Индэр    
2021 оны 4 сарын 17
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

Д.Нямбаяр: Вакцины хоёр дахь тунг 28 хоногийн дараа хийх заавартай нь явуулж байхад дур мэдэж протоколыг өөрчлөх нь маш буруу

Зураг
Эх сурвалж: Хувийн архиваас

Вакцины талаарх иргэдийн сэтгэл санаа түгшүүртэй, эргэлзээ дүүрэн өдрүүд үргэлжилж байна. 

Монгол Улсын Засгийн газар дөрөв, тавдугаар сарыг вакцинжуулалтын сар болгоно хэмээн зарлаж байсан ч Гамшгийн үеийн Бүх нийтийн бэлэн байдлын хугацаанд вакцинжуулалтын ажлыг зогсоохоо мэдэгдэж, иргэдэд хамгийн ихээр тарьсан Синофарм үйлдвэрийн идэвхгүйжүүлсэн коронавирусийн вакцины тун хоорондын зайг 56 хүртэл хоног байх нь дархлаа тогтоход сөрөг нөлөөгүй хэмээн мэдэгдэв. Вакцины нөөц саатсантай холбоотой энэхүү гэнэтийн шийдвэр иргэдийг төөрөгдөлд оруулаад байгаа билээ.

Яг энэ асуудлаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дархлаа судлаач доктор Д.Нямбаяртай ярилцлаа. 

Япон улсын Рикен хүрээлэнгийн төслийн удирдагчаар ажиллаж байсан, одоо Япон улсын Каназава Үндэсний их сургуулийн Анагаахын сургуулийн дэд профессор, ХБНГУ-ын Мюнхений Техникийн их сургуулийн Эрдэм шинжилгээний багийн ахлагч, АШУҮИС-ийн дэд профессор Д.Нямбаяр өнөөдөр хэрэглээнд нэвтрээд буй шүлснээс коронавирус илрүүлэх оношлуур бүтээх ажлыг санаачлан, ахалсан гэдгийг энд тодотгоё.



-Яг таван сарын өмнө тантай анхны ярилцлагаа хийж байх үед Монголдоо коронавирусийн оношлуур бүтээх ажлыг санаачлан эхлүүлсэн бөгөөд боловсон хүчин бэлтгэх зорилготой ажиллаж байгаагаа хэлж байсан бол өнөөдөр монгол эрдэмтдийн өөрсдийн бүтээсэн, шүлснээс коронавирус илрүүлэх PCR оношлуурыг ашиглаж эхэлсэнд юуны өмнө баяр хүргэе.

-Баярлалаа. Шүлсний оношлуурыг бүтээх үйл явц бол миний оношлуур хийх хоёр дахь оролдлого юм.

Эхний оролдлогоо 2020 оны гуравдугаар сараас эхлүүлж, ЭМЯ-н дээр ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн хэлтсийн шинжээч Ганзориг доктор, Монголдоо төдийгүй дэлхийн хэмжээнд олон сайн бүтээл хэвлүүлсэн манай шилдэг вирусологич эрдэмтэн, Мал эмнэлгийн хүрээлэнгийн Болдбаатар докторыг оролцуулсан Ажлын хэсэг байгуулагдсан ч ажил гацсан талаар өмнө нь ярьж байсныг санаж байгаа байх. 

Тиймээс би АШУҮИС-аас тусламж хүсэж, залуу эрдэмтэн судлаачдыг цуглуулан цахим хурал хийж, санаагаа танилцуулсан. Ингээд санаа маань дэмжигдэж, 2020 оны арванхоёрдугаар сард АШУҮИС дээр баг бүрдүүлж, төслөө БШУЯ-нд өгсөн нь батлагдсан. Манай баг маш эрчимтэй ажиллаж, хоёрдугаар сар гэхэд оношлуураа бэлэн болгосон. 

Энэ ажлыг маш олон хүмүүс болон байгууллагуудын тусламжтай хийж чадсан. Тухайлбал, ХБНГУ-ын Мюнхений ТИС болон Японы Каназавагийн их сургууль судалгааг хийхэд тоног төхөөрөмжөөс гадна лабораторио ашиглуулах зэргээр бүх талын тусламж дэмжлэг үзүүлсэн. Эдгээр улс дахь ЭСЯ-наас гадна АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар, тэргүүн дэд захирал, миний багш Г.Батбаатар болон залуу судлаачдынхаа тусламжтайгаар энэ үр дүнд хүрсэн. 

