Индэр    
2021 оны 5 сарын 13
Зураг
Эдийн засаг, улс төрийн бодлогын шүүмж-нийтлэл

Монгол хүний амь нас ямар үнэтэй вэ?

Зураг
http://jargaldefacto.com/

Хүний амь нас юугаар ч хэмжигдэшгүй үнэ цэнэтэй ч, эдийн засгийн үнэлгээ гэж бий. Энэ үнэлгээг шүүгчид, иргэд өөрсдөө тогтоох боломжтой.

Иргэдийн амь насны үнэлгээ улс орнуудад ихээхэн ялгаатай. АНУ болон Монголд иргэний амь насыг хэрхэн үнэлснийг жишээлж харуулъя.

Сарын өмнө цагаан арьстан цагдаагийн гарт амь үрэгдсэн хар арьстан Жорж Флойдын ар гэрт АНУ-ын Миннеополис хотын шүүхээс 27 сая доллар нөхөн төлөх шийдвэр гаргажээ. Учир нь тэр 6 настай охин, эхнэрээ тэжээдэг байсан. Энэ хүн цаашид ажил хөдөлмөр эрхлэн, үүсгэх байсан үнэ цэнэ, түүнээс нь гэр бүлийнх нь хүртэх байсан үр шим, түүний дотор охиных нь боловсролын төлбөрийг оруулжээ. Мөн эхнэр, охинд нь туслах аян дэлхий даяар (gofundme) өрнөж 2.3 сая доллар цугларчээ.

Тэгвэл бас сарын өмнө Монголд салаан дарга нь согтуудаа зодоод амийг нь хөнөөчихсөн байлдагч Б-ийн ар гэрт Батлан хамгаалах яамнаас хуулийн холбогдох заалтын дагуу 34 сая төгрөг (12 мянган доллар) нөхөн олгов. Мөн төрөөс оршуулгын тэтгэмж 1 сая төгрөг нэмж өгсөн.

Ийнхүү хүний амь насны үнэлгээг нас барсан шалтгаан, нөхцөл байдал, ард нь үлдсэн хүмүүсийн санхүүгийн хэрэгцээнээс нь хамаарч тогтоодог хууль журам улс орнуудад байна. Үнэлгээний түвшин нь тухайн орны эдийн засгийн чадвар, хөдөлмөрийн бүтээмж, дундаж цалин зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг.

Харин үнийг харьцангуй өндөр, эсвэл урьдчилан тохиролцох боломж хувь хүнд бий. Энэ боломжийг даатгал олгодог.

Эрсдэлийн шийдэл

Амьдралд эрсдэл үргэлж л тохиолддог. Байгалийн гамшиг, байлдаан тулаан, гэнэтийн осол, гэх мэт олон мянган шалтгаанаас хүн эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирдог. Тэр хохирлыг барагдуулах, өмнөх байдалдаа эргэж ороход нь туслах, эрсдлээс урьдчилан сэргийлэх арга замыг хүн төрөлхтөн үргэлж эрж хайж, туршиж ирсэн.

МЭӨ 1772 онд Вавилоны хаан Хаммураби чанаргүй барилга нурж хүн өртвөл барилгачинг, хэрэв тэр нас барсан бол хүүг нь цаазлах хууль гаргаж байжээ. 3,000 жилийн дараа илүү боловсронгуй арга олсон нь даатгал. XIV зуунд Италийн Геноа хотод анхны даатгалын гэрээ хийгдэж, Англид далайчдын амь насны даатгал үүсэв.

Тэгэхэд далайн дээрэмчид, шуурга зэрэг байгалийн үзэгдлээс ихээхэн хохирол амсдаг, тэгээд ч хэнд, хэзээ тохиолдохыг урьдчилан мэдэх боломжгүй тул дундаа сан үүсгэж хохирол амссан нэгэндээ, ар гэрт нь өгдөг болов. 1666 онд гарсан Лондонгийн их түймэр даатгалыг хөгжүүлэхэд хүчтэй нөлөөлжээ.

