Зураг
Зураг
Индэр    
2021 оны 2 сарын 8
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

Төрийн албан хаагчдыг хууль бусаар халж, төрөөр ₮1.4 тэрбумын хохирол төлүүлсэн дарга нарт ТАЗ хариуцлага тооцох уу?

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Төрийн байгууллагын удирдлагуудын өөрсдийн гаргасан хууль бус шийдвэрээс үүдсэн хохирлыг төсвийн мөнгөөр барагдуулсаар байна. 

2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд “Төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хяналт тавих” тухай тодорхой заасан. Үүнд:

  • 50.1.Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ.
  • 50.2.Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэжээ.

Гэвч хуулийн энэ заалт хэрэгжихгүй байгааг Шилэн дансны мэдээлэл харуулж байна. iKon.mn Шилэн дансны мэдээлэл хөтөлж буй байгууллагуудын мэдээллээс хууль бусаар хэн нэгнийг халсныхаа төлөө шүүхийн шийдвэрээр цалин, нөхөн олговор эргүүлэн төлсөн гүйлгээг шүүсэн юм. 

Тэгвэл дараах байгууллагууд нийт 1,407,645,504  төгрөгийг хууль бусаар халсан хүмүүст олгохоор төсвийн мөнгөнөөс гаргажээ. Энэ нь зөвхөн хувь хүний нэр заан, шүүхийн шийдвэрээр хэмээн тодотгосон гүйлгээнүүдийн дүн болохыг онцолъё. 

Хүснэгт 1. Шүүхийн шийдвэрээр иргэдэд олгосон мөнгийг байгууллагаар нь харвал

Байгууллагын нэр Шүүхийн шийдвэрээр хийсэн зарлага
Архангай аймаг Ундарга ХХК 44,299,821
Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл 77,548,136
Биокомбинат УТҮГ 17,288,418
Дулааны цахилгаан станц4 ТӨХК 11,544,995
Иргэний нисэхийн ерөнхий газрын Үйлдвэрлэл үйлчилгээ 556,070,866
Монгол улсын их сургууль 31,494,430
Монголросцветмет ХХК 93,067,450
Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар 20,041,013
Радио телевизийн үндэсний сүлжээ ТӨҮГ 6,779,663
Улаанбаатар зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ 30,398,000
Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК 15,692,495
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК 87,649,745
Ховд Шим-Ус ХХК 26,336,776
Хөдөө аж ахуйн их сургууль 5,094,950
Эрдэнэс таван толгой 323,797,705
Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК 60,541,042
Нийт 1,407,645,504

Үүнээс хамгийн өндөр дүнтэй мөнгө гаргасан газарт Иргэний нисэхийн ерөнхий газар, “Эрдэнэс Тавантолгой” компани эзэлж байна. ИНЕГ л гэхэд 2015-2020 онд 556,070,866  сая төгрөгийг хэн нэгэн иргэнд шүүхийн шийдвэрээр ажилгүй үеийн цалин болон нөхөн олговор хэлбэрээр олгожээ.  

