Зураг
Зураг
Индэр    
2021 оны 1 сарын 13
Зураг
iKon.mn сэтгүүлч

СУДАЛГАА: Эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлснээр Монгол Улсын ДНБ-ийг 30 жилийн дотор 16%-аар өсгөх боломжтой

Зураг
Монгол Улсад эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин 2019 оны байдлаар 53.4% байхад эрэгтэйчүүдийнх 68.3% байв. КОВИД-19 цар тахлын нөлөөгөөр эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт улам бүр буурсаар байна.

Угтаа ажиллах хүчин дэх эмэгтэйчүүдийн оролцоо нь аливаа улсын нийгмийн болон хөгжлийн чухал зорилт төдийгүй эдийн засгийн өсөлтийн томоохон хүчин зүйл байдаг. 

Тэр утгаар Азийн Хөгжлийн Банкнаас /АХБ/ "Ажиллах хүчин дэх эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн оролцоог ижил түвшинд хүргэснээр Монгол Улсын урт хугацааны эдийн засгийн өсөлтийг дэмжих нь" хэмээх сонирхолтой судалгааг бодлогын зөвлөмжийн хамтаар танилцуулаад буй.

Судалгаанаас харвал өрх гэр болон ажлын байран дахь жендэрийн тэгш бус байдлыг арилгаснаар Монгол Улс эмэгтэйчүүдийн ажиллах хүчин дэх оролцооны түвшинг 63.2% хүртэл өсгөх боломжтой гэж тооцоолжээ. Ингэснээр нэг хүнд ногдох жилийн өсөлтийн түвшинг 0.5%-аар нэмэгдүүлж, 30 жилийн дотор дотоодын нийт бүтээгдэхүүнийг 16.1%-аар өсгөх боломжтой гэсэн дүгнэлтэд хүрчээ. 

Иймээс тус судалгааны онцлох агууллагууд болон зөвлөмжийг тоймлон хүргэж байна. 



Өнөөдөр Монгол Улсын эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин 53.4% байхад эрэгтэйчүүдийнх 68.3% байна. Гэр ахуйн хөлсгүй ажлын дийлэнхийг эмэгтэйчүүд гүйцэтгэхийн зэрэгцээ цалин хөлсгүй өрхийн бизнест ажиллагчдын 75.9%-ийг эмэгтэйчүүд эзэлж буйг судалгаанд онцолжээ. 

Ажлын байр, хөдөлмөрийн зах зээлд жендэрийн тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагаа нь эмэгтэйчүүдийн ажиллах хүчин дэх оролцооны түвшинг (АХОТ) нэмэгдүүлж тухайн улсын эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлдэг. Гэвч Монгол Улсад дээд боловсрол эзэмшигчдийн дунд эмэгтэйчүүд давамгайлж байгаа ч хөдөлмөрийн зах зээлд тэдний оролцоо бага бөгөөд дундаж цалин нь эрэгтэйчүүдийнхээс доогуур байгаа нь судалгаагаар харагдсан байна.

2000 оноос хойш эмэгтэйчүүдийн ажиллах хүчин дэх оролцооны түвшин (АХОТ) 7.6% буурсан бол эсрэгээрээ эрэгтэйчүүдийнх мөн хугацаанд 3.5 пунктээр өсжээ.  
КОВИД-19 цар тахалтай холбоотойгоор хүүхэд асрах үйлчилгээ, цэцэрлэг хаагдсан нь эмэгтэйчүүдийн АХОТ 1.6 пунктээр, эрэгтэйчүүдийнх 1.2 пунктээр буурахад нөлөөлөв

Хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн хэвтээ ялгарлаас шалтгаалан цалин өндөр уул уурхай, барилгын салбарт эмэгтэйчүүдийн эзлэх хувь бага байна. Харин цалин багатай албан бус хөдөлмөр эрхлэлт тухайлбал нийгмийн үйлчилгээ, хүнс үйлдвэрлэл, худалдааны салбарт эмэгтэйчүүд зонхилж байгааг судалгаа харуулав. 

Хөдөлмөр эрхлэхийн хажуугаар эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй харьцуулахад гурав дахин илүү цагийг гэр ахуйн ажил, өрхийн гишүүдийг асрахад зарцуулж байна. Уг зөрүү нь хөдөө орон нутагт илүү өндөр байгаа аж. Тодруулбал, КОВИД-19 цар тахлын нөлөөгөөр хүүхэд асрах үйлчилгээ, цэцэрлэг хаагдсан нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтэд сөргөөр нөлөөлж АХОТ 1.6 пунктээр, эрэгтэйчүүдийнх 1.2 пунктээр тус тус буурчээ.

Мөн эх, эцэгт олгогдож буй хүүхэд асрах чөлөө, тэтгэврийн насны харилцан ялгаатай хязгаар нь эмэгтэйчүүдийг хөдөлмөр эрхлэх, орлого олох, өөрийгөө хөгжүүлэх боломжийг хазаарлаж байна гэдгийг судалгаанд дурдсан байгаа юм. 

