Индэр    
2021 оны 4 сарын 30
Зураг
Entrepreneur

Улс төр дэх залуучуудын оролцоо

-Синдикат ярилцлага #54-

Манай нэвтрүүлгийн 54 дэх дугаар танд мульти форматаар хүрч байна. 

Сонгуулийн мөчлөгтэй энэ хугацаанд залуучуудын нийгмийн идэвх, улс төрийн оролцоо, хөгжлийн эрх, шийдвэр гаргах түвшинд очих боломж бас сорилтын тухай АН, МАН, ХҮН, МАХН-ын идэр насны залуусыг урьж хэлэлцлээ. Нэвтрүүлгийн зочдоор Сүхбаатар дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч, хорооны Засаг дарга Б.Эрдэнэбулган, Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Г.Гангамөрөн, Баянзүрх дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч Д.Батцэцэг, нийслэлийн МАХН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Батхишиг нар оролцлоо.

ВИДЕО:

В.Ганзориг: Бид бүгд 40-өөс доош насны залуучууд. “Намчин, цүнх баригч” гэдэг нэршил хүртэл гарч залуус улс төрөөс аль болох хол байхыг эрмэлздэг болжээ. Та нарын хувьд улс төрд орсон шалтгаан юу байсан бэТа бүхний хашиж буй нам, төрийн албан тушаалын ач холбогдол нь юу юм бэ?

Б.Эрдэнэбулган: Би 2013 онд Турк улсад улс төрийн чиглэлээр сураад төгсч ирсэн. Жилийн дараа АН-ын гишүүнээр элссэн. Аль намд элсэх нь тухайн хүний итгэл үнэмшлийн асуудал. 1992 оны үндсэн хуулиар тунхагласан олон намын тогтолцооны дагуу намын гишүүнчлэлээр дамжин улс төрд сонгогдох, улс төрийн оролцоогоо хангах суурьтай болсон. Төрд оролцоотой байх гол хэрэгсэл нь дэлхийн сүүлийн 200 жилийн түүхэнд улс төрийн нам байсаар байна. Намд олон зорилго байдгийн нэг нь залуус, шинэ үеэ улс төрд бэлдэх байдаг. Үүгээр дамжуулан улс төрийн албан тушаалд томилж бас сонгодог. Би либерал үзэлтэй тул АН-ыг сонгосон. Нас ахиад ирэхээр арай консерватив байр суурьтай болдог юм билээ.

В.Ганзориг: 40 нас хүрээгүй байж нас ахиад ирэхээр ч гэх шиг… (инээлдэв)

Б.Эрдэнэбулган: Улс төрд ороод бараг есөн жил болсон гэдэг утгаар хэллээ. Залуус намд дургүйцээд байгаад хоёр шалтгаантай гэж хардаг. Нэгт, улс төрийн нам нийгмийнхээ хүсэл эрмэлзэл, ашиг сонирхлыг илэрхийлдэг тусгал нь байж чадахаа байсан. Хоёрт, мэдээллийн технологийн энэ хурдтай ертөнцөд хамгийн хөшүүн институт болчихсон. Иймээс залуучууд ч гэлтгүй иргэд намд итгэхгүй болж, намыг үзэх үзэл нь өөрчлөгдсөн гэж боддог.  

В.Ганзориг: Батцэцэг ХҮН намаас Баянзүрх дүүргийн иргэдийн хуралд сонгогдсон, улс төрд харьцангүй шинэ хүн. Яагаад нам, улс төрд орсон юм бол?

Д.Батцэцэг: Би улс төрд ороод нэг жил ч болоогүй. Хоёр том намын сонголт надад байсан. Гэхдээ хүнийг чухалчилсан ХҮН намын бодлого миний үзэлтэй нийцсэн. Есөн сард ХҮН намд гишүүнээр элсээд өөрийн амьдардаг хороондоо ийм ажил хиймээр байна, та нар намайг дэмжих үү гэхэд залуу, бас эмэгтэй хүн сайн байна, зоригтой байна дүүргийн сонгуульд нэр дэвших үү гэж асуусан. Тэгэхээр нь би тоглоод тийм гээд хариултал за тэгвэл дэвш гээд шууд дэвшүүлсэн. Ингээд болчихдог юм байх даа, ямар хурдан юм гэж их гайхсан. Ингээд орон нутгийн сонгуульд оролцож, өөрийн амьдардаг хороондоо нэр дэвшин өрсөлдөөд ялаад гараад ирсэн. Улс төр гэж ийм юм байдаг юм байна гэж дөнгөж ойлгож эхэлснийхээ дөнгөж нэг сарын дараа нэр дэвшсэн. Надад ямар нэг “сайн” ах, эгч эсвэл улс төрийн туршлага байхгүй тул өөрөө энэ бүх хугацаанд суралцаад л явсан. Сонгуульд ялж гарч ирээд жаахан айсан. Сонгогчид шинэ хүмүүсийг их хүлээж буйг мэдэрсэн. Энэ том итгэл үнэмшил, үүрүүлсэн хариуцлагыг нь дааж чадахгүй бол яана гэж айсан. Гэхдээ одоо эхнээсээ ажлуудаа хийгээд явна. Хийх ажлууд сэтгэлд багтаж байгаа.

В.Ганзориг: Батхишиг залуу хүн гэхэд нийслэлийн МАХН-ын Хэрэг эрхлэх газрын дарга гээд нэлээд том албан тушаал хашдаг. Намын хүний нөөцийн бодлого гээд чухал шийдвэрүүдэд оролцдог байх даа?

Б.Батхишиг: Энд хамгийн залуу нь би байх шиг байна (30 настай). Би оюутны холбоо, сургуулийнхаа бүхий л нийгмийн ажилд оролцдог маш идэвхтэй оюутай байсан. Тэр үеэс төрийн шийдвэр гаргах түвшинд ажиллаж үзэх юмсан гэж бодогдож эхэлсэн. Судлаад үзэхэд заавал аль нэг намд харьяалагдах ёстой системтэйг ойлгосон. Бие даагчид ганц нэгээрээ сонгогддог хэдий ч бодлогоо хэрэгжүүлж чаддаггүй. Ийм хүмүүс Засгийн газрын бүтцэд орж ажиллахад маш хүнд. Иймээс аль нэг улс төрийн намыг сонгох шаардлага гарсан. Нийтэд, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лидертэй гэдэг утгаар нь би МАХН-ыг сонгож орсон. Н.Энхбаяр даргыг би хэлж байгаа юм. Нам Б.Тулга, Э.Эрдэнэжамъян зэрэг залуусаа яаж бэлдэж буйг би хажуугаас нь хардаг байсан.

