Индэр    
2020 оны 12 сарын 4
Зураг
Эдийн засаг, улс төрийн бодлогын шүүмж-нийтлэл

Хорио цээрийн хорин оны эдийн засаг

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

2020 оны эхнээс хүн төрөлхтнийг цочроосон Ковид 19 цар тахал өнөөдрийн байдлаар 63.4 сая хүнд халдаж, 1.47 сая хүний амийг авч оджээ. Халдвар авсан 40.8 сая хүн буюу гуравны хоёр нь эдгэрч, 2.3 хувь нь нас бараад байна.

Монголд 3-р сарын 10-аас хойш энэ тахал 819 хүнд илэрсний 376 нь 11-р сарын 10-аас хойш дотооддоо тархжээ. 365 хүн нь эдгэрсэн, хүн нас бараагүй. Сүүлийн арваад хоногт, дунджаар өдөрт 10 мянган хүн шинжилгээнд хамрагдаж, 22 хүнээс халдвар илэрсэн байна.

Монгол Улс 2017 онд “гамшгаас хамгаалах тухай хууль” анх баталсан бөгөөд 2020 оны 5-р сарын 14-д нэмэлт өөрчлөлт оруулжээ. Гамшиг гэж “аюулт үзэгдэл, ослын улмаас олон хүний амь нас, эрүүл мэнд хохирох, мал, амьтан олноор хорогдох, эд хөрөнгө, түүх, соёлын дурсгалт зүйл, хүрээлэн байгаа орчинд улс болон орон нутгийн эдийн засаг, нийгмийн дотоод нөөц, боломжоос давсан хохирол учрахыг” хэлнэ гэжээ.

Гамшгаас хамгаалах бэлэн байдал нь өдөр тутмын; өндөржүүлсэн; бүх нийтийн гэсэн гурван зэрэгтэй байна гэжээ. Монгол Улс 2020 оны 2-р сарын 12-оос өндөржүүлсэн, 11-р сарын 12-оос бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Энэ зэрэг 12-р сарын 10-ыг дуустал Улаанбаатар, Сэлэнгэ, Архангайд хэвээр үлдэж, бусад газар өндөржүүлсэн бэлэн байдал руу буурлаа.

Эдийн засгийн лагшин

Монголын эдийн засаг хоцрогдсон, уул уурхайгаас, хоёр хөршөөсөө бүрэн хамааралтай. Хувийн болон төрийн хэвшилтэй эдийн засгийг төр засгийн зүгээс ижил тэгш, мэргэжлийн түвшинд удирдах тогтвортой институц байхгүй. Тийм учраас улсын төсвийг татвар хураах, түгээх талаас нь харахаас, татварын баазыг өсгөх, зах зээлийн эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон чөлөөт өрсөлдөөнийг бүрдүүлэх, улмаар хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх талаас нь хэн ч боддоггүй.

Орлогоо нүүрс, зэс экспортоо нэмнэ гээд л тооцдог. Жишээ нь жилд 42 сая тонн нүүрс экспортолно гээд гурван жил төлөвлөсөн ч, 2019 онд 36, энэ жил дөнгөж 30 сая болох юм. 2021 оны төсвийг 2.1 их наяд төгрөгийн буюу ДНБ-ий 5.1 хувьтай тэнцэх алдагдалтай, түүнийхээ 1.2 их наядыг нь дотоодын өрийн бичгээр, үлдсэнийг нь ОУВС-аас зээлээр авах ажээ. 2021 оны төсөвт Ирээдүйн өв санд 1.1 их наяд, Төсвийн тогтворжуулалтын санд 156 тэрбум төгрөг хуримтлуулахаар тусгажээ.

Төр засаг төсвийн тэлэх бодлого баримталж ирлээ. Энэ 10 жилд эдийн засаг 10 дахин, төсвийн зарлага 26.6 дахин, мөнгөний нийлүүлэлт 80.4 дахин өсөж, төгрөгийн ханш 2.35 дахин суларчээ.

Улсын гадаад өр эрс өслөө. 2020 оны 3-р улирлын байдлаар Засгийн газрын гадаад өр 8 тэрбум ам.дол, Монголбанк 2.1, арилжааны банкууд болон ББСБ-ууд 1.8, бусад салбарууд 8, компани хоорондын зээл 11.2, нийт 31.2 тэрбум америк доллар болоод байна (Монголбанкны статистикаас). Энэ бол 42.2 их наяд төгрөг, өнөөгийн ханшаар (2850 төг = 1 дол) буюу 14.8 тэрбум долларын эдийн засгаасаа 2.1 дахин том өр болжээ.

Эдийн засгийн цусны эргэлт

Мөнгө нь эдийн засгийн цусны эргэлтийг тасралтгүй хангах учиртай.

Монгол Улсын мөнгөний эргэлт цар тахал эхлэхээс ч өмнө удааширсан байлаа. 10 жилийн өмнө мөнгөний эргэлт (velocity буюу эдийн засаг ба мөнгөний нийлүүлэлтийн (М2) харьцаа) 4.7 байсан бол эдүгээ 1.7 болж 2.7 дахин удааширчээ. Арилжааны банкны мөнгө эзэмшлээ сольж буй хурд ийм бага буюу ийм удаан эргэлдэж байгаа нь Монголбанк нь мөнгөний нийлүүлэлтийг огцом өсгөсөн, арилжааны банкууд харьцангуй урт хугацааны зээл гаргасан, чанаргүй зээл их болсонтой холбоотой.

