Индэр    
2020 оны 12 сарын 6
Зураг
iKon.mn сэтгүүлч
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.

#UNLOCK 92: Дэлхий ертөнцөд бий болж буй мэдээлэл технологийн гурван том шилжилт

Зураг

Unlock подкастынхаа энэ удаагийн дугаарт "Machine Platform Crowd" номыг танилцуулж байна.

2017 онд анх хэвлэгдсэн энэхүү номд дижитал технологийн эрин үе бидний амьдралд ямар өөрчлөлтүүдийг авчирч байгаа талаар болон хүмүүс бид технологитой хэрхэн зэрэгцэж амьдарвал зохилтой талаар өгүүлдэг.

Номын тухай шууд сонсох:

Зохиолчдын хувьд тус номыг технологийн хамгийн алдартай их сургууль MIT-ийн "Дижитал эдийн засгийн санаачилга"-ын захирлууд Андрю МакАфиЭрик Бринжолфсон бичсэн юм. Тэд менежментийн салбарт дэлхийн тэргүүлэх сэтгэгчид гэж нэрлэгддэг.

Тэд энэхүү номд технологийн энэ их хөгжил дэлхий ертөнцөд гурван том шилжилтийг үүсгэж байгааг бичжээ.

Үүнд,

  1. Хиймэл оюун ухаан,
  2. Платформ,
  3. Олон нийтийн хүч багтаж байна.
Хиймэл оюун ухаан

Компьютер бий болсон шалтгаан нь хүнээс илүү оновчтой, хурдан бөгөөд аливаа бодлогуудыг бодоход оршиж байсан.

Анхны зорилго нь ердөө л зөв тооцоолон бодох байсан бол өдгөө хиймэл оюун ухаант машинууд өмнөх дата мэдээлэлдээ тулгуурлаж ирээдүйд яахыг бодитоор таамаглах чадвартай болсон гэж номд өгүүлжээ.

Түүнчлэн машины зохион бүтээлч байдал нь хүнийхээс илүү чадамгай болжээ. Тухайлбал, хиймэл оюун ухааныг ашиглаж хөгжим зохиож, дизайн гаргаж чадаж байна.

Хүмүүс өөрсдийгөө шинээр юм бүтээхэд компьютероос илүү сэтгэдэг гэж боддог. Гэтэл өнөөдөр машин хүртэл дизайн зохиож, сүүлдээ роман хүртэл бичдэг болсон гэж номд бичжээ.

Яагаад хиймэл оюун ухаан хүмүүсээс илүү хөгжөөд байна вэ гэвэл хүмүүсийн тархи ердөө хоёр янзаар л ажилладаг. Өөрөөр хэлбэл, бид байгалиас заяасан мэдрэмжээрээ болон логик сэтгэлгээнд үндэслэх гэсэн хоёр хэлбэрээр бодож шийдвэр гаргадаг. Тэгвэл хүмүүсийн 80 хувь нь аливаа шийдвэрийг логик дээр үндэслэж бус, өөрт төрж буй мэдрэмжээрээ гаргадаг гэж номд бичжээ.

Мэдээж сэтгэл хөдлөлөөрөө аливаа зүйлд хандах нь бодит байдлыг хүлээн авч, логикоор сэтгэж шийдвэр гаргаснаас хамаагүй сул үр дагавартай. Гэтэл хиймэл оюун ухаан, компьютер нь цэвэр логик дээр тулгуурлаж бодож тооцоолдог тул хүнээс илүү гэсэн санааг энэ бүлэгт гаргажээ.

Товчхон хэлэхэд, өмнө нь хүмүүс компьютерыг ашиглаж өөрсдийн хүчийг нэмдэг байсан бол одоо компьютерын дата илүү ихсэхийн хэрээр хүчин чадал нь сайжирч, ухаалаг болж байгаа тул хуучны хэв маяг аажмаар алдагдаж байгаа гэх санааг илэрхийлсэн байна.

Учир нь хиймэл оюун ухаан орчин цагт гэнэт гарч ирээгүй бөгөөд өнгөрсөн зуунд анх компьютер бүтээгдэхэд л хиймэл оюун ухаан гэж яригдах болсон.

1956 оноос хиймэл оюун ухаан нь,

  1. Дүрэмд суурилагдсан,
  2. Шинж чанарт тулгуурласан гэсэн хоёр төрлөөр хөгжиж байсан гэж номд тайлбарласан байдаг.

Харин сүүлийн үед дүрэмд суурилсан бус шинж чанарт тулгуурласан хиймэл оюун ухаан үсрэнгүй хөгжиж байгаа аж. Энэ нь орчин цагт интернэтэд тооноос бус дүрс бичлэг зэргээс эхлээд асар их мэдээлэл цугларч байгаатай холбоотой гэжээ. Гэхдээ хиймэл оюун ухаан одоо ч бүрэн хөгжөөгүй. Үүнийг торт гэж төсөөлбөл хүн төрөлхтөн дөнгөж дээрх чимэглэлийг нь л ашиглаж байна хэмээн тодорхойлсон байна.

Ердөө иймхэн хэсгийг нь л судалж байхад өнөөдөр жолоочгүй машин, онлайн орчуулгын үйлчилгээ, Амазоны кассчингүй дэлгүүр бий болсноос харахад ирээдүйд ямар өөрчлөлт бий болж болох нь харагдаж байна.