Анх гишүүнээр элсээд Хэвлэл мэдээллийн албанд зураг авч, сайн дураараа нийтлэл бичдэг байв. Үүний дараа Гадаад харилцааны албыг хариуцах болсон. Одоо Нийслэлийн Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдон ажиллаж байна. Залуу хүн өөрөө идэвхтэй байж чадах юм бол ямар нэгэн татлаа түлхээгүйгээр улс төрийн намд ороод удирдах албан тушаалд очих боломжтой гэдгийг миний жишээ харуулж чадах болов уу. Тэр ч утгаараа 2020 оны УИХ-ын сонгуульд би нэр дэвшсэн. Улсын хэмжээнд өрсөлдсөн хамгийн залуу нэр дэвшигч болсон. Залуу хүн улс төрд ороод УИХ-д хүртэл нэр дэвших эрх нээлттэй байдаг шүү гэж хэлмээр байна.

Д.Батцэцэг: Хаана нэр дэвшсэн бэ?

Б.Батхишиг: Хамгийн чанга тойрогт дэвшсэн. Хэнтий аймагт У.Хүрэлсүх даргатай өрсөлдсөн. Намын зүгээс залуу хүн туршлагажих ёстой гээд дэвшүүлсэн байх. 50 мянган гишүүнтэй намаас УИХ-д өрсөлдөх 76 хүнд багтаж чадсан нь миний хувьд залуу хүн гэдэг утгаараа бахархалтай байсан. Залуучууд яагаад намд элсдэггүй вэ гэхээр тэдний өмнө хана, айдас байдаг юм шиг санагддаг. Тэр нь улстөрчид айхтар мундаг, бид нараас “өөр төрлийн” хүмүүс байдаг. Тийм учраас би улс төрд орох болоогүй юм байна гэх айдас. Харин намын хамт олон дунд ороод анхан, дунд шатны байгууллага дээр ажиллахаар бидэнд дутах юм байхгүйг ойлгосон. Өөрийгөө хөгжүүлээд явбал маш олон боломж нээгддэг гэдгийг залуучууддаа хэлмээр байна.

 

В.Ганзориг: Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч гэхээр эрх мэдэл, хариуцлагын хувьд хороо, дүүргээс хамаагүй томроод явна байх тийм үү, Гангамөрөн? Сонгуулийн өмнө машин дотроо хоол хийгээд байдаг бүсгүй мөн үү өөрөө? (инээлдэв)

Г.Гангамөрөн: Нас залуу байгаа нь бидний хувьд нэг сул тал болдог. Учир нь туршлага дутдаг. Энэ туршлагыг яаж олж авдгийг манай залуучууд сая бүгд ярилаа. Нам, нэгж, аль нэг бүтцэд орж байж улс төрийн туршлагыг олж авдаг. Намайг МАН-ыг сонгоод орж байхад манай найзууд хөгшин хүмүүсийн намд орлоо гээд шоолж байсан. Тэр үед нийгэм тийм л бодолтой байсан үе. Энэ намд ороод Монголын оюун санааны түүчээлэгч, мундаг хүмүүстэй уулзаж, яриаг нь сонсох боломж гарсан. Ном уншиж амжихгүй бол ном уншдаг хүнтэй уулз гэдэг үг байдаг. Жишээ нь, намд ороогүй байсан бол би Л.Түдэв гуайтай хэзээ ч тэгж сайхан уулзаж чадахгүй байсан. Энэ хүнтэй гуравхан удаа уулзсанаар миний үзэл бодол, амьдралыг харах өнцөг шал өөр болсон.

Намыг нэг хүн гэж ойлгож болохгүй. Энэ бол бүтэц, институт. Хүн улс төрийн нам сонгоход хоёр зүйл нөлөөлдөг гэж би боддог. Нэгт, суурь хүмүүжил, төлөвшил дээр суурилсан хувь хүний үзэл баримтлал. Хоёрт, тухайн хүнийг хүрээлж буй орчин. Та таван хүнтэй харилцаж байгаа бол тэр таван хүнийхээ дундаж нь гэж ярьдаг. Б.Эрдэнэбулган улс төрийн мэргэжил эзэмшиж ирээд АН-ыг сонгосон юм байна. Д.Батцэцэг бараг туршиж үзэж байгаад ХҮН намд орж, өөрийн хүрээллийн залуусыг сонгосон байна. Залуус яг л ингэж сонголт хийдэг.

Нийслэл бол Монгол Улсын хүн амын 51%, хөдөлмөрийн зах зээлийн 78%-ийг багтаасан,  улсын эдийн засгийн 85%-ийг эргэлдүүлдэг том айл. Иймээс нийслэлийн ажил нэлээд том бүтцээр явдаг. Би сая Нийслэлийн иргэдийн хуралд анх удаа сонгогдсон. Хамгийн олон сонгогчтой, том тойрог болох Баянгол дүүргээс гарсан. Таны сая тоглоом шоглоомоор хэлсэн машиндаа хоол хийдэг тухай асуулт нийслэлийн хамгийн тулгамдсан асуудал болох замын түгжрэлтэй холбоотой. Тэр асуудлыг тийм байдлаар би илэрхийлсэн юм. Замын түгжрэл машиндаа нүүрээ будахаас авахуулаад хоол хийж идэх, бизнесийн гэрээ байгуулах хүртэл хэмжээнд тулчихлаа шүү гэдгийг харуулахыг зорьсон. Үүнээс хойш яг сарын дараа нийслэлд тэг зогсолт болсон. Үүний өмнө замын ус зайлуулах шугам хоолой байхгүй байна гээд ус цацуулж мессежээ олон нийтэд хүргэсэн. Энэ бүх асуудлыг бид компьютерийн ард суугаад шийдэхгүй. Энэ бүх асуудлыг олны анхааралд хүргэхийн тулд өөрөөрөө дүр хийж, нэр хүндээрээ эрсдэл хийж ажилласан.

Залуучууд яагаад намд ороод байна вэ гэхээр шийдвэр гаргахад оролцох, тэр түвшинд очих юм. Бид өнөөдөр клуб байгуулаад зорилго, үнэ цэнээрээ нэгдэж чадаж байна. Хоорондоо яриад хэлэлцээд сууж байна. Гэхдээ шийдвэр хаана гараад байгаа юм бэ? Бид яриад, бичээд, нэгдээд л байдаг. Гэтэл бидний асуудлын шийдлийг нам, засаг, төр дээр гаргадаг. Энэ түвшинд залуучууд оролцож байж шүүмжилдэг асуудлаа бодит ажил хэрэг болгоно. Ийм учраас бид намын гишүүн болсон.