МИАТ, ГХЯ, гааль, татвар, мэргэжлийн хяналт зэрэг олон байгууллагыг дурдахгүй байж болохгүй. Яагаад гэвэл ашиг сонирхлын зөрчилтэй зарим нэг сайд дарга нар нь бидний эсрэг байсан ч тэр олон хүний хүч, эх оронч сэтгэл зүтгэлийн үр дүнд бид бүтээлийнхээ зөвшөөрлийг ЭМЯ-наас авч чадлаа. УОК-ын дарга, Ерөнхий сайд ч мөн бидний ажлыг дэмжсэн гэж багийнхнаасаа сонссон. 

-Гэтэл ийм их хөдөлмөр, олон хүний дэмжлэгээр, монгол эрдэмтдийн бүтээсэн шүлсний оношлуурыг өнөөдөр хангалттай хэмжээнд ашиглахгүй байна гэж харж байна. Тухайлбал, өнөөдөр шинжилгээ өгөх хүсэлтэй, шинж тэмдэг илэрсэн хүн бүрээс PCR шинжилгээ авах нөөц боломжгүй байгаагаа ЭМЯ тайлбарлаж байгаа. PCR-ийн оронд шүлсний оношлуурыг ашиглаад бусад эмнэлгээр дамжуулан шинжилгээ авах боломжтой гэдэгтэй Та санал нийлэх үү? Эсвэл хөрөнгө мөнгөтэй холбоотойгоор олноор үйлдвэрлэх боломжгүй байна уу? 

-Шүлсний PCR оношлуур нийтийн хэрэглээнд хараахан ороогүй байгаа нь хөрөнгө мөнгө гэхээсээ илүү дотоодын үйлдвэрлэлийг хязгаарласан хууль, дүрэм журмаас голчлон шалтгаалж байгаа юм

Өөрөөр хэлбэл, АШУҮИС хэдийгээр шүлсээр коронавирус илрүүлэх PCR оношлуурын зөвшөөрлөө авсан ч өөрсдөө дур мэдэн үйлдвэрлэх, ашиглах боломжгүй байгаа. Зөвхөн Эрүүл мэндийн яамны захиалгаар л үйлдвэрлэх болон хэрэглээнд нэвтрүүлэх зохицуулалттай байгааг яаралтай өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна. Мөн дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, өргөн хэрэглээнд оруулахад төрийн зүгээс бодлогын түвшинд дэмжлэг хэрэгтэй байгааг онцолмоор байна.

-ЭМЯ захиалж авахгүй ч гэсэн АШУҮИС уг оношлуурыг өөрсдөө үйлдвэрлэх эрх нь байвал хувийн эмнэлгүүдийг оношлуураар хангаад, шинжилгээ хийлгэх хүсэлтэй хүмүүст үйлчлэх боломжтой байх, тийм үү?

-Уг нь тийм. Гэвч ЭМЯ тендер зарлаж, захиалгын тоог өөрсдөө өгч үйлдвэрлүүлнэ гээд хүлээлгээд байгаа нь нэг талаар засгаас дэмжиж байгаа мэт боловч нөгөө талаар цаг хугацаа алдагдуулж, ажил удаашруулж байна.

Энэ мэтчилэн төр засаг нь юм болгонд оролцох гэсэн, бүх төрлийн үйл ажиллагааг бүрэн хяналтдаа байлгах гэсэн буруу хандлагыг нэн даруй засах хэрэгтэй болов уу. Ер нь гадаадын бүтээгдэхүүнээс хэдэн арав дахин илүү сайн гэдэг нь батлагдчихсан, хэд дахин хямд өртөг зардалтай гэдэг нь тогтоогдоод дотооддоо хэрэглэх зөвшөөрлөө авчихсан байхад хүртэл манай улс өөр орноос оношлуур авах тендер зарлаж байгаа нь дотоодын үйлдвэрлэлээ бус, импортын бүтээгдэхүүн оруулж ирдэг компаниудыг ил далдаар дэмжиж буй мэт санагдаж байна. 

Хэдийгээр би шүлсний оношлуурыг санаачилж, эрдэмтдийн багийг ахалж бүтээсэн боловч бүх эрхээ АШУҮИС-д өгсөн. Тиймээс энэ ажлыг АШУҮИС цаашид хариуцаад явах юм. 

Хэрэв АШУҮИС-д чөлөөтэй ажиллаж, оношлуурыг үйлдвэрлэх болон ашиглах эрхийг нь гүйцэд олгочихвол ядаж өөрсдөө шинжилгээ хийх, эсвэл хувийн лаборатори болон бусад эмнэлгүүдэд захиалгаар нийлүүлэх бүрэн боломжтой. 

