Зураг
Зураг
Индэр    
2021 оны 2 сарын 1
Зураг
Эдийн засаг, улс төрийн бодлогын шүүмж-нийтлэл

"Хазгар" нам

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Улс орны хөгжилд улс төрийн намууд ямар том үүрэгтэй болохыг Монголчууд өнгөрсөн 30 жилд улам бүр мэдэрч ирлээ. Төр засгийн эрх ардчилсан, чөлөөт сонгуулиар хамгийн олон санал хураасан улс төрийн намд очдог. Тухайн нам хууль тогтоох засаглалд хамгийн олон суудал авч, намын дарга нь гүйцэтгэх засаглалын тэргүүн болдог.

Улс төрийн нам нь дотроо ардчилсан биш бол тийм намаас гарсан их хурлын гишүүд засаг төрөө ардчилсан болгоход ямар тус нэмэр болж чадах билээ. Тийм учраас улс төрийн намуудын дотоод ардчилал ямар түвшинд байгааг хэмжих, юугаа яаж өөрчлөх тухайгаа гишүүд нь, нийгэм нь мэдэх нь цаг үеийн бодит шаардлага юм аа.

Энэ шаардлагын үүднээс, улс төрийн намуудын нээлттэй, ил тод, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор бодлогын судалгааны Дефакто Институт ‘Монголын улс төрийн намуудын дотоод ардчиллын индексийг 2018 оноос эхлэн жил бүр гаргаж иржээ.

Улс төрийн намуудын дотоод ардчиллын үнэлгээ 

Судалгаанд парламентад суудалтай, эсвэл сонгогчдыг тодорхой хэмжээнд төлөөлөхүйц буюу нийт сонгогчдын арваас доошгүй санал авсан ‘ач холбогдол бүхий намуудыг (relevant parties)’ хамруулжээ. Үүнд УИХ-д суудал бүхий МАН, АН, МАХН, ХҮН гэсэн дөрвөн нам оржээ.

Намын дотоод ардчиллын индексийг намын дүрэм, журам ямар байгаа, бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжиж байгааг үнэлдэг. Гишүүдийн оролцоо, өрсөлдөөн, төлөөлөл, ил тод байдал гэсэн дөрвөн гол үзүүлэлтээр 0-100 оноогоор үнэлдэг. Хэрэв  нийт оноо нь 30 хүрээгүй бол ‘ардчилалгүй’, 31-60 бол ‘хагас ардчилсан’, 61-100 бол ‘ардчилсан’ гэж ангилдаг.  

Судалгааны баг нам тус бүрийн гишүүдтэй ярилцлага хийсэн. Тэгээд уламжлалт болон нийгмийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан холбогдох мэдээллүүдээс нам тус бүрийн дотоод ардчилалтай холбоотойг нь цуглуулжээ. Эцэст нь дөрвөн үндсэн чиглэлээр боловсруулсан асуулгаар судлаачид хариулж үнэлгээ өгчээ.

2020 онд УИХ-ын сонгууль болсон тул дотоод ардчиллын индекс гаргахад харьцангуй их өгөгдөлтэй байжээ. Сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулах, нэр дэвшигчдээ тодруулах, их бага чуулганаа зохион байгуулах зэргээр намуудын үйл ажиллагаа нь эрс идэвхижсэн байлаа. Үнэлгээг 2020 оны 10-12 сарын хооронд хийжээ.  

Намын дотоод ардчилал өнөөдөр

Улс төрийн намын дотоод ардчиллын 2020 оны индексээр энэ удаа ХҮН - 69,7 оноогоор тэргүүлж, АН - 58 оноогоор удаалж, МАХН - 57,5 оноогоор дараалж, эрх баригч МАН - 54 оноогоор сүүл (зураг.1) мушгив. ХҮН нам ганцаараа “ардчилсан” ангилалд, бусад гурав нь “хагас ардчилсан” ангилалд багтжээ. Ер нь бол намуудын оноо хол зөрүүгүй, намуудын дотоод ардчилал хангалтгүй байна.

2019 онд МАН-аас бусад гурван нам 60-аас дээш оноо авсан бол энэ жил том гурван намын оноо буурч, ‘хагас ардчилсан’ ангилалд оржээ. Сонгуулиар нэр дэвшигчдээ тодруулахдаа намын дүрмээ зөрчсөн, намын удирдлагууд нь хэт их нөлөөтэй оролцсон зэрэг дотоод ардчилалд сөрөг олон тохиолдол ярилцлагын үеэр тодорч байлаа. Эрх баригч МАН-ын удирдлагын үйл ажиллагаа нь намын гишүүдээсээ улам бүр хаалттай болсон гэж дүгнэжээ.

