Зураг
Зураг
Индэр    
2021 оны 10 сарын 5
Зураг
iKon.mn сэтгүүлч

Бугшсан авлигыг шахаж гаргах аргын нэг нь ТӨРИЙН ӨМЧИТ компаниудыг нээлттэй хувьцаат компани болгох

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

"Хөрөнгийн зах зээл" гэх үг 30 жилийн өмнө монголчуудын чихэнд наалддаггүй байв. 

Харин өнөөдөр энэ зах зээл рүү анхаарал хандуулж, өдөрт дунджаар 3,000 гаруй хөрөнгө оруулагч Монголын хөрөнгийн биржийн арилжаанд тогтмол оролцдог болжээ. 

Компани үйл ажиллагаагаа өргөжүүлж, урт хугацаанд тогтвортой өсөхийн тулд олон нийтээс хөрөнгө оруулалт хүсэх ба ингэхдээ хувьцаа буюу үнэт цаасаа санал болгодог. Ийнхүү анх удаа үнэт цаас гаргаж, түүнийг нь иргэд худалдан авах үйл явцыг анхдагч зах зээлийн арилжаа гэнэ. Зөвхөн үнэт цаасаар тогтохгүй бонд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүн бий. Эдгээр бүтээгдэхүүнийг иргэдэд, хөрөнгө оруулагчдад санал болгох үйл явц, түүний арилжаа, тогтож буй үнэ гээд энэ бүхэн нийлээд Хөрөнгийн зах зээлийг бий болгодог. 

Энэ оны есдүгээр сарын 29-ний байдлаар дотоодын хөрөнгийн зах зээлийн цар хүрээг тодорхойлогч ТОП-20 индекс 43,199.87 нэгж болж, өмнөх оны мөн үеэс 2.2 дахин өссөн байна. Энэ үзүүлэлтийг харгалзан олон улсын санхүүгийн мэдээллийн Bloomberg агентлагаас дэлхийн хамгийн өндөр өсөлттэй зах зээлээр Монголыг нэрлэсэн. 

Түүнчлэн зах зээлийн үнэлгээ 4.97 их наяд төгрөгт хүрсэн нь оны эхнээс 1.9 их наяд төгрөгөөр буюу 65 хувиар, анхдагч болон хоёрдогч зах зээлийн өдрийн дундаж арилжаа 6.3 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 29 дахин тус тус өссөн үзүүлэлт болж байгаа юм. 

Дэлхий нийтийг нөмрөөд буй цар тахлын энэ хүнд үед МХБ-ийн зах зээлийн үнэлгээ анх удаа дөрвөн их наяд төгрөгийг давж түүхэн дээд хэмжээнд хүрсэн нь энэ.

Төв талбайн баруун талд байрлах саарал байшин буюу Монголын хөрөнгийн бирж өнөөг хүртэл 60 гаруй аж ахуйн нэгжид 853.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хөрөнгийн зах зээлээс татан төвлөрүүлэхэд зуучлан, нийт 4.5 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий үнэт цаасны арилжаа зохион байгуулжээ.

Энэ бүгдээс харвал манай улсын дотоодын зах зээлд олон улсын стандарт амжилттай нутагшиж, олон улсын зах зээлтэй интеграцичлагдах үйл явц эрчимтэй явагдаж байгаагийн илрэл гэдгийг мэргэжлийнхэн хэлж буй.

Тэгвэл хөрөнгийн зах зээл өнөөдрийн Монгол Улсад макро эдийн засгийн үр ашгаа гаргах цаг нь болжээ. 

“Хөрөнгийн зах зээл хөгжихийн хирээр авлигал буурна”
 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ талаар “Мелвилл Эрдэнэдалай” хуулийн фирмийн гүйцэтгэх захирал О.Эрдэнэдалай Яагаад “хөрөнгийн зах зээл” гэж? “Хэлбэрийн төдий” бус хөрөнгийн зах зээлийг хөгжүүлье нийтлэлдээ "Хөрөнгийн зах зээл нь иргэд, аж ахуйн нэгжид ямар ач холбогдолтой талаар бид бүгд мэдэж, ярьж, бичиж байгаа. Харин шууд бусаар, макро утгаараа ач холбогдол бий юу? Олон янзын ач холбогдолыг дурдаж, нэрлэж болох боловч хамгийн чухал ач холбогдол нь “хөрөнгийн зах зээл хөгжихийн хирээр авлигал буурна” гэж бодож байна. Хөрөнгийн зах зээлийг хангалттай хэмжээнд хөгжүүлж чадахгүй бол мянган сайхан хуультай байгаад авлигалыг бууруулж чадахгүй байх болов уу.  

