шинэчлэлүүдийг тусгах шаардлагатай гэж үзэж байгаагаа хуваалцахгүй юу?

-Төлөвлөж буй төсвийн шинэчлэл нь сайшаалтай байгаа хэдий ч дунд хугацаанд өрийн дарамтыг бууруулахын тулд эдийн засгийн дэмжлэг, төсвийн бодлогыг илүү тэнцвэртэй байлгах шаардлагатай. Энэ хүрээнд бид дараах зүйлсийг санал болгож байна. 

  1. Цаашид хэрэгжүүлэх аливаа тусламж, арга хэмжээ нь тахал өвчинд нэрвэгдсэн хүмүүст илүү чиглэж, эрүүл мэндийн хариу арга хэмжээг дэмжих ёстой. Нийгмийн халамжийн зорилтот хөтөлбөр, хамрах хүрээг нэмэгдүүлж, эмзэг бүлгийн хүмүүст үзүүлэх тэтгэмжийн хүрэлцээг сайжруулснаар ядуурал, орлогын тэгш бус байдлыг бууруулна. Харин зорилтот бус нийгмийн халамжийг өсгөвөл төлөвлөж байгаа эдийн засгийн өсөлт удаашрахаас гадна түүхий эдийн үнэ буурсан тохиолдолд халамжаа өгч чадахгүй болох эрсдэлтэй
  2. Хоёрдугаарт, Засгийн газар төрийн үйл ажиллагаа, төсвийн хөрөнгө оруулалтын менежмент, татварын удирдлагын зардлын үр ашиг, засаглалыг сайжруулахтай холбоотой төсөвт тусгагдсан бодлогын шинэчлэлийн талаар нарийвчилсан төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй. Тухайлбал, төсвийн татаасын огцом өсөлтийг бууруулахын тулд тэтгэврийн даатгалын тогтолцоонд шинэчлэл хийх шаардлагатай. Мөн хувь хүний ​​орлогын албан татварын хувь хэмжээг шатлалтай болгож, татварын удирдлагыг сайжруулах ажлаа үргэлжлүүлэх замаар орлого нэмэгдүүлэх боломж бий.
  3. Эцэст нь, дотоодын зээлээс хамаарах хамаарлыг явцын дунд нэмэгдүүлж, дунд хугацаанд улсын өрийн хэмжээг ДНБ-ий 50 хувьд хүргэх замаар хөрөнгийн болон өр төлбөрийн удирдлагын тогтолцоог сайжруулж, төсвийн тогтвортой бодлого, ил тод байдлыг нэмэгдүүлэх нь Засгийн газрын тууштай байдлыг илтгэх гол үзүүлэлтүүд юм. Түүнчлэн зорилтот бус нийгмийн халамжийн хэмжээг хавтгайруулахгүйн тулд Ирээдүйн өв сангийн тухай хууль тогтоомжийн өөрчлөлтөөс зайлсхийх замаар Ирээдүйн өв сангийн бүрэн бүтэн байдлыг хадгалах ёстой.

-Цар тахлын дараах их сэргэлтэд улс орнууд дор бүрдээ бэлтгэж байна. Монгол Улс мөн энэ талаарх хуулийг УИХ-аар хэлэлцэх гэж байгаа. МҮХАҮТ-аас гаргасан санаачилгаар бүх хуримтлагдсан өр төлбөр, татвар хураамжийг тэглэж, ижил гараанаас гарах нь ДНБ-ийг богино хугацаанд өсгөх боломж олгоно гэж үзэж байгаа. Энэ талаар Та юу гэж бодож байна вэ? 

-Одоогоор боловсруулаад байгаа цар тахлын дараах эдийн засгийг эрчимжүүлэх хуулийн төслийг аль болох цаг алдалгүй хурдан хэлэлцэх байх гэсэн хүлээлттэй байгаа.  

Цар тахлын дараах хүндрэлийг даван туулах, далайцтай шинэчлэл хийхийн тулд төр, хувийн хэвшлийн тэнцвэрт байдлыг илүү сайжруулж, макро эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, 2050 он хүртэлх урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн чухал шинэчлэл хийх шаардлага байгаа. Ялангуяа, гадаад хүчин зүйлийн нөлөөнд өртөмтгий байгаа энэ нөхцөлд уг шинэчлэл нь төсвийн хүчтэй, тогтвортой, санхүүгийн салбарын оновчтой бодлого, сайн засаглалыг хангахуйц байх нь чухал. 

