Индэр    
2021 оны 9 сарын 21
Зураг
Эдийн засагч, шинжээч

БОДЛОГЫН МУХАРДАЛ

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дэлхий өвдөв. Дэлхийгээ аврах гэж төрөл бүрийн эмчилгээ хийв. Хоёр жил өнгөрлөө. Гэвч дэлхий өвдсөн хэвээр… Дэлхийгээ аврах гэсэн хүн төрөлхтөн бодлогын мухардалд орлоо.

Эдийн засгийн эмчилгээ

1929, 2008 оны хямралуудын эмчилгээ ихэд ойлгомжтой. Төв банк нь хүүгээ буулгаж, мөнгө хэвлэдэг байв. Сангийн яам нь батлан даалт гаргаж, хөнгөлөлттэй хөтөлбөр хэрэгжүүлдэг байв. Ингээд хямралаас багадаа нэг жил, ихдээ хоёр жилд гардаг байв.

Харин энэ удаад 2008 оны хямралаас 3 дахин их мөнгөөр эдийн засгаа дэмжив. Дээрх бодлогуудыг бүгдийг нь хэрэгжүүлэв. Хүссэн шиг үр дүнд хүрсэнгүй. Яагаад? Учир нь 1929, 2008 онуудын хямралын шалтгаан өөр байв. Тухайн үед(1929, 2008) зах зээлд хэт их худалдан авалт хийгдэж, тэр нь үнийн өсөлтөөр илэрч явсаар ХӨӨС үүсэж хагарсан. Ийм шинж тэмдэгтэй хямралд дээрх бодлогууд яг л тохирдог байв.

2020 оных бол тэс өөр. Шинж тэмдэг нь нийлүүлэлт талдаа илэрсэн. Илүү ойлгомжтой болгохын тулд жаахан хойш ухраая. Сүүлийн 60 жил хүн ам хурдтай өсөв. Компаниудын хувьд олон бүтээгдэхүүнийг хямд өртгөөр үйлдвэрлэх шаардлага үүссэн. Тиймээс хямд ажиллах хүчтэй газар үйлдвэрүүдээ байгуулсан. Улмаар нэг машин эцсийн бүтээгдэхүүн болж гарахдаа 12 улсаас хамаарах болов. Саяхныг хүртэл нийлүүлэлтийн өртгийн сүлжээ төгс шахуу ажиллаж байв. Цар тахал гарч, хөл хорио тавигдахад энэ сүлжээ доголдов. 12 улсаас хамаардаг бүтээгдэхүүн тасрав.

Харин бид нэг гараараа худалдан авалтыг дэмжсэн бодлого явуулаад нөгөө гараараа хөл хорио тавьж бодлогын нөлөөгөө сааруулж орхив.

Эрүүл мэндийн эмчилгээ

Мэдээж дээрх бодлогуудыг олж харсан дэлхий нийтийн ганц найдвар вакцин байв. Вакцин л гарчихвал хөл хорио суларна. Улмаар бүтээгдэхүүн тасралтгүй гарна. Тэр үед худалдан авалтыг нь дэмжинэ. Гэтэл вакцин гаргах, дархлаажуулах зуур вирус хэд хэдэн мутацид орж хяналтаас гарав. Одоо гурав дахь тунгийн асуудал яригдаж байна. 

Бодлогын мухардал

Дэлхий нийтээр эрүүл мэндийн хувьд ч, эдийн засгийн хувьд ч тамир тасрав. Аргаа барав. Манай улсад ч гэсэн таван удаагийн их хөл хорио, хоёр удаагийн вакцинжуулалтын дараа юу ч дээрдсэнгүй. Харин одоо цар тахлын асуудал дээр нэмэгдээд хэт их мөнгө хэвлэсэн бодлогынхоо сөрөг үр дагаврыг яах тухай бодож эхлэх болж байна. Зах зээл дээр их хэмжээний хөөс үүссэн. Цаг тавьсан бөмбөг шиг дэлбэрэхээ хүлээж байгаа мэт.

  • Инфляц дэлхий нийтийн асуудал болж байна.
  • Үл хөдлөх, түрээсийн үнэ хамгийн өндөр түвшиндээ хүрэв
  • Хөрөнгийн захын индексүүд өндөр түвшиндээ хүрэв
  • Ядуурал нэмэгдэж, дундаж давхарга буурав
  • Газрын тосны үнэ өсөв

Манай улс бүр ч хүнд нөхцөлд байна. Гадагшаа нүүрсээ гаргаж чадахгүй, дотогшоо бараагаа татаж чадахгүй. Уг нөлөөгөөр нь үнэ огцом өсөж, худалдан авах чадвар огцом буурсан хүнд үетэй нүүр тулж байна. Хэт удаан вакум орчинд байвал ХАА-н салбараас өөр салбар өсөхгүй. Бид бүхэн мах, гурилаа л идэх нь байна.

x