Индэр    
2021 оны 10 сарын 25
Зураг
Эдийн засагч, шинжээч

ТӨСӨВ-2022: Үүр хаяарахын өмнө

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хар дарсан зүүд мэт шөнө өнгөрч, Монгол Улсын эдийн засагт үүр хаяарахыг өөрсдөө л харж чадсан Засгийн газар маань 18 их наядын төсвийн төсөл боловсруулжээ. Яг л КОВИД-гүй үеийнх мэт өөдрөг төсөв өргөн барьжээ.

Манай төсвийг бүрдүүлэгч гол салбар бол уул уурхай. Түүхий эдийн үнийг их л өндөр(зэсийн үнэ 9,000 ам.доллар, нүүрсний үнэ 120 ам.доллар), экспортын тоо хэмжээ(нүүрс 36 сая тонн)-г ч хангалттай ӨӨДРӨГ тавьж өгчээ. 

Экспорт хаагдсан, импорт гацсан, дотоодын халдвар их ийм үед хэвийнх шигээ орлого олно гэдэг хэцүү. Он гараад л бүх зүйл шинээр эхэлчихгүй, бүх зүйл сайхан болчихгүй. Ирэх жил Хятадад Өвлийн олимп болно. Улмаар халдвар хамгааллын дэглэмийг улам чангатгана. 

Бүх зүйл хэвийн мэт орлогоо өндөр төсөөлөх үед дагаад зарлагаа тултал нь баталдаг. Харамсалтай нь орлого биелээгүй байсан ч зарлага гардгаараа гарч, төсөв их хэмжээний алдагдалтай үлддэг. Энэ төсөв бол өрийн таазаа тулгаад л зардлаа төсөвлөсөн. Өрийн хэмжээгээрээ хөгжингүй орнуудтай зэрэгцээд тууж явна билээ. 

ОРЛОГО, ЗАРЛАГААС ӨӨР ОНЦЛОХ ЗҮЙЛС

  • Анхаарууштай зүйл нь төрийн өмчит компаниудыг дор хаяж 46 хувиа IPO гаргахыг тусгажээ. Хэн засаглал муутай, алдагдал ихтэй, авлигажсан төрийн компанийн хувьцааг нь аваад цаашаа өсөж өндийнө гэж итгэх вэ дээ. Тавантолгой шиг л юм болно. Бүхэлд нь хувьчилна гэвэл харин бодож үзэхсэн. 
  • Бас нэг бодууштай гэмээр зүйл нь КОВИД-ын хүнд үед нэг гараараа аж ахуйн нэгждээ 3 хувийн хөнгөлөлттэй зээл олгох ч нөгөө гараараа НӨАТ-аас цуглуулах орлогоо огцом нэмэхээр төлөвлөжээ. Алдагдалтай аж ахуйн нэгжүүд НӨАТ-аа төлөх эсэх нь эргэлзээтэй.
  • Ирэх жилийн санууштай зүйл нь Монголын эдийн засгийн 60 хувь эргэлддэг УБ хотын түгжрэлийг бууруулах зорилгоор 420 орчим тэрбум төгрөг баталсан нь энэ чиглэлд авсан хамгийн том арга хэмжээний нэг болж байгаагаараа онцлог. 
  • Харин нэг авууштай зүйл нь зорилтот бүлэгт олгох халамжийг тухайн тэтгэмж хүсэгч нь хүүхдээ сургууль, цэцэрлэгт явуулж байгаа эсэх, өөрөө ажил хайж байгаа эсэхээр нь олгодог болно гэдэг нь ирээдүйн ядуурлыг бууруулахад чиглэсэн чухал алхам болов. Гол нь хэрэгжилт дээрээ ирээд унаад байдаг гэмтэй.

КОВИД-ын энэ нөхцөл байдалд эдийн засагчид төсвийн талаар юу гэж дүгнэж байна вэ? “Монгол Улсын төсөв -2022” эрдэмтэн, судлаачдын хэлэлцүүлгийн үеэр эдийн засагчид төсвийг дараах байдлаар харж байна.