Авлигалыг хэрхэн бууруулах талаар маш олон онол, гаргалгаа, тайлбарууд байдаг байх. Тэдгээр арга, онолууд мэдээж бодитой, судалгаан дээр үндэслэсэн, итгэл үнэмшил төрүүлмээр байдаг гэдэгт эргэлзэхгүй байна. Хэдий хууль, журамтай боловч, хэдий авлигалын эсрэг байгууллага, бүтэц ажиллаж байгаа боловч, хэдий онол, судалгаа байгаа боловч  бодит амьдрал дээр авлигалыг үнэхээр хангалттай хэмжээнд бууруулж чадаж байгаа юу? Хууль журам, авлигалын эсрэг бүтэц, тогтсон бодлого, үйл ажиллагаанууд хэрэгтэй боловч бусад төрлийн прагматик аргуудтай хослуулахгүйгээр амжилтад хүрнэ гэж бодохгүй байна. 

Бизнесд “synergy” (синержи) гэж ойлголт байдаг. Энгийнээр хэлбэл компани дангаараа ажиллаад амжилтад хүрэх нэг өөр, эсвэл хоёр өөр компани хамтарч ажиллаад дан дангаараа гаргаж болох амжилтуудаа тус тус олж авах, улмаар түүнээс ч илүү их амжилт, үр дүн гаргах боломжтой гэж үздэг. Үүнтэй адилаар авлигалыг бодитой бууруулах үүднээс авлигалын эсрэг хууль, бүтэц зохион байгуулалтыг бусад прагматик аргуудтай хамтран хэрэгжүүлснээр авлигалыг бууруулах “synergy” (синержи) үүсгэж чадах болно. Прагматик аргууд олон байх боломжтой. Тухайлбал нэг арга нь төрийн үйлчилгээг цахимжуулж, хүнд суртлыг багасгах. Энэ тал дээр Монгол улсад ахиц дэвшил ихээхэн гарч байгаа нь сайшаалтай. Гэхдээ энэ бол зөвхөн нэг л прагматик арга нь бөгөөд харьцангуй бага хэмжээтэй, цөөн байж болох авлигалыг бууруулах, магадгүй илүү хүнд суртлыг бууруулах талаараа ач холбогдолтой. Тэгэхээр нийгэмд үзүүлэх хор хөнөөл ихтэй, эсвэл давтагдах шинжтэй, эсвэл өндөр үнийн дүнтэй гэх мэт авлигалын цөм рүү чиглэсэн өөр нэмэлт прагматик аргуудыг нэмж хэрэгжүүлэх шаардлагатай. Түүний нэг нь “хөрөнгийн зах зээлийг хангалттай хэмжээнд хөгжүүлэх” явдал байх нь зайлшгүй юм.

Хөрөнгийн зах зээлийг зүгээр нэг хэлбэрийн төдий биш, харин хангалттай хэмжээнд хөгжүүлэхэд дан ганц төрийн дэмжлэг, тодорхой реформуудаас гадна бизнесийн байгууллагуудын оролцоо ч маш чухал. Хэсэг хугацаанд унтаа байсан хөрөнгийн зах зээл тодорхой түвшинд сэргэж, тодорхой ажлууд хийгдэж, өөрчлөлтүүд бий болж байгаа нь сайшаалтай. Цаашид улам төгөлдөржүүлэх, хөгжүүлэхэд дөхөм болох зүйлс юу байж болох бэ? Нэгдүгээрт нь төрийн өмчит компаниудыг хувьчлах, нээлттэй хувьцаат компаниуд болгох явдал. Тодруулбал, 

  • Төр өөрөө хувийн хэвшлийн, аж ахуйн ажилд хэт их оролцсон хэвээр байна. Төрийн өмчит компаниудын менежмент, ашигт ажиллагаа, өрсөлдөх чадвар, компанийн засаглал, нийгэмд үзүүлж буй “value” буюу үнэ цэнэ хир байгаа бэ? Хоёрдугаарт төрийн өмчит компаниудын томилгоо, бизнесийн үйл ажиллагаа яаж явдаг бэ?
  • Төрийн зохицуулалт, хяналт зайлшгүй шаардлагатай, эдийн засгийн ач холбогдлоосоо илүү нийгмийн, аюулгүй байдлын ач холбогдолтой, натурал монополь бүхий компаниудаасаа бусад төрийн өмчит компаниудыг аль болох хувьчилж, нээлттэй хувьцаат компаниуд болгох нь зүйтэй" хэмээн бичсэн. 
"Зах зээлийг цоо шинэ түвшинд хүргэхийн тулд Төрийн өмчит компаниудыг нээлттэй, олон нийтийн компани болгоход бодлогын дэмжлэг хэрэгтэй"
 
