Индэр    
2020 оны 12 сарын 16
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

Ядуу монголчуудын тоо 450,000-аар нэмэгдвэл Сангийн сайд музейгээрээ хооллох уу?

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын хүн амын 28.4 хувь нь ядуу гэсэн ангилалд багтдаг болоод удаж байна.

Харин эдийн засаг цочроход дахин 15 хувь нь ядууралд орох дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгааг Дэлхийн банк, ҮСХ хамтарсан судалгаагаараа танилцуулсан. Тэгвэл COVID-19-ийн нөлөөгөөр манай эдийн засаг хэдийнэ агшаад эхэлчилсэн.

2-3 улирал дараалан эдийн засаг хасах үзүүлэлттэй гарвал “хямрал” бодитой нүүрлэсэн гэж үздэг. Энэхүү шинж тэмдэг илэрч эхлээд багагүй хугацаа өнгөрч байна.

Монгол Улсын ДНБ 2020 оны 

  • I улиралд  -10.7%,
  • II улиралд - 9.7%,  
  • III улиралд - 7.3% -аар буурчээ.

МҮХАҮТ-ын судалгаагаар дотоодод коронавирусийн халдвар гарч, хөл хорио тогтоосон арваннэгдүгээр сарын 11-нээс арванхоёрдугаар 1-н хүртэл л гэхэд 152.9 мянган ажлын байр үгүй болж, ААН-үүдийн 74 хувь нь цалингаа олгож чадахгүй байгааг мэдээлсэн. Хэрэв он дуустал үргэлжилбэл хагас сая хүн ажлын байргүй болох судалгааг танилцуулж байсан. 

Нөхцөл байдал ийм хүнд байхад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсвөө тодотгохгүй, музейгээ барина гэж гүрийсээр сууна. Музейг нь ад үзээд байгаадаа биш юм, цаг нь биш л гэдгийг Сангийн сайд ойлгоосой гэж л хүсэж байна. Үүнийгээ Сангийн сайд “Бид мөчлөг сөрсөн бодлого явуулж байж агшиж байгаа эдийн засгаа дэмжинэ. Хөрөнгө оруулалтын зардлаа танахгүй байх нь аж ахуйн нэгжүүдээ дэмжиж буй хэрэг” хэмээн тайлбарлаж байгаа. Үнэн хэрэгтээ төсвийн хөрөнгө оруулалтаар ажил гүйцэтгэдэг цөөхөн аж ахуйн нэгжүүдийн эрх ашиг нийт 97,000 ААН-ийн эрх ашгаас илүү юм гэж үү.  

Засгийн газар цар тахлын үед иргэддээ дэмжлэг болох дахин нэг “багц”-ыг амралтын өдөр танилцуулсан. Долоон сарын хугацаанд өрхүүд болон зарим ААН-ийг ус, дулаан, цахилгаан, хогны төлбөрөөс чөлөөлж, хариуд нь ажлын байраа хадгалахыг Ерөнхий сайд хүссэн. Өмнөхөө бодвол энэ шийдэл хүн бүрийн халаасанд нөлөөлөхүйц байгаа хэдий ч татварын гол бүрдүүлэгчид болох аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчдийн ганц хүсэж байгаа зээлийн батлан даалт, санхүүгийн хямд эх үүсвэр дээр мөн л ам ангайсангүй.

Есдүгээр сарын байдлаар тайлангаа мэдүүлж, үйл ажиллагаа явуулж буй 97,248 ААН байгаагийн 90 хувь нь 1-9 ажилтантай жижиг компаниуд. Харин эдийн засгийн хямралд ийм жижиг компаниуд санхүүгийн чадамжгүй болж, хамгийн түрүүнд хаалгаа барьдаг гэдгийг мэргэжлийн эдийн засагчид хэлдэг. Цаана нь дагаад ядуурлын хувь өсдөг. Засгийн газраас 2020 онд цар тахалтай холбоотойгоор эдийн засгийн дэмжлэг болох арга хэмжээ авч байгаа нь аж ахуйн нэгжүүдэд, ялангуяа ААН-үүдийн 90 хувийг эзэлж байгаа жижиг компаниудыг зорилтоо болгосонгүй.  

Зарим татварыг хойшлуулж, торгуулийг чөлөөлж, хэрэглээний зээл хойшлуулснаар хямралаас гарна хэмээн ганцхан хувилбараараа хоёр парламент, хоёр Засаг маань 7 сар зүтгүүлэв. Гэвч энэ хөтөлбөрийн дүнд COVID-19 дууссаны дараа өр нь овоорсон, дампуурсан компаниудын тоо нэмэгдэж, ажилгүйдлийн түвшин өсөж, ядуурлын хэмжээ 43 хувьд хүрч, Монгол Улсын өрсөлдөх чадвар шороотой хутгалдсан байх болно. Энэ үед Засгийн газар аж ахуйн нэгжүүдээ дэмжье гээд ч хэтэрхий оройтсон, маш их хугацаа, зардал шаардсан ажил болох болно. 