В.Ганзориг: 2020 оны УИХ, орон нутгийн сонгуулийн үр дүнг залуу хүний хувь хэрхэн дүгнэж байна вэ? Ялангуяа залуу сонгогчдын хүсэл мөрөөдлийг анзаарч мэдэрсэн үүТүүнийг нь та бүхэн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгаж чадсан уу?

Д.Батцэцэг: Сонгуульд өрсөлдөх шалтгаан нь миний хувьд хороондоо спортын талбай байгуулах хүсэл байсан. Манай тойргийн хүн бүхэн цэцэрлэгт хүрээлэн рүү явж чадахгүй. Иймээс хорооныхоо сул талбайг ашиглаад, эсвэл голын эргийн дагуу гүйлтийн замтай болох мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Энэ саналыг залуус маш сайн дэмжсэн. Гэрээсээ гараад спортын талбайтай, гүйлтийн замтай бол хэн ч үүнийг ашиглана. Энэ хэрэгцээг нь би залуу хүний хувьд мэдэрч чадсан. Энэ зөвхөн залуучуудад хамааралтай асуудал биш. Бүх хүнд хамаатай. Үүнийг хийж чадвал түүнээс цааш улам их эерэг өөрчлөлт гарна гэж итгэсэн.

2020 оны сонгуулиар эмэгтэйчүүд харьцангуй сайн сонгогдсон. УИХ 13 эмэгтэй гишүүнтэй болж чадсан. Баянзүрх дүүргийн хувьд 43 төлөөлөгчөөс 7 нь эмэгтэй хүн сонгогдсон. Эмэгтэйчүүдийг сонгох сонголт бага багаар өсч байгаа. Гэхдээ энэ бүх сонгогдсон эмэгтэйчүүд өөрсөд дээрээ асар том эрсдэл үүрч, зориг гаргаж улс төрд орсон.

 

Б.Батхишиг: 2020 оны сонгуулиар бүх нам УИХ-д бүлэг байгуулах хэмжээнд санал авах хүлээлттэй байсан. Хүчний тэнцвэр харьцангуй ойролцоо байх болов уу гэж харж байв. Гэвч сонгуулийн үр дүн өөр гарсан. Сонгуульд оролцоод явж байхад нэг зүйл надад анзаарагдсан. Тэр нь олон мундаг хүн гарч ирж байснаас нэг мундаг удирдагчтай байх. Харин тэр удирдагчийн цэргүүд нь сайн байх ёстой гэдэг зүйл мэдрэгдсэн. У.Хүрэлсүх даргын рейтинг тухайн үед тийм л байсан. Энэ хүчтэй нөлөөлж УИХ-д 62 хүн МАН-аас сонгогдсон. Энэ түүх 2000 онд Н.Энхбаяр даргын үед давтагдаж дангаараа 72 суудал авч байв. Энэ бүхнээс монголчууд сайн удирдагч хүсдэг гэдгийг ойлгосон.

Би өнгөрсөн жилийн хугацаанд намынхаа хамт олонтой Монгол орноо гурван удаа бүтэн тойрсон. Намынхаа мөрийн хөтөлбөр боловсруулахад биечлэн оролцож байсан. Тэгэхдээ залуучуудаа төлөөлөөд ийм санал оруулж байв. БНОУХ-ийн судалгаагаар залуусын өмнө тулгамдсан хамгийн том асуудал ажилгүйдэл гэж гарсан. Байгууллагууд сургуулиа дөнгөж төгссөн хүүхдээс хоёр жилийн ажлын туршлага нэхдэг. Өчигдөр сургуулиа төгссөн залуу хаанаас, яаж хоёр жилийн ажлын туршлага олох юм бэ? Компани болгон ийм шалгуур тавихаар залуучууд яаж ажилтай болох юм бэ? Монголын бизнесийн мөчлөг улирлын шинж чанартай. Гэтэл есөөс зургаан сарын хооронд оюутнуудаа академик хичээл гээд танхимд түгждэг. Зуны гурван сард хүн болгон амраад ажил хийх хүнгүй болдог. Шийдэл нь хичээлийг 11 сараас эхлүүлж хавар 4 сард дуусгах санал оруулсан. Жилийн үлдсэн саруудад оюутнуудад улсын болон хувийн компанид дадлага, ажил хийх боломж олгоё. Ийм хуулийн зохицуулалт хийе. Энэ хугацааг нь улсад ажилласан жил тооцох тухай шийдэл гаргасан юм. Ингэвэл дөрвөн жилийн дараа оюутнууд хоёр жилийн ажлын туршлагатай төгсөх боломжтой болно.

Залуусын өмнө тулгамддаг дараагийн том асуудал бол боловсрол. Ялангуяа хөдөө, орон нутагт сургууль завсардсан олон хүүхэд байдаг. Шалтгаан нь өрхийн орлого, ажилгүйдэл. Нэг хүүхдээ их, дээд сургуульд оруулахын тулд тэр өрх зээл авч, гэр бүлээрээ өрийн дарамтад ордог. Малаа зарж, эмээ нь тэтгэврийн, аав нь цалингийн зээл авдаг. Уг нь боловсрол хүний хөгжлийн суурь эрх, амьдралын баталгаа шүү дээ. Энэ эрхээ эдлэхийн тулд өрөнд ордог систем байж болохгүй гэж үздэг. Олон улсыг судлахаар Герман зэрэг улсуудад дээд боловсролыг иргэддээ үнэгүй хүргэдэг туршлага байдаг. Энэ систем рүү явах тухай санал гаргасан. Цагдаа, цэргийн сургуулиуд үнэ төлбөргүй яваад болоод байгаа. Энэ салбарын онцлогийг ойлгож, хүчний байгууллагын хүмүүсийг хүндэтгэдэг. Энэ хүмүүсийг үнэгүй сурган бэлтгэж чадаж байгаа юм бол яагаад улс орныг авч явдаг эмч, багш, инженерийн сургуулиудад хөнгөлөлттэй сургаж болдоггүй юм бэ гэдэг асуудлыг хөндсөн.

Д.Батцэцэг: Төлбөрөө ээж, ааваараа төлүүлж сурсан атлаа ажил хийхгүй залуус байдаг. Тэгэхээр ийм залуучууд төлбөргүй сураад эсвэл сургалтын төлбөрөө хөнгөлүүлчихээд бүр назгай болох биш үү? Гэр бүлээрээ сургалтын төлбөрөө бүгдийг нь төлүүлсэн атлаа хэнд ч ямар ч өргүй мэт хариуцлагагүй явдаг залуус байдаг.