-Оношлуураас гадна вакцины эргэн тойронд нийгэмд ихээхэн эргэлзээ үүсээд байгааг та мэдсэн байх. Засгийн газар вакцинжуулалтыг хойшлуулж, Синофарм үйлдвэрийн идэвхгүйжүүлсэн коронавирусийн вакцины хоёр дахь тунг 21-56 хоногийн дотор хийхэд ямар нэгэн дархлаа тогтоход өөрчлөлт гарахгүй гэдгийг иргэдэд мэдээлсэн. Энэ шийдвэрийн талаар та дархлаа судлаачийн хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Вакцинуудыг олон улсын хэмжээнд, маш олон хүнд туршиж, вирусийн эсрэг 50%-аас дээш магадлалтайгаар дархлаа тогтоож байвал КОВИД-19-ийн эсрэг хэрэглэхэд тохиромжтой гэж үзээд ДЭМБ зөвшөөрөл өгч байгаа. 

Одоогийн байдлаар ОХУ-ын Спутник V, БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн идэвхгүйжүүлсэн коронавирусийн вакцинууд ДЭМБ-аас албан ёсоор зөвшөөрлөө аваагүй байна.

Вакцины хоёр удаагийн тарилтаар коронавирусийн эсрэг дархлаа тогтоох үйлчилгээ үзүүлж байгаа учраас тухайн хүнд хоёр удаа хийж байгаа. Хэрэв вакцин үйлдвэрлэгчээс тун хоорондын зайг 28 хоног байна гэсэн заавартай ирсэн бол яг тэр дагуу хийх ёстой. Учир нь вакцины үр дүнг олон улсад баталгаажуулахдаа яг энэ протоколоор явж байгаа. Өөрөөр хэлбэл, эхний тунгаас хойш 28 хоногийн дараа хоёр дахь тунг хийснээр тодорхой гарах үр дүнг зааврын хамт явуулж байхад дур мэдэж протоколыг өөрчлөх нь маш буруу.

-Вакцины үйлчлэлд нөлөөтэй гэж Та хэлэх гээд байна уу?

-Нөлөөтэй эсэхийг тогтоохын тулд ЭМЯ туршиж үзээд, монгол хүнд 56 хоногийн дараа хоёр дахь тунг хийхэд ямар үйлчлэл үзүүлснийг нь хэд хэдэн хэмжүүрээр гаргаж ирэх ёстой юм. 

Тун хоорондын зай 56 хоног байснаар хүний биед үүсэж байгаа коронавирусийн эсрэг биеийг хэмжих, ингэхдээ олон янзаар хэмжих ёстой. 

Вирусийн эсрэг хүний биед үүсэх total буюу нийлбэр Иммуноглобулин ЖИ, ЭМР(total IgG, total IgM) зэргийг хэмжихээс гадна вирусийн эсрэг өвөрмөц дархлаа хэр тогтсон болохыг хэмждэг зарим нэг эсрэг бие байдаг.

Тодорхой тайлбарлая. Жишээ нь, вирус хүний биед халдварлахдаа ACE2 рецептороор дамжиж халддаг. Вирусийг олон өнгийн олон жижиг бөмбөлөгтэй нэг том бөмбөгөөр төсөөлбөл эдгээр жижиг бөмбөлгүүд бүгд хүний эсийн гадаргуу дээрх ACE2 рецептортой холбогддоггүй. Зөвхөн нэг бөмбөлөг (жишээ нь улаан өнгийн нэг бөмбөлөг) нь ACE2 рецептортой холбогдох бөгөөд тэгж холбогдвол тухайн хүний бие рүү уг вирус халдварлаж ордог.

Энэ вирусийн гадаргуу дээрх жижиг улаан бөмбөлгийг англиар Receptor-Binding Domain буюу RBD гэдэг. Энэ нь RBD-ийн эсрэг хүний биед үүсэх эсрэг биеийг тогтоох нь КОВИД-19-ийн эсрэг дархлаа тогтсон эсэхийг хэмжих нэг чухал хэмжигдэхүүн нь юм. Өөрөөр хэлбэл, том бөмбөгний бүх жижиг бөмбөлгүүдийн эсрэг үүсэх эсрэг биеийн нийлбэр буюу total IgG, total IgM нь халдвар авсан үгүйг илтгэхээс биш, өвөрмөц дархлаа тогтсон эсэхийг илтгэхгүй.

