Индэр    
2021 оны 6 сарын 16
Зураг
Хуульч, сэтгүүлч

Нууцсын орны эрэлчин

Зураг
Гэрэл зургийг MPA.mn
-Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль батлагдаж, хэрэгжиж эхэлсний 10 жилийн ойд зориулав. 2021.06.16-

Төрийн гурван өндөрлөгийн хэзээ ажилдаа явах нь нууц тухай хууль сахиулах байгууллагын албан тушаалтан тайлбар хийв. Яагаад нууц болохыг нь хэн ч мэдэх ёсгүй, нууц бол нууц.

Монголд нууц гэдэг хаалтын доор нууж боломгүй газрын наймаа, гааль, татвар, алдаа дутагдал, ажлын хэсгийн дүгнэлт, тайлан гээд олон булхай луйвар, ашиг сонирхлоо хав дарсан. Үүнийг ил болгох хүсэл зориг эрх мэдэлтнүүдэд үгүй аж. Мэдээж хэрэг аливаа улс оронд нууцлах ёстой чухал асуудлуудын хүрээ, хязгаар гэж бий. Үүнийг үндэсний язгуур эрх ашиг, сонирхолтой уялдуулж ойлгоно . Задруулбал хор уршиг учруулах аюултай гэж үздэг.

Нууц нь төрийн болон албаны, байгууллагын, хувь хүний нууц гэсэн гурван төрөлтэй. Энэ дундаа албаны нууц хэмээгч нь анхаарал татна.

Албаны нууц гэж төрийн байгууллагуудын өөрсдийн тогтоосон нууцыг ойлгох бөгөөд нэг талаас байгууллагын нууцын шинжтэй. Харамсалтай нь төрийн, байгууллагын нууц шиг нууцалж үл болох асуудлын хүрээ үүнд байхгүй. Хэтэрхий өргөн, дур зоргын шинжтэй. Иймдээ ч төрийн тамгаа албаны нууцад оруулан нууцалсан “эмгэнэлт жүжиг”-ийн зөрчил мэт бодит жишээ судалгаагаар авагдсан. Бид гамшигт гоц халдвар өвчин тэр дундаа коронавирусний нөөц хөрөнгө, төсөв, санхүүгийн захиран зарцуулалттай танилцаж, мэдээлэл авч чадахгүй байгаагийн шалтгаан ч мөнөөх нууц гэсэн дардастай холбоотой. Эрүүл мэндийн сайдын тушаалаар энэхүү асуудлыг нууцалсан байна. Үндсэн хууль, олон улсын хэм хэмжээгээр нууцыг хэзээ ч хэн нэгэн хүн тогтоох ёсгүй байдаг. Зөвхөн хуулиар, хуулийн хүрээ, шалгуурт нийцүүлэн тогтоохыг л зөвшөөрдөг.

2016 онд баталсан Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 14.1 дэх хэсэгт “Албаны нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг тухайн хариуцсан байгууллага боловсруулж, асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, байгууллагын даргын шийдвэрээр батална” гэснээр хамгийн том хуулийн гажуудал үүсжээ.

Энэхүү гажуудлыг олж харсан нэр бүхий хуульч, иргэд Үндсэн хуулийн цэцэд гомдол, мэдээлэл гаргасны дагуу Үндсэн хуулийн цэц хуралдаж хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлтийг 2021.05.19-ний өдөр гаргалаа. Байгууллагын дарга нар цаашид орхигдуулсан олон зүйлсээ нууцлах эрхийг хэвээр үлдээсэн гэсэн үг. Хуралдаан даргалагчаас хэрвээ бид энэхүү хуулийн холбогдох заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл, манай байгууллагын нууц дараа нь яах билээ гэж асуух нь ч зөв. Асуудалд аливаа албан тушаалтан субьектив хандаж болдгийн нотолгоо бол дээрх асуулт юм.

Дүр үзүүлсэн ардчилал дарангуйллаас илүү хортой гэдгийн тод жишээ болон үлдэв

Цаашилбал мэдээллийн ил тод байдлын индексээ урагш нь ахиулж, улмаар эхний 20 байрт дэлхийн улсуудтай жагсах шаардлагагүй гэх тэр хүний үзэл бодол нь ч зөв л дөө. Өнгөрсөн оны аравдугаар сард Солонгос руу зорчих онгоцонд бэлгийн дарамт үзүүлж, улсын нэрийг гайтуулсан гэх хэрэг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэдэн өдрийн туршид мэдээлэгдэж хэн хүний мэдэх олны танил эрхэм болсны хувьд зөвтгөл нь юм.

