Индэр    
2021 оны 9 сарын 28
Зураг
2020 оны сонгууль ЗАЛУУСЫН ГАРТ

Б.Али: Цоорхой оймстой байж Озоны цоорхой яриад яахав дээ гэдэгтэй ёстой санал нийлдэггүй

ОЮУ залуучуудын зөвлөлөөс нэг сая мод санаачилгыг гарган ажиллаж байгаа талаар тус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга Б.Али мэдээлэл өглөө.

 

-Энэхүү төслийнхөө талаар танилцуулаач?

-Бид 2024 он хүртэл 1 сая мод тарьж, ургуулах санаачилгыг дэвшүүлж байгаа ба энэ төслийнхөө хүрээнд ногоон хотыг бүтээх болон цөлжилтийг шийдэх гэсэн хоёр тулгуур асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж байна. Төлөвлөгөөнийхөө дагуу энэ жилийн наймдугаар сард Яармагийн айлуудад 1,000 мод тарилаа. Мянган бээрийн аялал маань нэг алхмаас эхэлж байна гэж хэлж болно. 

-Нэг сая мод тарина гэхээр иргэдэд маш их тоо ч юм шиг санагдаж байгаа байх. Таны хувьд боломжтой гэж харж байна уу?

-Манай улсад аливаа зүйл яригдаад, яригдаад хэрэгжихгүй хаягддаг байдал газар авсан. Нөгөө талаар биднийг чадах болов уу гэж эргэлзэх олон хүн байгааг үгүйсгэхгүй. Бид хэдий 20, 21 настай залуучууд ч хүсэл эрмэлзлээр дүүрэн бөгөөд нарийн төлөвлөгөө, бодит үр дүн гаргахын тулд тооцоо судалгаатай ажиллаж байгаа. Мөн үүгээрээ ч бид залуу үе идэвх санаачилгатай, өөр болсон гэдгийг харуулахыг хүсэж байна.

Бизнес хийсэн ч ёс зүйтэй бизнес хийдэг, байгаль орчин, хүүхэд, хөгшчүүдийг боддог нийгмийг бидний үе үлгэрлэн бүтээнэ гэдэгт итгэж байгаа. Үүнийхээ хүрээнд ч мод тарьж, ургуулахаас гадна хүүхэд, залуучуудад мод тарихын ач холбогдлыг ойлгуулж өгөх, үлгэр дууриалал болоход мөн анхаарч байгаа.

-Танай хамт олны төсөл хэрэгжүүлэх болсон шалтгаан юу вэ. Мод тарих нь өөрөө ямар ач холбогдолтой байдаг талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт гэх мэт байгаль орчны олон асуудлын талаар иргэд нэг биш сонсож байгаа ч анхаарч үзэж буй хүн тун цөөхөн. Давтаж яриад л байдаг мөртлөө хэрэгжсэн үйлдэлгүй нийтийн нэг хэвшмэл яриа мөн л дөө.

Мод тарьж, арчилж, ургуулах нь сайн сайхан зүйл гэдэг бөгөөд энэ талаар иргэд аль хэдийн ойлголттой болсон. Тэр байтугай "Маамуу нааш ир" хүүхдийн дуун дээр ногоон модоо тарих тухай дурддаг шүү дээ. Мод тарихыг хавар хамт олноороо нэг газар очоод, тарьж байгаа зургаа авхуулаад л дуусгадаг асуудал гэж үзэхгүйгээр нийтээрээ анхаарч гар бие оролцож, шийдэж чадах нэг асуудал болов уу гэж харж байна.

Төр засгаа хүлээгээд 30 жил боллоо, эд нар юм хийхгүй байна гээд байдаг хүмүүс байдаг юм байна лээ. Хүсэж байгаа зүйлээ өөрсдөө төлөвлөөд, гар бие оролцохын сацуу төр засагт дуу хоолойгоо хүргэх нь илүү үр дүнтэй байх. Олон улсад ч нийтээрээ эвлэлдэж нэгдэх ёстой сэдэв гэж үзэж байгааг мөн иргэд маань харж байгаа гэж бодож байна.