Гэрэл зургийг MPA.mn

Монголын хөрөнгийн бирж болон дотоодын хөрөнгийн зах зээлд тасралтгүй ахиц дэвшил гарч байгаа хэдий ч цаашид Монгол Улсын эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах, зах зээлийг үсрэнгүй хөгжүүлж, цоо шинэ түвшинд хүргэхийн тулд Төрийн өмчит компаниудыг нээлттэй, олон нийтийн компани болгоход бодлогын дэмжлэг хэрэгтэй.

Олон улсын жишиг төрийн өмчит ихэнх томоохон компаниуд нь нээлттэй хувьцаат компанийн хэлбэртэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, дэлхийд хийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч ОХУ-ын "Газпром" компанийн 50 хувийг төр, 50 хувийг олон нийт эзэмшдэг. Үнэт цаас нь Москва, Лондон, Франкфурт, Сингапурын хөрөнгийн биржүүдэд арилжигддаг. Өмнөд хөршийн бараг бүх томоохон компаниуд мөн төр, хувийн өмчийн хосолмол бүтэцтэй байна. Түүнчлэн, "Чалко" компанийн 36%-ийг төр, үлдэх 64%-ийг олон нийт эзэмшиж, хувьцаа нь Хонг Конг, Нью Йорк, Шанхайн хөрөнгийн биржүүдэд арилжигдаж буй. Энэ жишгийн дагуу төрийн өмчит ААН-үүдийн хувьцааны тодорхой хувийг хөрөнгийн зах зээлээр дамжуулан нээлттэй арилжаалах замаар олон нийтийн болгосноор тухайн компанийн засаглал, ил тод байдал сайжирч, үйл ажиллагааны үр ашиг нэмэгдэхийн хажуугаар баялгийг олон нийтэд шударга хуваарилах боломжийг бий болгодог.

Төрийн өмчит бусад ААН-ийн хувьцааны тодорхой хувийг хөрөнгийн зах зээлээр дамжуулан нээлттэй арилжаалах замаар хувьчлах нь компанид олон талын үр ашгийг бий болгосон байдаг. Жишээ нь хамгийн сүүлд 2016 онд Монгол шуудан ХК-ийн 34 хувийг МХБ-ээр дамжуулан арилжих замаар нээлттэй компани болгосноор тус компанийн үйл ажиллагааны үр ашиг сайжирч, цэвэр ашиг IPO хийхээс өмнөх үетэй харьцуулахад 10 дахин, өөрийн хөрөнгө 50 гаруй хувиар нэмэгдсэн" хэмээн Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай мөн биржийн танилцуулах уулзалтын үеэр онцолсон. 

График. Монгол Улсын авлигын индекс

Монгол Улс 2020 онд авлигын индексээр 35 оноо авч 111 дүгээр байранд жагссан. 

Транспэрэнси Итнернэшнл байгууллагаас танилцуулсан Ази тивийн иргэдийн 2020 оны Авлигын барометер судалгаагаар Монгол Улсад төрийн авлига том асуудал гэж судалгаанд оролцсон иргэдийн 69% нь хариулсан. Энэ хандлагыг залруулах нэг арга нь төрийн өмчит компаниудыг хувьчлах гэж хаа хаанаа үзэж байна.

Төрийн өмчийн 105 компани, тэдний охин болон хараат гээд 170 аж ахуйн нэгж, хуулийн этгээдэд ТӨБЗГ-аас үнэлэлт дүгнэлт өгч, Төрийн өмчийн компанийн тухай хуулийг боловсруулснаа танилцуулж байв. Энэ талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ ярихдаа "ТӨК-ийн хувьцааг хувьчлах ажлыг IPO гаргах замаар буюу Хөрөнгийн биржээр дамжуулан явуулахгүй бол одоогийн хуулийн дагуу менежментийн гэрээ, концесс гэдэг байдлаар явж болохгүй гэж үзэж байгаа. 

Хувьчлал гэдэг бол төрийн үүрэг оролцоо, хувь хэмжээг үе шаттай бууруулж, олон нийтийн хараа хяналтыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулагчдыг татаж оролцуулах л асуудал. Түүнээс биш хэн нэгэнд өгөх тухай биш юм. ТӨК-уудын өр төлбөрийг ч энэ замаар бууруулах боломжтой" гэсэн юм.