Индэр    
2021 оны 9 сарын 30
Зураг
iKon.mn сэтгүүлч

Вакцины бүрэн тунд хамрагдсан ч өвдөөд эдгэрсэн бол гурав дахь тунг хийлгэх үү?

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны хоёрдугаар сарын 23-нд AstraZeneca вакцины эхний тунг хийлгэснээр манай улсад коронавирусийн эсрэг дархлаажуулалт албан ёсоор эхэлж байв

Үүнээс хойш улсын хэмжээнд дархлаажуулалт үргэлжилсээр байгаа бөгөөд хүн амын

  • 69.2 хувь буюу 2,251,069 хүн вакцины эхний тунг,
  • 65.4 хувь буюу 2,129,106 хүн хоёр дахь тунгаа хийлгээд байна. 

Хэдийгээр бүрэн тунгаа хийлгээд, амны хаалтаа тогтмол зүүж, хүн хоорондын зайгаа баримталбал халдвараас сэргийлж чадна гэж байсан боловч коронавирусийн дельта хувилбар манай улсад тархаж, вакцины нөлөөллийг бууруулж байгааг холбогдох албаныхан хэлсэн. 

Иймд есдүгээр сарын 23-наас эхлэн дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан 18-аас дээш насны иргэдийг нэмэлт сэргээх тунд хамруулж эхлээд байна. 

Ингэхдээ бүрэн тунд хамрагдаад гурван сарын хугацаа өнгөрсөн бол сайн дурын үндсэн дээр вакциныг сонгон хийлгэх боломжтой байгаа юм. 

Үүнтэй зэрэгцэн "Бүрэн тунтай ч өвдөөд эдгэрсэн бол гурав дахь тунг хийлгэж болох уу?" гэх асуулт гарч ирсэн. Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Ж.Отгонболдоос тодруулахад "КОВИД-19-өөр хөнгөн өвчлөөд эдгэрсэн бол 21 хоногийн дараа вакцины гурав дахь тунг хийлгэж болно. Харин хүнд өвдсөн бол эмчийн заалтыг харгалзан нэг сарын дараа хийлгэх боломжтой" хэмээн 2021 оны есдүгээр сарын 28-ны өдөр хариулсан.

Гэтэл Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр(2021 оны есдүгээр сарын 30-нд) гаргасан "Коронавирусийн эсрэг вакцины бүүстэр тунгийн тухай таны мэдэх ёстой таван зүйл" гэх мэдээлэлд "Хоёр тунд бүрэн хамрагдаад халдвар авсан тохиолдолд гурав дахь тунг одоогоор зөвлөхгүй байгааг анхаарна уу" гэжээ. 

Мэдээллийг дахин нягталж НЭМГ-ын орлогч дарга Ж.Отгонболдтой холбогдоход "Хүний биед дархлаа тогтох хугацаа харилцан адилгүй учир тодорхой хугацааны дараа вакцин хийлгэх боломжтой" гэсэн юм.

Ийнхүү холбогдох байгууллагын өгсөн мэдээлэл хоорондоо зөрж, иргэдийг төөрөгдөлд оруулж байгаа тул ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмаас энэ талаар мөн тодрууллаа.

"Өвдсөн болон вакцинаар хамгаалагдсан хүмүүсийн дархлааны түвшин нь 3-6 сарын дараагаар буурч байна"

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма "Тодорхой хугацааны дараа болно. Одоогоор вакцин хийлгээд өвдсөн хугацааг тооцвол дархлаа нь хэвийн үргэлжилж байх боломжтой үе тул нэмэлт тун хийлгэхийг зөвлөхгүй байгаа. Цаашид судалж, иргэдийн дархлаа нь хамгаалах түвшнээс доош буурч байна уу гэдэгт үндэслэн хийх эсэх асуудлыг ярина. 

Одоогоор судлагдсан судалгааны үр дүнгээс харахад өвдсөн болон вакцинаар хамгаалагдсан хүмүүсийн дархлааны түвшин нь 3-6 сарын дараагаар буурч байна.

Өвчлөөд эдгэрсэн бол дахин вакцин хийлгэхгүй гэсэн үг биш. Мэдээж хэрэг, вакцинжуулалт сайн дурын үндсэн дээр явагддаг тул хийлгэх бүрэн боломжтой" гэлээ. 

Мөн тэрбээр эдгэрээд удаагүй бол вакцин хийлгэх шаардлагагүй бөгөөд халдвар тархаж буй энэ үед урьдчилж сэргийлэх нь чухал учир хоёр тундаа хамрагдсан, өвчлөөгүй байгаа иргэддээ нэмэлт сэргээх тунг хийж байгааг онцлов.

Эх сурвалжуудын өгсөн мэдээллээс үзвэл коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунг хийлгэсэн ч өвчилсөн иргэдэд хараахан гурав дахь тунг зөвлөхгүй байгаа аж. Харин судалгааны үр дүнгээс хамаарч эдгээр иргэнд вакцины гурав дахь тунг хийх эсэхийг хэлэлцэх юм байна. Мөн вакцин сайн дурын үндсэн дээр хийгддэг тул ямар вакциныг хэзээ хийлгэхээ иргэн өөрөө шийднэ.

Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунг хийлгэсэн 302,319 иргэн байна. Эдгээр иргэний дунд өвчлөл бүртгэгдэх хувь 0.15 байгааг албаныхан мэдээлсэн билээ.

x