Платформ

Дэлхий ертөнц бүтээгдэхүүн, платформ руу шилжиж байна. Сүүлийн үед платформ хүчээ авч байгаагийн шалтгаан нь дижитал эрин үеийн давуу талтай холбоотой.

Тухайлбал, сонинд гарсан материалыг 1,000-аас дээш хүнд хүргэхийн тулд 1,000 орчмыг хэвлэх шаардлагатай. Ингэхэд цаг хугацаа, чанараас эхлээд саад гарч болзошгүй.

Харин сошиал медиагаар маш хурдан хугацаанд 1,000 хүнд хүргэх боломжтой бөгөөд нэг хүнд хүргэх л зардлаар бүхнийг шийдэж болох давуу талтай.

2007 он Стив Жобс iPhone-ийг гаргах үед бүх аппликэйшнээ өөрсдөө хийхээр шийдсэн байдаг. Энэ нь гуравдагч хүмүүс чанар муутай зүйл хийх эрсдэлтэй ба чанартайг хийж чадах эсэх нь ч эргэлзээтэй байсан аж.

Хэсэг хугацааны дараа илүү олон аппликэйшн байх тусам тэр хэмжээгээр хүмүүс iphone-ийг худалдаж авах магадлал өндөртэйг ойлгож эхэлсэн байна. Ингээд гуравдагч аппликэйшнүүдийг хүлээж авахаар болсон байна. Гэхдээ маш хатуу шалгуур тавьж эхэлжээ.

Харин өнөөдөр Apple-ийн аппликэйшний дэлгүүр болох Apple Store-д 2.2 сая аппликэйшн байгаа ч компанийн өөрийн гаргасан аппликэйшн маш цөөн.

Энэ байдлыг анзаарсан Google компани тухайн үед бараг л сураггүй байсан Андройд гэх жижиг стартапыг худалдаж аваад Apple-тай өрсөлдөж чадахуйцаар гар утасны үйлдлийн системийг хөгжүүлж эхэлсэн. Ингэхдээ илүү олон хүнд хүргэхийн тулд үнэгүй бөгөөд нээлттэй болгосон төдийгүй өндөр шалгуур тавихгүйгээр зах зээлд гаргасан нь асар олон утас андройд үйлдлийн системийг ашиглах болсон гэж номд бичсэн байна. 2016 оны судалгаагаар дэлхийн гар утасны 88 хувь нь андройд үйлдлийн системтэй байжээ. 

Энэ мэтээр платформууд нь компаниудад  болон худалдан авагчдад зах зээлийг үүсгэж байгаа юм. Гэхдээ эхлээд платформууд нь төрөл бүрийн стандарт бий болгох, олон тооны нийлүүлэгчдийг татах ёстой байдаг. Том платформыг үүсгэх хэцүү ч амжилттай болоод эхэлбэл маш их үнэ цэнтэй болдог тухай ч номд бичжээ.

Олон нийтийн хүч

Орчин цагт бие даасан бөгөөд төвлөрсөн мэргэжлийн бүтцээс олон оролцогчидтой бүтэц рүү нийгэм чиглэж байгаа талаар өгүүлдэг.

Тухайлбал, дэлхий дахинд Windows-тэй энэ зэрэгцэхүйц үйлдлийн систем болох Линуксийг анх 1991 онд Линус Торвалдс хүмүүст үнэгүй хүргэсэн байдаг.

Тэрбээр уг үйлдлийн системийг гаргахдаа, хүмүүсийг өндөр үнэтэйгээр хэрэглэдэг Мicrosoft компанийн Windows-ийн үнэтэй үйлдлийн системээс илүү хямд зардалтайг олон хүмүүст хүргэх зорилгоор зургаан сар сонирхон ажиллаж, 1991 оны аравдугаар 5-ны өдөр үнэгүй бөгөөд хэн ч системийг илүү сайжруулж болохоор нээлттэйгээр интернэтэд байршуулжээ.

Ингэснээр Линукс үйлдлийн системийг олон хүн шинэ зүйл санаагаа оруулж, сайжруулсаар өдгөө Windows-тэй эн зэрэгцэхүйц болгож чаджээ.

Өөрөөр хэлбэл, Линукс үйлдлийн систем нь чөлөөт, нээлттэй эхийн программ хангамжийн хамтын ажиллагааны нэгэн том жишээ билээ.

Энэ хүү ганц л жишээнээс олон нийтийн хүчийг ашиглах нь мэргэжлийн цөөн хүмүүсээс хавьгүй амжилт дагуулдаг гэх санааг энд гаргаж бичсэн байна. Энэ бүлэгт гардаг олон нийтийн хүчийг ашиглаж буй жишээгээр Wikipedia-д нийтлэл бичигчдийг нэрлэж болохоор байна.

Ташрамд хэлэхэд, АНУ-ын сансрын болон анагаах ухааны салбарт 700-аад төрлийн төсөл дээр судалгаа хийхэд олон хүнийг хамруулан хийсэн төсөл нь ганц хоёрхон л алдаа гаргасан байсныг тогтоосон бөгөөд үүнээс хамгийн зөв шийдэл нь олон нийтийн хүч гэсэн дүгнэлт гаргажээ.

Илүү дэлгэрэнгүйг номоос хүлээн авч, уншаарай