Б.Батхишиг: Энэ бол боловсролын тогтолцоог сайжруулах асуудал. Төлбөргүй болохоор муу сураад, төлбөртэй үед сайн сурдаг зүйл байхгүй шүү дээ. Аль болох олон залууст дээд боловсрол эзэмших боломж олгож байж тэр дундаас чадалтай, чанартай залуусын тоо дагаад өсч чанаржина. Боловсролын чанар дээшлэх тусам залуусын улс төрийн оролцоо нэмэгдэж, сонголт нь хүртэл хариуцлагатай болно. 

Г.Гангамөрөн: Өнгөрсөн сонгуулийн үр дүн нь залуу, эмэгтэй хүний төлөөлөл болоод би өөрөө сууж байна. Нийслэлийн иргэдийн хуралд 45 төлөөлөгчөөс найм, УИХ-д 13 эмэгтэй сонгогдсон. Чамлалтгүй үзүүлэлт. Хүйсийн тэгш эрхийн хувьд алхам алхмаар урагшилж байна. Намайг сонгуульд өрсөлдөөд явж байхад залуучуудын оролцоо маш сайн байсан. Өмнө нь хөгшин хүмүүс л сонгуульд оролцож, санал өгдөг юм байна гэдэг ойлголттой байсан. Гэтэл саяны сонгуулиар залуучууд дээлээ өмсөөд сонгууль саналаа өгч, үүнийгээ ямар гоё давлагаалуулав аа? Миний санал дутвал миний ирээдүйд нөлөөлдөг юм байна гэдгийг залуус маш сайн ойлгодог болсон. Залуучууд мэдээлэл янз бүрийн сувгаар маш сайн авдаг болсон. Одоо өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, оролцоогоо маш сайн мэддэг болсон. Тийм учраас бид дөрөв сонгогдож гарч ирээд энд ингээд ярилцлага өгөөд сууж байна. Харин одоо залуучууд бид улс орны шийдвэр гаргах түвшин рүү нэлээд эрчимтэй явах ёстой. Бидний эргэн тойронд олон жишээ байна. Манай Ерөнхий сайд 1980 оных, агентлаг, хэрэг эрхлэх газруудын олон дарга дандаа залуучууд болсон. Намуудын ерөнхий нарийн бичгийн дарга нар бүгд залуучууд болчихсон.

Би Батхишигийн насан дээр байхдаа буюу 30 настайдаа Сангийн сайд, Ерөнхий сайдын зөвлөх хийж байсан. Тэр үед би юу зөвлөж байсан юм бол, яаж надаар зөвлүүлж байсан юм бол доо гэж одоо би боддог. Үүнийг би нам гэдэг институт талаас харсан шийдвэр болохоос Гангамөрөн гэдэг хувь хүнийг нь сонгоогүй гэж би боддог. Сангийн сайд эдийн засаг дахь залуус, эмэгтэйчүүдийн оролцоог хангахын тулд нэг залуу зөвлөх авъя гэж шийдсэн болов уу. Тэрнээс нөхөр Гангамөрөн мундагтаа биш. Залуучууд өөрсдийгөө голж болохгүй. Арван хуруу тэгш хүн гэж хаана ч байхгүй. Гэхдээ нэг юмыг маш сайн хийдэг чадвар бүх хүнд бий. Тэр чаддаг зүйлийнхээ төлөө залуучууд явах ёстой. Үүний төлөө заавал нам, улс төрөөр явах албагүй. Би өөрөө олон улсын байгууллагад сайн дурын ажил хийгээд, Ази, номхон далайн бүсийн зохицуулагч хүртэл хийж байсан. Залуу хүнд эрч хүч, хүсэл тэмүүлэл, зорилго, зориг байдаг. Энэ бүхнээ нийлүүлээд яг манай Батцэцэг шиг гүйж очоод, дэвшвэл дэвшье гээд ХҮН намын өгсөн боломжийг ашиглаад сонгогдоод гараад ирж байна шүү дээ. Алдаа, оноо байгаа хэдий ч залуусын хувьд идэвхтэй, оролцоотой байж чадвал хангалттай үр дүн гарч байгаа.        

В.Ганзориг: Залуу хүнийг алдаа нь чимдэг гэдэг үг байдаг билүү?

Д.Батцэцэг: Залуучууд бид зөв байхын тулд заавал хөгшин болохоо хүлээх албагүй шүү дээ. Бүх юм нээлттэй болж, судалгаа, мэдээлэлтэй болсон байхад туршлагагүй, эсвэл залуу гэдэг шалтгаанаар алдаа хийхээс айж болохгүй.

 

Б.Эрдэнэбулган: 2020 оны сонгуулийн үр дүн АН-ын хувьд хүнд байсан. Айхтар ялагдсан. Залуучуудын улс төрийн оролцоог хялбаршуулаад хоёр түвшинд үзэж болно. Нэгт, сонгогч буюу үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу дөрвөн жил тутам саналаа өгөх. Хоёрт, өөрсдөө нэр дэвшин сонгуульд өрсөлдөх. Бид дөрөв тэр замаар нэр дэвшээд ажиллаж байна. Залуучууд сонгуульдаа улам бүр идэвхтэй оролцдог болж байгаа.

2016 оны орон нутгийн сонгуулиар тийм олон залуу нэр дэвшээгүй. Жишээ нь, манай Сүхбаатар дүүргийн АН 80-аад оны буюу тухайн үедээ залуу гэж нэрлэгдэж байсан таван хүн л дэвшиж гурав нь ялсан. Харин 2020 онд 17 хүн нэр дэвшиж 10-аад нь ялалт байгуулсан. 2016 онд би сонгуулийн кампанит ажлынхаа уриаг “80-аад оны залуу” гэж нэрлэсэн. Шалтгаан нь миний дэвшиж байсан тойрогт 1980-1989 оны төрсөн залуус идэвхтэй сонгогчдын 35% нь байсан. Тиймээс тэр үеийнхэнд сануулж, саналыг нь татах зорилгоор сега тоглоом, тавийн гаа, зуугийн ундаа, мортал гээд байж болох акцуудыг уриа үгэндээ тааруулж хийсэн. Харамсалтай нь санал өгөх өдөр 80-аад оныхон ирээгүй. Нөгөө идэвхтэй масс буюу ахмад үеийнхэн л ирсэн. 2020 оны сонгуульд энэ байдал давтагдсан. Энэ үед хуулиар 50%-ийн босго байхгүй болсон. Ингэснээр залуусын сонгуулийн идэвх бүр буурсан. 2016 онд манай тойрогт нийт сонгогчдын 53% нь саналаа өгснөөс би 57%-ийн нь саналыг авч ялж байсан бол 2020 онд нийт санал өгөх ёстой хүмүүсийн 44% нь оролцож би 60%-ийн санал авч ялсан. Эндээс тооцоход би дандаа настай хүмүүсийн саналаар ялалт байгуулсан байдаг.