Түүнчлэн хөдөлмөрийн тухай хуульд хүүхэд асрах эцгийн чөлөөний талаар дурьдсан зүйл заалт байхгүй бөгөөд төрийн байгууллагуудын хувьд хөдөлмөрийн дотоод журмын дагуу 5-10 хоногийн цалинтай чөлөөг олгодог. Мөн эмэгтэйчүүд өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарах нас нь 55 буюу эрэгтэйчүүдийнхээс даруй таван жилээр эрт байгаа нь эмэгтэйчүүдийн ажил мэргэжлийн тогтвортой байдал болон хөгжилд сөргөөр нөлөөлдөг хэмээн үзсэн аж. 

Өөрөөр хэлбэл, уг асуудалд бодлогын хэмжээнд анхаарах цаг болсны дохио юм.

 “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд ажиллах хүчний оролцооны түвшинг 2030 онд 65%, 2050 онд 70% болгон өсгөх зорилтыг тус тус дэвшүүлсэн.

Уг зорилтыг биелүүлэхэд ажиллах хүчин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нэн шаардлагатай юм. 

Хөгжиж буй Азийн орнуудад хөдөлмөрийн насны эрэгтэйчүүдийн 80% нь ажил хөдөлмөр эрхэлж байхад эмэгтэйчүүд ердөө 49%-тай байна
 

/Бусад улсын жишээнээс/

Япон, БНСУ-ыг Норвеги, Финланд улстай харьцуулсан судалгаанаас харахад эмэгтэйчүүдийн тууштай хөдөлмөр эрхлэлтэд 6-11 насны хүүхэд асрах үйлчилгээг улсаас санхүүжүүлэх нь хамгийн оновчтой гэдгийг онцолсон байна. Олон оронд хүүхэд асрах цогц үйлчилгээ, аавын цалинтай чөлөө авах эрхийг хуульчлах зэргээр эцэг эхийг дэмжсэн олон төрлийн бодлогыг амжилттай хэрэгжүүлж байна. Жишээ нь Швед Улсад хүүхдээ (хүүхэд тус бүрд) 12 нас хүртэл жилд 120 өдрийг тогтмол орлогынхоо 80 хувьтай тэнцэхүйц цалинтайгаар чөлөө хэлбэрээр авдаг. Норвеги Улсын эцэг эхчүүд хүүхдээ 12 нас хүртэл 10 өдрийн цалинтай чөлөөг жилд авах эрхтэй бөгөөд ганц бие эцэг/эх бол 20 өдрийн чөлөө авах эрхтэй.

Жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, төсөвлөлт болон эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд “Их хорь”-ийн бүлгийн орнуудын тэн хагас нь улс төрийн намуудад квот тогтоох, урамшуулал олгох, мөн тусгайлсан арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. БНСУ-д эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Хөдөлмөрийн тухай хуульд эмэгтэйчүүд давамгайлан ажилладаг тогтмол бус ажлын байрыг байнгын ажлын байр болгохыг дэмжсэн нэмэлт өөрчлөлтийг оруулжээ. Ингэснээр хагас цагийн ажил хийх боломж нэмэгдэж ажил-ар гэрийн тэнцвэрт байдлыг хангахад түлхэц болж байна. Мөн тухайн өрхөд орлого олж байгаа хоёр дахь иргэн бүрд татварын хөнгөлөлт үзүүлэх нөхцөлийг ч мөн Татварын тухай хуулиар зохицуулсан байгаа юм.

2011 оноос хойш Мексик улсад өрх гэрийн хөлсгүй ажлын мэдээллийг өрхийн түвшинд бүртгэж эхэлсэн бөгөөд цуглуулсан мэдээллийг жендэрийн эрх тэгш байдлыг хангах, хүүхэд асрах үйлчилгээ, өрхийн зарлага болон хэрэглээнд чиглэсэн бодлого, журмыг боловсруулахад ашигладаг болсон байна. Тус цуглуулсан мэдээллийг өрх гэрийн хөлсгүй ажил хийснээр эмэгтэйчүүдийн ДНБ-д оруулж буй эдийн засгийн хувь нэмрийг тооцон үндэсний бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг хэмжих үзүүлэлт болгон ашиглаж байна. Энэ төрлийн аргачлалыг Канад, Америкийн Нэгдсэн Улсад мөн ашиглаж байна.

Пакистан улсад хийсэн судалгаагаар гэртэйгээ ойр худагтай болсноор эмэгтэйчүүдийн өрх гэрийн ажилд зарцуулах цаг багасаж, хөдөлмөр эрхлэлт нэмэгдсэн үр дүн гарчээ. Непал улсад алслагдмал нутгийн эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх зорилго бүхий АХБ-ны хэрэгжүүлсэн төсөл нь эмэгтэйчүүдийн цагийн хомсдолыг шийдвэрлэхийн тулд орон нутгийн иргэдийн ойлголт, хандлагыг өөрчлөх санаачилгыг дэмжихэд чиглэгдэж байв. 

