-Хуран цуглах эрхийн хууль эрх зүйн орчны хүрээнд-
Жагсаал цуглаан бэлгэдлийн бус биет байдлын шинжтэй өрнөх нь ардчилсан орны нэг шинж юм.
Хуучин нийгэмд цэргийн сүрт парад, Майн нэгний баярын цэцэг барьсан жагсаал зэрэг нь хуран цуглах хэлбэр байсан болохоос эрх, эрх чөлөөгөө баталгаатай эдлэх хэмжээнд байгаагүй юм.
Жагсаал цуглаанд гадна талбай, дотор орчинд болон цахимд, эсхүл олон нийтийн болон хувийн орон зайд, эсхүл хосолсон гэх мэт бүх төрлийн тайван цуглааныг хамруулдаг. Ийм цуглаан нь жагсаал, эсэргүүцэл, цуглаан, суулт, лаа асаалт, флаш моб гэх зэрэг олон хэлбэртэй байж болно. Тэдгээр нь эсэргүүцэл, жагсаал гэх мэт идэвхтэй, эсхүл суулт гэх мэт идэвхгүй хэлбэрт байхаас үл шалтгаалан хамгаалагдсан эрх, эрх чөлөө юм.
Тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөө бол аливаа улсын нийгэм, улс төрийн амьдралын маш чухал хэсэг. Учир нь, иргэн ганцаараа үзэл бодлоо илэрхийлбэл хангалттай олон хүнд хүрэхгүй байж болно. Харин хамтаараа цуглаад үзэл бодлоо илэрхийлбэл илүү олон хүнд хүрэх боломжтой байдгаараа давуу талтай.
Нийгэмд тулгарч буй олон асуудлыг шийдвэрлэхийн тулд тайван хуран цуглах замаар жагсаал, цуглаан зохион байгуулах нь үзэл бодлоо илэрхийлэх эрхийн нэг арга, хэлбэр гэж үздэг. Тухайлбал, Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжлэх, батлан хамгаалах салбарын асуудлаар байр сууриа илэрхийлэх, хууль шүүхийн хараат бус байдалд эргэлзэх, ажилгүйдлийн эсрэг дорвитой шийдвэр гаргахыг шаардах, сонгууль зохион байгуулахтай холбоотой зэргээр нийгэмд тулгамдаж буй цаг үеийн олон асуудлыг өөртөө багтаадаг.
Тэгвэл ихэнх тохиолдолд тайван цуглаан нь ярвигтай, маргаантай зорилгуудыг урьтал болгодоггүй. Ямар нэг саад тотгор учруулдаггүй, эсхүл бага зэрэг учруулдаг. Тэдгээрийн зорилго нь, тухайлбал үндэстнийхээ өдрийг, эсхүл спортын арга хэмжээний үр дүнг тэмдэглэх байж болно. Гэсэн хэдий ч тайван цуглааныг зарим тохиолдолд маргаантай санал санаачилга, асуудлуудыг шийдвэрлэхэд ашигладаг байна. Өнөөдрийн улс төрийн үйл явц ч үүнээс урган гарна.
Тэдгээрийн цар хүрээ, мөн чанар нь тээврийн хэрэгслийн болон явган хүмүүсийн үймээн, эдийн засгийн үйл ажиллагаа гэх мэт олныг хамарсан, эмх замбараагүй байдал үүсгэж болно. Хууль үймээн самуун, хүчирхийллээс хамгаалахад чиглэх болохоос жагсаал цуглааныг шинжийг ч агуулаагүй, зохион байгуулагдаагүй байхад тараахад чиглэх ёсгүй юм.
Иймд төлөвлөгдсөн болон үл төлөвлөгдсөнөөс үл хамааран, эдгээр үр дагавар нь тайван хуран цуглахад хамгаалуулах эрхээ эдлэхэд нь хууль хүчний байгууллагаас саад тотгор учруулахгүй байх ёстой байдгаараа онцлог юм.
Цар тахлын улмаас өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор өнгөрсөн 2020, 2021 оны эхний улирлын байдлаар Монгол Улсад хэд хэдэн онцлох жагсаал, цуглаан болж өрнөлөө. Бүгд өөр өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрх, зорилго агуулгатай байснаараа онцлогтой байсан юм.
Жишээ нь: “Ямаатай жагсаал”, “Халаадтай жагсаал”, “МАЙ-1” нэртэй Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимаас зохион байгуулсан цахим жагсаал, Хүний эрхийн өдрөөр Олон нийтийн радио, телевизийн түр зөвлөлийн гишүүдийн жагсаал, цэргийн албан хаагч амиа алдсан хэргийг эсэргүүцсэн иргэний цээж нүцгэлэлт болон шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж хөл нүцгэн зогссон эх, дахин төлөвлөлтийн асуудлаарх оршин суугчдын жагсаал зэрэг “солонгон өнгө” бүхий жагсаал, цуглаануудыг онцолж болох юм.
Нөгөө талаас, цар тахлаар далимдуулан “хүн амын эрүүл мэнд” гэдэг үндэслэлээр жагсаал, цуглааныг хориглох, хязгаарлах нь хүний үндсэн эрхийн зөрчил болж байна. Цаг үеийн тулгамдсан тодорхой асуудлуудаар иргэд байр сууриа илэрхийлэхэд хүн амын бөөгнөрөл үүсгэхгүй гэсэн үндэслэл тавьж хязгаарлахгүйгээр тайвнаар хуран цуглах, жагсаал, цуглаан зохион байгуулах боломжийг олгох хэрэгтэй гэж үзэж байна. Дэлхийн олон оронд цар тахлын үеэр ч иргэдийн хуран цуглах эрхийг баталгаатай эдлүүлж байгаа тухай мэдээллийг бид бүхэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан авч байгаа билээ.