УИХ-ын түвшинд арай өөр ч орон нутгийн түвшинд залуусын идэвх буурдаг. Гэхдээ сонирхолтой нь 2020 онд орон нутгийн түвшинд залуусын нэр дэвших идэвх ихэссэн. Сүхбаатар дүүрэгт гэхэд АН, МАН ялгаагүй дандаа 80, 90-ээд оны залуусыг дэвшүүлсэн. Санал өгч буй залуусын хувьд 90-ээд оныхон идэвхтэй, маш хариуцлагатай болсон. Хамгийн гунигтай нь улс орноо ид чирэх ёстой, тооны хувьд хамгийн олуулаа 80-аад оныхон улс төрийн идэвхгүй хойшоо сууж байгаа. Хамгийн их хүүхэд төрсөн жил 1988, 1987, 1986 онууд байдаг. Иймээс 80-аад оны залууст би шүүмжлэлтэй ханддаг.

В.Ганзориг: Та бүгд УИХ, нийслэл, дүүрэгт нэр дэвшин өрсөлдсөн туршлагатай. Тэр дундаас нам, төрийн анхан шатны нэгжийн сонгуулийн ач холбогдол, албан тушаалын хариуцлага, эрх, үүргийн талаар мэдээлэл өгнө үү. 

Б.Эрдэнэбулган: Анхан шатны нэгж маш чухал. Би дүүргийн иргэдийн төлөөлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдон тав дахь жилдээ ажиллаж байна. Харин хорооны Засаг даргаар хоёр сар л ажиллаж байгаа. Гэхдээ таван жил ажилласнаас илүү энэ хоёр сард би асар их зүйл сурч байна. УИХ, нийслэл, дүүргийн түвшинд гаргаж буй шийдвэрүүд, бодлогын хэрэгжилт иргэн хүнд яаж очиж, үр шим нь яаж гардаг гэдгийг хорооны ажил хийж байж л мэдэрдэг юм билээ. Төрийн бодлого иргэний амьдралд тусч чадах эсэхийг хорооны Засаг дарга, түүний багийн гүйцэтгэл харуулдаг. Тухайлбал, ковидтой холбоотой шийдвэрүүд. Засгийн газар, Улсын онцгой комиссын хүрээнд шийдсэн шийдвэрийг Нийслэл, дүүрэг, хороогоор дамжин иргэн хүнд хүргэх процесс маш их алдаатай явдаг. Жишээ нь, УОК вакцины нэг ба хоёрдугаар тунг хийнэ гэж 11 цагт зарласан байхад Нийслэлийн онцгой комисс зөвхөн хоёрдугаар тунг хийх тухай болгосон. Ингээд 17 цагийн алдад хороон дээр маргаашаас зөвхөн хоёрдугаар тунг хийнэ гэдэг шийдвэр ирсэн. Гэтэл иргэд хэдийнэ телевизор, фэйсбүүкээр нэг ба хоёрдугаар тунг хийлгэнэ гэдэг мэдээллийг авчихсан байдаг.  

Д.Батцэцэг: Дүүргийн иргэдийн төлөөлөгчид урамшуулал гэж өгдөг. Үүнийгээ хороондоо зарцуулаад буцаагаад тайлагнадаг. Иргэдийн амьдрах орчноо сайжруулах асуудал дүүрэг, нийслэл дээр үүсдэг. Гэтэл манай иргэд тойргийнхоо УИХ-ын гишүүн дээр очоод хашаа засуулах, гудамжаа янзлуулах тухай хүсэлт тавиад байдаг. Тэр хүмүүс ийм асуудлыг шийддэггүй. Би нэр дэвшихдээ дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч хүн юу хийх боломжтой, эрх мэдэл нь хаа хүртэл явдгийг судалсны үндсэн дээр дөрвөн жилийн дотор би ийм ажлуудыг хийж чадах юм байна гээд бодит амлалттай мөрийн хөтөлбөрөө гаргасан. Сонгогчид ч үүнийг маш бодитой хүлээж авсан.

 

Г.Гангамөрөн: Иргэд ингэж ойлгох хэрэгтэй. Хүүхдийн тоглоомын талбай хэрэгтэй гэж үзвэл та хороо болон дүүргийн Засаг даргатайгаа нийлээд шийдэх асуудал. Манай хороонд цэцэрлэг, сургууль, шинэ зам барих хэрэгтэй гэвэл Нийслэлийн эсвэл улсын төсөвт суулгах гэдгийг шийдүүлнэ. Анхан шатны нэгж иргэдийн өмнө тулгамдсан, тэдний хүсч буй асуудлыг нэгтгэн эрэмбэлж алийг нь дүүрэг, нийслэл, улсын төсөвт суулгах ёстойг шийддэг. Дүүрэгт цэцэрлэг, сургууль барих төсөв нь байгаа ч газар байхгүй бол Нийслэлтэй ярьж газар чөлөөлөх, худалдан авах ажил хийгдэнэ гэсэн үг. Гудамжаа гэрэлтэй болгохын тулд УИХ-ын гишүүн рүү захиа бичих шаардлагагүй. Энэ бол цэвэр хороо, дүүргийн ажил юм. Энэ ялгаатай чиг үүргийг энгийн хэлбэрээр олон хүнд ойлгуулах хэрэгтэй байгаа. Бүх асуудал төсөвтэй уялддаг. Төсөв шийдвэрлэх эрх мэдэл хаана байгааг иргэд мэдэх ёстой.

Д.Батцэцэг: Энэ асуудлыг мэдэхгүйгээс болж иргэд асуудлаа шийдвэрлүүлэхдээ буруу хүмүүс рүү ханддаг. Нөгөө хэд нь хариу өгөхгүй болохоор гомдож, буруугаар ойлгодог.

Г.Гангамөрөн: Нийслэлийн төлөөлөгч зөвхөн сонгогдсон тойргийнхоо асуудлыг ярьдаггүй. Нийслэлийн хэмжээнд тулгардаг асуудлууд дээр ажилладаг. Тухайлбал, замын түгжрэл, утаа, дэд бүтэц гэх мэт. Бодлого Нийслэлийн иргэдийн хурал дээр гараад гүйцэтгэлийг нь Нийслэлийн засаг даргын тамгын газар хэрэгжүүлдэг.  

В.Ганзориг: 2021 онд эмэгтэй ерөнхийлөгчтэй болж чадах болов уу? Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо, тэдэнд тулгардаг бэрхшээл, үүсдэг давуу болон сул талыг та бүхэн хэрхэн хардаг вэ?