Тэр үед нэг ажлын байр бий болгох зардал өнөөдөр нэг ажлын байрыг хамгаалж авч үлдэх зардлаас 5 ДАХИН ИХ байна гэсэн тооцоог эдийн засагч Б.Дөлгөөн дурдсан. Энэ бол олон улсын жишиг үзүүлэлт. Иймээс өнөөдөр төсвөө тодотгох замаар ажлын байраа хамгаалахад дэмжлэг болох боломж Сангийн сайдад байна. Дэмжлэг гэдэг нь мөнгө хэвлэх тухай огт биш юм. 2021 оны төсөвт тусгасан 3.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын зардлаас музей, соёлын төв зэрэгт л гэхэд 1.4 их наяд, бараа үйлчилгээ худалдан авах гэгчлэн урсгал зардалд тусгасан 2.1 их наяд төгрөг бий. Энэ бол нөөц боломж. Үүнээс зайлшгүй шаардлагатай төслүүдээ үлдээгээд хөрөнгийн хомсдолд орсон аж ахуйн нэгжүүдээ ядаж 30 хувь буюу 1 их наяд төгрөгөө ашиглан зүгээр л бага хүүтэй зээлээр дэмжье. 

 Хямралын үед олгосон зээл тусламж 98 хувьтай төлөгддөг гэсэн судалгаа бий. Энэ мөнгө цемент болоод алга болохгүй, эргээд төсөвт орж ирнэ. 

Бас нэг тоо дурдъя. 14 хоногийн өмнө болсон ЖДҮХС-ийн зээлийн сонгон шалгаруулалтад энэ жил 1,579 төсөл, 239 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлсэн. Харамсалтай нь төсвөөс энэ жил нэг ч төгрөг тавиагүй тул тус сан эргэн төлөлтөөр орж ирсэн 9.1 тэрбум төгрөгийг 64 аж ахуйн нэгжид олгохоор болсон. 

Монголбанк 230 тэрбум төгрөгийг ЖДҮ эрхлэгч, уул уурхайн бус экспортын чиглэлийн аж ахуйн нэгжүүдэд олгохоор болсон гэж байгаа ч банкуудын зээлийн шалгуур өндөр хэвээр, зээл гаргах сонирхол бага байна. Яг ийм үед Засгийн газар аж ахуйн нэгжүүддээ батлан даалт гаргаж, банкууд айх зүйлгүйгээр аж ахуйн нэгжүүдэд зээл олгох боломжийг бүрдүүлэх нь олон улсын авч хэрэгжүүлж байгаа сонгодог шийдэл. Харамсалтай нь МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшиний хэлсэнчлэн Засгийн газарт манлайлал дутаж байна. 

Энэ хүчин зүйлүүдээс гадна төсвийг тэтгэж, гадаадын хөрөнгө оруулалтын ганц урсгал болсон, хамгийн хүнд байх ойрын 2-3 жилд Монголыг тэжээх Оюутолгой төслийн хөрөнгө оруулагчид маргаантай байгаа нь маш том эрсдэл хэмээн эдийн засагч Н.Энхбаяр дүгнэсэн. Энэ бүхнийг тооцож төсвийн хөрөнгө оруулалтаа эрэмбэлэх зайлшгүй шаардлагатай гэдгийг тэрбээр олон удаа сануулж, анхааруулж буй.

Дэлхий нийт аливаа хямралаар яагаад эдийн засгаа дэмждэг вэ? Яагаад бодлогын хүүгээ 0 хүртэл буулгаж, аж ахуйн нэгжийнхээ арыг Засгийн газар нь дааж, төв банкууд нь мөнгө хэвлээд ч хамаагүй хүүгүй зээл олгодог вэ? Хямрал дууссаны дараа өрсөлдөх чадвараа алдахгүй, эдийн засгаа урт хугацаанд тогтвортой байлгах гэж эрсдэлийг ийн үүрдэг ажээ. 

Хямралын өмнө хүчтэй байх боломж байсан уу гэвэл байсан. Өнгөрсөн 2018, 2019 он төсвийн орлого сайтай, эдийн засгийн өндөр өсөлттэй жил байв. Харамсалтай нь Засгийн газар энэ өндөр өсөлтийг буруу хуваарилж, төсвөө хэт өндөр алдагдалтай батлан сонгуульдаа анхаарсан нь өнөөдрийн хямралд бэлтгэлгүй орох шалтгаан болсон нь нууц биш. Шийдвэрүүд нь байгаа онолгүй хамаг хүчийг нь туйлдуулж байгааг мэдлэгтэй, мэргэшсэн эдийн засагчид байнга сануулж, шүүмжилж, хэлсээр байгаа билээ.

Монголын ирээдүй бидний өрсөлдөх чадвараас л хамаардаг. Өсөж байна уу, уруудаж байна уу гэдгээс шалтгаална. Харин аливаа хямрал үүнийг сулруулдаг. Хямралын эсрэг бодлогын гол шалгуур нь хямралын дараах өрсөлдөх чадвар. Аж ахуйн нэгж, өрхийн дэмжлэгийг торгууль цуцлах, зээл хойшлуулахаас өргөн утгаар нь харж чадахгүй, хүсэхгүй байгаа бол хямралын дараах жилүүд биднийг улам л сулруулж, хүчгүйдүүлнэ.

Засгийн газар ядаж эдийн засагчдаа сонсож, ажлын байр хадгалахад чиглэсэн арга хэмжээгээ тэргүүнд тавибал хямралыг хохирол багатай давах нөөц боломж бий. Харин энэ чигээрээ явсаар COVID-19-ийн дараа 450,000 хүн ядуурлын эгнээнд шилжвэл музейгээ барина гэж гүрийсэн Сангийн сайд хар толгойгоороо хариуцлагыг нь үүрнэ.