 

-Та сая олон улсын талаар дурдлаа. Дэлхий дахинд энэхүү асуудлын хүрээнд ямар хандлага ноёлж байгаа вэ? 

-2020 оноос авхуулаад улс орнууд илүү нухацтай хандаж байгааг анзаарсан. Жишээ нь, АНУ л гэхэд "Нэг их наяд мод", Саудын Арабын хаант улс "10 тэрбум мод" төслүүдээ энэ жилээс хэрэгжүүлж эхэлж байгаа.

Хамгийн сонирхолтой нь Этиоп улс 2020 онд 12 цагийн дотор 350 сая мод тарьсан байна лээ. Цаашлаад БНХАУ, Энэтхэг, Пакистан гээд олон улс мод тарих төслүүд эхлүүлсэн байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч мөрийн хөтөлбөртөө дурдсан зорилтуудаа НҮБ дээр дурдсан байгааг нь хувьдаа талаатай хүлээж авсан. 

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индер дээр нэг тэрбум мод тарина гэснийг шүүмжлэх иргэн олон байна. Хэрэгжих боломжтой гэж үзэж байгаа юу?

-Twitter уншиж байхад тооны хувьд том юм ярилаа гээд нэлээд шүүмжилсэн харагдана лээ. Гэхдээ үүнийг иргэд улстөрчдөөс аливаа зүйлд тууштай байж, үр дүнтэй хэрэгжүүлэх талаас нь анхаарах ёстой юм болов уу гэсний үндэс нь дээр хэлж байгаа гэж бодож байна.

Хэрэгжих бүрэн боломжтой төсөл гэж үзэж байгаа. Улстөржих олон сэдэв байгаа ч байгаль орчин болон мод тарих асуудал дээр бид нэг цонхоор харах цаг нь ирсэн. Монгол Улсын газар нутгийн 70 гаруй хувь нь цөлжилтөд нэрвэгдсэн бөгөөд Улаанбаатар хотын ногоон орчны асуудал бусад улстай харьцуулахад тун тааруу.

 

-Мод тарих нь бидний нийтээрээ анхаарч үзэх ёстой асуудал мөн болов уу?

- “Цоорхой оймстой байж озоны цоорхой яриад яахав дээ” гэсэн нийтлэлч Баабарын үгийг санаж явдаг ч бид ярьсаар, ярьсаар хэрэгжихгүй үлдсэн бас нэг асуудал байлгахыг хүссэнгүй. Баабарын нийтлэлүүдийг тогтмол уншдаг ч үүнтэй л ёстой санал нийлдэггүй дээ.

Өөрийгөө бодохын сацуу бусдыг бодож болдог, нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө өсөж, хүмүүжиж байж л нийтийн өмч, хүүхдийн тоглоомын талбай дээр барилга байшин барих гээд дайраад байдаггүй бизнесийн морал сайтай ирээдүйн бизнесменүүд төрөх байх гэж бодож байна.

Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэдэг шүү дээ. Аливаа том асуудлын цаана жижигхэн шалтгаан байдгийн нэг илрэл байх аа. 

-Та бүхэн ногоон хот бүтээх зорилтынхоо хүрээнд Яармагт мод тарьсан юм байна. Яг хаана тарьсан бэ?

-Бид ХУД-ийн 8 дугаар хорооны бүсэд айл бүрд гурван мод тарьсан. Биднийг төслөө эхлүүлж байхад айлууд нь арчилж ургуулах юм уу даа, дэмий юм биш үү гэсэн хүмүүсийн шүүмжлэлтэй нэг биш таарсан. Үүнийг бид анхаарах ёстой асуудал гэж харсан болохоос хийхгүй байх шалтаг гэж хараагүй. Хорооны хэсгийн ахлагчид маань сайтар хянаж шалгаж байгаа ба услахгүй хаячихна шүү дээ гээд байсан чинь эсрэгээрээ хайрлаж хамгаалахтай илүүтэй таарлаа.

Төсөл маань иргэдэд мод тарьж ургуулах сэдлийг өгчихсөн байгааг харахад таатай байгаа. Болохгүй, бүтэхгүй гэсэн хандлагатай хүн угаасаа юуг ч болгож бүтээхгүй л гэж боддог.