Г.Гангамөрөн: Миний мэдрэмжээр бол өнөө, маргаашдаа манай нийгэм эмэгтэй ерөнхийлөгчийг хүлээн зөвшөөрөх болоогүй. Гэхдээ хандлага энэ чиглэл рүүгээ явж байгаа. Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байхад Эстони, Финланд, Норвеги зэрэг улсуудын сангийн сайд, ерөнхий сайд нь дандаа залуу эмэгтэйчүүд байсан. Улс төрд орсон эмэгтэй хүнд давуу, сул тал байна. Одоо хүртэл хүйсийн тэгш эрх дээр эмэгтэй хүн ямар ч тохиолдолд миний ард байх ёстой гэдэг уламжлалт сэтгэхүй эрчүүдэд байсаар байна. Хаа очиж эмэгтэйчүүд, залуучуудаа манай намын хувьд маш сайн дэмждэг. МАН нэг хүн биш, олон зуун лидертэй институт учраас дараа үеэ бэлдээд, залуучууддаа зөвлөж явдаг. Иймээс хувь хүн өөрөө зорилготой, зүтгэлтэй байвал улс төрийн капитал, туршлага хуримтлуулах бүрэн боломжтой гэдгийг залуучууддаа хэлж, улс төрийн идэвхийг нь зоригжуулмаар байна.

Д.Батцэцэг: Бид эмэгтэй ерөнхийлөгчтэй байж яагаад болохгүй гэж? Энэ хэвшмэл байдлаасаа салахгүй бол бидний дараа үе яг ингээд эмэгтэй ерөнхийлөгчтэй болох арай бэлэн биш гээд яриад сууж байх вий дээ. Энэ ажлыг заавал эрэгтэй, эсвэл эмэгтэй хүн хийх ёстой гэдэг ойлголт байх ёсгүй. Хуулийн шаардлагыг нь биелүүлж байгаа бол хэн ч байж болно. Эмэгтэй хүнийг Ерөнхийлөгчөөр сонгож ажиллуулсны дараа энэ чинь болдоггүй юм байна гэж яривал өөр. Бидэнд тийм туршлага байхгүй.

Би гүйлтээр хичээллэдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй хамт марафонд оролцдог. Бүтэн харааны бэрхшээлтэй хүнтэй би 42 км гүйж байсан. Гүйхдээ би эрэгтэй хүнээс өөрийгөө илүү л гэж үзэхээс биш хэзээ ч дутуу гэж бодож байгаагүй. Цуг гүйж байсан эрэгтэйн шөрмөс татаад унаж байхад эмэгтэй хүн гүргэр юм байна гэж бодож байсан. Эмэгтэй хүний хийж чадах хамгийн том ажил бол хүүхэд төрүүлэх. Бүхэл бүтэн хүн төрүүлж чадаж байхад эмэгтэйчүүдийн хувьд бусад нь ерөөсөө том асуудал биш бөгөөд эмэгтэй хүнийг үгүйсгэх нь утгагүй хэрэг.      

Б.Эрдэнэбулган: Эмэгтэй Ерөнхийлөгчтэй болохоос илүү би эмэгтэй Ерөнхий сайдтай болохыг хүсдэг. Миний ажигласнаар эмэгтэй улстөрчдөд гурван давуу тал байдаг. Нэгт, маш сайн зөвшилцөж чаддаг. Хоёрт, гүйцэтгэл сайтай, нарийн нямбай, жижиг зүйлсийг алдахгүй хийж чаддаг. Гуравт, тэвчээртэй тул урт хугацаанд үр дүн гаргадаг. Иймээс Ерөнхийлөгч гэхээс илүү Ерөнхий сайдаар эмэгтэй хүн ажиллавал илүү амжилттай байх болов уу. Мундаг эмэгтэйчүүд зөндөө байгаа. Гэхдээ Монгол төрийн түүхэнд ихэвчлэн цэргийн жанжин, хаадууд, хамгийн сүүлд гэхэд Сүхбаатар жанжнаас авахуулаад эрэгтэйчүүд төрийн тэргүүн, манлайлал дээр явж байсан хэвшмэл ойлголттой хэвээр байгаа тул яг одоохондоо эмэгтэй Ерөнхийлөгчтэй болоход яв цав нийцэж чадахгүй байх. Сонгуульд зорьж байгаа одоогийн хоёр хүн хүртэл цэрэг, армитай холбоотой, эр хүн, эршүүд гэдэг чиглэлээ илүү их барьж байна. Тэд нийгмийн шаардлагаа ингэж харж байгаа болов уу. Миний туйлын хүсэл бол ойрын хоёр сонгуулийн дотор яаж ийж байгаад эмэгтэй Ерөнхий сайдтай болох.

Б.Батхишиг: Еврей ээжтэй хүнийг еврей хүн гэнэ гэдэг үг бий. Монгол эрчүүдийг хүчирхэг болгож буй хүмүүс нь Монгол хатад юм байна гэж гаднын судлаачид эртний тэмдэглэл дээрээ бичсэн байдаг. Дөргөн, Ану, Мандухай сэцэн хатны жишээг дурдаж болно. Тэр утгаараа манай нийгэм эмэгтэйчүүдийг эртнээс хүлээн зөвшөөрч байсан, одоо ч улс төрд хүлээн авахад бэлэн байгаа. УИХ-д 13 эмэгтэй гишүүн сонгогдсон нь нийт гишүүдийн 17%. Японд харин 10%, ОХУ-д 16%, Хятадад 25% байдаг. Дэлхийн дундаж 25-30%. Хамгийн гол нь эмэгтэй хүн нийтэд хүлээн зөвшөөрөгдөж чадаж байгаа дээр асуудал байгаа болов уу. Түүнээс биш эмэгтэй учраас болохгүй, чадахгүй гэдэг хандлага, хүйсээр ялгаварлан гадуурхаад байгаа асуудал байхгүй.

В.Ганзориг: Улс төрд орж, анхан шатны нэгжээс авахуулаад УИХ-ын сонгуульд өрсөлдөхөд тулгарч байсан хамгийн том асуудал та бүхний хувьд юу байсан вэ? Сонгуулийн санхүүжилт, мөнгөө яаж босгож байв?