           -Монгол Улс гадаад өрийн тогтвортой байдлыг хангах, чанарын шинэчлэл хийх замаар төсвөө бэхжүүлэхийн тулд экспортын өсөлтийг ашиглах ёстой. Нэн ялангуяа,

  • Амьжиргааны түвшнээс доогуур орлоготой иргэдэд хангалттай дэмжлэг үзүүлэх
  • Төсвийн өсөн нэмэгдэж буй татаасыг бууруулах,
  • Хөрөнгө оруулалтыг үр ашгийг сайжруулах замаар мөнгөний үнэ цэнийг нэмэгдүүлэх зэрэг зайлшгүй шаардлага байна

            Ирээдүйн өв сангийн бүрэн бүтэн байдлыг хадгалах нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.

          -Өөрийн хөрөнгийн дутагдалтай банкуудын асуудлыг шийдэж, банкны бүтцийн өөрчлөлтийг сайтар тооцож, дэс дараалалтай хийх нь санхүүгийн тогтворгүй байдлын эрсдэлийг бууруулахад тусална. Банкуудын IPO хийх эцсийн хугацааг 2023 он хүртэл хойшлуулж, банкны балансыг бэхжүүлэх, шаардлагатай урьдчилсан нөхцөл, гэнэтийн төлөвлөгөөг боловсруулахад хангалттай хугацаа олгох хэрэгтэй.

          -Төлбөрийн чадварыг сайжруулахуйцаар тогтолцоог шинэчлэх, авлига, шүүх эрх мэдлийн шинэтгэлийг нэн тэргүүнд тавьж, санхүүгийн салбарын үнэ цэнийг бууруулсан тайлан тэнцлийг сайжруулах ёстой. Төсвийн шинжтэй үйл ажиллагаагаа зогсоож, Засагт шилжүүлэх шаардлагатай. 

Арваннэгдүгээр сард ОУВС үнэлгээнийхээ дэлгэрэнгүй тайланг гаргана гэж найдаж байна

-Монгол Улс ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хамрагдсан боловч "Амжилтгүй дууссан" гэж ОУВС үзсэн байсан. Одоо мөнгө санхүүгийн талаар хэрэгжүүлж байгаа хөтөлбөр ямар явцтай байгаа вэ? ОУВС-тай хэлэлцээрийн түвшинд байгаа ямар төсөл байгаа тухай ярихгүй юу?

-2017-2020 онд хэрэгжүүлсэн ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн үр дүнд Монгол Улсад сэргэлт бий болж, богино хугацааны санхүүгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахад үр дүнгээ өгсөн гэж үзсэн.

Тухайлбал, хөтөлбөрийн хугацаанд Монгол Улс төсвийн сахилга батыг чангатгаж, анхдагч төсвийн орлогыг ДНБ-ий 3 орчим хувьд хүргэсэн бөгөөд төв банкны төсвийн шинжтэй үйл ажиллагааг зогсоосон. Үр дүнд нь Монгол Улсын өр 2019 төгсгөл гэхэд 20 орчим пунктээр буурч, ДНБ-ий 69 хувьд хүрсэн. 

Төсвийн хатуу бодлого, худалдааны таатай нөхцөл нь Монголын гадаад байр суурийг сайжруулж, мөн хугацаанд гадаад валютыг нөөцийг гурав дахин нэмэгдүүлсэн.

Гэсэн хэдий ч банкны салбарын шинэчлэл зэрэг зарим салбарт хөтөлбөрийн явцад ахиц дэвшил бага гарсан. ОУВС энэ тал дээр ахиц дэвшил гаргах шаардлагатай гэж үзсэн хэвээр байгаа. 

-2023 онд ФАТФ дараагийн шатны үнэлгээгээ хийнэ. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг Монгол Улсын хэрэгжүүлж байгаа ажлууд, зөвлөмжийн биелэлтийг ОУВС хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Монгол Улс ФАТФ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэх тал дээр 

  • бүх санхүүгийн байгууллага, санхүүгийн бус бизнес, мэргэжлийг хамарсан хяналтын тогтолцоог хэрэгжүүлэх
  • мөнгө угаах гэмт хэргийг мөрдөн шалгах
  • цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх хориг арга хэмжээ авахад чиглэсэн хамтын ажиллагаа зэрэгт ахиц гаргасан. 