Монголд анхны даатгалын газар 1934 онд Сайд нарын зөвлөлийн шийдвэрээр “Улсыг Аюулаас Хамгаалах Газар” (Оросын Госстрах-тай төстэй) нэртэй анх байгуулагджээ. 1960 онд нэр нь Монгол даатгал болсон ба 1990 оноос хойш хувийн даатгалын компаниуд үүсчээ.

Тэгвэл өнөөдөр даатгалын зах зээл дээр ердийн даатгалын 14, урт хугацааны даатгалын 1, давхар даатгалын 1, даатгалын зуучлагч 56, даатгалын хохирол үнэлэгч 25 компани үйл ажиллагаа явуулж (СЗХ-ны тайлан) байна.

Эдгээр компаниуд хувь хүний (автомашины осолд өртөх, өвчин тусах гэх мэт амь нас, эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдлүүд:); эд хөрөнгийн (хулгайд юмаа алдах, орон гэр нь гал түймэрт өртөх гэх мэт эд хөрөнгөд бүрэн буюу хэсэгчлэн хохирол учруулж болзошгүй эрсдлүүд); хариуцлагын (автомашин жолоодож байхдаа бусдыг гэмтээх, эд хөрөнгөд нь хохирол учруулах гэх мэт аливаа хариуцлагагүй болон санаандгүй үйлдлээс болж бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй эрсдлүүд) гэсэн гурван төрлийн эрсдлийн даатгалын үйлчилгээг үзүүлж байна.

Харин даатгалын үйлчилгээг 2004 оны даатгалын тухай хуулиар урт хугацааны болон ердийн гэж ангилаад, сайн дурын болон албан журмын гэсэн төрөлтэй болгожээ. Хүний амь настай холбоотой даатгалууд нь урт хугацааны ангилал, сайн дурын төрөлд хамаардаг.

Энэ ангиллын даатгагч компани нь бүтээгдэхүүн бүртээ тусгай зөвшөөрөл авдаг, дүрмийн сангийн хэмжээ нь ердийнхөөс өндөр байх шаардлагатай ажээ.

Амьдралын даатгал

Амьдралын даатгалыг (life insurance) саяхан болтол зөвхөн амь насны даатгал гэдэг байв.

Амь насны даатгал бол даатгуулагч өөрийн ар гэрийн хоол хүнс, сургалтын төлбөр, өр зээл зэрэгт гарах эрсдлийг бууруулж, дотны хүмүүсийнхээ санхүүгийн хэрэгцээг тодорхой хугацаанд доголдуулахгүй байх зорилгоор үнэлгээг сонгоод, даатгалын компанид амь насныхаа эрсдлийг шилжүүлэхийн тулд тодорхой төлбөрийг (premium), тогтмол давтамжтайгаар төлөх гэрээ юм. Энэ бол хүн өөрийнхөө амь насыг үнэлж буй хэрэг.

Ер нь хөгжингүй орнуудад хүний амь насыг,

  1. шууд зардал буюу оршуулга, эмчилгээний зардал,
  2. алдагдсан боломжийн орлого,
  3. сэтгэл санааны хохирол гэсэн гурван зүйлийн нийлбэрээр тооцдог даатгалын үнэлгээний тогтсон стандарт байдаг.

Монголын шүүхийн практикт хүний амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг шууд зардлаар нь тооцож иржээ. Хохирогч оршуулгын зардлаас (4-5 сая төгрөг) өөр мөнгө авч чадахгүй байх нь түгээмэл.

Тухайлбал авто замын ослоор нэг нүд нь сохорсон 16 настай хүүгийн хохирлыг шүүхээс 1.9 сая төгрөгөөр үнэлж байжээ. 2013 онд автын ослын хохирогч тал машинаа 8 сая, нас барсан 1 хүнээ 4 сая, бэртсэн 3 хүний эмчилгээнд тус бүр 1 сая төгрөг нэхэмжилж байжээ.

Амь нас машинаас хямдхан! Энэ шударга гэж үү?

Сэтгэл санааны хохирлыг зарим улсад нас хүйс харгалзахгүй тогтоодог. АНУ-ын мужууд 250,000-1 сая ам.доллар, БНСУ-д том хүн 100 сая, хүүхэд 120 сая вон байх жишээтэй. Монголд нэг хүнд ногдох ДНБ-ий энэ аргачлалаар тооцоход 47 сая төгрөг болж байжээ.