Д.Батцэцэг: Хүн өөрийгөө эхлээд таних хэрэгтэй. Юунд дуртай, юу хийж чадахаа мэддэг байх ёстой. Үүний дараа өөрийнхөө сонголтоо хийж аль нэг намд ордог. Дүүргийн сонгуульд өрсөлдөхөд санхүүжилттэй холбоотой асуудал надад тулгараагүй. Сонгуулийн хуулийн дагуу хандивын дансаа нээгээд цугласан таван сая төгрөгийн хандиваараа сонгуулиа хийсэн. Цугласан мөнгө миний хийх ажлаас илүү гараагүй, бас дутаагүй. Мөнгө, санхүү миний хувьд аймаар том бэрхшээл байгаагүй. ХҮН намд ороход ч гэсэн надад танил тал, ойр дотнын нэгэн байгаагүй. Дотроо хийж чадах юмаа бодоод очиход нээлттэй хүлээн авч урам өгөн, ингээд хүрээд ирдэг хүмүүс олон болоосой гэж байсан. Улс төрд орохын тулд баян ээж, аавтай байх албагүй. Эсвэл улс төрд ажиллаж байсан танилтай байх ч албагүй. Өөрийн үзэл бодолтой, итгэл үнэмшилтэй залуу хүнийг юу ч зогсоож чадахгүй. Сонгуулийн санхүүжилт босгох, эсвэл намайг энэ нам, тэр намын хүн гээд хэлчих вий гэдгээс айх хэрэггүй. Одооны залуус хийе гээд зорилгоо нэгтгэвэл нам үл харгалзан бид дөрөв шууд нэгдэж чадна. Манай дээд талын үе ямар байсныг мэдэхгүй. Гэхдээ одоо ийм үе ирчихсэн.

Б.Эрдэнэбулган: 2016 оны дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчийн сонгуульд өрсөлдөхөд 20 орчим сая төгрөг ухуулагчдын цалин, хэвлэлийн зардалд гарсан. 2020 онд 30 сая төгрөгийн зардал гарсан. Энэ зөрүү нэр дэвшихийн тулд намаас тогтоосон дэнчин, хураамжийн зардалтай холбоотой. Аль түвшинд дэвшиж буйгаас хамаарч сонгуулийн зардал хэлбэлзэнэ. УИХ, нийслэл, дүүргийн сонгуульд мэдээж өөр зардал гарна. Улс төрийн капитал хуримтлуулахыг би гурван хэмжээст зүйл гэж хардаг. Нэгт, туршлага. Хоёрт, санхүү. Гуравт, нам дотроо хүлээн зөвшөөрөгдөх байдал. Залуус улс төрд ороход тулгардаг асуудал нь санхүү мөн боловч нөгөө талдаа бусдад хүлээн зөвшөөрөгдөх байдал маш чухал. Улс төрийн нам байгаа л бол дотор нь лидер, бүлэг, фракцууд байдаг. Энэ хүмүүс нам дотроо хэн, аль түвшинд, яаж дэвшихийг шийддэг. Залуучууд энэ шалгуурыг давах ёстой. 2016 онд би гаднаас шахуу дэвшээд орж ирсэн бол 2020 онд суудлаа хамгаалах үүднээс өрсөлдсөн.

Г.Гангамөрөн: Залуучууд улс төрд орохдоо сонгогчдоо маш сайн судлах хэрэгтэй. Хэдэн хүн амтай, ямар тойрог гэдэг нь чухал. Үүнээс хамаарч сонгуулийн зардал, бусад зүйлс тодорхой болдог. Нийслэлийн миний тойрог гэхэд 60 мянган сонгогчидтой. Энэ 60 мянган хүнд үгээ хүргэхийн тулд ямар арга хэрэгслүүд зайлшгүй хэрэгтэйг бодох ёстой. Шат ахих тусам санхүүжилтийн асуудал хүндэрнэ. УИХ-ын түвшинд чамгүй тоо гарна. Улс төрийн намын тухай хууль болон улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулиндаа бусад орнууд энэ асуудлыг их аятайхан зохицуулсан байдаг. Жишээ нь, БНСУ-д сонгуулиас хоёр жилийн өмнөөс нэр дэвшигчдээ судалгаанд оруулдаг. Өндөр хувь авсан хүмүүсээ жилийн дараа намын сунгаанд оруулдаг. Намаасаа шалгарсан хүнийгээ сонгуулийн жинхэнэ өрсөлдөөнд оруулдаг. Эхлээд ард иргэдээс, дараа нь намаас шалгаруулж байгаа биз? Яагаад гэвэл Засгийн газар, улс төрийн намаас сонгуулийн санхүүжилтийг нь шийддэг. Үүнийгээ хуульчилсан. Засгаас сонгуулийн зардлын 50-70%, намаас 20-30%, харин хувь хүн дээр сонгуулийн зардлын ачааллын 5% л ирдэг.

Би өнгөрсөн сонгуульд 200 ухуулагчтай ажилласан. Сонгуулийн ихэнх зардалд цалинд явдаг. Гэр бүлээсээ эхэлдэг юм билээ. Нөхөр, ээж, аав гээд. Би 10 хүүхэдтэй айлын отгон нь. Ах, дүү ихтэй. 200 ухуулагчийн цалингаар бодоход л хэдэн төгрөг босгох ёстой нь гараад ирнэ. Улс төрийн сонгуульд орж байгаагаа гэр бүлийнхэндээ хэлэхэд том ах босоод ямар ч байсан 10 сая төгрөгийн зардалд тусална гэсэн. Гэхдээ таван саяар найзынхаа хэвлэлийн компанид юмыг маань хэвлүүлэх, гурван саяыг бэлнээр өгье, үлдсэн хоёр сая төгрөгт багтаан машин унааг зохицуулж өгье гэсэн. Ийм маягаар сонгуулийн зардал босдог. Мөнгөн бус хандив маш чухал. Гэр бүлийн нийт гишүүдийнхээ 50%-ийн дэмжлэгийг авахад хүн өөртөө итгэлтэй болоод ирдэг. Манай ах инженер, эгч багш, орчуулагч. Энэ салбарын хүмүүст би хүлээн зөвшөөрөгдөж байгаа бол цаашаа эдгээр хүмүүс найзууддаа хэлдэг. Ингээд дараагийн дэмжлэг орж ирдэг. Айдсаа дараад гэр бүл, хамт олон, найз нөхдөөсөө эхлээд дэмжлэг авах хэрэгтэй. Эдгээр хүмүүс чамайг хүлээн зөвшөөрч байвал нийгмээс дэмжлэг авна. Улс төрд орох гэж буй залууст хэлэхэд зорилго маш тодорхой бас том байх хэрэгтэй. Мөн хэчнээн хүний төлөөлөл болох гээд байгаагаа маш сайн ойлгох ёстой.

