Индэр    
2021 оны 1 сарын 29
Зураг
Эдийн засагч, шинжээч

400 сая жуулчинтай эдийн засаг

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Цар тахалгүй үед жилд дунджаар 1.5 тэрбум жуулчин дэлхий даяар аялдаг ажээ.

Улмаар аялал жуулчлалаар тэргүүлдэг Европын улсууд дунджаар 40-80 сая жуулчин улсдаа авдаг. Харин манайх 2050 он гэхэд  400 сая жуулчин оруулж ирнэ гэх...

Дэлхийн жуулчдын тал хувь нь манайд ирэх юм байхаа. За тэр яахав, ийм зүйл ярьдаг нэгэн Ерөнхий сайд болов. Түүнд 50 жилийн дараа 400 сая жуулчин авах хэмжээний эдийн засгийн эхлэлийг тавих боломж байна. Тэрээр одоо ямар байдалтай эдийн засаг хүлээж авч байна вэ?

ЭРҮҮЛ МЭНДЭЭ СОНГОХ УУ? ЭДИЙН ЗАСГАА СОНГОХ УУ?

Шинэ Засгийн газрын хамгийн том сорилт энэ байх болно. Цар тахал яг л хоёр иртэй хутга мэт. Эрүүл мэнд, эдийн засаг хоёрынхоо аль нэгийг сонго гэнэ. Аль нэгийг нь сонгоход нөгөө нь муудах эрсдэлтэй. Өмнөх Засгийн газар эхлээд эрүүл мэндээ сонгосон эдийн засгаа унагасан (2020.02). Дараа нь эдийн засгаа сонгосон эрүүл мэндийн нөхцөл байдлаа уруудуулсан (2020.07).

Гаднаас вакцин авлаа гээд бүх зүйл сайхан болохгүй. Манайх шиг хөгжиж буй орны хүчин чадал бага учир 2022 онд хүн амынхаа 60-д л вакцинжуулалт хийж чадна гэж олон улсын байгууллагууд үзэж байна. Шинэ Засгийн газар бүх иргэдээ вакцинжуулна гэж бодож байгаа бол бас л андуурч байна. Судалгаагаар, ард иргэдийн 60 хувь нь вакцины аюулгүй байдалд санаа зовж байна. Улмаар иргэдийн 40 хувь нь вакцин хийлгэхгүй гэсэн байр суурьтай байна (Дэлхийн банк, ҮСХ-ны судалгаа).

ХАМГИЙН ТОМ ХЭРЭГЛЭГЧ БОЛОХ ӨРХҮҮДИЙН 60-70 ХУВЬ НЬ ЦАР ТАХЛЫН ШОКОД ӨРТСӨН. ӨРХҮҮДИЙГ ДЭМЖИХ БОДЛОГОО ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ҮҮ?

Орлого тасрах эрсдэл. Өрхийн дундаж орлого ес орчим хувиар өссөн байгаа ч цалингийн хувь нэмэр нь буурч, эсрэгээрээ тэтгэвэр, тэтгэмжийн хувь нэмэр нь нэмэгдсэн байна. Энэ бол хүүхдийн мөнгө үр дүнгээ өгч байна гэсэн үг. Тус хөтөлбөр нь энэ оны долоодугаар сард дуусна. Хөтөлбөр дуусахад бүх зүйл урьдын хэвэндээ орохгүй. Зүгээр л бид үүссэн асуудлын илрэх хугацааг нь түр хойшлуулсан байсан.  Учир нь ихэнх хүмүүс цалингаа төсвөөс биш хувийн ААН-ээс авдаг. Хувийн ААН-үүдийг дэмжсэн бодлого өнөөдөр Монголбанкны ЖДҮ-д зориулсан санхүүжилтээс өөр алга. Тэгэхээр өрхийг дэмжсэн энэхүү бодлогыг дахин үргэлжлүүлэх эсэхийг Шинэ Засгийн газар шийднэ.

Худалдан авалт буурч байна. Хэдийгээр тэтгэмжийн мөнгө өгөж байгаа ч өрхүүдийн хүнснээс бусад бүтээгдэхүүний зарлага хоёр дахин буурчээ. Нэг талаараа өрхийн орлого тасарч байгаа учраас түүндээ тохируулж хэрэглээндээ таналт хийж байна. Нөгөө талдаа хүмүүс ирээдүйд эдийн засаг сэргэнэ гэдэгт итгэхгүй байна гэсэн үг. Тиймээс эрсдэлийг бодож, томоохон худалдан авалтууд хийхээ азнаж байгаа хэрэг. Мэдээж өрхүүд худалдан авалт хийхгүй байна гэдэг нь ААН-үүдийн борлуулалт өсөхгүйг илэрхийлнэ.