Мөнгө угаахтай тэмцэх Ази, Номхон далайн бүлгийн 2021 оны долдугаар сард хуралдсан чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улс ахиц дэвшил гаргасныг баталгаажуулсан.Гэхдээ мэдээж шийдвэрлэхээр ажиллаж байгаа, хэрэгжүүлэх чухал асуудлууд байсаар байна.

Тухайлбал, үйлчлүүлэгчид, тэр дундаа улс төрийн нөлөөлөлд өртсөн хүмүүсийг шалгах, хуулийн этгээдийн ашиг хүртэгч өмчлөгчид, тэр дундаа төрийн салбартай хамтран ажилладаг эсвэл түүнээс хамааралтай хүмүүсийн ил тод байдлыг хангах чиглэлээрх ахиц дэвшлийг үргэлжлүүлэх ёстой. Мэдээллийн байгууллагууд эдгээр мэдээллийг ашиглах боломжтой, нээлттэй байх ёстой.

-КОВИД-19 цаашид бидэнтэй зэрэгцэн амьдарч, шинэ хэвийн болно гэж үзэж байгаа. Үүнийг дагасан ямар эрсдэлүүд цаашид үүснэ гэж та харж байна вэ?

-Цар тахлын дараах "шинэ хэвийн"-ийн үед дэлхийн эдийн засгийн өсөлт буурах, тодорхойгүй байдлын эрсдэл өндөр хэвээр байна.

Маш олон улс орон хэсэг зогсолт хийгээд цааш явахдаа цар тахлаас үүссэн хувьслуудыг туулаад явж байна. Ялангуяа, улс орнуудын эрүүл мэндтэй холбоотой хязгаарлалт, шаардлагууд худалдаанд ноцтой саад учруулж, дэлхий даяар нийлүүлэлтийн сүлжээ цар тахалд илүүтэй өртлөө.

Монгол Улсын хувьд төсвийн их хэмжээний алдагдалтай, гадаад валютын нөөц багатай бөгөөд гаднын хүчин зүйлд маш өртөмтгий. Тиймээс дэлхийн эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх эрсдэлүүд Монгол орны хувьд санаа зовоох асуудлууд мөн.

Улс орнуудад тахал дахин дэгдэж, Хятадтай хилээ удаан хугацаанд хааж, эсвэл дэлхийн эдийн засгийн өсөлт удаашрах нь Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн хэтийн төлөвт сөргөөр нөлөөлж болзошгүй. Ялангуяа, эдгээр нь түүхий эдийн үнэ буурахад хүргэж болзошгүй учраас тэр.

Цар тахлын эдийн засаг, нийгэмд үзүүлж буй нөлөөллийн үүднээс дотооддоо хэрэгжүүлж байгаа бодлого ч эмзэг байдлын гол эх үүсвэр болж байна.

Зорилтот бус нийгмийн бүлэгт үзүүлэх тусламжийг хавтгайруулах зэрэг үрэлгэн бодлого нь өрийн тогтвортой байдлыг алдагдуулж болзошгүй юм.

Хөрөнгийн дутагдалтай банкуудын муу зээлийн хэмжээ огцом өссөнөөс үүдэн банкны салбарын тогтворгүй байдал сэргэлтийг удаашруулж болзошгүй. Эдгээр эрсдэлийг харгалзах нь зүйтэй болов уу.

-Цар тахал эдийн засгийн хурдасгуур болсон гэхчлэн давуу талуудыг нь тайлбарлах шинжээчид байгаа. Мөн тэрбумтнуудын тоо өссөн байсан. КОВИД-19 үнэхээр эдийн засгийн эерэг хүчин зүйл болсон гэдэгтэй та санал нийлж байна уу?

-Дэлхийн хэмжээнд, өндөр хөгжилтэй болон хөгжиж буй эдийн засгуудад цар тахлын үеэр орлогын тэгш бус байдал мэдэгдэхүйц нэмэгдсэн байх магадлалтай. Учир нь COVID-19-өөс үүдэлтэй хямралыг сааруулах арга хэмжээ хамгийн эмзэг бүлгийнхэнд харьцангуйгаар нөлөөлсөн. Цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 2020 онд манай гарагийн 95 сая орчим хүн ядуурлын шугамаас доош унахаар байгаа гэсэн тооцоолол гарсан. 