Дотоод ардчилалтай намд нэр дэвшигчдээ тодруулах, даргаа сонгох, мөрийн хөтөлбөрөө боловсруулах зэрэг гол гол шийдвэр гаргахад гишүүд нь оролцож байна. Тэгвэл дотоод ардчилалгүй намд шийдвэрийг цөөн тооны оролцогчид, дарга, удирдлага нь гаргаж мөрдүүлж байна. Манай улс төрийн намууд сонгогч, олон нийтэд байтугай гишүүддээ ч эгэх хариуцлагагүй, хаалттай клубын зарчмаар ажилласаар байна.

Зураг 1: Намуудын дотоод ардчиллын индекс 2020

 

Намуудын дотоод ардчиллын хандлага

Сүүлийн гурван жилийн индексээс харахад дотоод ардчилал нь ХҮН намын хувьд тасралтгүй өссөн бол, бусад гурван намынх буурсан (зураг.2) байна. ХҮН нь харьцангуй сүүлд үүссэн улс төрийн нам тул нөгөө гурван намтай харьцуулахад бүтцийн хувьд цөөн гишүүнтэй ба хөгжлийн эхний үе шатандаа явж байна. Цөөн гишүүнтэй намд, эсвэл сайн дүрэм, зохион байгуулалттай намын дотоод ардчилал өндөр байх магадлалтай. Энэ удаагийн үнэлгээ сонгуулийн дараа хийгдсэн учраас дотоод ардчиллын мэдээлэл харьцангуй бодитой гарсан гэж үзэж байна.

Зураг 2. Монголын улс төрийн намын дотоод ардчиллын индекс, 2018-2020 он

 

Эх сурвалж: Монголын улс төрийн намуудын дотоод ардчиллын индекс 2020

Мөн энэ жилийн судалгаагаар улс төрийн намын дотор, шийдвэр гаргах түвшин дэх залуучууд, эмэгтэйчүүдийн оролцоо, төлөөллийг илүүтэй тодруулахыг зорьсон ажээ. 2020 оны сонгуулиар УИХ-ын гишүүдийн 7.9%-ийг (6 гишүүн) 40-өөс доош насны төлөөлөл бүрдүүлж байна. Харин сүүлийн хоёр сонгууль дараалан 76 гишүүний 13 (17.1%) нь эмэгтэйчүүдээс бүрдэв. Монгол Улс эмэгтэйчүүдийн энэ үзүүлэлтээрээ дэлхийн болон Ази тивийн дунджаас хоцорч явна. Өнгөрсөн оны байдлаар бүс нутаг, дэлхийн дунджаар эмэгтэйчүүд парламентын гишүүдийн 25.1%-ийг эзлэж, Засгийн газрын гишүүдийн 20.7%-ийг бүрдүүлж байна.
Монголын улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо намын анхан болон дунд шатанд өндөр байдаг хэдий ч, дээд шатанд хангалтгүй, доогуур байна. Дээд шатанд эмэгтэйчүүдийг хааж байгаа том бул хар чулуу нь мөнгө. Жишээ нь, АН сүүлийн УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээс 100 сая төгрөгийн дэнчин нэхсэн. Эмэгтэйчүүдэд 60 сая төгрөг гэж хөнгөлсөн ч тэдэнд өргөж дийлэхгүй бул чулуу боллоо. Ганц эмэгтэйчүүд гэлтгүй залууст ч бас, улс төрийн дээд шатанд гарахад санхүүжилт хамгийн том бэрхшээл болсоор байна.

Уг нь бол олон улсын жишгээс харахад залуучууд, эмэгтэйчүүдийг улс төрд татан оролцуулж, шийдвэр гаргах түвшинд сонгогдоход дэмжлэг үзүүлэх хамгийн үр дүнтэй бүтэц бол улс төрийн нам. Монголын намууд залуучууд, эмэгтэйчүүдэд зориулсан квотыг уг нь зарладаг. Гэвч Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгээс (IRI) Монголын залуучуудын дунд 2020 онд явуулсан судалгаагаар улс төрийн намууд залуучуудад хамгийн тааламжгүй инстүүцээр тодорчээ. Өөрөөр хэлбэл манай улс төрийн намуудын үнэт зүйл, үйл ажиллагаа нь залуучуудад хүрэхгүй байна.

Улс төрийн намуудын дотоод ардчиллыг хөгжүүлэхэд намын гишүүдийнх нь идэвхтэй байр суурь гол үүрэгтэй. Мөн нийгмийн зүгээс ч тийм шахалт тавигдах учиртай. Яагаад гэвэл нийтийн өмнөөс шийдвэр гаргах төлөөлөгчид анхнаасаа л олонхын саналаар  сонгогдсон учир, тэд төрийн эрхийг зохих ёсоор хэрэгжүүлж байна уу үгүй юу гэдэг нь иргэн бүрийн санаа зовох ёстой асуудал юм.

 

Судалгааны тайланг энэ холбоосоор дэлгэрэнгүй уншина уу.