Зураг
Зураг
Индэр    
2021 оны 7 сарын 1
Зураг
iKon.mn сэтгүүлч

Ах аа... би уралдмааргүй байна

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Цар тахал тоглоом биш гэдгийг бие, сэтгэл, амьдралаараа мэдэрч, туйлдаж буй монголчуудад энэ жилийн наадам баяр баясал өгч чадахгүй.

Тэр дундаа хурдан морины уралдаан бүр ч чадахгүй.

Хурдан морины унаач хүүхдүүд одоо нэг л зүйлийг хэлмээр байгаа байх, Ах аа... уралдмааргүй байна гэж...

Учир нь хүүхдүүд масктай уралдаж чадахгүй.

Манай улсад хурдан морь унах хүүхдүүдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. 2017 оны байдлаар нийт 10,435 уралдаанч хүүхэд албан ёсоор бүртгэлийн системд бүртгэгдсэн байдаг. 

Коронавирусийн халдварын улмаас хүүхдүүдийг сургууль руугаа явахыг нь хоёр жил хорьчихоод наадамд амь насаа дэнчин тавин уралд гэж байгааг харгис үйлдэл гэж харахаас өөр аргагүй юм. Өнөөдөр манай улсад КОВИД-19 өвчний тохиолдлын тоо өдөрт 2,000-ыг давж байна. Нийт өвчилсөн хүмүүсийн 30 хувь нь хүүхдүүд байгаа. Нийт нас барагсдын тоо өнөөдрийн байдлаар 599-д хүрсэн бөгөөд сүүлийн дөрвөн хоногт гэхэд л халдварын хүндрэлээр 60 иргэн хайртай хүмүүсээ орхин одлоо. 

Тэд хэзээ ч эргэж ирэхгүй...

График: КОВИД-19 халдвар авсан хүний тоо өдрөөр \сүүлийн 6 сард\

 
COVID-19 хуудсаас ашиглав

Наадам цахимаар тэмдэглэхтэй холбоотойгоор хурдан морь уяачдын холбоодоос хийж буй мэдэгдэлд үндэслэлгүй мэдээлэл хөвөрсөөр. 

Тухайлбал, зургадугаар сарын 18-нд Монголын үндэсний бөхийн холбоо, Монголын морин спорт, уяачдын холбоо, Монголын үндэсний харваачдын холбоод хамтарсан мэдээлэл хийсэн. 

Энэ үеэр спортын сэтгүүлч, тайлбарлагч Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Л.Цагаандалай “Тал нутагтаа морио уяад явж байгаа хүн бол вакцин гэж бичээд байгаа, өглөө бүхэн вакцин хийлгэж байна тэд. Тэр цэнгэг агаарт, 3 метр өндөрт морь унаад давхиж байгаа хүүхэд, та бидний энд КОВИД-ын вирус байхад тэр бүүр цэнгэг агаарт хүчилтөрөгчийн давхар ислийг үнэртээд явж байдаг юм” гэж хэлснийг FACTCHECK-ээр нягталж хэлсэн зүйл нь ҮНДЭСЛЭЛГҮЙ болохыг мэдээлсэн. 

Өөрөөр хэлбэл, Монгол Улсад, 3 метр өндөрт морь унаж байгаа хүүхэд коронавирусийн халдвар авахгүй гэсэн нотолгоо байхгүй буюу COVID-19-ийн халдварын тархалт өндөрлөг агаартай ямар нэгэн хамааралгүй байна. Вакцин нь өвөрмөц аргаар дархлаа тогтоох шинжлэх ухааны томоохон бүтээл юм. Өнөөдөр Монгол Улс дөрвөн төрлийн вакцин ашиглаж, хүн амаа цар тахлын эсрэг вакцинжуулж байна гэсэн юм. 

Гаргасан шийдвэрээ мөрддөггүй улс

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10.4.6-д Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед соёл урлаг, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хязгаарлах, цуцлах, хориглох хэмээн заасан. 

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгасан. 

Гэвч энэхүү шийдвэр болон дээрх хуулийн заалтууд зөрчилдөж байна. Мөн Үндэсний их баяр наадмаар зогсохгүй долоо болон наймдугаар саруудад ч орон нутагт морины уралдааныг төлөвлөжээ. 

 

Хурдан морийг хүүхдээр унуулах нь хүүхдээр “Тэвчишгүй хөдөлмөр” эрхлүүлж буй ноцтой үйлдэл 

Цахим наадам хийх гэж буй ганц шалтгаан нь Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож буй учир... 

 

​Монголын хуульчдын холбоо, НҮБ-ын Хүүхдийн сангийн “Хурдан морины хаврын уралдаан ба хүүхдийн эрх” судалгааны тайланд “Бага насны хүүхэд хурдан морь унаж уралдахыг хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр гэж үзэх нь түгээмэл ойлголт болж байна” гэжээ.

Монголын Хуульчдын Холбооны Хүүхдийн эрхийн дэд хороог хариуцан ажилладаг, хуульч Х.Баасанжаргал "Наадам цахимаар тэмдэглэхтэй холбоотой хурдан морь уяачдын холбоодоос хэд хэдэн ноцтой мэдэгдэл хийгээд байгаа билээ. Бид үүнтэй холбоотой зургаадугаар сарын 12-ны өдөр “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан “Одоо арга хэмжээ авъя: Хүүхдийн хөдөлмөрийг устгая!” хэлэлцүүлгийг хийсэн. 

“Хурдан морь унах нь хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр” гэсэн санааг олон улсын байгууллагуудын суурин төлөөлөгч (Олон улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын суурин төлөөлөгч, Европын холбоо зэрэг) хэлсэн. 

Хурдан морийг хүүхдээр унуулах нь Хүүхдээр “Тэвчишгүй хөдөлмөр” эрхлүүлж буй ноцтой үйлдэл юм. Ялангуяа өвөл, хаврын улиралд хүүхдээр хурдан морь унуулах нь хүүхдийн эрхийн ноцтой зөрчил болохыг Шүүхээс 2018 онд тогтоож, Засгийн газраас дахин энэ төрлийн уралдаан тэмцээн зохион байгуулахгүй байх талаар холбогдох тогтоолыг гаргасан.

Гэвч “Уламжлал, зан заншил” нэрийн дор хүүхдийн эрхийг зөрчих нь “хэвийн” гэх үзэгдэл төрийн өндөр дээд албан тушаалтнуудын дунд байсаар байгаа нь харамсалтай. Хэлэлцүүлгийн үеэр НҮБ-ын суурин төлөөлөгч “соёл уламжлал” гэсэн нэрийн дор зөвтгөж болохгүй талаар сануулдаг. Мөн Европын холбооны төлөөлөгчийн зүгээс “Хөдөлмөр бол боловсролын нэг хэсэг” гэсэн буруу хандлага “пост комунист” оронд байсаар байгаа бөгөөд үүнийг болих хэрэгтэй гэсэн тайлбарыг өгсөн" гэв. 

Хүүхдээ боддог улс байя, ядаж цар тахлын энэ үед...