Ямартай ч дүр үзүүлсэн ардчилал дарангуйллаас илүү хортой гэдгийн тод жишээ болон үлдэв. Учир нь ардчилсан нийгэмд мэдээлэл дээд зэргийн нээлттэй байх бөгөөд зарим төрлийн онцгой мэдээллийг л нууцалж болдог зарчим үйлчилдэг. Гэвч эл зарчмын эсрэг тогтолцоо манайд төлөвшжээ. Эхлээд нууцална. Хэрэв хүсвэл зарим төрлийн мэдээллээ гаргаж өгч болно гэсэн ойлголттойгоор төрийн байгууллагууд хуулиа мөрдөж байна. Иргэний мэдэх эрхийг баталгаатай эдлүүлж чадаагүй цагт бид Мянга нэгэн шөнийн үлгэр адил мөрөөдөөд ч хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмээ цогцлоон бүтээж эс чадна.

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилт хэрхэн хангагдаж буйд нэгэн жишээг дурдъя.

Саяхан төрийн байгууллагаас мэдээлэл хүссэн юм. Хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан нь шуудангаар ирэв. Буцаасан үндэслэслэлийг нь лавлавал "Албаны даргын нэрийг өөрөөр буюу өмнөх даргын нэрээр бичиж ирүүлсэн тул дарга уурлаад, авсангүй" гэх тайлбарыг өгч байна лээ.

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд хүсэлтийг буцаах хоёр үндэслэлийг нэрлэн заасан. Үүнд тус хуулийн

  • 13.2.1-д хүсэлт нь энэ хуулийн 11.3-т заасан шаардлагыг хангаагүй (11.3 дахь шаардлагад мэдээлэл хүсэгчийн овог нэр, утасны дугаар, оршин суугаа газрын шуудангийн хаяг, иргэний үнэмлэх, гарын үсэг зурсан байх. Хуулийн этгээдэд ч мөн адил үйлчилнэ.)  
  • 13.2.2-д хүсэлтэд дурдсан мэдээлэл нь тухайн байгууллагын эзэмшилд байхгүй бөгөөд хүсэлтийг холбогдох байгууллагад шилжүүлэх боломжгүй.

Хуульд өөрөөр заагаагүй тул бусад үндэслэлээр буцаах ямар ч боломжгүй. Тэр тусмаа хууль сахиулах үүрэгтэй Цагдаагийн байгууллага, Тагнуулын байгууллага нь хууль бус шаардлага тулгаж, буцааж байгааг эрхтэн, дархтандаа сайн ойлгуулахыг мэдээлэл лавлагааны ажилтан гэх ахлагчаас нь хүслээ.

Нүүдлийн шувуу шиг ирж, буцаж байдаг байгууллагын дарга, удирдлагын нэр өөрчлөгдөж, солигдох үйл явц иргэн маньд падлий ч хамаагүй. Үнэхээр нэр ус нь үе үе өөрчлөгддөг юм бол байгууллагын цахим сайт дахь мэдээллээ тогтмол шинэчилж сурах хэрэгтэй. Битгий иргэдэд хүнд суртал удаж бай л даа.

Нууцтай холбоотой асуудлаар иргэн мэдээлэл авч чадахгүй орхигддог. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль дахь зарчмын нэгэнд хуулийн дагуу нууцад хамааруулснаас бусад бүх мэдээлэл нээлттэй байна. Иймд таны хүссэн мэдээллийг хэн ч, хэзээ ч албаны нууц болгож асуудалд субьектив байдлаар хандаж чадна. Тухайн мэдээллээ авахаар дээд шатны албан тушаалтан, түүнчлэн захиргааны хэргийн шүүх, Хүний эрхийн үндэсний комисст хандаад тусыг эс олно. Авлигын үндэс ийм л замаар тавигдаж, гажуудал, завхралыг бий болгох боломжтой юм.

Хуулийн өөрчлөлт нэрийн доор мэдэх эрхийг хумьж, хэвлэлийн хамгаалалтыг ноцтойгоор алдагдуулж, нийгмийн бүтцийг сулруулж болзошгүй цаг үе рүү бид ойртож ирээгүй байгаа даа гэж найдах л үлдлээ.