Яг улаан өнгийн нэг бөмбөлөгт очиж холбогдож байгаа эсрэг биеийг хэмжсэнээр тухайн хүнд коронавирусийн эсрэг өвөрмөц дархлаа тогтжээ гэдгийг дүгнэж болно. 

-Манай улс энэ судалгааг хийх нөөц боломж нь ямар вэ?

-Дээр дурдсанчлан эсрэг биеийг тодорхойлохоос гадна хэд хэдэн чухал хэмжигдэхүүнүүдийг судалж үзэх хэрэгтэй. Тухайлбал,  

  1. Эсийн дархлааг хэмжих ёстой. Хүний бие махбодод санамж дархлаа эс гэж үүсдэг. Тэр санамж эсийг хэмждэгээрээ шингэний дархлаанаас эсийн дархлаа нь ялгаатай. Санамж эс олон байх тусмаа вирусийн эсрэг дархлаа сайн тогтоно гэсэн үг.   
  2. Хүний биед үүссэн эсрэг бие нь вирусийн ургалтыг саармагжуулж байгаа эсэхийг лабораторийн орчинд туршиж үзэх ёстой. 

Халдвартай вирусийг өсгөдөг лаборатори байдаг. Үүнийг Био аюулгүй байдлын III зэрэглэлийн лаборатори гэж нэрлэдэг. Харамсалтай нь, одоогоор Монгол Улсын хэмжээнд Мал эмнэлгийн хүрээлэнд буй Японы тусламжаар баригдсан бага оврын Био аюулгүй байдлын III зэрэглэлийн лабораториос өөр лаборатори анагаахын салбарт алга байна. 

ХӨСҮТ-ийн хашаанд 10-аад жилийн өмнө энэ төрлийн лаборатори барьж эхэлсэн гэх ч одоо болтол дуусаагүй, ашиглалтад ороогүй байгаа юм билээ. Дууслаа гэхэд боловсон хүчнийг бэлдэхэд цаг хугацаа хэрэгтэй. Байшин бариад шууд ажилчихдаг зүйл биш, маш их хугацаа бэлтгэл шаардана.  

-Манай улс Вакцин хяналтын лабораторигүй болчихсон талаар бид хөндсөн л дөө. Хэрэв ийм лабораторитой байсан бол таны хэлээд байгаа судалгаануудыг хийгээд явах байсан байх. Тэгэхээр яалт ч үгүй энэ төрлийн лабораторитой болох шаардлагатай гэж мэргэжлийн хүмүүс хэлж байсан.

-Энэ бол байшин барилга, тоног төхөөрөмжийг шийдээд, хэдэн тэрбум төгрөг гаргаад шууд бүтээд болчих ажил биш л дээ. Вакцин хяналтын лаборатори бий болгохын тулд олон чиглэлээр магадгүй хэдэн зуун мэргэжилтэн бэлтгэх шаардлагатай. Тэгж байж ажиллана. Биотехнологи гэдэг маш олон салбартай. Салбар бүрд дэлхийн хэмжээний мэргэжилтнүүдтэй байж бид үүнийг хийж чадна.

Гэхдээ энэ ажлыг эхлүүлэх нь чухал, эхлүүлбэл бид хийж чадна. Тэгээд тогтвортой байлгах нь бас маш чухал. Ядаж 10-20 жил тогтвортой хөгжүүлэх хэрэгтэй.

Онолын хувьд нэг удаагийн тарилтаар хангалттай дархлаа тогтохгүй байх өндөр магадлалтай

-Эргээд 56 хоног руугаа оръё. Энэ тоог Засгийн газар тайлбарлахдаа БНХАУ-ын ЭСЯ-аар дамжуулан үйлдвэрлэгчээс нь авсан заавар дээрх хугацаа гээд байгаа. 

-Гаднын орноос бид бүтээгдэхүүн авахдаа үйлчлэлийг нь дотооддоо, өөрсдөө шалгаж байх ёстой. Энэ олон төрлийн вакцин авч байж аль нь монгол хүнд хамгийн сайн үйлчлэлтэй вэ гэдгийг урьдчилан тодорхойлох учиртай юм. 