 

Нэмж хэлэхэд, хэрвээ бид АНУ-ын дурын нэг гудамж, хотхоныг сонгон авч харвал мод их тарьсан байгааг харах бол манай улсад нөхцөл байдал тэс өөр байдаг. Гэр хороолол утаа, тоос, шороо боссон газар байх шаардлагагүй. Яармаг дөрвөн жилийн дараа тэс өөр болсон байх болно
 

 
Монгол Улс болон АНУ хоорондын харьцуулалт

-Тодорхой үр дүнд хүрсэн юм байна гэж ойлголоо. Та бүхний цаашдын зорилт юу байгаа вэ?

-Бид энэхүү төслийг өнгөрсөн жилийн наймдугаар сараас төлөвлөж эхэлсэн бөгөөд 20 орчим насны гурван залуу ярьж төлөвлөснөөр ийнхүү хэрэгжиж байна. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад төсөл маань энэ жилийн хавраас хэрэгжиж эхэлсэн.

Төслийн хувьд одоогоор хүсэл эрмэлзлээрээ явж байгаа ч цаашдаа систем болж явах ёстой гэж харж төлөвлөж байгаа. Ирэх жил 200 мянган мод тарьж ургуулах бэлтгэлээ хийж байна. Мөн олон залуусыг бидэнтэй хамтран мод тариасай гэж хүсэж байгаа. Үүнийхээ хүрээнд Модны баяр төслийг санаачлан ажиллана.

 
УЗ-ийн гишүүд Б.Индира болон М.Мандах
 

-Танай байгууллага өмнө нь хэд хэдэн төсөл санаачилж байсан юм байна. Үүнийхээ талаар танилцуулвал..?

-Миний бие 2017 онд Өсвөрийн Парламент нийгэмлэг ТББ-ыг үүсгэн байгуулж хүүхэд, залуучуудад бидэнд тулгамдаж буй асуудлаар хуулийн төсөл санаачилж хууль санаачлагчдад хуулийн төслийн саналуудаа хүргүүлж байсан.

Энэ үйл ажиллагааг тухайн үед ирээдүйн цүнх баригчдыг бэлтгэж байна, айл гэрдэж тоглож байна гэх хандлага нилээдгүй байсан ч Монгол Улсын Үндсэн хуулийн 26-р зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан бидний эрх шүү дээ. Хууль тогтоомжийн тухай хуулийн 5-р зүйлийн 5.2-т ч мөн дурдсан байгаа. 

Мөн бид 2020 онд OYUREDY төслийг санаачлан хэрэгжүүлж 2020 оны УИХ-ын сонгуулиар залуучуудын идэвх, оролцоог нэмэгдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулсан. 

-Нийгэм рүү чиглэсэн хэд хэдэн төсөл хэрэгжүүлсэн хүний хувьд ямар бодолтой байдаг вэ? Мөн залуучуудад юуг хэлмээр байна? 

-Хувь хүнийхээ хувьд ардчилсан нийгмийг ард иргэд хамтдаа бүтээхийн сацуу өөр өөрсдийн эрх чөлөө, хүсэл тэмүүллээрээ амьдрах боломжтой засаглал гэж хардаг. Миний асуудал биш гэхгүйгээр бидний асуудал юм байна гэж харах нь зөв байх аа.

Бид бүгдэд л өөр өөрсдийн шийдэх ёстой асуудал, хийх ажил байгаа ч өөр хэн нэгэн шийдчих байх, өөрийгөө яая гэж байж юун мод гэхгүйгээр нийгмийн асуудалд гар бие оролцож нийгмээ хамтдаа бүтээх нь зөв гэж хардаг. Гэхдээ би өөрийгөө хаяад нийгмээ бодоод л байгаа юм шиг популист хандлагатай байгаарай гэж огт хэлээгүй юм шүү.

Залуучууд маань амьсгалах агаар, амьдрах орчиндоо хөрөнгө оруулах нь зөв гэдгийг энэ дашрамд мөн хэлмээр байна.

Мод ургасан байгаа байдал