 

ТӨСВИЙН ӨНДӨР АЛДАГДЛАА НӨХӨЖ, ГАДААД ӨРӨӨ ТӨЛӨХӨД БЭЛЭН ҮҮ?

Засгийн газрын хувьд, 2020 оны эхэнд хилээ хаасантай холбоотой төсвийн орлогоо тасарсан. Нөгөө талдаа нийт зарлагын 39 хувь нь тэтгэмжид, 20 хувь хөрөнгө оруулалтад зарцуулагдаж буй. Улмаар алдагдал нь түүхэн хэмжээнд хүрсэн. Энэ дүр зураг 2021 онд ч үргэлжилнэ. Дотооддоо ийм алдагдалтай байхад ямар мөнгөөрөө гадаад өрөө төлөх вэ? Ганц боломж нь дахин санхүүжилт хийх байна. Гэтэл ОТ-н мега төслөө зогсоох гэж буй, Засгийн газар нь огцорсон улсын бондыг хэн худалдаж авах вэ? гэх асуулт гарна. Сая л гэхэд Засгийн газар унаснаар гадаад зах зээл дэхь манай бондуудын үнэ унаж байна. Дахин санхүүжилтийг бид өндөр өртгөөр босгох магадлалтай.

Нөгөөтэйгүүр, манайх шиг өртэй хөгжиж буй улсууд аль эрт гадны хөрөнгө оруулагчаас мөнгө нэхээд гүйлдэцгээж байна. Дэлхий дээр эргэлдэж буй мөнгө хязгаартай, хөрөнгө оруулагч нь ч цөөн. Тиймээс тэд нартай ч гадаад зах зээл дээр өрсөлдөх шаардлага үүснэ.

 

ААН –ҮҮДЭЭ ДЭМЖИХ БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮҮ?

ААН-г дэмжих бодлого. Хүрэлсүхийн Засгийн газар иргэдээ дэмжсэн бодлого түлхүү явуулснаас ААН-үүдээ дорвитой дэмжиж чадаагүй. Тиймээс борлуулалт нь 60-70 хувь буурсан ААН-үүд шинэ Засгийн газрын үйл хөдлөлийг анхааралтай ажиглаж сууна. Хэдийгээр Монголбанкнаас ЖДҮ-г дэмжсэн бодлогын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч энэ нь 1 их наяд хүрэхтэй үгүйтэй мөнгөн дүн. Гэтэл цар тахлын нөлөөнд өртсөн бизнесийн зээл нь 3 их наядыг даваад байна. Харин ААН-үүдээ бодлого, хөтөлбөрөөр дэмжихгүй бол дампуурахгүйн тулд дахин зардлаа танаж эхэлнэ. Энэ нь эргээд дэмжиж буй өрхүүдийг нь хүнд байдалд оруулна (Манай 3 сая хүн амын 800 мянга нь цалингийн орлоготой).

Төсвийн хөрөнгө оруулалт. Төсөв энэ жил ЖДҮ-д юу ч хуваарилаагүй. Түүнчлэн хөрөнгө оруулалтын зардлуудаа ч ач холбогдлын зэргээр нь хангалттай эрэмбэлж чадаагүй. Тиймээс төсвийн тодотголыг Шинэ Засгийн газар хийх нь чухал юм.

МЕГА ТӨСЛҮҮДИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ҮҮ?

Шинэ Ерөнхий сайдын их хурлын индрээс хамгийн их хэлсэн үг нь Мега төслүүдийг ач холбогдлын зэргээр эрэмбэлж шийднэ гэв. Тиймээс Оюутолгой, Тавантолгой гэх мэт мега төслүүдийн цаашдын ирээдүй Шинэ Засгийн газраас хамаарах болно.

Дахин хэлэхэд, шинэ Засгийн газар 50 жилийн дараа 400 сая жуулчин авах хэмжээний эдийн засаг болох эхлэлийг тэрхүү судалгааг нь хийсэн Ерөнхий сайд нь хийх боломж гарч ирж байна даа.