Хүснэгт 2. ИНЕГ-ын олгосон мөнгө

Огноо
 
Харилцагчийн нэр Гүйлгээний дүн Утга Эх сурвалж
2/25/2015 Нийслэл шийдвэр гүйцэтгэх алба 13,571,683 Е.Эрдэнэбатын шүүхийн шийдвэр холбоос
4/28/2015 1100 ЗахиргааХНХэлтэс 22,300,000 Шүүхийн шийдвэрээр /2015.04.21 2/12766/-Б.Ган-Очир холбоос
7/1/2015 Эрдэнэбат Дорж 14,522,001 А/329 Шүүхийн шийдвэрээр ажилгүй байсан хугацааны нөхөн олговор холбоос
8/18/2015 Гантөгс 2300.П 12,801,726 Гантөгс шүүхийн шийдвэрийн дагуу холбоос
10/26/2015 Гантөгс 2300.П 18,497,503 шүүхийн шийдвэрээр П.Гантөгс холбоос
1/6/2016 Мөнхсүрэн Н 7,442,524 ШШ, Эвлэрэлийн гэрээгээр тэтгэмж, цалин холбоос
3/21/2016 Цолмон 1200.Ж 12,878,683 Цалин Шүүхийн тогтоолоор 101/ШШ2016/0860, холбоос
3/28/2016 Ганцогт2900.Б 8,699,854 102/ШШ2015/06612 шүүхийн шийдвэрээр цалин холбоос
8/10/2016 Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 11,588,114 Шүүхийн шийдвэрийн дагуу нөхөн олговор М.Энхмаа холбоос
8/12/2016 Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 20,708,465 Шүүхийн шийдвэрийн дагуу нөхөн олговор Н.Өлзийхутаг холбоос
8/31/2016 Болор-Эрдэнэ1500.Б 21,769,597 шүүхийн шийдвэрээр холбоос
9/12/2016 ИНЕГазар - Агентлаг 31,386,180 183/ШШ2016/00287 шүүхийн шийдвэрээр Батжаргал.Т холбоос
9/27/2016   33,960,145 Шүүхийн шийдвэр 183 ШШ2016/00577 М.Даваажав ажилгүй байсан хугацааны олговор холбоос
10/6/2016 Батхуяг1100.С 6,091,678 Шүүхийн шийдвэрээр С.Батхуяг холбоос
10/27/2016 Батсайхан 1401 15,163,615 Шүүхийн шийдвэрээр цалин УТХ холбоос
12/2/2016 Батжаргал Түдэв 7,488,456 Шүүхийн шийдвэрээр нөхөн цалин холбоос
2/3/2017 Ойдов Намбат 21,987,350 Ажилгүй байсан хугацааны олговор Шүүхийн шийдвэрийн дагуу холбоос
0217-02-03 Ойдов Намбат 21,987,350 Ажилгүй байсан хугацааны олговор Шүүхийн шийдвэрийн дагуу холбоос
3/21/2017 Мөөсөө Энхмаа 27,827,378 Шүүхийн 2017-01-16 -ний өдрийн 183/ШШ2017/00146 дугаар захирамжаар холбоос
3/21/2017 Мөөсөө Энхмаа 25,172,201 Шүүхийн 2017-01-16 -ний өдрийн 183/ШШ2017/00146 дугаар захирамжаар холбоос
6/13/2017 Дэмбэрэл Эрдэнэцогт 15,144,131 Д.Эрдэнэцогт, Ажилгүй байсан хугацааны цалин ЗУГ-ын 2017,01,07-ны №68, ХУД-ийн шүүхийн захирамж 183/ШШ2017/00105 холбоос
8/14/2017 Содномцэрэн Энх-Амгалан 69,000,000 Шүүхийн шийдвэрийн дагуу холбоос
12/7/2017 Ойдов Намбат 11,020,055 О.Намбат, Шүүхийн шийдвэр 2017.02.06-ны 183/ШШ2017/00348 болон ЗУГ-ын 2017,12,05-ны №206 дагуу ажилгүй байсан хугацааны олговор холбоос
12/7/2017 Гонгор Төгөл 6,373,530 Гонгор овогтой Төгөлд ажилгүй байсан хугацааны нөхөн олговор ХУД-ийн Шүүхийн шийдвэр 2017.10.04-ны өдрийн 183/ШШ2017/02094-н дагуу /Хугацаа 2017.04.01-2017.07.31 дуустал/ холбоос
3/16/2018 Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 14,745,513 Н.Лувсанжамбаа МУ-ын дээд шүүхийн шийдвэр №001/ХТ2017/20285 /Хугацаа 2013.03-2014.01 сар/ холбоос
6/27/2018 Жигжид Цолмон 29,286,192 Ж.Цолмон, Ажилгүй байсан хугацааны цалин, хөлс Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2018.04.03-ны 128/ШШ2018/0210 /Хугацаа 2017.08.04-2018.04.03 хүртэл/ холбоос
7/5/2018 Дугардондов Нандинцэцэг 5,136,483 Д.Нандинцэцэг , Шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлс /Хугацаа 2017.05.09-2017.12.04 хүртэл/ ХУД-ийн шүүхийн 2017.12.04-ны Дугаар 183/ШШ2017/02671 холбоос
12/17/2018 НШШГГ 33,629,356 Дугаар 183/ШШ2017/02694, Дашдондог овогтой Баатархуяг, Хүүхээ овогтой Долгорсүрэн нарын ажилгүй байсан хугацааны олговор, тэмдэгтийн хураамж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал холбоос
12/10/2019 Жадамба Бяхаржалбуу 15,891,103 ХУД-н ИХАШШүүхийн 183/ШШ2019/01440, Жадамба овогтой Бяхаржалбууд ажилгүй байсан хугацааны олговор холбоос
Нийт 556,070,866