Тэгвэл амьдралын даатгал нь дэлхий дахинаа зөвхөн нас барсны дараа биш, амьдралын бүх цаг үеийг хамаардаг болсоор байна.

Монголд жишээ нь урт хугацааны даатгалын National life компани хугацаат амьдралын (term life), насан туршийн (whole life), хуримтлалын (endowment), тэтгэврийн, эрүүл мэндийн гэх мэт урт хугацааны орлогын эрсдлийг тогтвортой сэргийлдэг үйлчилгээ үзүүлдэг байна.

Амьдралын даатгал нь өрхийн санхүүг үүрч буй гишүүнийг хөдөлмөр эрхлэх боломжгүй болоход гэр бүлийг нь ядууралд орохоос хамгаалдаг.

Энэ ангиллын даатгал нь эрсдлийн хэмжээ, шинж чанараас хамааран даатгалын зүйл, даатгуулагч бүрийн хураамжийг ялгаатай тогтоодог, хохирол нь нэг зэрэг тохиодоггүй учир нөөцийн сан үүсч, улмаар хуримтлалыг урт хугацааны, чанартай хөрөнгө оруулалт болгож, дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлж эдийн засгийг дэмждэг. Ийм учраас НҮБ-аас 1964 онд даатгалыг эрүүл эдийн засгийн чухал орц гэж тодорхойлжээ.

Арилжааны банкнаас ялгаатай нь нэг биш, олон жилийн хугацаатай хөрөнгө оруулалтын сан болж, хөрөнгийн зах зээлийн томоохон оролцогч болдог. Дэлхий даяар амьдралын даатгалын хөрөнгө оруулалтын 96 хувь нь дунджаар таваас, 72 хувь нь арваас дээш жилийн хугацаатай байна.

Амьдралын даатгалын хураамж болон ДНБ-ий харьцаа нь нэг хувиар өсөхөд ДНБ 0.15 хувиар нэмэгдүүлдэг гэсэн дүгнэлт гарчээ.

Мөн урт хугацаатай учир амьдралын даатгал нь хямралын үед санхүүгийн системийг тогтворжуулахад гол хүчин зүйл болдог. Нийгмийн халамжийн зардал нь амьдралын даатгалын хураамжийн орлоготой урвуу хамааралтай байдаг.

OECD-ийн орнуудын туршлагаас харахад амьдралын даатгалын хураамж өсөх нь улсын нийгмийн даатгалын санхүүд учрах хүндрэлийг бууруулдаг.

Жишээ нь, АНУ-д 2010-2017 онд амьдралын даатгал, аннуити, хөдөлмөрийн чадвар алдалтын даатгалын хэлбэрээр даатгуулагчдад 1.1 ихнаяд долларын нөхөн төлбөрийг даатгагчдаас олгосон нь энэ хугацааны нийгмийн даатгалын зардлын 20, холбооны Засгийн газрын нийт зардлын 4 хувь болжээ. АНУ-д нийт иргэдийн 59 хувь нь амьдралын даатгалтай байдаг бол манай улсад 0.04 хувь ажээ.

Тухайн орны иргэдийн амь насны үнэлгээ нь ийнхүү эдийн засгийн цар хэмжээ, даатгалын салбарын өрсөлдөөн аль хэр хүчтэй, хүн амын хэдэн хувь нь амьдралын даатгалд хамарсан, иргэд нь даатгал, даатгагч компаниудад ямар хэмжээгээр итгэж буйгаас хамаардаг.

Ийнхүү иргэн бүр боломжийнхоо хэрээр амь насаа үнэлэн, урт хугацааны даатгалд, түүний дотор эрүүл мэндийн, тэтгэврийн даатгалд  эсвэл хуримтлалд хамрагдан гарч болох бүх төрлийн эрсдлээс өөрийгөө болон ар гэрээ хамгаалах шаардлагатай байна.

Даатгал нь аливаа эрсдлээс сэргийлэх хүн төрөлхтний одоогоор бодож олсон цорын ганц, шалгарсан арга.

x