Б.Батхишиг: Би яг ижилхэн зарчмаар явсан. Сурталчилгааны материал их чухал юм билээ. Тухайн тойрогт нэр дэвшиж буй хүмүүсийн танилцуулга, товхимлыг адилхан стандарттай нэгтгэж хэвлэх ёстой юм гэж бодогдсон. Хоёрт, 21 хоногийн дотор Хэнтий аймгийн 18 сум, аймгийн төв, багуудаар тойрох ёстой болсон. Энэ богино хугацаанд шинэ тойрог дээр дөнгөж очиж буй залуу хүнд сонгогчдод танигдах ямар ч боломжгүй. Чадахаараа өдөржин бүх айлаар орохыг хичээсэн ч тал хувьд нь л арай гэж очсон. Сонгуулийн сурталчилгааны хуулийн хугацааг уртасгах, эсвэл сонгуулийн хуулинд үүнтэй холбоотой өөрчлөлт оруулах ёстой билээ. Залуучуудад танигдах боломж өгөхгүй энэ хугацаанаас болж танихгүй бурхнаас таньдаг чөтгөр дээр гэдэг зарчмаар иргэд сонгуульд саналаа өгдөг санагдсан. Гарааны тэгш нөхцөлийг залуучуудад олгох ёстой.

В.Ганзориг: БНОУХ-ийн хийсэн судалгаагаар хоёр хүний нэг нь өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй, ямар нэг айдас хүйдэсгүй илэрхийлж чаддаггүй гэж хариулсан байсан. Мөн санал асуулгад оролцсон нийт залуусын 53% нь Монгол хагас ардчилалтай, 6% нь огт ардчилсан улс биш гэж дүгнэжээ. Улс төрийн систем, ардчиллын үнэт зүйлээрээ бид олон улсад сайн кэйс болж чадаж байгаа болов уу?  

Д.Батцэцэг: Бид тайван замаар ардчилал руу шилжсэн. Ардчилсан Монгол Улс гэдэг хэдий ч асуудалтай. Би аль аль шатандаа хагас ардчилсан гэж хэлнэ. Авилга, хээл хахууль, албан тушаалын гэмт хэргээс болоод ардчиллын үнэт зүйл хойшоо татагдсан.

Б.Батхишиг: Ардчиллын индексээр 167 орноос 61-т жагссан харагдсан. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, сонгох, сонгогдох ардчиллын үнэт зүйлс бий. Эндээс хамгийн их зөрчигдөж байна гэж хардаж буй хэсэг нь сонгох, сонгогдох эрх. 2020 оны сонгуулиар маш их будлиан гарсан. Энэ зүйл манай ардчиллыг хойшоо татаж байна гэж дүгнэдэг. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх дээр сошиал медиа дээр юм бичихэд тролууд орж ирээд битүү муулдаг. Үүнээс болж сошиал дээр үзэл бодлоо илэрхийлэх дэмий санагддаг болсон. Харин ийм ярилцлагын эрүүл орчинд асуудалгүй. Хүмүүс сошиал орчинд тролуудад зодуулахаас айж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаггүй гэж боддог.   

Б.Эрдэнэбулган: Жишээгээр хариулъя. Цэнгэлдэх хүрээлэнгээс үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү шилжье. Цэнгэлдэх хүрээлэнд хүмүүс бөх барилдахыг харж, хөл бөмбөг тоглож буй хоёр багийн тоглолтыг хөндлөнгөөс үзэгчийн хувиар үздэг. Яг үнэндээ ардчилсан систем иргэдийн оролцоо дээр суурилдаг. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд иргэд очоод дуртай зүйлээ хийж оролцоогоо хангадаг шиг тийм систем рүү шилжээсэй. Спорт үзэж буй үзэгч шиг улс төрийг харахаасаа илүү ямар нэг хэлбэрээр, ямар нэг түвшинд, ямар нэг оролцоотой байгаач ээ гэж залуустаа хэлмээр байна.

2017-2018 онд улс төрийн баруун төвийн чиглэл бүхий Зүүн Өмнөд Азийн залуучуудын хөтөлбөрт хамрагдаж, Камбож, Малайз, Непал улсуудын туршлагыг судлах, өөрсдийн ардчиллын тогтолцоогоо харьцуулж харах боломж тохиосон. Ардчиллын хэмжүүр хэнтэй харьцуулахаас маш их хамаарах юм билээ. Баруун европ, Хойд америк, Япон, Солонгостой харьцуулбал бид хангалттай ардчилсан биш. Харин Малайз, Камбож, Непалтай харьцуулаад харвал өөр. Монголд үндэстэн хоорондын зөрчил алга, шашны мөргөлдөөн байхгүй, том улсын колони байсан хүнд шарх гайгүй. Тэгэхээр бидний улс төрийн одоогийн зовлон зохиомол. Бид Хятадын нөлөөнөөс айдаг боловч энэ гурван улстай харьцуулбал бидэнд Хятадын аюул байхгүй. Учир нь Малайзын хамгийн хөрөнгөлөг хэсэг нь хятадууд. Гэхдээ төрөө малай үндэстэн барьдаг учраас малай, хятадуудын эдийн засаг, улс төрийн эрх зөрчилдөөн тэмцэл дунд байдаг. Камбож нэг намтай. Энэ намын эрхийг барьдаг гол хүмүүс бүгд хятад гаралтай. Непалд 1990 оноос хойш коммунист нам эрх барьж байна. Энэтхэг, Хятадын улс төрийн тоглоом болж явдаг байх жишээний. Эдгээр улсуудтай харьцуулбал бид хангалттай жаргалтай ч зохиомол зовлондоо унаад байдаг мэт санагддаг.  

Г.Гангамөрөн: Гаднаасаа манай ардчилал хэвийн түвшинд харагдаж байгаа ч дотроо засаглалын хямралаа дийлэхгүй байна. Авилгын индекс өндөр байгаа. Засаг төр тогтворгүй, нэг Засгийн газар дунджаар 1.6 жил тогтдог. Ийм нөхцөлд бусад улсууд хөрөнгө оруулах, хамтран ажиллахад хүндрэлтэй. Нэг Засгийн газар нь за гэхээр судалгаагаа эхлүүлээд төсөл эхлээгүй байхад Засгийн газар солигддог.

В.Ганзориг: Сонирхолтой яриа өрнүүлсэн та бүхэнд баярлалаа! Улс төр дэх залуусын оролцоо сэдвийг би нэлээд олон удаа онцолж нэвтрүүлгээ хийж байгаа. Нэвтрүүлгээ товч дүгнэе. Залуучуудын хувьд улс төрд орох боломж нээлттэй байна. Хамгийн гол нь бид өөрсдөө зорилготой, зоригтой, зүтгэлтэй байх хэрэгтэй. Нөгөө талдаа өөрсдийгөө үнэлж сурах, айдсаа давах, нийгэмдээ оролцоо, идэвхтэй байж чадвал бидний өмнө бүх боломж нээлттэй байна. 

 

 

 

x