ЭТТ компани зөвхөн 2020 онд 323,797,705 төгрөгийг 6 хүнд нөхөн олговор, цалин болгож шүүхийн шийдвэрийн дагуу олгосон байна. 

Хүснэгт 3. ЭТТ компанийн олгосон мөнгө

Огноо Харилцагчийн нэр Гүйлгээний дүн Гүйлгээний утга Эх сурвалж
1/9/2020 М.Бямбасүрэн 17,422,640 Нөхөн олговор /Шүүхийн шийдвэр дагуу 182/ШШ2019/01910/ холбоос
1/23/2020 Нацагдаш 5,435,232 Нөхөн олговор /Шүүхийн шийдвэр дагуу 182/ШШ2019/00445/ холбоос
3/26/2020 Баясгалан 16,387,669 Нөхөн олговор /Шүүхийн шийдвэр дагуу 182/ШШ2019/00781/ холбоос
10/1/2020 Гантулга.Б 267,092,164 2016 оноос хойших хугацааны нөхөн олговор-Шүүхийн шийдвэр дагуу 001/ХТ2020/00498/ холбоос
12/18/2020 С.Шинэбаяр 8,820,000 Нөхөн олговор /Шүүхийн шийдвэр дагуу 182/ШШ2020/02427/ холбоос
12/18/2020 Б.Лхагвадорж 8,640,000 Нөхөн олговор /Шүүхийн шийдвэр дагуу 182/ШШ2020/02556/ холбоос
Нийт 323,797,705

Сонгууль болсны дараа эрх баригчид солигдоход төрийн албанд хууль бус болон улс төрийн томилгоо явагдаж, хөдөлгөөнд ордог нь үнэн. Үүнийг нэгдүгээр сарын 28-нд танилцуулсан Дэлхийн банкны “Өндөр чадавхтай төрийн албыг бий болгох нь: Шинэтгэлийн явц, сургамж” судалгаа нотолж байна. 2009 оноос анх удаа хийсэн, сүүлийн 10 жилийн мэдээлэлд анализ хийсэн энэхүү томоохон судалгаанд төрийн албаны хууль бус томилгооны талаарх мэдээллийг багтаажээ.

Төрийн албаны тухай шинэ хууль хэрэгжиж эхэлсэн 2019 онд ажиллаж байсан төрийн албан хаагчдын нэлээд хувь нь хууль бусаар томилогдсон байсныг Дэлхийн банк дурдаад “Зарим иргэдэд гүйцэтгэх ёстой үүрэг хариуцлагад нь таарахуйц хангалттай ур чадвар, туршлага байхгүй. Гэхдээ шинэ хуулийг буцааж хэрэглэж болохгүй. Иймд өмнөх хуулийн хүрээнд томилогдсон албан хаагчдад хийх үнэлгээг ТАЗ аажмаар хийх төлөвлөгөөтэй байгаа юм. ТАЗ-ийн судалгаагаар төрийн захиргааны 149 албан тушаалтан ямар нэг сонгон шалгаруулалтгүйгээр томилогдон ажиллаж байгаа” гэдгийг тэмдэглэсэн байна. 

2019 оны эцэс гэхэд ТАЗ 14,036 албан тушаалын тодорхойлолтыг хянан үзэж, баталгаажуулсан нь нийт төрийн захиргааны албан тушаалын 73.8% нь байв.

Нийтлэлийн эхэнд дурдсанчлан төрийн албанаас хууль бусаар халагдсан албан хаагчид шүүхээр хэргээ шийдвэрлүүлж, нөхөн олговор авдаг. Гэтэл ийм тохиолдолд учирсан хохирол болон шүүхийн зардлыг буруу шийдвэр гаргасан, асуудлыг шүүхэд шилжүүлсэн албан тушаалтан бус төрөөс барагдуулж байгааг Дэлхийн банк мөн цохон тэмдэглэжээ.  

