2021 оны 4 сарын 27
Зураг
iKon.mn сэтгүүлч

QR код бүхий зөвшөөрлийн шийдвэрлэлт бүрхэг байгаа нь олон асуудал дагуулж байна

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газраас хатуу хөл хориог тавдугаар сарын 8-ны 06:00 цаг хүртэл сунгасан. 

Ингэхдээ хатуу хөл хорионы дэглэмийг улам чангаруулж, явганы болон авто машины хөдөлгөөнийг хязгаарлана гэдгийг УОК-ын нарийн бичгийн дарга Ж.Амгалан 2021 оны дөрөвдүгээр сарын 23-нд мэдэгдсэн. 

Хатуу хөл хорионы үед зөвшөөрөгдсөн 15 чиглэлийн салбар бий бөгөөд эдгээр үйл ажиллагааг эрхлэгчид нь нийтийн тээврээр болон квотын дагуу хувийн автомашинаараа ажилдаа ирж, буцаж болно. Дөрөвдүгээр сарын 10-24-ний хугацаанд зөвшөөрөгдсөн салбарын ажилтнуудыг байгууллагын тодорхойлолт болон ажлын үнэмлэхийг нь үндэслэн дугаарын хязгаарлалтын дагуу хувийн машинаар нь зорчуулсан.

Харин "хав хатуу" хөл хорионы дэглэм үйлчилж эхэлсэн 25-ны өдрөөс зөвшөөрөгдсөн салбарынхан заавал QR код авч замын хөдөлгөөнд оролцох ёстой болов.

QR код олгох ажлын хэсгийг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж байна. Хамаг асуудал ингэж эхлэв.

Сайд Х.Нямбаатар "Ойролцоогоор 41,593 тээврийн хэрэгсэл хатуу хөл хорионы өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцох байдлаар системд шивэгдсэн. Системд буй тээврийн хэрэгслийн мэдээлэлд үндэслэн үйл ажиллагаа нь хязгаарлахгүй байгууллагуудад QR код олгоно. Өөрөөр хэлбэл, өвөл мэдээллийн санд мэдээллээ нийлүүлсэн байгууллагууд автомашиныхаа дугаарыг системд оруулан хүсэлт явуулахад шинэ QR код олгогдоно" гэж дөрөвдүгээр сарын 25-нд мэдээлсэн.

Мөн тухайн өдрийн 21:00 цагаас smartcar.mn сайтад хандан QR код бүхий зөвшөөрлөө авах боломжтой гэсэн ч товлон зарласан цагт нь тухайн сайт гацаж, олон хүнийг бухимдуулсан. Асуудал ингээд дууссангүй. Шинээр код авахыг хүсэгчид QR@gov.mn хаяг руу цахим шуудангаар хүсэлтээ илгээснээр журмын дагуу асуудал шийдвэрлэгдэх учиртай. 

 

Харин цахим шуудангийн хариу, шийдвэрлэлт удаан, хүндрэл ихтэй байгаагаас ажил нь цалгардаж байгааг шүүмжилсэн иргэн их байна. 

Фэйсбүүк дэх  "НОК QR зөвшөөрөл" хэмээх группээс харвал "QR зөвшөөрөл алдаатай гарсан", "Хүнс тээврийн зөвшөөрөл гарахгүй байна", "Бичиг баримт дутуу гэж байгаа ч аль нь дутуу байгааг мэдэгдэхгүй юм" гэх мэтчилэн постууд хөвөрч байна. 

Эдгээр асуултыг тодруулахаар хариуцах эзэнг хайгаад олсонгүй. Цар тахлын нөхцөл байдлын үед үүссэн асуудлыг тухай бүрт шийдвэрлэх учиртай, салбар бүрээс төлөөлөл багтаасан УОК-ын Шуурхай штабаас QR код олголтын талаар мэдээллийг тодруулахад Автотээврийн үндэсний төвөөс асуухыг зөвлөв. Харин Автотээврийн үндэсний төв уг асуудлыг хариуцахгүй байгаа тул нийслэлийн Онцгой комиссоос лавлаарай гэсэн ч НОК нь Улсын Онцгой комиссоос тодруул гэлээ.

Харин Улсын Онцгой комиссоос Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд ахалж буй учраас тус яамнаас асуухыг зөвлөсөн юм. Асуултуудынхаа хариултыг авна хэмээн найдаж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хандахад "Ажлын хэсгийг л сайд ахалж байгаа. Мэдээллүүд нь манайд байхгүй" гэх нь тэр. 

Эрэл ингээд мухардав. 

Улаанбаатар хотод тав дахь удаагаа хатуу хөл хорионы дэглэм тогтоож буй. Өмнөх хугацааны мэдээлэл хангалттай их бий гэдэгт найдаж байна. Тухайн үед гарч байсан асуудлуудын алдаа, оноонд суурилан ажлаа яагаад чирэгдэлгүйгээр зохион байгуулж болохгүй байна вэ?

Хөл хорио чангарснаас хойш хоёр дахь өдөр нь боллоо. Энэ хугацаанд хэдэн машины эрхийг сэргээсэн, нийт хэдэн машинд шинээр код олгосон гэх зэргээр мэдээллээ ил болгож, QR кодтой холбоотой заавар зөвлөгөө өгөх зайлшгүй шаардлага байна. Гэвч дуугарах хүн алга.

Үүний улмаас үйл ажиллагаагаа хязгаарлуулаагүй байгууллагуудад олон асуудал үүсэж байгаа юм. Нэг жишээ татахад, хүнсний үйлдвэрлэл, хүнсний дэлгүүрүүдийн зөвшөөрөл гарахгүй удаж байгаагаас бараагаа татан авч чадахгүйд хүрч байна. Нөгөө талаар, хүргэж өгөх компанийн машин явж чадахгүйгээр болж хүний хадгалалтын горим алдагдахаас эхлээд чирэгдэл учирч байгаа юм.

Эрүүл мэндийн салбарынхныг цагийн хязгаарлалттай зорчуулахаар шийдвэрлэсэн байсан нь олон нийтийн бухимдлыг төрүүлснээр шийдвэрээсээ буцахад хүрч байв. 

x