Дээрх жагсаал, цуглаануудыг Цагдаагийн байгууллагаас хэрхэн шийдвэрлэсэн, ямар шийтгэл оногдуулсан талаар дэлгэрүүлэн авч үзье.
Дээрх хоёр жагсаалын тухайд харьяа дүүргийн Засаг даргаас урьдчилан зөвшөөрөл авч бүртгүүлэх боломжгүй шийдэх асуудлууд нь тухайн цаг үедээ ач холбогдолтой, үнэ цэнэтэй байсан. Цуглааныг бүртгүүлэхээр хуульд заасан нөхцөлийг баримталбал Засаг даргаас 3 хоногийн дотор бүртгэх эсэхээ шийднэ. Хэрэв бүртгэхээс татгалзвал шүүхэд хандаж болох боловч шүүх ажлын 6 өдрийн дотор Засаг даргын татгалзал үндэслэлтэй эсэхийг шийдвэрлэнэ гээд нийт ажлын 9 өдөр буюу 14 хоногийн хугацаа зарцуулж байгаа юм. Энэхүү хуулийн хугацааг хүлээвэл тухайн цаг мөчид зохион байгуулагдах жагсаалын үнэ цэнэ алдагдах байлаа.
Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар “иргэдээс, иргэд” гэх зэргээр олон тоон дээр буюу 2 түүнээс дээш иргэн хуран цугласныг жагсаал, цуглаан хийсэнд тооцохоор байна. Түүнчлэн НҮБ-ын Хүний эрхийн хорооноос шийдвэрлэхдээ нэг иргэн ганцаараа үзэл бодлоо илэрхийлж буйг цуглаан хийх эрх чөлөөтэй холбоогүй гэж үзжээ. Иймд цэргийн албан хаагч амиа алдсан асуудлаар үзэл бодлоо илэрхийлж цээж нүцгэлсэн залуу болон хүүхдүүдийг нь гэм буруутайд тооцож шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн эхийн үйлдлийг гэм буруутайд тооцож хуулиар шийтгэх үндэслэлгүй юм.
Түүнчлэн иргэн А-г жагсаал, цуглаанд дуудаж, бусдыг өдөөн турхирсан гэсэн үндэслэлээр торгосон. Гэтэл Зөрчлийн хуулийн 5.8 дахь заалт Жагсаал, цуглаан зохион байгуулах журам зөрчих урьдчилсан нөхцөлд өдөөн, турхирах шинжийг агуулдаггүй. Зөвхөн зохион байгуулсан идэвхтэй үйлдэл хийснээр төгсдөг.
Зөрчлийн тухай хуульд өдөөн турхирсан байхыг шаарддаг хоёр зөрчил бий. Үүнд
Түүнчлэн, Ковид-19 цар тахлын үе дэх жагсаал, цуглааны асуудлыг шийдэж буй байдал эргэлзээ төрүүлнэ. Хамгийн гол асуудал нь хууль хүмүүст эрх тэгш үйлчлэхгүй байна. Албан тушаалтан, аль нэг нам эвсэл жагсаал цуглаан зохион байгуулж болоод иргэн болохгүй байгаад гайхаш тасарна.
Жагсаал цуглаан хийх эрх нь иргэний улс төрийн эрх, эрх чөлөөнд багтана. Энэхүү эрхийг олон улсын гэрээ болон Монгол Улсын үндсэн хуулиар хамгаалсан.
НҮБ-ын Хүний эрхийн хорооноос Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 21 дүгээр зүйл Тайван хуран цуглах эрхийн ерөнхий тайлбарыг 2020.09.17-ний өдөр баталсан. Уг тайлбарыг бид хууль хэрэглэх болон тайлбарлахдаа ашиглах ёстой юм. Ноцтой аюул бий гэж үзэх үндэслэл бүхий нотолгоо бий бол, хууль сахиулах хууль ёсны зорилгын дагуу шаардлагатай тохиолдолд л хамгийн бага хүчийг ашиглаж болохыг заасан байна. Ийнхүү тараахдаа баривчлах, хорих, хүч хэрэглэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хэрхэвч зөвшөөрдөггүй байна.
Аливаа хууль нийгмийн хөгжлөө дагаж үргэлж шинэчлэн сайжирч байх ёстой. Цаашилбал, нийгмийн хөгжлийн өмнө тэргүүлж явах ёстой гэж үздэг онол, сургааль ч бий. Гэтэл 1994 онд баталсан жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль өнөөдрийн нийгмийн бодит хэрэгцээ шаардлагад нийцэхгүй байна.
Мэдэгдлийн тогтолцоо, аяндаа үүссэн жагсаал цуглааныг хэрхэх тухай, нийгмийн онцгой нөхцөл байдал болох бүх нийтийн хөл хорионы үед хэрхэн жагсаал цуглаан зохион байгуулж болох эсэх нь орхигдсон. Хамгийн түрүүнд тус хуулиа шинэчлье. Улмаар холбогдох хуулиуд үүн дотор Цагдаагийн албаны тухай хуульд нэн тэргүүнд өөрчлөлт орох шаардлагатай. Учир нь алба хаагчид жагсаал цуглааны үеэр камер ашиглах, энгийн хувцастайгаар хөндлөнгөөс ажиглах зэрэг маш олон нарийн асуудал дээрх бүгдэд хамаарна.