Хоёрдугаарт, Монгол Улсад тархаад байгаа вирусийн омог Хятад улсад тархсан вирусээс өөр байх магадлалтай шүү дээ. Яагаад гэхээр манайд ихэнхдээ хойд талаас халдвар зөөвөрлөгдөж ирсэн. Коронавирусийн олон хэлбэр гарсан шүү дээ. Хамгийн сүүлд л гэхэд Английн хэлбэр гэж гарсан бол түүнээс өмнө Өмнөд Африк, Бразилын гэх мэт хэлбэр гарсан. Энэ болгон дээр тухайн вирусийн геномыг уншсаны үндсэн дээр манай улсад коронавирусийн тархалт нь ямар вирусийн хэлбэрээр голчлон үүсгэгдсэнийг тодорхойлох ёстой. 

Тиймээс Хятадын тэр үр дүнг бид шууд хүлээн авах боломжгүй. Тархсан вирус, цаг агаар, хүмүүсийн онцлог зэрэг хүчин зүйлсийг харгалзахгүйгээр шууд “будаа идэж” болохгүй. ЭМЯ-ны мэдээллээр бол эрдэм шинжилгээний маш олон төсөлт ажлууд батлагдсан гэж байгаа ч тэдгээрийн үр дүнгийн талаар болон амьдрал дээр хэрхэн хэрэгжүүлж байгаа тухай ямар ч мэдээлэл алга. Вакцинжуулалтынхаа арга тактикийг сонгоход эдгээр судалгааны ажлын үр дүн шийдвэрлэх үүрэгтэй

Гэтэл энэ судалгаанууд үр дүнтэй байна уу, үгүй юу гэх зэрэг мэдээллүүд байхгүй учраас шинжлэх ухаанд үндэслэсэн бодлого гарахгүй байна

Төрийн эрх барьж байгаа хүмүүс хий хоосон улстөржөөд байгаагаас биш цаад нарийн учрыг нь ойлгохгүй байгаа бөгөөд шинжлэх ухааны үндэслэлтэй бодлогоо боловсруулах түвшний албан тушаалтнууд их цөөхөн байна. 

Юм болгоныг гадаадаас хуулбарлаж болохгүй олон шалтгаан бий. 

Вакцин нь серийн болон лот дугаартай байдаг. Тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн нэг шугамаар явуулаад савлахад тэр нь нэг лот болдог. Уг шугамаар дахиад явуулсан вакцины лот түрүүчийнхтэйгээ яг адилхан байна гэсэн баталгаа байхгүй.  

Тийм учраас лот болгон дээр ерөнхийдөө туршиж, судалж үзэж байвал сайн. 

Өөрөөр хэлбэл, эхний удаа хийлгэсэн вакцинтай ижил лот дугаар бүхий вакцины 2 дахь тунг хадгалж үлдээд, дараа нь тухайн хүндээ хийх ёстой юм. Энэ бол нэг л хүчин зүйл. Үүнээс гадна хийх ёстой хугацаандаа хийгээгүй зэргийг бодолцвол мэргэжилтний хувьд дээрх тактикийг буруу гэж үзэж байна. 56 хоног бол хоёр дахь тун байхгүй учраас аргацаасан тайлбар болов уу. Одоо дараагийн вакцин ирлээ гэхэд эхний тунгаа хийлгээд хүлээж байгаа хүмүүст хоёр дахь тунг нь хийхэд бүрэн дархлаа тогтох уу, үгүй юу гэдэг эргэлзээтэй.  

-Иргэдийнхээ вакцины хоёр дахь тунг хадгалаагүй шалтгаанаа Засгийн газар тайлбарлахдаа аль болох олон хүнд эхний тунг хийвэл тэр хүмүүсийг өвдөхөөс сэргийлнэ гэсэн тактик барьсан гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, 300,000 хүнийг бүрэн дархлаажуулснаас 600,000 хүнд эхний тунг хийсэн нь дээр гэж үзсэн байна. Энэ зөв тактик мөн үү?

- Судалгаа шаардлагатай гэдгийг дахин хэлье. Эхний тунгаар ямар хэмжээний дархлаа тогтож байна вэ гэдгийг өөрсдөө судалж байж л хэлэх боломжтой. Гэхдээ онолын хувьд нэг удаагийн тарилтаар хангалттай дархлаа тогтохгүй байх өндөр магадлалтай. Бараг л боломжгүй. 

Түүнээс гадна вакцины талаарх хүмүүсийн ойлголт буруу байна. Хамгаалах үйлдлээр нь вакциныг ерөнхийд нь хоёр том бүлэгт хувааж үздэг. 