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монголын төрийн албанд тулгарч буй хамгийн том асуудал бол улстөржилт байсан хэмээн Дэлхийн банк мөн дүгнэсэн байна. Энэ нь төрийн албан хаагчийг хууль бусаар ажлаас халах болон хуульд заасан шалгуур хангаагүй, эсхүл хууль тогтоомжийн дагуу хийгдээгүй томилгоо гэсэн хоёр үндсэн хэлбэртэй. Улстөржилт нь тэр дундаа 2012 болон 2016 оны сонгуулийн дараа улам их газар авсан. Сонгууль болох бүр засгийн газар солигдож, шинээр томилогдсон улс төрийн албан тушаалтан төрийн албан хаагчдыг халж, өөрийн талын хүмүүсээ томилжээ гэдгийг судалгаанд тэмдэглэсэн байна. ТАЗ-ийн гол зорилго нь төрийн албаны улстөржилтийг зогсоох явдал хэдий ч энэ хүрээнд хангалттай ажиллаж чадахгүй, улс төрийн нөлөөнд ажилласаар ирснийг Дэлхийн банк дурдсан байна.

Улстөржилтийг хэмжих боломжгүй хэдий ч төрийн албаны халаа сэлгээ, төрийн албан хаагчдын гаргасан гомдол, нэхэмжлэлийн байдал энэ үйл явцыг харуулдаг. Төрийн жинхэнэ албан хаагчдын халаа сэлгээ сүүлийн 10 жилд хүчтэй явагджээ. 2010-2012 оны хооронд 8.3%-с 9.3% болж өссөн бөгөөд үүнээс хойш жил бүр өндөр дүнгээр өсөж 2019 онд 22.3%-д хүрсэн байна.

График 1. Төрийн албаны сонгон шалгаруулалттай холбоотой ТАЗ-д ирсэн өргөдөл гомдлын тоо

Энэ мэдээлэл нь төрийн албыг янз бүрийн шалтгаанаар орхисон хүмүүсийн нийт тоо боловч энэхүү огцом өсөлтийг улстөржилтөөс өөрөөр тайлбарлах аргагүй болохыг уг судалгаанд тодотгожээ. Энэ огцом өсөлт нь Засгийн газар солигдсоноор төрийн албанд улстөрчид олноор томилогдсон 2012 онд эхэлсэн гэж дүгнэсэн байна. 

График 2. Төрийн албан хаагчдын шилжилт хөдөлгөөн  

Ямар ч улстөрч хууль зөрчиж буйгаа нээлттэйгээр хүлээн зөвшөөрөхгүй тул улстөржилтийн сэдлээ хэзээ ч илэрхийлдэггүй. Гэхдээ бусад улс оронтой нэгэн адилаар дараах учир шалтгаанаар улстөржсөн гэдэг нь нотлогддог байна. Үүнд: 

  • Тухайн албан хаагч шинээр засгийн эрх авсан намын мөрийн хөтөлбөрийг хангалттай хэмжээнд хэрэгжүүлж чадахгүй. Энэ тохиолдолд зөвхөн намын гишүүд, дэмжигчид л уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх. 
  • Шинээр томилогдсон улс төрчид өөрийн багаа бүрдүүлэх.
  • Намын гишүүд, дэмжигчдээ төсвийн цалинтай албан тушаалд томилж, төрийн мөнгөөр шагнаж урамшуулах. 
  • Өөрийн итгэлтэй хүнээ хөрөнгө санхүү захиран зарцуулдаг, хянадаг албан тушаалд тавих. Үүнд гэрээ байгуулахдаа авлига авах, ажил албан тушаалд томилогдсон хүн цалингийн тодорхой хувийг өөрийг нь томилсон улс төрийн албан тушаалтанд өгөхийг шаардах. Энэ судалгааг хийж байх хугацаанд Монгол Улсад томилгоотой холбоотой авлигын асуудлаар ганц ч гомдол гараагүй байв. 
  • Эрх мэдэлтнүүд улсын хөрөнгийг дур мэдэн зарцуулах, хувьдаа завшиж болдог гэх ойлголт ажээ.