БОДЛОГЫН ЗӨВЛӨМЖ
 
гэрэл зургийг MPA.mn
  • Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, эмэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах насыг хойшлуулах. Хөдөлмөрийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд хүүхэд асрах эцгийн чөлөө авах эрх, мөн ажлын байран дахь дарамтаас урьдчилан сэргийлэх, шийдвэрлэх механизмыг бүрдүүлэх асуудлыг нэмэх нь зүйтэй. 
  • Ажиллах хүчин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд жендэрийн мэдрэмжтэй урамшууллын тогтолцоог нэвтрүүлэх. Жендэрийн мэдрэмжтэй санхүү, эдийн засгийн бодлого нь эмэгтэйчүүдэд ажиллах нөхцөл, урамшууллыг бий болгоход чиглэсэн байх хэрэгтэй. 
  • Хөдөлмөр дахин эрхлэхийг хүссэн залуу эхчүүд, 45 ба түүнээс дээш насныханд шаардлагатай мэргэшүүлэх сургалтыг нэвтрүүлэхэд нь бизнес эрхлэгчдийг дэмжсэн татварын хөнгөлөлт, урамшууллыг нэвтрүүлэх хэрэгтэй. Үүний зэрэгцээ уян хатан, гэр бүлд ээлтэй, ажил-ар гэрийн амьдралын тэнцвэрийг хангасан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын зохицуулалт хийх нь зүйтэй. 
  • Хууль, эрх зүй ба бодлогын хэрэгжилтийг хангах. 
  • Дэд бүтцийн төсөлд жендэрийн онцлог бүхий төлөвлөлтийг тусгах. Дэд бүтцийн төслийн дизайн, төлөвлөлтөд жендэрийн асуудлыг уялдуулан тусгаснаар эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн зах зээл дэх оролцоог дэмжиж болохыг АХБ-ны төслүүдийн туршлага харуулж байна. 
  •  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг сайжруулах. Эмэгтэйчүүдэд хөдөлмөр эрхлэх боломжийг олгох, бусадтай танилцах, ажлын нөхцөл, цалин хөлсөө тохиролцож сурахад нь дэмжлэг үзүүлэхүйц, ур чадварт нь нийцсэн ажлын байранд зуучлах үйлчилгээг бий болгох нь чухал. Насан туршийн боловсролыг дэмжих нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.
  • Жендэрийн эрх тэгш байдлын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх. Эмэгтэйчүүд илүүтэй хийж буй гэрийн хөлсгүй хөдөлмөрийн талаарх үндэсний хэлэлцүүлэг хийх зэргээр тус ажлыг эхэлж болох бөгөөд хамгийн чухал нь гэрийн хөлсгүй ажил гэж юу болох, түүнийг ойлгож үнэлэх, хөлсгүй гэрийн ажил болон өрхийн гишүүдийг асрах ажлыг тэнцвэртэйгээр хуваалцахын ач холбогдлыг олон нийтэд ойлгуулахад оршино. 
  • Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, төлөөлөл, манлайллыг дэмжих. Төрийн албан хаагчдын 60.4 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа хэдий ч улс төрийн албан тушаалтны ердөө 22.8% нь эмэгтэйчүүд байна
  • Хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн хэвтээ ялгарлыг арилгахын тулд өсвөр насны охид хөвгүүдэд зориулсан мэргэжил сонголтын зөвлөмжийг жендэрийн мэдрэмжтэй болгох хэрэгтэй. Аль салбарт эрэгтэйчүүд эсхүл эмэгтэйчүүд илүүтэй ажиллаж байгааг буюу хүйсээр ангилсан тоон мэдээлэлд жендэрийн дүн шинжилгээг тогтмол хийх нь чухал юм. 
  • Хувийн хэвшлийн байгууллагуудын дунд жендэрийн тэгш байдлыг хангасан ажлын байр бий болгохыг дэмжих. Жендэрийн тэгш байдлыг хангасан, гэр бүлд ээлтэй хувийн хэвшлийн байгууллагуудыг бий болгохын тулд АХБ-ны дэмжлэгтэй боловсруулсан удирдамжийг түгээн дэлгэрүүлэх, практикт нэвтрүүлэх шаардлагатай.

Эмэгтэйчүүдийн АХОТ-г нэмэгдүүлэх нь Монгол Улсын эдийн засагт ихээхэн үр өгөөжтэй тул бодлого боловсруулагчдын анхаарлын төвд зайлшгүй байх шаардлагатай. Ялангуяа шинээр хэлэлцэгдэж буй Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгагдах асуудал юм.