  1. Sterilizing immunity буюу бүрэн хамгаалалт тогтоох вакцин. Вакцинжуулсны үр дүнд үүссэн дархлаа тухайн вирусийг бүрэн саармагжуулж, эсэд халдварлахаас хамгаалахын зэрэгцээ халдвар дамжилтыг бүрэн таслан зогсооно. Ойлгомжтойгоор хэлбэл, бүрэн хамгаалалт тогтоох вакцин хийлгэсэн тохиолдолд вирус миний биед орж ирэхэд би өөрөө ч өвдөхгүй, бусад хүнд ч халдаахгүй гэсэн үг.
  2. Өвчний хүндрэлээс сэргийлэх үйлдэлтэй вакцин. Энэ төрлийн вакциныг хийлгэсэн хүн тухайн вирусийн халдвараар халдварлах боломжтой. Хоёр тунгаар тариулаад дархлаа тогтсон ч халдвар авч болно. Мөн халдвараа бусад хүнд тарааж болно. Гэхдээ тухайн хүн хүндээр өвдөхгүй. 

Одоогийн байдлаар коронавирусийн эсрэг гарч байгаа вакцинуудын үйлчлэл алинд нь хамаарах вэ гэдгийг бүрэн гүйцэд тогтоогоогүй байна. Тийм учраас та вакцинаа хийлгэсэн ч халдвар хамгааллын дэглэмээ сахисаар байх шаардлагатай гэдгийг маш сайн ойлгох ёстой.

Ихэнх вирусийн эсрэг гаргаж авсан вакцин халдвараас 100% хамгаалдаггүй, харин хүндээр өвчлөхөөс сэргийлдэг гэдгийг л сайн ойлгох хэрэгтэй.

-Дотоодод халдвар алдаагүй 10 сар болох хугацаанд ЭМЯ бүх бэлтгэлээ хангасан, тактикаа боловсруулсан гэж удаа дараа мэдэгдэж байсан. Харин энэ мэт нарийн судалгаануудаа өнөөдрийг хүртэл хийгээгүй байж. Таны харж байгаагаар иймэрхүү судалгаануудыг хэзээ хийсэн байх ёстой байсан бэ? 

-Би түрүү жилийн дөрөвдүгээр сараас эхлээд энэ талаар хэлж сануулж байсан. Монгол Улс биотехнологийн чиглэлээ хөгжүүлэхгүй бол аюул байна гэж. Долдугаар сард гэж санаж байна, вакцин дэлхий дахинд хүрэлцэхгүй тул манай улс одооноос вакцин үйлдвэрлэлээ бэлдэж баймаар байна гэж нэлээд олон удаа бичсэн.

Коронавирусийн цар тахлын ард гарсан ч гэсэн дахиад үүнээс аюултай вирус гарч ирэх магадлал өндөр. Тиймээс манай улс үндэсний аюулгүй байдлаа хангах үүднээс ядаж дотооддоо найдвартай вакцин үйлдвэрлэдэг үйлдвэртэй болох ёстой. Дэлхийн улс болгон вакцины төлөө, оношлуурын төлөө өрсөлдөж байна. Энэ бол өөрсдийгөө хамгаалахын тулд л өрсөлдөж байгаа хэрэг шүү дээ. 

Хэдий болтол юм болгон дээр гадны улс орноос хамааралтай байх вэ. Тиймээс төрийн бодлогоор дэлхийн хэмжээний мэргэжилтнүүдээ бэлтгэх ёстой.

Дээр нь боловсрол мэдлэгтэй, чадвартай залуусаа дэмжиж ажиллуулах хэрэгтэй. Миний харж байгаагаар ийм дэмжлэг одоогоор маш сул байна. 

-Вакцинтай холбоотой сөрөг мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархсаар л байна. Вакцин хийлгэхгүйгээр цар тахлыг давах боломжтой юу?

-Хийлгэж байж л цар тахлыг давж, сална шүү дээ. Вакцины эсрэг олон улсад Антивакс гээд бараг л шашны урсгал маягийн үзэлтнүүд байдаг. Тиймэрхүү хүмүүсийн суртал ухуулгад автах хэрэггүй юм. Мөн гадаадын мэдээллийн сувгууд дандаа 100% үнэнийг хэлнэ гэж байхгүй.

Хамгийн гол зарчим бол бид өөрсдөө судалгаагаа хийж байж үнэн бодит мэдээлэлтэй болно. Гэвч одоогийн байдлаар энэ түвшинд манай эрдэм шинжилгээний байгууллагууд ажиллаж чадахгүй байгаа нь харамсалтай.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.