Индэр    
2021 оны 1 сарын 11
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

АТГ байгуулагдаад 14 жил болсон ч Монгол Улсад авлига буурсангүй

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсад Авлигатай тэмцэх газар хэмээх байгууллага үүсэн байгуулагдаад өнөөдөр 14 жилийнхээ нүүрийг үзэж байгаа аж. Гэвч энэ хугацаанд манай улсад авлига буураагүйг олон судалгаа нотолсоор байна.

2020 оны авлигын индексийг хараахан танилцуулаагүй байгаа ч 2013 оноос хойших үзүүлэлтүүдээс харвал ихэнх хугацаанд буурч ирснийг доорх графикаас харж болно. 

График. Монгол Улсын авлигын индекс 2013-2019


Авлигыг бууруулах чиглэлээр манай улсад өгч байсан зөвлөмжүүд өнөөдөр ч нэн шаардлагатай хийх ажил хэвээр байгаа нь өөрчлөлт дорвитой гараагүй илтгэнэ. 

Тухайлбал, 2016 онд Монгол Улсын авлигын индексийг үнэлэхдээ "Транспэрэнси Интернэшнл" байгууллагаас улстөрчдийн нөлөө ба авлигын эрсдэл прокурор болон шүүгч нарын шийдвэрт нөлөөлж байгаа нь оноо буурахад нөлөөлсөн байх талтай учир хараат бус байдлыг бэхжүүлэхэд онцгойлон анхаарах шаардлагатайг зөвлөж байжээ. 

Мөн төрийн байгууллагууд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд зохиомол бэрхшээл, саад тотгор учруулж, улмаар авлигын шалтгаан нөхцөлийг үүсгэж байгааг онцолж байж

Товчхондоо өнгөрсөн хоёр жилийн зөвлөмжид улс төрийн хяналт ба тэнцвэрийг тохируулагч институтүүдийг бэхжүүлэх, түүн дотроо шүүх засаглалын хараат бус байдлыг хангах гэгчлэн төрийн байгууллагууд руу илүүтэй анхаарахыг сануулж иржээ. 

Гэтэл өнөөдөр төрийн байгууллагууд, ялангуяа яамд, газрын албад хамгийн өндөр авлигатай байсаар байгааг өнгөрсөн арванхоёрдугаар сард МҮХАҮТ, МУИС-аас хийсэн бизнесийн орчны судалгааны үр дүнгээс харагдаж байна.  

Төр өөрөө авлигын том бүтэц болсныг ийнхүү судалгаанууд хэлсээр байгаа бөгөөд "Авлигагүй нийгмийн төлөө" уриатай АТГ ажилласаар байгаагаа тайлагнасаар.

Манай иргэдийн 22 хувь нь өдөр бүр авлигад өртдөг

2020 оны авлигын барометр судалгааг он гармагц "Транспэрэнси Интернэшнл"-ээс мэдээлсэн бөгөөд өнгөрсөн жил Монголд авлига 35% өссөн гэсэн дүгнэлт гарсан. Ингэхдээ судалгаанд оролцсон иргэдийн 69% нь төрийн авлига том асуудал байгааг хэлсэн байгаа юм. Тэр дундаа УИХ, шүүгч нар хамгийн авлигажсан бүтэц гэдгийг онцолсон. 

Авлига өссөн байдал, улс орнуудаар

 
Эх сурвалж: Транспэрэнси Итнернэшнл

Иргэд төрийн үйлчилгээ авахдаа авлига өгсөн хэвээр байгаа бөгөөд АТГ-ыг сайн ажиллаж байгаа гэж иргэдийн ердөө 44% нь үнэлжээ. Энэ бол 14 жил ажилласан байгууллагын хувьд хэтэрхийн хангалтгүй үнэлгээ.

Наад зах нь АТГ төрийн байгууллагад шинээр томилогдож байгаа удирдах албан тушаалтнуудыг ашиг сонирхлын зөрчилгүйгээр томилуулахад хүчтэй байр сууриа хадгалж, шударга зарчмаар явуулж чадахгүй бөөрөнхийлж, хууль бус томилгоо хийх орон зайг гаргаж өгч болж байгааг "Эрдэнэс Монгол"-ын дэд захирлаар ЖДҮ-ийн хэрэгт шалгагдаж буй Л.Энхболдыг томилсон жишээнээс тодорхой харж болно. 

“Авлигатай засаглалд жирийн иргэд эдлэх ёстой эрхээ мөнгөөр худалдаж авдаг”

2014 онд тухайн үеийн нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл "Нээлттэй Улаанбаатар" авлигын эсрэг олон улсын чуулга уулзалтыг анх зохион байгуулж байхад АНУ-ын Стэнфордын их сургуулийн Фрийманэ Спогли олон улс судлалын хүрээлэнгийн ахлах эрдэмтэн, Ардчилал, хууль эрх зүйн төвийн захирал, Хүүвэр хүрээлэнгийн ахлах эрдэмтэн Ларри Даймонд ирж байв.

