Индэр    
2021 оны 5 сарын 4
Зураг
iKon.mn сэтгүүлч

Цар тахлаас сэргийлэхийн тулд зөвхөн вакцинжуулалтад найдаж болохгүйн учир юу вэ?

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дэлхийг тэр аяар нь бүрхсэн COVID-19-ийн цар тахлын эсрэг янз бүрийн арга хэмжээнүүдийг улс орон бүр харилцан адилгүйгээр хэрэгжүүлж байна.

Эдгээрийн зохимжит нийлэмжийг вирусологич, профессор Ян М.Макай Швейцар бяслагны арга(Swiss cheese method)-д тулгуурлан боловсруулсан юм. 

Бяслагны зүсэмтэй зүйрлэж буйн учрыг тодруулъя. Швейцар бяслагны зүсэм бүрд нүхнүүд бий. Тэгвэл халдварт цар тахлын эсрэг сөрөн тэмцэхэд ердөө нэг аргад найдах нь учир дутагдалтай буюу аюулаас бүрэн хамгаалахгүй гэсэн үг.

Иймээс л амны хаалт зүүх, хүн хоорондын зайгаа баримтлах, вакцин хийлгэх зэргээс зөвхөн аль нэгийг баримтлах биш цогцоор нь хэрэгжүүлэх нь нэн чухал бөгөөд дэглэмүүд харилцан нэг нэгнийхээ сул талыг нөхөж, бүхэл болно хэмээн тайлбарлажээ. 

Швейцар бяслагны зүсмүүд: 

 

Хувь хүнээс шалтгаалах

  • Хүн хоорондын зай баримтлах
  • Амны хаалт зүүх
  • Гараа ариутгах
  • Нүүрэндээ гараа хүргэхгүй байх
  • Хүн олноор бөөгнөрсөн газарт очихгүй байх. Шаардлагатай тохиолдолд очсон бол богино хугацаанд тухайн газрыг орхих

Нийгмээс шалтгаалах

  • Түргэн хугацаанд нарийвчлан оношлох шинжилгээ хийх
  • Агааржуулалтын систем, гадаад орчинд иргэд хэрхэн зорчих нь оновчтойг тодорхойлох
  • Засгийн газраас уриалга, зөвлөгөөг түгээх+Санхүүгийн дэмжлэг
  • Хөл хөдөлгөөнийг хязгаарлах, шаардлагатай гэж үзвэл хатуу хөл хорио тогтоох
  • Дархлаажуулалт

Дээр дурдсанчлан зүсэм бүр нүх буюу сул талтай. Жишээлбэл, коронавируст халдварын эсрэг вакцин нь өвчнийг эсэргүүцэх хамгийн хүчтэй "зэвсэг" хэмээгдэж байгаа. Гэвч зарим вакцины үр дүн 90 гаруй хувьтай байгаа бөгөөд халдвараас сэргийлэх, өвчилсөн тохиолдолд хүндрэхээс хамгаална хэмээн зохион бүтээгчид нь мэдэгдсэн. Үүнээс үзвэл аль ч вакцин коронавируст халдвараас 100% хамгаалж чадахгүй тул вирусийн халдвар бүрэн намжтал бусад дэглэмээ баримталсаар байх шаардлага бидэнд бий.

Швейцар бяслагны аргыг амжилттай хэрэгжүүлж, халдварын нөхцөл байдлыг хяналтдаа оруулж чадсан гэж дүгнэж болохуйц улсын нэгээр нь Шинэ Зеланд эн тэргүүнд нэрлэгдэж байна.

Шинэ Зеландаас суралцах нь

Шинэ Зеландад 2020 оны хоёрдугаар сарын 28-нд коронавируст халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн. Энэ даруйд хилийн хязгаарлалтыг үе шаттайгаар хэрэгжүүлж, гурван долоо хоногийн дараа гэхэд хилээ бүрэн хааж, гадаад улсаас ирэх хүмүүсийг хүлээн авахгүйгээ мэдэгдсэн. 

Цар тахлын эсрэг тус улсын хэрэгжүүлсэн хариу арга хэмжээг авч үзвэл эхний ээлжид хилээ хааж, халдвар зөөвөрлөгдөхөөс сэргийлж, Ерөнхий сайд нь тухай бүрд коронавируст халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх тухай мэдээлэл өгч байв. Бусад улсын нэгэн адилаар хөл хорио ч тогтоосон. Мөн жижиг, дунд бизнесүүдээ дэмжих, ажлын байруудыг хадгалах, ажилгүйдлийг бууруулахын тулд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 17 хувьтай тэнцэхүйц хэмжээний санг үүсгэн байгуулахын хамт татварын бодлогоо шинэчилсэн байна. Ингэснээр Шинэ Зеланд цар тахлыг хазаарлаж, иргэдийнхээ эрүүл мэнд болон эдийн засгаа хамгаалах бодлогоо хамтат нь амжилттай хэрэгжүүлжээ. 

Тус улсад одоогоор ямар нэг хязгаарлалтын дэглэм баримтлаагүй буюу иргэд нь амны хаалтаа зүүх, хоорондын зайгаа баримтлах зэрэг журмаа мөрдөн үндсэндээ хэвийн амьдралын горимд шилжсэн байна. Түүнчлэн Жон Хопкинсын их сургуулийн статистик мэдээллээс харвал 2021 он гарснаас хойш ихэнх хугацаанд өдөрт 10-аас доош тохиолдол шинээр батлагджээ. Харин нэгдүгээр сарын 9-нд 31, дөрөвдүгээр сарын 7-нд 24 тохиолдол батлагдсан нь энэ онд хамгийн олон тохиолдол батлагдсан өдрүүд болж байна.

Таван сая гаруй хүн амтай тус улсад 2021 оны тавдугаар сарын 3-ны байдлаар коронавируст халдварын 2,622 тохиолдол, 26 нас баралт бүртгэгджээ.

 

Эх сурвалж: The New York Times, Time