Мөнгөний нийлүүлэлт (M2) 2012 онд 7,6 их наяд төгрөг байснаа 2016 онд 12 их наяд болж 58.5 хувиар өссөн байна. Монголбанкны Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрүүд, АСЕМ-ийн арга хэмжээний зарцуулалт, мөн Засгийн газар банкнаас авсан зээлийн өсөлт нь үүний гол шалтгаан болжээ. 2012 оны эцсээр Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогдсон Н.Золжаргал Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрт 3 их наяд, орон сууцны хөнгөлөлттэй зээл гэж 4 их наяд төгрөг зах зээлд нийлүүлжээ. Хөтөлбөр зарласны дараа орон сууцны үнэ хоёр дахин өссөн юм.

2012-2016 оны хооронд төгрөгийн хадгаламж 65.3, валютын хадгаламж 93.8, валютын харилцах 67.3 хувиар тус тус өсжээ. 2020 оны 10-р сарын байдлаар банкуудын харилцахын 70 хувь нь, нийт хадгаламжийн 40 хувь нь доллараар байна. Энэ тоо оны эхэнд 41 ба 24 хувь тус тус байсан нь банкны салбар долларжиж буйг харуулж байна. Учир нь төгрөгийн болон долларын хадгаламжийн хүү бараг 2.5 дахин ялгаатай. Долларын ханшийг барихын тулд Монголбанк 2020 онд сард дунджаар 200 сая доллар зах зээлд нийлүүлж ирлээ.

Зээл олголтыг дэмжихийн тулд Монголбанк бодлогын хүүгээ 6 хувь болгож бууруулав. Иргэд нийгмийн сүлжээгээр банкны зээлийн хүүг тэглэх, цаашлаад хадгаламжийн хүүг тэглэх шаардлага тавьсаар байна.

Бодлогын хүүг буулгасан ч, хадгаламжийн хүүг тэглэсэн ч банкууд зээлээ гаргаж эдийн засгийг дэмжих нь эргэлзээтэй байна. Учир нь 2020 оны 10 сарын байдлаар (Монголбанкны мэдээ) арилжааны банкуудад 15 их наяд төгрөгийн бэлэн мөнгө байна. Түүнээс 5.4 их наяд нь Төв банкны үнэт цаас (ТБҮЦ)- д оруулсан хөрөнгө оруулалт, 1.6 их наяд нь Засгийн газраас авах авлага, бонд хэлбэрээр байна.

Ийм их бэлэн мөнгөтэй байгаа нь банкууд зөвхөн эрсдэл багатай, эргэлт хурдтай ипотекийн зээл гаргаж Монголбанканд худалдах, эсвэл Засгийн газар төсвийн алдагдлаа нөхөхөөр бонд гаргавал худалдаж авах зэргээр эрсдэлгүй бизнес хийдэг болсонтой холбоотой. Банкууд санхүүгийн зуучлагчийн үүргээ гүйцэтгэхээ бараг болиод байна.

Эдийн засгийн хямралыг банкны зээлээр дамжуулан туулдаг гэсэн ойлголтыг иргэдийн ухамсарт гүн суулгасан ажээ. Үнэ тогтворжуулах, ипотекийн зээл гэх зэрэг олон хөтөлбөрийн эцсийн үр дүнг иргэд, зээлдэгч компаниуд биш банкууд, тэдний эзэд л хожоод байгааг тайлан балансыг нь харахад л ойлгомжтой. Монголын арилжааны банкууд нь Засгийн газраасаа илүү бэлэн мөнгөтэй, аж ахуй нэгжүүдээсээ хэдэн арав дахин том хөрөнгөтэй болсны гол үүсвэр нь татвар төлөгчдийн мөнгө юм.

Дэлхий даяар Ковид 19-ийн эдийн засгийн үр дагавар нь ядуу эмзэг бүлэгт хүнд тусаж байгааг олон улсын эдийн засагчид, эрдэмтэд сануулсаар байгаа. Тэд бол банкнаас зээл авах битгий хэл, банканд данстай гэдэг нь ч эргэлзээтэй хүмүүс.

Монгол Улсад хүн амын 29 хувь нь нэн ядуу буюу Дэлхийн Банкны тодорхойлолтоор нэг хүн өдөрт 1.9 доллар буюу 5,500 төгрөгөөс доош зарлагатай амьдарч байна. Дахиад 14 хувь нь энэ ангилал руу гулсахад ойрхон байна.

Тэгэхээр Ковид 19-ийг туулах эдийн засгийн бодлого маань ядуурлыг ихэсгэхгүй байх, энэхүү зорилтот бүлэгт чиглэсэн байх ёстой. Сайжруулсан түлшний үнийг бууруулах нь жишээ нь гэр хорооллын 1 сая хүнд чиглэсэн зөв бодлого юм. Цаашилбал, нийтээр хавтгайруулж биш, хамгийн их хохирол амсаж байгаа, мөн бага орлоготой иргэд хамгийн их ажилладаг үйлчилгээний газруудад ажлын байраа хадгалж үлдэхэд нь дэмжлэг хэрэгтэй байна.

 

2020.12.03

Зураг