Монгол Улсад цар тахлын нөлөөг зөөллөхийн тулд нийгмийн халамжийг ихээр нэмэгдүүлсэн. Эдгээр хөтөлбөр нь санхүүгийн зардлыг бууруулж, чинээлэг бус, харин хүн амын илүү эмзэг хэсгийг дэмжих зорилгод чиглэх ёстой байв. Гэсэн хэдий ч цар тахлын үед эдгээр хөтөлбөрийг өргөн хүрээнд хэрэгжүүлсэн нь хүн амын хамгийн ядуу хэсгийг суурь орлоготой байхад дэмжлэг болж, тэгш бус байдлыг асар ихээр нэмэгдүүлэхээс урьдчилан сэргийлэхэд тусалсан.

-Монгол Улсад ОУВС-ийн хамгийн амжилттай хэрэгжсэн төсөл хөтөлбөрөөр Та алийг нь нэрлэх вэ?

-ОУВС Монгол Улстай ойр дотно харилцаатай. Энэхүү оролцоог ОУВС-ийн дэмжлэгтэй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр (2017 оны 5-р сараас 2018 оны 10-р сар) болон Шуурхай санхүүжилтийн хөтөлбөр (2020 оны 6-р сар) зэрэг хөтөлбөрүүдийн хүрээнд ОУВС-ийн Дүрмийн IV заалтын зөвлөлдөх яриа хэлэлцээ болон жил бүрийн бодлогын хэлэлцүүлэг илтгэнэ. Эдгээр хөтөлбөрийн үр дүнг дээр дурдсан.

ОУВС-ийн баг эрх баригчидтай бодлогын олон асуудлаар хамтран ажилласаар байна. Хамгийн сүүлд 2021 оны IV зүйлийн зөвлөлдөх уулзалтын хүрээнд ОУВС-ийн баг 2021 оны есдүгээр сарын 13-наас аравдугаар сарын 5-ны хооронд Монголын талтай нэлээд дэлгэрэнгүй цахим хэлэлцүүлэг хийсэн. Эдгээр зөвлөгөөнүүдийг дуусгаж, арваннэгдүгээр сард үнэлгээнийхээ дэлгэрэнгүй тайланг гаргана гэж найдаж байна.

Цаашлаад ОУВС Монгол Улсыг олон салбарт чадавхжуулахад тууштай дэмжлэг үзүүлэх болно. Сүүлийн жилүүдийн тухайд төсвийн дэмжлэг үзүүлэх, татвар, гаалийн удирдлагыг бэхжүүлэхэд илүүтэй чиглэн ажиллаж байна. 

КОВИД-19 цар тахлын дараах сэргэлтийн хүрээнд ОУВС-аас Монголын татварын албанд бизнесийн тасралтгүй байдлын төлөвлөгөөг боловсруулахад нь техникийн туслалцаа үзүүлсэн. Монгол Улсын гадаад өр өндөр байгаатай холбоотойгоор ОУВС гадаад өрийн эргэлтийг дэмжихээс гадна үндэсний мөнгөн тэмдэгтээр бонд гаргах тогтолцоог боловсруулах, дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр эрх баригчдад дэмжлэг үзүүлсэн зэргийг дурдаж болно.

-Цаашид эдийн засгийг сэргээх чиглэлд Монгол Улстай ОУВС хэрхэн хамтарч ажиллах вэ?

-Эдийн засгийн үргэлжилж байгаа сэргэлтийг идэвхжүүлэх, 2050 он хүртэлх урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан зорилгодоо хүрэхэд ахиц дэвшил гаргахад нь ОУВС урьдын адил Засгийн газарт туслах зорилгоор Монголын эрх баригчидтай нягт хамтран ажиллах болно. 

Түүнчлэн татвар, гаалийн удирдлага, төр, хувийн хэвшлийн түншлэл, дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, Монгол Улсын макро статистикийг сайжруулахад анхаарна. Монгол Улсын чадавхыг бэхжүүлэхэд ОУВС чухал дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд цаашид ч үзүүлсээр байх болно.

-Ярилцсанд баярлалаа.