Индэр    
2021 оны 1 сарын 15
Зураг
Эдийн засагч, шинжээч

Гээндээ ч бий, Гоондоо ч бий

Зураг
Гэрэл зургийг mpa.mn
Сүүлийн үед Оюутолгойг тойрсон татвар, далд уурхайн төслийн санхүүжилтын зардал нэмэгдсэнтэй холбоотой асуудлууд цуварсаар байна.
 
Тиймдээ ч Засгийн газар болон Рио тинто хоёр  хэвлэлээр л бие биентэйгээ хэмлэлдэж сууцгаана. Өнөөх хоорондоо нийлье гэсэн сэтгэл байвч, өмнө нь бөөн зовлон тулгардаг хосуудтай кино шиг юм уу даа. Бас болоогүй дундуур нь янз бүрийн хүмүүс орж ирж, самарч өгнө. Түүнтэй адил гуравдагч этгээдийн ч ашиг сонирхол хөвөрч буйг бид таашгүй. Гэвч нэг анхаарууштай зүйл нь сонгууль дөхөхөөр л Оюутолгойг сэдэв болгон барьж авдаг асуудлаас энэ арай өөр болж хувирлаа.
 
Гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг нь болж байх шиг байна.
 
Гээндээ ч бий (Туркойз Хилл)

Рио тинто бол уул уурхай, металлургийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн топ 10 компанийн нэг. Дэлхийн 6 тивийн 35 улсад үйл ажиллагаагаа явуулдаг. Манай эдийн засгаас даруй 3 дахин том. Байгууллагын капитал, чадавх, менежментээрээ бол яах аргагүй дэлхийн хэмжээний мэргэжлийн түвшний том тоглогч.

Зураг 1. топ 10 уул уурхайн компани, 2019 оны орлогоор, тэрбум ам.доллар
 
 
 
Эх сурвалж: https://www.mining-technology.com

Хэдийгээр үндэстэн дамнасан ийм том компани боловч Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн хугацаа хойшилж(22 сар), хөрөнгө оруулалтын зардал(1.4 тэрбум ам.доллар) нэмэгдсэн гэдэг нь хамгийн том асуудал юм. Төлөвлөсөн хугацаагаараа бол өдийд далд уурхайн төсөл эхэлчихсэн төдийгүй ОТ-н зэсийн экспорт 2 дахин нугарч, энэ хүнд хэцүү цаг үед манайд маш их хэрэг болох байж. 

Хугацаа хойшилсны үр дагаварт нь тус төслөөс хугацаандаа орж ирэх орлого тасалдаж, төслийн үр ашиг буурахаас гадна Монгол улсад төлөх ногдол ашгийн хугацаа ч хойшилж байгаа гэсэн үг. Тус асуудлаар Рио тинто болон Туркойз Хилл компаниуд ч хоорондоо арбитрын маргаан үүсгээд эхэлсэн. Тиймээс энэ асуудал бол зөвхөн Монголын тал попроод байгаа зүйл биш, гаднын хөрөнгө оруулагчид(АНУ, Англи, Канад) нь ч мөн адил гомдол гаргаж буйг ойлгох нь зүйтэй. Засгийн газрын зүгээс тус төсөлд олон улсын хөндлөнгийн үнэлгээ хийлгэж байгаа нь маш зүйтэй. Эдийн засгаас маань 3 дахин том, өндөр зохион байгуулалттай машины эсрэг мэргэжлийн түвшинд ярилцах ёстой.

 

Гоондоо ч бий(Монгол)
Туркойз Хилл-н олон улсын хэвлэл дээр гаргасан мэдэгдэл нь татварын акттай холбоотой байв. Түүнчлэн, Рио тинто ч мөн өөрийнхөө шугамаар мэдээлэл цацаж эхэлсэн. Монгол улсын үе, үеийн засгийн газрууд татварын акт тавьж, улмаар тэр нь арбитрын шүүх рүү шилждэг(далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө, өмнөх татварын маргаантай холбоотой баримт багтсан).
 
Эрх баригчдын төслөөс ашиг хүртэх сонирхлоос үүдэлтэй юу? эсвэл тус компани нь үнэхээр татвараас зайлсхийгээд байна уу? гэдгийг олон улсын арбитрын шүүхээрээ тодорхой болох биз ээ.
 
Татварын актыг тоймлож харвал,
  • 2013 онд Ерөнхий сайд Алтанхуяг 130 сая ам.долларын татварын акт тавьсан. Тус татварын актыг шийдэгдсэн гэж үзээд далд уурхайн гэрээ байгуулагдав.
  • 2016 онд Тэрбишдагва тэргүүтэй ажлын хэсэг 155 сая ам.долларын татварын акт дахин тавив. Одоог хүртэл шийдэгдээгүй.
  • Улмаар 2021 онд 649 тэрбум төгрөгийн татварын акт шинээр тогтоов. 
Түүнээс гадна баг, сум, аймаг, хот, улс гээд шат бүртээ, хэмжээ хэмжээндээ энэ төслөөс ашиг хүртэх сонирхол байсаар ч ирсэн. Сонгууль дөхөх мөчид Оюутолгой гэсэн сэдвийг барьж авдаг, тэр тогооноос ашиг хүртэх сонирхолтой бүлгүүд гараад ирдэг. Бид дэлхийн хэмжээний ийм тоглогчтой орилж, чарлаж, уйлж, унжиж, попорч ярих нь цаг үрсэн, тэнэг хэрэг. Харин ч эсрэгээрээ энэ хийсэн хэрэггүй зүйлс олон улсын дэвжээнд Монголыг тэр чигээр нь харлуулж харагдуулж байна.
Эцэст нь... 
Тус төслийг зогсоох боломж тун бага. Нэг талдаа Монголын эдийн засаг ОТ-с хүчтэй хамааралтай, нөгөө талдаа Туркойз Хилл-нь их хэмжээний хөрөнгө оруулалт хийчихсэн. Тиймээс харилцан тохиролцохоос өөр аргагүй. Угтаа бол хоёр талын хувьд, ярилцахад нээлттэй гэж мэдэгдсэн. Гэсэн ч одоо бол тохиролцоно гэж хэлээд л бие биенээ харилцан шоглоод байгаа мэт харагдаж байна.
 
Олон улсын хэвлэлээр гаргаж, муу муухайгаар нь цоллуулах нь эргээд л цаг, мөнгө л үрэгдэнэ. ОТ-н төсөл үргэлжлэх нөхцөлд 2025 он гэхэд дэлхийн топ 10 зэс үйлдвэрлэгчдийн нэг болно. Улмаар Монголын эдийн засгийн 30 хувийг дангаараа бүрдүүлнэ(одоо бол экспортын 20 хувь бүрдүүлж буй). Ер нь аль нэг нь зөв гэсэн зүйлгүй гээндээ ч бий, гоондоо ч бий дээ.
 
 
Эх сурвалж; Turquoise Hill Investor Relations