Индэр    
2021 оны 7 сарын 5
Зураг
Эдийн засагч, шинжээч

Ханш яахав. ИНФЛЯЦ яах гээд байна?

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Чоно борооноор гэдэг шиг валютын ханш дээрээ анхаарал хандуулаад байсан хажуугаар нь инфляц шургадаг байна шүү.

Инфляцыг бид юу гэж ойлговол дээр вэ? Бидний хамгийн өргөн хэрэглэдэг 300 гаруй нэр төрлийн барааг бүлэглэж дундаж үнэ гарган авдаг. Жишээ нь, маш олон сүүн бүтээгдэхүүн байлаа гэхэд тэр сүүний үнийг дундажлаж, нэг сүүний үнэ гаргаж авна. Дараа нь бусад өргөн хэрэглэдэг бүтээгдэхүүний үнэтэй сүүнийхээ үнийг нэгтгэх замаар тооцно. Үндсэндээ инфляц бол дунджын дундаж үнэ юм. Хүн бүрийн хувьд, инфляц ялгаатай байж болно. Жишээ нь та мах, сүүгээ худалдан авдаггүй бол тэр үнийн өсөлт танд нөлөөлөхгүй гэсэн үг.  

2020 онд инфляцыг 2 гэсэн бүхэл тоогоор харж тайвширч явтал 2021 оны дөрөвдүгээр сараас хойш огцом өссөөр 6.2 хувьд хүрээд байна(Зураг1). Мэдээж олон хүчин зүйлс нөлөөлж байна.

  • 2020 оноос хойших 5 удаа тавьсан хөл хорио бүрийн дараа хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом өсжээ. 
  • Сонгууль далимдуулсан мөнгө тараах бодлого эрчимжсэн.
  • Мах, ногооны хомстдог үе таарав.
  • Гааль дээр ариутгагч гэх хаалгаар импортын 2700 нэр төрлийн бараа дамжсаны уршгаар бараа хомстож, тээврийн зардал өсөж, импортын барааны үнэ өсөв. 
 

Валютын ханш: Юанийн ханшийг эс тооцвол төгрөгийн доллартой харьцах ханш бараг тогтвортой байв(Зураг2). Учир нь бид хилээ үе үе хаасантай холбоотой гаднаас авах үйлчилгээ, гаднаас худалдан авах бараа ч цөөрсөн. Энэ хэмжээгээр ханшийн эрэлт буурсан. Ердөө хүнсний бараа, эм хэрэгсэл, бензин худалдан авахад валют ашиглагдаж байсан учраас валютын нөөц ч хангалттай нэмэгдэв.

 

ЦААШИД ЯАХ ВЭ?

Инфляц: Улирлын нөлөөгөөр өсдөг мах, хүнсний ногоо гэх мэт бүтээгдэхүүн нь эргээд хэвийн түвшиндээ орно. Энэ бол инфляцад түр зуур нөлөөлж буй хүчин зүйлс юм. 

Хэдий тийм ч бидний хянаж чадахгүй бүтээгдэхүүний үнийн өсөлт инфляцад дарамт учруулахаар байна. Тухайлбал, газрын тосны үнийн өсөлт нь манайд авто бензиний үнийг өсгөж байна. 

Нөгөөтэйгүүр манай Засгийн газрын чадавхгүйгээс үүсэлтэй хил дээр үүссэн хязгаарлалт, тээврийн зардлын огцом өсөлт, барааны хомстол зэрэг нь цаашид хэрхэн шийдэхээс инфляцын ирээдүй шалтгаална. Юутай ч оны төгсгөлд инфляц жилийн 6-8 орчим хувьд байхаар байна. Өөрөөр хэлбэл, таны цалин өнгөрсөн жилтэй харьцуулахад өсөөгүй бол таны худалдан авах чадвар 8 хувиар буурна гэсэн үг. Инфляц бол өрхийн орлогоос чимээгүй хумсалдаг нэг төрлийн шимэгч үзүүлэлт юм. 

Валютын ханш: Тус үзүүлэлт нь энэ жил болон ирэх жил тогтвортой байх боломж бүрдэж байна. Төгрөгийн ам.доллартой харьцах ханш хэрхэх нь валютын орох, гарах урсгалын зөрүү болон тухайн иргэд, ААН-н хүлээлтээс хамаардаг. Тэгвэл яагаад ханш харьцангуй тогтвортой байх вэ?

 

2021 оны хувьд, эдийн засгийн идэвхжил төдийлөн хурдтай явагдахгүй. Дотооддоо цар тахал өндөр байгаа учраас гаднаас авах бараа, үйлчилгээ нь хязгаарлалттай байна. Тиймээс ам.долларын ханш төдийлөн хөдлөхгүй. Нөгөө талаар банкууд долларын зээл гаргахгүй байгаа учраас долларын хадгаламжийн хүү ч огцом буурсан байна. 

Харин 2022 онд валютын ханшид савлагаа үүсгэх валютын томоохон гарах урсгал бол гадаад бондын төлбөр байв. 

Ядуу орон бүр баян орноосоо мөнгө гуйж байгаа энэ үед бондын төлбөрийг төлнө гэдэг бүтэшгүй. Тиймээс өр төлбөрөө хойшлуулахаас өөр аргагүй байв. Азаар гэх үү? эзээр гэх үү? Монголыг маань хөрөнгө оруулагч нар сонгосон хэвээр л байна.

Ирэх жилүүдэд төлөгдөх 1 тэрбум ам.долларын бондыг Сангийн яамны зүгээс дараах бондууд ашиглан сунгалт хийв.

  • 6 жилийн хугацаатай 3.5 хувийн хүүтэй(өмнөх хүү 5.6 хувь байсан), 500 сая ам.доллар,  
  • 10 жилийн хугацаатай 4.45 хувийн хүүтэй(өмнөх хүү нь 5.1 хувь байсан), 500 сая ам.долларын хямд өртөгтэй бонд гаргасан нь 2022 онд төлөгдөх Чингис бонд, 2023 онд төлөгдөх Гэрэгэ бондын  өр төлбөрийг дахин санхүүжүүлсэн. 

Энэ бол ирэх жилүүдэд валютын ханш огцом өсөхгүй байх нэг чухал зүйл юм. 

Валютын орох урсгал талдаа харвал 2022 оны төгсгөлд төмөр зам ашиглалтад орохоор байгаа нь экспортын орлогыг өсгөхөөр байна. Жил бүр 30 сая тонн нүүрс экспорт хийдэг байсан бол төмөр зам ашиглалтад орсноор тээврийн зардал буурч, экспортын гарц ч нэмэгдэх юм.