Авлигын хор хөнөөл, хийх шаардлагатай ажлуудын талаар хэлж байсан тухайн үеийн байр суурь өнөөдөр хэлсэн мэт шинэ хэвээр байна. Тэрбээр "Газрын баялаг ихтэй Монгол шиг орнууд авлигын эсрэг илүү хүчтэй тэмцэл өрнүүлэх хэрэгтэй. Үгүй бол авлига хяналтаас гадуур цэцэглэн хөгждөг.

Тийм учраас зарим зүйлийг заавал хийх шаардлагатай. Тухайлбал, ил тод байдал нь үүнтэй тэмцэх гол үндэс болдог тул энэ тал дээр баталгаа гаргаж өгөх хэрэгтэй.

  1. Өөрөөр хэлбэл, уул уурхайн компаниудтай хийх гэрээ хэлэлцээр, хөнгөлөлт, зөвшилцөл, төлбөр тооцоо, амлалт гээд бүгдийг нэг нэггүй иргэддээ дэлгэн тавьж, ил тод нээлттэй байх хэрэгтэй. Энэ бол нэгдүгээр дүрэм.
  2. Хоёрдугаарт, авлигын эсрэг үйл ажиллагаа явуулдаг байгууллага нь улс төрөөс хараат бус, эдийн засгийн хамааралгүй, маш хүчтэй институт байх ёстой. Авлигын хэрэгт холбогдсон хэмбугайг ч шийтгэж, хариуцлага хүлээлгэдэг байх хэрэгтэй. Энэ бол маш сайн систем" хэмээн хэлж байв.

Өдгөө авлигын индексээр тэргүүлж буй орнуудын харвал 

  • Хэвлэлийн эрх чөлөө,
  • Төсвийн зарцуулалтад тавих иргэдийн хяналт хүчтэй,
  • Шүүх засаглал нь шударга,
  • Баян ба ядуу хүмүүст тэгш хандах,
  • Төрийн бусад байгууллагаасаа хараат бус байдал зэрэг нийтлэг шинжтэй байна.

Ларри Даймондын 2014 онд хэлсэн эшлэлүүдээс эргэн сануулбал:

  • Авлига нь нийгэмд учруулах хор хөнөөлөөрөө хар тамхитай ижил.
  • Авлига нь эдийн засгийн боломжийг бууруулж, санхүүгийн хямралыг нэмэгдүүлэх томоохон хүчин зүйл.
  • Авлигатай засаглалд жирийн иргэд эдлэх ёстой эрхээ мөнгөөр худалдаж авдаг гэсэн үг юм.
  • Ардчилалд хамгийн их хор хөнөөл учруулж, саад болдог зүйл бол авлига.  
  • Авлигаас болж төрийн өндөр албан тушаалд байгаа цөөхөн хүн үлэмж хэмжээгээр баяждаг. Ялангуяа, газрын баялаг ихтэй улсад энэ нь илүүтэй мэдрэгддэг.
  • Авлига иргэдэд айдас төрүүлдэг. Засгийн эрхэнд байгаа хэн нэгэн эрх мэдэлтэн албан тушаалаа ашигладаггүй гэсэн итгэл иргэдэд үгүй болдог.
  • Төрийн түвшинд хэмжээлшгүй эрхийг хязгаарлах ёстой.
  • Авлигачид сонгуулийн үед донор болж, тухайн хүнийг улс төрд гарсны дараа өөрт нь үйлчлэхийг шаарддаг.
  • Сонгуулийн хороо хараат бус, бие даасан байх ёстой. Хэрэв нууцаар санхүүжилт авбал тэрийг Эрүүгийн гэмт хэрэг гэж үзэх хэрэгтэй.  
  • Төвийг сахисан, чадвартай, үр дүнд суурилсан мэргэжлийн төрийн алба байх ёстой.
  • Төрийн алба улс төрөөс ямагт ангид байх ёстой.  
  • Гүйцэтгэл муу байгаа оронд дээр дурдсан бүх зүйлс зөвхөн цаасан дээр “хэрэгждэг”.
  • Ялангуяа, цагдаа, тагнуулын байгууллага төвийг сахисан, улс төрөөс ангид байх ёстой. Албан тушаал, ашиг сонирхлын зөрчилтэй ямар нэгэн хэрэг гарахад хүчээ нэгтгэж, авлигын эсрэг тогтвортой тэмцэх ёстой.
  • Цагдаа, тагнуулын байгууллага улс төрийн хүчнүүдийн өшөө авах хэрэгсэл байж болохгүй.
  • Шүүгч, өмгөөлөгч, прокурорууд хууль дээдлэх хэм хэмжээг тогтоох чухал субъект.  
  • Авлигад банкны салбар заавал холбогддог тул туйлын хараат бус, бие даасан Төвбанктай байх ёстой. Төвбанк, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг байгууллага улс төрөөс заавал ангид байх ёстой.
  • Авлига бол хөгжилд хүргэх богино зам бус, Ардчиллыг боогдуулагч юм.